Индэр    
2020 оны 3 сарын 5
Зураг
Хуульч, сэтгүүлч

Илт худал мэдээллийг Эрүүгийн хуулиар зохицуулсан нь

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Худал хуурмагийг сонсох тусам үнэнийг төсөөлөхөө болино...

УИХ-аас 2020.01.10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцов.

Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14-т Худал мэдээлэл тараах зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх заалт хэрэгжиж эхэлснээс хойш 32 сарын нүүрийг үзсэний эцэст хүчингүй болсон юм. Муу нэрт, луу данст Зөрчлийн хуулийн “муу нүүрт” болтлоо цоллуулсан Гүтгэх зүйл ангиар энэ хугацаанд нийт 2017 онд 28, 2018 онд 486, 2019 оны (10 сарын байдлаар) 355 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс, 2017 онд 4 сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 оны (10 сарын байдлаар) 4 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүр торгох шийтгэл хүлээжээ. Зөрчлийн нийт тоотойгоо харьцуулахад, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой шийтгэгдсэн тохиолдол хаа очиж бага хувийг эзэлнэ. 

Худлаа мэдээлэл тараахыг Монгол Улс Эрүүгийн эрх зүйн түүхэндээ анх удаагаа хуульчилсан нь энэ билээ. Өмнөх социалист болон 2002 оны Эрүүгийн хуулиудад гэмт хэрэгт тооцож байсан нь үгүй. Шинээр хуульчлагдав. Нийгмийн хөгжлөө дагаад нэлээдгүй улс энэ асуудлыг гэмт хэрэгт тооцох болсон. Дэлхий нийтийн өмнө шүдний өвчин болсон худлаа мэдээллийн хор уршгийг янз бүрээр л шийдвэрлэх гэж үзэж эцэст нь, эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэх шийдэлд хүрч буй бололтой. Германд гэхэд Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай бие даасан хуулийг баталж 2017 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. 

Нэгэн түүх сонирхуулахад, хэрэв Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Гүтгэх заалт орж батлагдсан бол эрүүгийн хуулиасаа хасаад буцааж оруулсан цор ганц улс Монгол Улс болох байлаа. Гэвч нэр томьёоноос эхлээд Илт худал мэдээлэл болтлоо эрс өөрчлөгдөв. Анхны томьёолол болох 2019.09.17-ны өдөр УИХ-д өргөн барьсан төсөлд Гүтгэх заалт эргэн ирэхдээ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД төрийн зүгээс хяналт тогтоох зорилгыг агуулаад амжсан.

Эрхтэн дархтангуудын захиалгын дагуу батлагдсан бол МУЗГ нь НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг, амлалт үлгэр болох байлаа. Үлгэр болоогүй үлдсэний учрыг тайлбарлахын өмнө нэгэн жишээг хэлэхэд, 2015 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд, нийт 164 зөвлөмж өгснөөс 8 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байв. Үүнд “Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх” гэсэн зөвлөмж ирүүлсэн. Бүр энэ төрлийн гэмт хэрэгт хэрхэвч хорих ялын санкц байж болохгүй гэсэн зөвлөмж хүртэл байсан. Дээрх зөвлөмжийг биелүүлэхээ амлаж МУЗГ-аас 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 204 тоот тогтоол гарсан боловч амлалтаа ийнхүү умартан Засгийн газар зүтгэсэн нь ийм учиртай. 

Балагтай чигээрээ хэрэгжиж эхлэв: 

Илт худал мэдээлэл тараах гэсэн эргэлзээтэй, ойлгомжгүй зүйлээр дүүрэн ганц өгүүлбэр Эрүүгийн хуульд сууж 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэв. “Тараах” гэдэгт юуг хамаатуулах юм. Иргэний үнэн, худлыг нь мэдэхгүй тохиолдлыг цааш нь мэдэлгүй share хийсэн, дамжуулсан, хуваалцсан ухамсартай, ухамсаргүй үйлдэл, хүн тус бүрийг ойлгох уу? Тэгэхээр хуульчилсан үг, үсгэн дээр ч гэсэн алдаа байна уу даа. Цуу яриа, хов живийг цааш нь тараах гэж ярьж, хэлж болдог бол мэдээллийг тараах гэж томьёолсон нь оновчгүй юм.

