Индэр    
2020 оны 1 сарын 22
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

Өдөр бүр тэмдэглэл хөтлөхийн гайхамшиг: Миний 2019 оны тэмдэглэл

Зураг

2019 оны эхэнд би 2018 онд 18 газраас сурсан 18 зүйлс нийтлэлээ бичиж байсан бол, нэг жилийн дараа бас л олон газраар явж, их юм сурсан жил байлаа.

Тэгсэн хэдий ч энэ жил зөвхөн юу сурснаа бичих биш, харин энэ хийсэн, харсан, сурсан зүйлээ хэрхэн тогтоож, дүгнэж, энэ дээрээ суурилж суралцаж, төлөвлөдөг арга барилаа хуваалцвал илүү сонирхолтой юм байна гэж санагдлаа.

Учир нь хүн болгоны л өнгөрсөн жил амжилт бүтээл, адал явдал, инээд хөөр, шинэ мэдлэг сургамжаар дүүрэн байсан нь гарцаагүй (365 хоног шүү дээ!), харин бид тэр болгоноо тэмдэглэхгүй орхихоор сүүлийн хэдхэн хоногийн юм уу хамгийн тод мэдрэмж үлдээсэн дурсамжууд дээрээ л үндэслэн улиран одож буй жилээ дүгнэж, магадгүй өөрийгөө дутуу үнэлж, сургамжтай байсан зүйлүүдээсээ мартаж, шинэ оноо дутуу төлөвлөж байж болзошгүй.

Үүнд миний мэдэх нэг төгс шийдэл бий — өдөр бүр тэмдэглэл хөтөлж байх.

Би багаасаа тэмдэглэл хөтөлдөг байсан боловч өдөр бүр тасралтгүй хөтөлж амждаггүй байгаад харин 2017 оны 1 сарын 1-нээс өдийг хүртэл яг тасралтгүй өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг болсон. Энэхүү “зуршил” маань өдөрт 15-аас илүү минут шаарддаггүй бөгөөд өдөр алгасалгүй тогтмол хийснээр жилээс жилд улам өгөөжтэй байж, миний амьдралын хэв маягийн зайлшгүй нэгэн хэсэг болсон.

Энэ нийтлэлдээ би тэмдэглэл өдөр бүр хөтлөхийн давуу тал, өөрийн тэмдэглэлээ хэрхэн хөтөлдөг, мөн 2019 оны маань тэмдэглэлийн онцлох хэсгүүд зэргийг хуваалцах болно. 2020 он гараад хэдэн долоо хоног өнгөрсөн хэдий ч, шинэ дэвтэр нээгээд тэмдэглэл хөтөлж эхлэхэд хэзээ ч оройтохгүй шүү!

Тэмдэглэл хөтлөхийн давуу тал

 

Тэмдэглэл хөтлөхийн давуу тал нь энгийн — өнгөрсөн цагаа дурсаж, одоо цагаа үнэлж, ирээдүй цагаа төлөвлөх боломжийг олгодог юм. Бид өнгөрсөн цагаа дурссанаар өмнөх болсон явдлуудаасаа суралцаж одоо цаг болон ирээдүй цагаа төлөвлөж хэрэгжүүлэх боломжтой.

Одоо цагаа үнэлснээр нэг ч хором цагийг үр ашиггүй өнгөрөөхгүй. Ирээдүй цагаа төлөвлөснөөр хүссэн амьдралаа бүтээнэ. Английн алдарт уран зохиолын баатар, мөрдөгч Шерлок Холмс байнга хэлдэг — “дата, дата, дата! Шавар байхгүй бол би тоосго хийж чадахгүй шүү дээ.”

Энэ зүйрлэлийн дагуу бидний тэмдэглэл нь суурь дата буюу шавар болж, тэр тэмдэглэл маань олшрох тусам тоосго болж, тэр тоосгоор бид ирээдүйн амьдралаа илүү бат бөх, хүссэнээрээ босгож болох юм.

