Энэ удаа та бүхэнд алдарт зохиолч Элизабет Гилбертийн уй гашуудлын талаар ярьсан ярилцлагыг орчуулан хүргэж байна. Түүний хамгийн алдартай ном болох “Eat Pray Love” 30 хэл дээр орчуулагдсан бөгөөд дэлхий даяар12 сая хувь борлогджээ.
“Уй гашуу гэдэг бол хянах, урьдчилан мэдэх боломжгүй энергийн хүч юм. Тэрээр өөрийн цагийн хуваарийн дагуу ирж, хэзээ ч чиний төлөвлөгөө болон хүслийн дагуу байхгүй. Өөрийн дуртай бүхнээ өөрийн хүссэн цагтаа хийнэ. Энэ талаараа ХАЙР-тай маш төстэй”.
“Чи өрөвдөлтэй золгүй амьтан байж сураагүй бол чиний бүх зовлон гуниг ашиггүй зарцуулагджээ гэсэн үг” гэж Seneca ээждээ бичсэн захидалдаа дурджээ.
Үхэл хагацал гансралд ямар ч зүрх шархалдаг учраас хүн бөхийдөг. Юунаас хагацсан бэ гэдгээс хамаарахгүйгээр гашуудал таамаглашгүй хэмжээлшгүй хэлбэрээр илэрдэг.
Уй гашуу бидний сүнсний гүнд нэвтрэн орж биднийг дотроос задалдаг. Хайр байхгүй болох үед бид хайрлаж байсан, соронзлогдон татагдаж байсан өөрийн нэг хэсгээ алддаг.
Гэхдээ бас нэг зүйлийг олж авдаг. Хагацлын шатаж буй цогноос үнс үүсэж дэлхийн нэг хэсэг болж хөрсөнд шингэдэг. Амьсгал бүр ертөнцийн гүнээс буюу бидний оршин буйгаас амьсгалж эхэлдэг. Өөрсдийгөө хагацалд бүрэн тушааснаар бид өөрсдийгөө буцаан авч, өндийж, дахин амьдарч эхэлдэг.
Энэхүү арай ядан даван туулдаг амьдралын үйл явцыг алдарт зохиолч Elizabeth Gilbert хэрхэн дүгнэж ярилцсан талаар сонирхоцгооё. Түүний амьдарлын партнер, хамгийн урт удаан хугацааны сайн найз Rayya Elias хавдарт идэгдэн нас барахад Gilbert түүнийг өөрийн амьдралын агуу хайр нь байсныг ойлгож ухаарчээ.
Уй гашуу… зүгээр л чамд тохиолдоно, энэ чамаас хамаагүй том дээгүүр зүйл. Чамайг маш сул дорой байдал нөмрөн авахад чи бүхний өмнө бууж өгөн уй гашуугийн ертөнцөнд уусан орно. Тэр өөрийн гэсэн цагийн хуваарь, хөтөлбөртэй, бас чи түүний бүрэн эрх мэдэлд. Шөнө дунд, өдөр, хурлын үеэр, хоолоо идэж байх үед гэхчилэн дуртай үедээ ирж чамайг хайр найргүй хэрчиж хаях болно.
Зөвхөн илүү их зовсноор л энэ их уй гунигийг тэвчин өнгөрүүлэх боломжтой. Ирсэн үед нь өвдгөө хурааж чамайг эвдэлж хэмхэлж дуустал нь тэвчихээс өөр аргагүй. Ерөнхийдөө тэгж байгаад дуусахаараа яваад өгнө. Хөших, эсэргүүцэх, тэмцэх нь өөрийгөө улам л шархлуулахын нэмэр.
