Индэр    
2020 оны 3 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Дэлхийг өөрчилсөн ДОЛООН ЭРДЭМТЭН ЭМЭГТЭЙ

Зураг

Хэдэн зууны туршид эмэгтэйчүүд шинжлэх ухааны салбарт гоц нээлтүүдийг хийсээр байна.

Тахал өвчнөөс олон мянган хүний амийг аврах эмийг бүтээж, сансрын тойрог замыг тооцоолон, тивийнхээ хөдөө аж ахуйн салбарыг шинэчлэлд хүргэсэн зэрэг тэдний үнэлж баршгүй амжилтыг үл тоомсорлон өнгөрөөсөн байдаг.

Математик, шинжлэх ухааны салбарт ч энэ мэтээр хүйсийн тэгш бус байдал өнгөрсөнд болон одоо цагт байсаар буй бөгөөд ирээдүйд ч мөн ийм хандлага үргэлжилсээр байх магадлалтай байгаа юм.

Боловсрол, технологи, манлайллын тэнцвэрт бус байдлаас болж олон арван эмэгтэй энэ салбарт ажиллан, ахиц дэвшил гаргах боломж хязгаарлагдмал. Гэвч бүтээлч, тууштай охид, эмэгтэйчүүд хязгаарыг давж, мэдлэг, туршлагаа арвижуулсаар дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

Шинжлэх ухаанд томоохон нээлт хийсэн долоон эмэгтэйг танилцуулж байна. 

Хумхаа өвчнөөс олон сая хүний амийг аварсан Ту Юю

“Эрдэмтэн судлаач бүр дэлхий нийтэд туслах зүйл бүтээхийг хүсдэг” хэмээн химич Ту Юю нэгэнтээ хэлж байжээ. Харин дэлхий нийтэд туслахаар түүний бүтээсэн зүйл нь олон сая хүний амийг авч одсон хумхаа өвчнийг анагаах эм байв. 

Оюутан байхдаа уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлыг сонирхон судалж, замналынхаа эхний жилүүдийг Хятадын өмнөд хэсэгт ширэнгэн ойд өнгөрүүлсэн нь хожмын нээлтээ хийх үндэс суурь нь болсон юм. 

 

Юю болон түүний багийнхан Хятадад МЭ 400-гаад оны үеэс хумхаа өвчний шинж тэмдгүүдтэй төстэй зовуурийг агь өвсөөр /sweet wormwood/ анагаадаг байсныг судалгааныхаа явцад олж мэджээ. Тэд ургамлаас идэвхт нэгдлийг авч, “Аrtemisinin” гэх эмийг гарган авсан байдаг. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг эмийг хумхаан эмчилгээний тэргүүн эгнээнд нэрлэж байна.

Энэ нээлтийнхээ үр дүнд Ту Юю 2015 онд багийнхаа хоёр гишүүний хамт анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн юм. Уг нэр хүндтэй шагналыг авснаар Юю нь анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хятад хүн, Нобелийн шагнал хүртсэн анхны хятад эмэгтэй эрдэмтэн болсон юм.

"Хэн ч шийдэл гаргахгүй байсан тул би ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон" 

Киара Ниргин бол “Z” үеийнхний төлөөлөл. 2000 онд Өмнөд Африкт төрсөн тэрбээр өөрийн жингээс 100 дахин их хэмжээний усыг шингээн авах чадвартай полимерийг бүтээжээ.

“Далан нэг өдөр дүүрэх ч удалгүй ус урсан алга болдог байв. Бусад үед усны гачигдал үргэлжилсэн хэвээр байхад хэн ч шийдэл гаргахгүй байсан тул би ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон” хэмээн Киара ярьсан бөгөөд түүний бүтээл төрсөн нутгаас нь хүрээгээ тэлж, газар тариалангийн салбарт өргөн ашиглагдсаар байна.  

16 настайдаа Киара супер шингээгч полимерийг авокадо болон жүржийн хальс ашиглан бага өртгөөр хийснээр 2016 онд “2016 Google Science Fair”-ийн шилдгээр тодорч байв. 

"Эрэгтэйчүүдийн хийж бүтээж байгаа зүйлийг охид ч мөн хийх чадвартай"

Кэтрин Жонсон нь АНУ-ын сансрын хайгуулд хамгийн хэрэгтэй байсан тооцооллыг хийжээ. НАСА-ийн эрдэмтэн тэрбээр АНУ-ын сансрын нисэгчдийн дэлхийн тойрог замаар явах чиглэл, яаралтай үед эргэн ирэх замыг тодорхойлжээ. 

 

"Би тун сониуч. Үй түмэн "Яагаад" гэх асуултын хариуг мэдэхийг хүсдэг. Энэ нь надад маш чухал" хэмээн нэгэн яриандаа дурдаж байв. 
Кэтрин бол сургуулийнхаа Африк-Америк гаралтай анхны төгсөгч. Мөн НАСА-ийн сансар судлалын хөтөлбөрт ажилласан анхны Африк-Америк гаралтай эмэгтэй бөгөөд замналынхаа 33 жилийг энд өнгөрүүлжээ. 