Би хэрхэн тэмдэглэлээ хөтөлдөг вэ?

Би 2016 оны 12 сард шинэ жилээ аав ээжтэйгээ гаргах гээд Италийн Ром хотод амарч байхдаа Ватикан хотын Mondadori номын дэлгүүрээр юм үзэж байгаад одооны хэрэглэдэг Paperblanks брэндийн тэмдэглэлийн дэвтрийг олж хараад авч байсан юм. Эхлээд гаднах үзэмжид нь татагдаад, дараа нь доторх хуудасны загвар нь их энгийн хэр нь цэгцтэй санагдаж их таалагдаад, авахаар шийдэж байсан. Ийм гоё дэвтэртэй болсон юм чинь 2017 онд нэг өдөр ч алгасалгүй дэвтэртээ бичнэ гэж хүүхэд шиг догдлоод, яг л тэгж бодсоноороо анх удаа тогтмол тэмдэглэл хөтөлдөг болж эхэлсэн билээ. Урьд нь тогтмол тэмдэглэл хөтөлнө гэж зөндөө үзэж байсан (өөр дэвтрүүд дээр, утсан дээрээ, компьютер дээрээ…), тэгж байгаад л орхигдоод байдаг байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд, өөрт үнэхээрийн таалагдсан (“spark joy” болсон) дэвтрээ олох хэрэгтэй.

 

Би өөрийгөө урьд нь тэмдэглэл хөтөлсөн ч тууштай байж чаддаггүй байснаа эргэцүүлэн дүгнэвэл, бичиж байгаа маань тогтсон бүтэц, зохион байгуулалтгүй байдаг байсных байх.

Нэг хэсэг өгүүллэг шиг юм бичдэг байсан - тэрийгээ эргээд уншихад хэдий сонирхолтой ч, өдөр болгон бичих нь тийм ч тохиромжтой биш байсан. Учир нь их цаг авна, өдөр тасалдах тусам бичихээсээ сүрдээд хаячихдаг байсан. Нэг хэсэг өөртөө богино захианууд бичдэг байсан боловч өдрөөс өдөрт бүтэц болон агуулга нь өөрчлөгддөг байсан учир тууштай байхад хэцүү байсан.

Харин энэ Paperblanks дэвтрийг хараад хуудас бүр нь нэг өдөр, өдөр бүрийн ажлын цагтай байхаар нь хийх ажлаа жагсаагаад бичихэд их тохиромжтой санагдсан. Ямар ч өдөр юу ч болсон тэр өдрийнхөө амжуулсан ажил, уулзалт, арга хэмжээгээ бичих боломжтой, бас мэдээж хэрэгтэй.

Мөн хуудас бүрийн доор нь богино тэмдэглэл хийх зай байсан — хуудасны дээд хэсэгт өдрийн ажлаа тоочдог бол, тэр доод зайнд өдөр бүрийн ажлыг дүгнэх боломжтой юм байна гэж харсан. Өдөр бүр өдрөө дүгнэхдээ бас тодорхой загварын дагуу явбал миний хувьд тууштай байх магадлал илүү юм байна гээд би “L”, “W”, “A” гэсэн гурван мөр гаргаад бичдэг.

L — Learning: нэг сурсан зүйлээ бичнэ
W — Win: нэг хожоо, баярласан зүйлээ бичнэ
A — Action: нэг хэрэгжүүлэх зүйлээ бичнэ

Өдөр бүр энэ гурван мөр дээр заавал юм бичсэнээр тухайн өдрийг дурсамжтай, үр ашигтай өнгөрөөж, ирэх өдрүүдийг зорилготой, эрч хүчтэй угтаж байгаа мэт мэдрэмжийг авдаг.

