Индэр    
2020 оны 2 сарын 21
Зураг
Freelance journalist

Чи яагаад буруу хүнтэй гэрлэдэг вэ?

Зураг

Хүн төрөлхтний хамгийн их сонирхдог сэдэв бол хайр. Гэсэн хэдий ч хайр дурлалын учрыг хэн ч, хаана ч, хэзээ ч бүрэн олоогүй байна.

Мэдлэгт дусал нэмэр болох үүднээс Английн алдарт зохиолч, философич Alain de Botton-ний The New York Times дээр нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргүүлж байна. 



ЭНЭ бол бидэнд тохиолдож болох хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг. Хэчнээн урьдчилан сэргийлэх гэж хичээвч бид бүгд адилхан буруу хүнтэй гэрлэдэг.

Хэн нэгэнтэй дотносох тусам, олон асуудал ар араасаа урган гарч ирдэг. Биднийг сайн мэддэггүй хүмүүсийн нүдэнд л бид нормал мэт санагдана. Илүү ухаалаг, ухамсартай нийгэмд анхны болзооны стандарт асуулт нь юу байх ёстой вэ гэвэл “Чи яг ямар төрлийн, яадаг асуудалтай вэ?”.

Бидэнд маш олон төрлийн нуугдмал авьяас бий: хэн нэгэн бидэнтэй санал нийлэхгүй үед уурлах, зөвхөн ажлаа хийж байгаа үедээ л тайван байж чаддаг, сексийн дараа хүйтэн хөндий болох, ичихээрээ таг дуугүй болох гэх мэт. Гэвч хэн ч төгс биш.

Гэрлэхээсээ өмнө бид өөрсдийнхөө нарийн түвэгтэй асуудлуудтайгаа гүнзгий сайн танилцаж амжаагүй байдаг. Арай гэж нэг хүнтэй нийлтэл өөрсдөө ч мэдээгүй байсан бидний алдаа дутагдлууд цухуйж эхэлдэг. Энэ байдлаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү учраас бушуухан нөгөө хүндээ бурууг тохоод зугтан одсон нь дээр. Хүнд ухаарал авчрах ажил бол маш хүнд хүчир, цуцалтгүй хөдөлмөрлөж байж жаахан үр дүн гардаг ажил. Найзууд бидний төлөө ийм их сэтгэл гаргах хэмжээний бидэнд хайртай биш нь харамсалтай.

Өөрийнхөөрөө, ганцаараа байхдаа бид өөрсдийгөө хамт байхад амархан хүн гэж итгэн сэтгэл өег алхдаг. 

Бидний хамтрагч ч гэсэн өөрийгөө сайн мэдэхгүй. Бид тэднийг ойлгохын тулд юу ч гэсэн “хутгалаад” нэг үздэг. Гэрийнхэнтэй нь танилцаж, зургийг нь үзэж, их сургуулийн найзуудтай нь уулзсаныгаа "Гэрийн даалгавраа хийчихлээ" гэж том эндүүрнэ. Гэтэл гэрлэлт гэдэг яг юу вэ гэвэл, өөрсдийгөө ч, нөгөө хүнээ ч мэдэхгүй хоёр хүн дундаа бооцоо тавихыг хэлнэ. Бооцоо их энэрэнгүй, эелдэгхэн, горьдлогоор дүүрсэн бооцоо. Урьдчилан тааварлашгүй ирээдүйгээр холбогдсон бооцоо.
 
Түүх сөхөж үзвэл, хүмүүс логик шалтгаанаар гэрлэдэг байсан: түүний хэсэг газар чинийхтэй хаяа нийлсэн учраас, түүний гэр бүл чиний гэр бүлтэй холбоотой бизнес эрхэлдэг, түүний аав чиний аавтай адил шашинтай учраас гэх мэт. Ийм тооцоотой гэрлэлтүүдээс ганцаардал, нууц амраг, хүчирхийлэл, зовлон үүссэн учраас хайр сэтгэлээрээ гэрлэдэг болцгоосон.  

Сэтгэлээр холбогдсон гэрлэлтэд хамгийн чухал зүйл бол хоёр хүн хоорондоо маш хүчтэй зөн совингоороо татагдаж, чин зүрхэндээ энэ яг л миний заяаны хань гэж мэдрэх явдал.

Магадгүй оновчгүй гэрлэлт (танилцаад зургаахан сар болсон ч юмуу, аль нэг нь эсвэл хоёулаа ажилгүй ч юм уу, аль эсвэл дөнгөж арван наймтай гэх мэт) байх тусмаа илүү баталгаатай санагдана. Тэнэглэх тусмаа үнэн гэж итгэнэ. Бодлогогүй үйлдлүүдээ зөнгөөрөө мэдэрсэн, заяа төөргөөрөө л нийллээ гэсээр бид олон зуун жилийг ардаа орхижээ.