“Эрэгтэйчүүдийн хийж бүтээж байгаа зүйлийг охид ч мөн хийх чадвартай. Өөрийнхөө мөрөөдлийг ол, тэгээд түүндээ хүрэхээр хөдөлмөрлө. Учир нь чи өөрийн дуртай зүйлийг л хамгийн сайн хийж чадна” гэжээ. 

Шинжлэх ухааны хоёр салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн-Мэри Кюри

Нобелийн шагналыг хүртсэн хамгийн анхны эмэгтэй хэмээх эрхэм алдар бол Мэри Кюригийнх. Мөн шинжлэх ухааны хоёр салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн.

 

Түүний нөхөр Пьеррэ Кюри ради болон полони хэмээх элементүүдийг нээсэн бол хатагтай Кюри Варшавын институтэд ажиллах үедээ туяагаар эмчлэх аргыг нээснээр Дэлхийн I дайны үед сая гаруй цэргийн амийг аварчээ. 

Эхнэр, нөхөр Кюри 1903 онд физикийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртсэн бол 1911 онд хатагтай Кюри химийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртэж байв.

Мэри Кюри "Амьдралд айх зүйл огт үгүй, ойлгох ёстой зүйлс л бий" хэмээн хэлж байв. Тэрээр цацраг туяаны нөлөөгөөр өвчилж нас барсан ч түүний нээлт нь өнөөг хүртэл олон хүний амийг аварсаар байгааг онцлох учиртай.

STEM боловсролд охидыг уриалагч Марсиа Барбоса

Марсиа Барбоса нь усны молекулын бүтцийг судалснаараа алдартай Бразилийн физикч эмэгтэй. 

Усны талаар лавшруулан судалснаараа Барбоса усны олон төлөвийг тайлбарласан юм. Тухайлбал, усны молекулын хөдөлгөөн, температур, даралтын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгддөг талаар болон хүний бие дэх ус ба уураг, өөх тосны харилцан үйлчлэлийн талаар дэлгэрүүлэн тайлбарласан байдаг. Үүгээр ч зогсохгүй газар хөдлөх, сэргээгдэх эрчим хүчийг бий болгоход ус хэрхэн нөлөөлдөг талаар болон өвчнийг яаж анагаадаг тухай зэрэг олон талын мэдлэг, мэдээлэл өгөх үүд нь Марсиа Барбосагийн судалгаа болжээ.

Түүнчлэн Марсиа Барбоса охид, эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, математик /STEM/-аар суралцаж, энэ салбарт ажиллахыг идэвхтэй уриалдаг нэгэн юм. 

Тэрбээр 2013 онд Марсиа "L’Oréal-UNESCO Awards for Women in Science"-ийн шагналыг хүртэж байв. 

Африкийн нөлөө бүхийн 100 эмэгтэйн нэг Сегенет Келему

Тэр бол ургамлын молекул судлаач. "Миний амьдралын зорилго нь Африкийн хөдөө аж үйлдвэрийн салбарыг сайжруулж, олон хүний амьдралыг өөрчлөх юм" хэмээж байв. 

 

Сегенет Келему Этиопийн тарчиг амьдралтай тариачны гэр бүлд төрж өссөн ба төрсөн нутгийнхнаасаа хамгийн анх коллежийн боловсрол эзэмшсэн эмэгтэй юм. “Манай тосгоны охид маш залуудаа хүнтэй гэрлэдэг байв. Азаар би хэтэрхий сахилгагүй байсан учраас надтай хэн ч гэрлээгүй” хэмээн хошигнож байсан удаатай. 

Нутагтаа тогтсон хэв маягаас хазайж, их сургуульд сурахыг эрмэлзсэн Сегенет гадаадад суралцаж, ажиллан хэдэн жилийг өнгөрүүлсний дараагаар Африкт ирэхдээ улсынхаа шинжлэх ухааныг шинэ шатанд гаргасан юм.

2014 онд Сегенет Келему "L’Oréal-UNESCO Awards for Women in Science"-ийн шагналыг хүртэж, 2015 онд Африкийн нөлөө бүхийн 100 эмэгтэйн нэгээр нэрлэгдэж байжээ. 

Fields Medal-ийн анхны эмэгтэй ялагч Мариам Мирзахани

Иранд төрж, өссөн Мариам Мирзахани зохиолч болохыг мөрөөддөг байв. Харин ахлах сургуульд суралцах хугацаандаа өөрийгөө математикт илүү авьяастай гэдгээ мэдсэнээр эргэлтгүйгээр математикийн шинжлэх ухааныг сонгожээ.

 

1994 онд Мирзахани 42 онооноос 41-ийг нь авч олон улсын математикийн олимпиадын алтан медалийг хүртсэн анхны иран хүн болж байв. 

Тэрээр Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан ба динамик болон геометрийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтний нэг байсан юм. Түүнчлэн 2014 онд математикийн шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй шагнал болох Fields Medal-ийн анхны эмэгтэй ялагч болж байжээ.

"Би математикт цагаа зарцуулах тусам улам илүү татагддаг. Нээлт хийх догдлол, шинэ зүйлийн учрыг олохоор шамдах нь хамгийн сайхан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг. 

 

Эх сурвалж: WEF