Өдөр маань хэчнээн амжилттай байсан ч, эсвэл эсрэгээрээ бүтэлгүй байсан ч, тэр хэмжээгээр сурах зүйл, цаашид хэрэгжүүлэх зүйл байгаа гэсэн үг. Мөн ямар ч өдөр хүнд баярлах юм байдаг. Хэчнээн онцгүй өдөр байсан ч, сайн бодвол талархах юм заавал байгаа — энийг хүчээр ч бай олж харж байж бид амьдралдаа сэтгэл хангалуун байж урам зоригоор цэнэглэгдэнэ.

 

Би тэмдэглэлээ орой бүр унтахын өмнө хөтөлдөг, тэгснээр тухайн өдрийн болсон үйл явдлуудыг жагсаан бичиж, тэднийгээ эргэцүүлэн бодож дүгнэлт гаргах боломж гардаг. Мөн маргаашийн гол ажил, уулзалтуудыг дараагийн хуудсан дээр нь өөртөө сануулж бичдэг.

Ихэнх өдөр тэмдэглэл маань 5–10 минутаас илүү цаг шаарддаггүй, яг л нүүрээ угааж, шүдээ угаахтай минь адил унтахын өмнөх дадал болсон. Товч, тодорхой болохоор ч би төвөгшөөхгүй шууд хийдэг. Харин зарим өдөр амжихгүй унтах явдал гардаг, тэгсэн тохиолдолд ирэх өдрүүдэд заавал нөхөж бичдэг - нэг ч хуудас хоосон үлдээнэ гэхээр өөрт их төвөгтэй мэдрэмж төрдөг болсон байна лээ.

Энэхүү тэмдэглэлийн хэв маяг дэлгэрэнгүй биш ч гэсэн сүүлийн гурван жил гаруйн турш тууштай хөтөлснөөр маш их үнэтэй мэдээллийн тээгч болж чадсан. Эргээд сөхөж уншихад маш дурсгалтай, ямар нэгэн юм хийсэн үгүйг өөртөө нотлоход найдвартай, цаашид хийх ажлуудаа төлөвлөхөд их тустай.

Хааяа сэтгэл дундуур байх үед дэвтрээсээ өмнөх саруудын “W”-нуудыг уншихад талархах юм ихтэйгээ ойлгодог. Уйдсан үедээ дэвтрээ сөхвөл ямар их хийх юмтай, хэрэгжүүлнэ гээд ажил болгоогүй яваа санаануудаа зах зухаас нь хийж эхэлмээр санагдана. Заримдаа LWA маань том, чухал юмнууд байдаг, заримдаа маш жаахан юм байдаг, гол нь хоосон байдаггүйд ид шид байдаг.

Товчилбол:

  1. Өөрт таарсан дэвтрээ сонго
  2. Өөрт үр ашигтай хэр нь залхуугүй санагдах тэмдэглэлийн хэв маягаа тодорхойл
  3. Өөрт өдөр бүр тэмдэглэл хийхэд тохиромжтой цагаа сонго
  4. Өдөр бүр заавал цаг гаргаад тэмдэглэлээ бич
2019 оны минь тэмдэглэлээс

Би 2018 оныхоо нийтлэлийн эхэнд бичиж байсан — сургалт дээр өөрийн хамгийн чухал үнэт зүйлээ тодорхойлох дасгал хийхэд миний хамгийн чухал гурав нь

  • эрүүл мэнд (health),
  • гэр бүл (family),
  • нөлөө (impact) байсан юм. Энэ нь бидний байнга хэлдэг “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” зүйр үгтэй адил санагдаж байсан. Түүнээс хойш би энэ үнэт зүйлсээ чухалчилж, амьдралын хэв маягтаа илүү тусгахыг хичээдэг болсон. Тэгэхээр би жилийнхээ үйл явдлуудыг энэ гурван зүйлийн дагуу ангилж товчилъё гэж бодлоо.
 