Энэ гайхамшигт хүч чамтай зууралдаж дуусах хүртэл тайван байх нь сэтгэл, оюун ухааны маш том сорилт. Уй гашуу бол бүтэн биеэрээ мэдрэх үйл явц. Зөвхөн оюун бодлынх биш, бие мах бодид ч нөлөөлдөг…Уй гашуу хайртай маш их учир холбогдолтой. Юун түрүүнд, хайранд төлөх үнэ ч гэж хэлдэг. Хүнд хайрлаж дурлаж явсан үеүдээ бодохоор би хайрын өмнө хүчин мөхөсддөг байсантай адил би уй гашуугийн өмнө ч ямар ч хүчгүй болдог. Хүний амьдралд чиний захирч хэзээ ч чадахгүй зарим нэгэн үйл явдлууд байдаг бөгөөд дандаа хамгийн тохиромжгүй үед тохиолддог. Энэ үед өрөвдөлтэй дорой хүчгүй байдлынхаа өмнө сөгдөж, чиний хүчин чадлаас давсан агуу том зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хүмүүс надаас чи зүгээр үү гээд асуухад нь би юу гэж хариулахаа мэддэггүй байлаа. Энэ тухайн өдрөөс л шалтгаалдаг байсан. Тухайн минутаас л шалтгаална. Яг энэ моментод би дажгүй байна. Өчигдөр нээх сайн байсангүй. Маргааш ямар байхыг мэдэхгүй.
Уй гашуудлын талаар ойлгосон юм юу вэ гэвэл,
Уй гашуу гэдэг бол хянах, урьдчилан мэдэх боломжгүй энергийн хүч юм. Тэрээр өөрийн цагийн хуваарийн дагуу ирж, хэзээ ч чиний төлөвлөгөө болон хүслий дагуу байхгүй. Өөрийн дуртай бүхнээ өөрийн хүссэн цагтаа хийнэ. Энэ талаараа ХАЙР-тай маш төстэй. Уй гашуу болон хайрын учрыг олох ганцхан арга нь учрыг нь олохгүй байх. Түүний өмнө бүхлээрээ өрөвдөлтэйгээр сөхрөх.
Уй гашуу яг л цунами шиг ирдэг. Би “өө бурхан минь яг одоо болж байна” гэж анхааруулга өөртөө өгөхөөс өөр юм хийж амждаггүй. Тэгээд шууд шалан дээр сөхөрч суугаад өөрийгөө хэмлүүлдэг. Энэ бүхнийг яаж даван туулах вэ гэвэл, тосч аваад эсэргүүцэлгүйгээр бүрэн мэдрэх. Уй гашуу бид хоёрын харилцан яриа нэг иймэрхүү байдлаар өрнөдөг.
Уй гашуу: Чи хэзээ ч Rayya г хайрлаж байсан шиг хэнийг ч хайрлахгүй. Би: Зөвшөөрч байна. Тэр явчихсан, тэр хэзээ ч эргэж ирэхгүй. Зөвшөөрч байна. Чи тэр инээдийг дахиад хэзээ ч сонсохгүй. Зөвшөөрч байна. Чи түүний үнэрийг хэзээ ч дахиж үнэртэхгүй. Зөвшөөрч байна. Би өвдгөн дээрээ нулимастайгаа сөхөрч суугаад ЗӨВШӨӨРЧ БАЙНА гэж хэлдэг. Энэ бол амьдрах- өөрөөсөө дээгүүр бүхний өмнө өвдөг сөгдөн мэхийх. Энэ ертөнцийн бараг бүх юм чамаас “дээгүүр”.
Би Rayya-г одоо хаана байгааг мэдэхгүй. Миний мэдэх ёстой минийх ч биш. Би түүнд мөнхөд хайртай байна гэдгээ л мэдэж байна. Би өөрөө үүнийг хүсэж байна.
Уй гашуутай учирна гэдэг нэр төрийн хэрэг. Ийм их зүйлийг мэдрэх, тийм их хайрлаж байсан гэдэг нэр төрийн хэрэг.
Эх Сурвалж: https://www.brainpickings.org/2018/10/17/elizabeth-gilbert-ted-podcast-love-loss/