Бид өөрсдийгөө гэрлэлтээс аз жаргал хайж байна гэж боддог боловч үгүй. Бидний жинхнээсээ хайж байгаа зүйл бол танил мэдрэмж (familiarity) – аз жаргалтай болох төлөвлөгөөг нураагч. Бид хүүхэд насандаа мэдэрсэн танил мэдрэмжээ том болсон хойноо ч хэн нэгнээс хайн явдаг. Олон мянган учир битүүлэг, холилдсон мэдрэмж, хайрыг бид багадаа амссан. Хэрээс хэтэрсэн асуудалтай, дутуугийн мэдрэмжтэй, өөрийнхөө хүслийг хэлэхээс айдаг хэн нэгэнд туслахыг маш ихээр хүснэ. Яагаад гэж өөрөөсөө асуугаарай. Хэн нэгнийг буруу хүн байсан учраас голоогүй, харин хэтэрхий зөв, хэтэрхий тэнцвэртэй, хэтэрхий насанд хүрсэн, хэтэрхий сайн ойлгодог, найдаж болохуйц байсан учраас голсон байх нь элбэг. Яагаад гэвэл иймэрхүү төрлийн зөв шударга, сайн сайхан зүйл биднээс маш хол, танил бус, харийн санагддаг. Яагаад гэвэл хүнээр хайрлагдаж, аз жаргалтай байна гэдэг бидэнд танил бус.

Бид маш ганцаардмал учраас алдаа мэдээж хийнэ. Ганц бие байх нь тэвчишгүй хүнд мэт санагдсанаас болж бид партнераа сонгохдоо яг таг эрүүл ухаантай байдаггүй.

Эрүүл ухаанаар сонгох арга бий. Хэрвээ чи ганцаараа үхсэн ч хамаагүй гэдэгтэй эвлэрч чадвал, өөрөөр хэлбэл, яг жинхнээсээ өөрийгөө таниж, ганцаараа байж сурч чадвал партнераа зөв сонгох боломжтой болно. Эс бөгөөс ганц бие биш байхын тулд л хүнтэй гэрлэх эрсдэлд орно.

Бидэнд төрж буй таатай сэтгэгдлийг үүрд мэдрэхийн тулд бид гэрлэдэг. Анх төрсөн сайхан сэтгэгдэл, баяр баяслыг гэрлэлтээр савлаж авна гэж эндүүрдэг. Жишээ нь, Италид завиар зугаалж байхад нар гайхамшигтайгаар жаргаж, бид дотоод сэтгэлээсээ ярилцан холбогдож, хэн ч, хэзээ ч биднийг ойлгож байгаагүйгээр бие биетэйгээ ойлголцож, амттай хоол идэж байсан мэдрэмж, сэтгэгдэл.

Бид хэн нэгнийг буруу хүн гээд байгаагаа яг сайн ойлгож, өөртөө ч өрөөлд ч үргэлж илүү уучлалтай, эелдэг байх руу л тэмүүлэх хэрэгтэй

Бид энэ бүх мэдрэмжийг үүрдийнх болгох гэж гэрлэдэг болохоос гэрлэлтийг нийгмийн институци гэдгээр нь харж чаддаггүй. 
Гэрлэлт бол бичиг цаас, чиний мөрөөдлийг зогсоосон сахилгагүй хүүхдүүд. Хос хоёр нэг завинд байгаа ч, сэлүүрдэж чаддагүй хүнтэй энэ завинд суусан байж мэднэ. 

Сайн мэдээ гэвэл бид буруу хүнтэй гэрлэсэн эсэх нь ямар ч падлийгүй. 

Бид тэр эмэгтэй юм уу, эрэгтэйгээс яаран салах гэсний хэрэггүй. Сүүлийн 250 жилд үүссэн өрнөдийн соёлд гэрлэлтийн тухай романтик санааны үр уршиг бол: бидний бүх хүсэл болоод хэрэгцээнд таарсан төгс нэгэн байдаг гэх тухай ойлголт.

Бид энэхүү эмгэнэлтэй, заримдаа хошин санагдах романтик үзлийг таягдан хаяж, бүх хүн уурладаг, бухимддаг, ядаргаатай, бидний урмыг хугалдаг, галзууруулдаг гэдгийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй.

Бид ч бас ямар нэгэн өс хонзон санасандаа биш, яг л адилхан хүмүүсийг галзууруулдаг.

Хоосон, бүрэн бүтэн биш мэдрэмжүүд бол хэзээ ч дуусахгүй, алга болохгүй. Гэхдээ хэн ч тийм онцгой муу биш. Хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаанд байж өөрийгөө зориулах гэдэг нь ямар төрлийн зовлонгийн төлөө зовохыг хүсэж буйгаа сонгох. 

Нэг их өөдрөг биш байх нь гэрлэлтийн эргэн тойронд болдог олон асуудалд шийдэл өгдөг. Уянгын романс гэрлэлтийн бодит байдлыг гажуудуулсан байдаг учраас зөв ойлголттой болж энэхүү биелэшгүй дарамтуудаас салах хэрэгтэй. Бидний энэ их асуудлыг ганц хүн шийдэх боломжтой гэдэг санаа бол гэрлэлтийг буруу ойлгох эхний алхам.

Чамд хамгийн сайн тохирсон хэн нэгэн заавал чиний бүх юмыг ойлгодог байх албагүй(тийм хүн энэ дэлхийд байхгүй). Харин зарим нэг өөр байдлуудаа ухаалгаар хэлэлцэж чаддаг хүн буюу санал нэгдэхгүй байсан ч тэрийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн байхад л болно. 

Хоорондоо таарч зохицоно гэдэг нь хайрын хүрч болох оргил болохоос биш, урьдчилсан нөхцөл биш

Романтизм бол харгис философи бөгөөд бидэнд туслаж чадсангүй. Бид хэн нэгнийг буруу хүн гээд байгаагаа яг сайн ойлгож, өөртөө ч өрөөлд ч үргэлж илүү уучлалтай, эелдэг байх руу л тэмүүлэх хэрэгтэй. 
 


Эх Сурвалж: www.nytimes.com