Эрүүл мэнд (Health)

 

2019 он эхлэхэд би өөртөө биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд дээрээ анхаарч, утасны хэрэглээгээ багасгана гэсэн зорилт тавьсан.

Биеийн эрүүл мэндийн хувьд эрүүл хооллож, долоо хоногт дор хаяж гурван удаа 30 минутаас багагүй цаг биеийн тамирын дасгал хийнэ гэж дэвтэртээ бичсэн байсан. Эрүүл хооллолтын хувьд сэтгэл хангалуун байсан боловч дасгал дээр яалт ч үгүй хангалтгүй байсан.

Тухайн үедээ амьдралын хэв маяг маань тогтворгүй, байнга нааш цааш өөр газруудаар явдаг болохоор гэдэг шалтаг өөртөө хэлсэн ч, энэ жилээс ахиад л хичээж ажиллана гэсэн байгаа. Мөн хажуудах хүн маань тогтмол дасгал хийдэг учраас намайг хүчээр ч гэсэн дагуулаад явж бай гэж гуйсан байгаа.

Сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд өөрийгөө ойлгож хайрлах дээр ажиллах нь нэн түрүүнд чухал гэдгийг олон юман дээрээс уншсан. Өөрийгөө ойлгодог, өөрийгөө хайрладаг, өөртөө тэвчээртэйгээр ханддаг хүн эргүүлээд бусдыг ойлгодог, хайрладаг юм байна. Тэрэн дээр ажиллахын тулд зөвхөн тэгнэ гэж бодох биш, яг л биеийн тамир шиг дасгал хийдэг юм байна. Миний хувьд хийхэд хамгийн тохиромжтой дасгал бол утсан дээрх Headspace апп.

Санаанд хүртлээ тогтмол ашиглаагүй ч гэсэн нийт 10 цаг орчим заавартай бясалгалын дасгал хийсэн, тэрнээсээ маш ихийг ойлгож авсан. Жишээ нь бухимдсан үедээ уртаар амьсгалахын ид шид, бас өөрийнхөө сэтгэлийг ямар нэг тийшээ хүчилбэл улам эсрэгээрээ болдог, зүгээр л анзаараад байх тусам засардаг, гэх мэт.

Энэ апп-аа энэ жил үргэлжлүүлэн ашиглаж, улам үр дүнтэй болно гэж бодож байгаа. Мөн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хослуулсан йогийн хичээлдээ боломжоороо явна гэж төлөвлөж байгаа.

Утасны хэрэглээ гэдэг бол одоо үед дэлхийн өнцөг бүрт, хүүхэд багачуудаас авхуулаад хөгшчүүдэд хүртэл тулгамдсан хүнд асуудал болоод буй. iPhone дээр маань “Screentime” мэдээлэл гарч ирдэг болсноос хойш энэ асуудлыг бүр их анхааралдаа авахаар шийдсэн.

Ямар ч байсан жилийн эхнээс утасны хэрэглээгээ 30 орчим хувь багасгасан. Энэ нь өдөр бүр цагийг минь хэмнэхээс гадна цаагуураа миний нойр, анхаарал, ажлын бүтээмжид багагүй эерэг нөлөө үзүүлж байгаа санагдсан. Тийм учраас энэ жил улам багасгах тал дээр анхаарч ажиллана.

Гэр бүл (Family)

 

Гэр бүл гэдэг нь зөвхөн гэр бүл, хамаатан гэсэн утгаар биш, миний эргэн тойронд буй хүмүүс гэж тодорхойлъё. Хайртай, дотны хүмүүстээ цаг гаргаж байж тэр харилцаанууд маань хамгийн үр өгөөжтэй байдгийг 2018 онд маш сайн ухаарсан гэж бичиж байсан. Тиймээс 2019 онд тэдэнтэйгээ аль болох цаг гарган ярилцаж, уулзахыг хичээсэн. Ажлын шугамаар энд тэнд очиж ажилласан ч, амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхөд дээрээ боломжоороо зочилж уулзсан.