Мэдээллийн эрх чөлөөний ойлголтоор ТҮГЭЭХ гэдэг нэр томьёогоор орлуулсан бол хууль зүйн техник, монгол хэлний найруулга талаасаа илүү оновчтой болох байсан болов уу. Түгээх нь нэг толгой байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэнээс цааш нь /distribute/ хийж түгээгдэх ойлголт юм. 

Мөн илт худал мэдээллийн тодорхойлолт байхгүй. Тэгэхээр хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй хэрэглэж чадах уу, эсхүл эрх бүхий албан хаагч өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж хэрэг маргааныг шийдвэрлэх үү гэсэн асуудал үүснэ. Үүнд Улсын Дээд Шүүх оновчтой тайлбар хийх биз ээ. Саяхан Улсын Дээд Шүүх хууль тайлбарлах /норматив/ эрхээ хуулиар буцаан авлаа шүү дээ. Хууль зүйн техникийн талаас худал мэдээлэл тараах, илт худал мэдээлэл тараах гэсэн нь ялгаатай бөгөөд урдаа илт, илэрхий, илтэд аль нь ч хамаагүй нөхцөл л оруулж байгаа тохиолдолд тухайн хэрэгт шалгагдаж байгаа этгээдэд ашигтайгаар шийдвэрлэгддэг.

Санкцын хувьд гурван ял шийтгэлийн төрөл байна. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах. Үүнээс, зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн. Цаашид хичнээн жил хэрэгжихгүй явахыг ч таашгүй. Х.Нямбаатар гишүүний хэлдгээр Эрүүгийн хууль доголон хэрэгжиж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь ялын санкцын нэг хэсэг нь хууль батлагдсанаас хойш таван жилийн хугацаанд алга байна. Торгох ял шийтгэлийн тухайд 450,000-1,300,000 төгрөг хүртэл байхаар заасан. Зөрчлийн хуульд байснаар бол иргэн хоёр сая, хуулийн этгээд хорин саяар торгуулдгийн хажууд мөнгөн дүн илт багасжээ. Нийтэд тустай ажил хийлгэх ялын тухайд мөнгөн торгууль төлсөн байхад давхар шийтгэлгүй юм.

Харин дээрх ял шийтгэлийн төрөлд ТОРГОХ ял байхгүй. 

Процессын хувьд, сайн, муу аль аль нь бий. Өмнөх Зөрчлийн хуульд дугаар хорооны хэрэг бүртгэгч, хэв журам сахиулагч цагдаа хоёр сая төгрөгийн шийтгэвэр оногдуулдаг байсан бол Эрүүгийн хуульд орсноор илүү мэргэшсэн албан хаагч болох мөрдөн байцаагч ажиллах боломжтой болсон. Цаг хугацааны хувьд ч адил эерэг, сөрөг хоёр талтай. Зөрчлийн хэрэг байхад 57 хоногийн хугацаанд хам хум хэрэг боосон болоод хоёр саяын торгуулийг оноож байсан бол энэ хугацаа хамгийн багадаа зургаан сараар үргэлжлэх болов. Гэвч Илт худлаа мэдээллийг тараасан зүйл ангиар шалгагдаж байгаа этгээдийг залхаахаар урт хугацаа гэдэг дээр ч санал нийлнэ.