Ажлаар таван улсад очсон бол, амралтын өдрүүдтэйгээ нийлээд 2019 онд нийт 13 улсын 30 газраар явсан байсан. Монголдоо ч хэд хэдэн удаа ирж гэр бүл, найзуудтайгаа маш олон сайхан шинэ дурсамжуудтай болсон.

Ихэнх тохиолдолд холоос ирж цөөхөн хоног өнгөрүүлдэг учраас уулзах хүмүүстэйгээ цагаа эрт товлож, хамт өнгөрөөх цагаа маш их нандигнадаг. Цаашид ч гэр бүл, найз нөхөдтэйгээ ойрхон амьдарлаа ч тэдэнтэй өнгөрөөх цаг, ярилцаж хамт байх боломжоо одоогийнх шигээ ач холбогдол өгч үнэ цэнэтэй байлгахыг хичээнэ.

Нөлөө (Impact)

 

Нөлөө гэдэг үнэт зүйлийг сонгохдоо би хийж байгаа ажлын маань амжилт нь бусдад өгч буй эерэг үр дүнгээр хэмжигдэнэ гэж бодож байсан.

Миний гол эрхэлсэн ажил бол Маккинзи зөвлөх үйлчилгээний компанид зөвлөхөөр ажиллах. Энэ ажлынхаа хүрээнд гурван компанид төсөл гүйцэтгэж, 20 гаруй багийн гишүүдтэй хамтарч ажилласан. Казахстанд, Шри Ланкад, АНУ-д ажиллаж, мөн 4 сард Шри Ланка улсад терроризмийн халдлага болж Малайз улс руу шилжиж ажилласан.

Би энэ ажилдаа анх 2017 оны сүүлээр орж, 2018 оны 1 сараас анхныхаа төсөл дээр ажиллаж, 2018 онд ажилдаа суралцах тал дээр анхаарсан. Харин 2019 онд илүү өөртөө итгэлтэй болж, зөвлөж байгаа компаниуддаа өдөр бүр эерэг үр дүн авчрахыг хичээн ажиллаж, тэр маань ч үнэлэгдэж 6 сард тушаал дэвшсэн.

Аливаа ажлыг хийхдээ чин сэтгэлээсээ хичээж, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө өөрийгөө сорьж, тэр ажлынхаа үр дүнг эргэн тойрондоо авч ирж байгаа бодит эерэг нөлөөгөөр хэмжих нь үнэхээрийн кайфтай. Эргүүлээд тэрийг маань ажлынхан маань үнэлсэн нь маш их урам зориг, эрч хүч бэлэглэж, улам их хичээж ажилламаар санагдуулсан.

 

Хэдийгээр би хийж байгаа ажилдаа дуртай ч, Монголдоо, нийгмийн (ялангуяа боловсролын чиглэлийн) ажилд идэвхтэй оролцож байх нь ажлаасаа тэр болгон авдаггүй сэтгэл ханамжийг авдаг. Би их сургуульд байхаасаа хичээлээсээ гадуур янз бүрийн ажилд идэвхтэй байдаг байсан бөгөөд төгсөөд тэрийгээ үргэлжлүүлмээр санагдаж анх 2011 онд Mongolian Young Scholars Program-ийг найзуудтайгаа үүсгэн байгуулж байсан.

Хөтөлбөр маань энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж, тэр үеэр нь би Монголд байж, нээлт, хаалт дээр нь очиж энэ жилийн 30 шилдэг сурагч, 6 оюутан багш нартай танилцах боломж гарсан юм.

MYSP маань 2013 оноос хойш Зориг Сангийн албан ёсны хөтөлбөр болж, жилээс жилд улам мундаг зохион байгуулагддаг болж, ирэх жил бидний 10 жилийн ой болно гэж бодохоор итгэмээргүй.