Ахин нэг айдас бий нь, нэгэнт эрүүгийн хуулиар гэм буруутай нь тогтоогдож хариуцлага хүлээсэн бол ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт дээр мөнхөд ХАР мөртэй байх юм биш үү гэх айдас байх. Мөн тухайн шийтгүүлсэн хүн төрийн албанд орж ажиллахаар бол ял шийтгэлгүй гэсэн шаардлага дээр унах юм биш үү гэдэг. Тэгвэл, 2015 онд Эрүүгийн хуулийн нэг давуу тал нь ялтайд тооцохоо больж ялтайд тооцогдох хугацаа ч тоолохоо байсан. 

Анх 2017 оны Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцсон. Энэ удаад үүнтэй ижил, төстэй зохицуулалт болох Илт худал мэдээлэл тараах нэмэгдсэн л төдий юм. Харин тус хоёр заалтын ялгаатай тал нь, НӨХЦӨЛ заахдаа сонгуулийн үе буюу сонгуулийн жилийн тодорхой хугацаанд үйлчлэх, бусад үед болон өөрчлөгдсөнөөс биш нэг л ижил ял шийтгэл, зорилготой. Иймийн учир, эвэртэй туулай үзсэн мэт энэ удаад бүү айх, гайхах зэрэгцүүл гэж хэлмээр санагдана.

Үндсэн хуулийн эрх зүйн ойлголтоор хүний үндсэн эрхүүд болох хэвлэн нийтлэх, үг хэлэх зэрэг эрхүүд тодорхой тохиолдолд хязгаарлагддаг. МУ-ын 1992 оны Үндсэн хуулийн 19.3 дугаар зүйлд “”Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” тухай заасан. Ойрын нэгэн жишээ бол, COVID19 вирусын талаар худлаа мэдээлэл тараасан иргэдийг хоёр саяар торгосон. Цагдаагийн ерөнхий газраас авч, хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зөв боловч тодорхой тохиолдлыг зохицуулсан заалт байхгүй байхад төсөөтэй харилцаа буюу Зөрчлийн хуулийн Гүтгэх зүйлээр торгосон нь хууль бус юм. Гэхдээ Илт худал мэдээлэл тараасан асуудалд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох боломж энэ хууль батлагдсан өдрөөсөө буюу 2020.01.10-ны өдрөөс эхлэн тооцогдож байгаа юм байна лээ.

Хуулийн амин сүнсээ авч хаясан нь:

2019.09.17-ны өдөр өргөн барьсан хуулийн төсөлд авууштай зүйл ч бас  байсан юм шүү, хөөрхий! Учир нь Илт худлаа мэдээлэл тараасан гэж гомдол гаргагч нь төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан байх боломжгүй байсан юм. Олон нийтийн зүтгэлтэн буюу /Public figure/ нь гомдол гаргах эрхгүй этгээд байх нь зөв бөгөөд нэгэнт тогтсон ойлголт юм. 

Одоогийн Иргэний хуулийн гэм хор, алдар хүнд хохирсон гэж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн гурван хүн тутмын нэг нь буюу 33% нь улс төрийн өндөр албан тушаалтнууд байна. Хуучин Зөрчлийн хэргээр цагдаад гомдол гаргаж байсан иргэдийн дийлэнх нь хүртэл улс төрийн албан хаагч, сайд, дарга нар байсан. 

Илт худлаа мэдээллээр гомдлоо гаргах эрхийг улс төрийн албан тушаалтнуудад хориглоогүй авч хаясан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн эсрэг ашиглах нөхцөлийг хэвээр үлдээсэн юм. Нуухыг нь авах гээд нүдээ сохлуултлаа дордоогүй юмаа гэхэд нуухтай нүүртэй муухайгаар цаашид алсын замд гарлаа даа эл заалт. 

Эцэст хэлэхэд, нэгэнт батлагдаж үйлчилж эхэлсэн Илт худал мэдээллийг эрүүгийн хуульд оруулсан нь оновчтой байсан уу, үгүй юу гэдгийг хэлэхэд эрт байгаа бөгөөд цаашид хэрхэхийг тэнгэр мэдэхгүй юмаа гэхэд цаг хугацаа харуулна биз ээ.