Хийж байгаа ажил маань эерэг нөлөөтэй байхыг харах гоё, харин ямар нэгэн юмны үндэс суурийг тавьж өөрөө гар биеэрээ оролцохоо багасгасан ч тэр ажил маань үргэлжилсээр байж, улам олон хүмүүст хүрч байгааг харах хамгийн гоё мэдрэмж.

LWA: Learning — Win — Action

2019 оныхоо гол LWA-ийг базаад сурсан, баярласан, хэрэгжүүлэхээр шийдсэн онцлог зүйлүүдээсээ хуваалцъя.

Learning: Бодол биеллээ олдог гэдэг шиг тэмдэглэл биеллээ олдог гэдгийг би дахин дахин хуваалцмаар байна. Би жилийн эхэнд дэвтэртээ гол гол зорилтуудаа бичдэг, 2019 оныхоо зорилтуудыг эргээд харахаар бараг л бүгдээрээ биелсэн (фитнесст л тогтмол явж чадаагүй дээ).

Бид бодож, мөрөөдөж байгаагаа бичиж тэмдэглэхээр тэр бодлоо амилуулах анхны алхмыг хийдэг. Тэрхүү бодож байгаагаа маш бодитойгоор төсөөлж, дэлгэрэнгүй тодорхойлохоор төлөвлөхөд ч ойлгомжтой болдог.

Төлөвлөгөө байхад хөдөлмөрлөхөд л биелнэ шүү дээ. Энийг би энэ жил маш олон юман дээр харсан — ажлынхаа тушаал дэвшилтийг хүртэл дэвтэртээ бичсэн байсан.

Win: 2019 онд 30 нас хүрсэн маань надад санаж байснаас илүү их ухаарал өгсөн. Нэг нас нэмнэ гэдэг нь нээх сүртэй зүйл биш хэдий ч бид багаасаа л 30 насыг “жинхэнэ том хүн” болдог нас гэж төсөөлдөг байв.

Он гараад л төрсөн өдрөө болох хүртэлх хугацаанд нэг л их юм амжуулахгүй бол болохгүй юм шиг санагдаж, залуу нас маань дуусах гээд ч байгаа юм шиг санагдаж байсан бол яг төрсөн өдөр маань болоод өнгөрсөн чинь энэ бодлуудаа арай өөр өнцгөөс харах болсон.

Нээрээ л цаг хугацаа хязгаартай гэдгийг бүр их ухаарч, энэ байгаа цагтаа яарч олон зүйлийг амжуулах биш, харин яг өөрт чухал гэсэн юмнуудаа маш тодорхой эрэмбэлж тэдгээртээ л төвлөрөх ёстой гэдгийг ойлгосон.

Амьдралын эхний 30 жил нь хүн болж, өөрийгөө нээж хөгжүүлэх нас бол, дараагийн 30 жил нь хийж, бүтээдэг нас гэж ухаарч байна.. Энийг ухаарснаар би өөрийгөө илүү зоримог, шийдэмгий болсноо анзаарч, багадаа төсөөлдөг байсан “жинхэнэ том хүн” болж байгаагаа мэдэрсэн.

Action: Би одооны амьдралдаа одоохондоо сэтгэл хангалуун байгаа ч, байнга аялж, гэрээсээ хол явдаг ажил бол урт хугацаанд хийсээр байх нь миний хувьд нээх оновчтой биш юм шиг. Тийм учраас энэ жилийн гол хэрэгжүүлэх зүйлүүдийн нэг бол цаашид өөртөө хийхэд хамгийн тохиромжтой ажлыг тодорхойлох.

Тэрийг тодорхойлоход хоёр гол юмыг харна: одооны ажлаасаа авдаг өөрийгөө байнга сорьж сайжруулж байгаа мэдрэмж, бас тодорхой хүрээнд Монголынхоо нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх. Санаа оноо байвал маш нээлттэйгээр хүлээн авна шүү.