Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 20
Зураг
Freelance journalist

Долоон өдөр

Зураг

Цасан хунгар дотор хөлдсөн, гэмтсэн, шархдсан 40 гаруй насны хүн хэвтэнэ. “Хүн байна уу, амь авраач” гээд хашгирав. Түүнийг Бат-Очир гэдэг бөгөөд Хэнтий аймгийн адуучин эр. 

2011 оны нэгдүгээр сард адуугаа хайн явж байгаад морьноосоо чирэгдэж, бүтэн эргээд буухдаа нэг хөлөө хугалан ойн цоорхойд үлджээ. Аавынхаа хэлсэн үгийг санаж, халуун дээр нь л босож явахгүй удчихвал хөдлөхөө больчихно гэж бодон бөгсөн дээрээ мөлхөж үзэв. Хугараагүй хөлөн дээрээ босоод зогстол саваад ойчиж байна гэнэ. Мод гишүү бариад хөлөндөө уяад явж үзэх гэж оролдовч болсонгүй, мөлхөж, өнхөрч үзээд сүүлдээ ямар ч тэнхээгүй болов. Хунгарласан цасыг нэлээд гүнзгий ухаад дээлээ өрөөлдөж,  талаар нь хучаад цасан дотор нь ороод хэвтжээ. Дагаж явсан хоёр нохой хажуугаар нь эргэлдэн, гурван ес эхэлчихсэн хүйтэн өвлийн шөнийг хөлдөж үхэхийн наагуур давлаа.

Өглөө болоход хажууд хүний чимээ гарч байна. “Хүн байна уу, амь авраач” гээд хашгирсан чинь ирдэггүй. Тэр хавиар явдаг, хорихын малчин байдаг байсан юм. Өөдөөс амь авраач гээд хашгираад тоглоом хийж байгаад яваад өгсөн. 

Тэрнээс хойш хүн ирнэ гээд хүлээгээд л байлаа. Амныхаа цангааг гаргаж цас л иднэ, шөнө идвэл дагжиж чичрээд аймар. Цасан дунд гав ганцаараа хөлдөж үхэх гээд хэвтэж байхад өмнөх бүх л амьдрал нүдний өмнүүр зурайж байна. Сайн сайхан явах үе ч байж, алдах үе ч их байж. Хүн чинь үхэх болохоороо хийх юм ихтэй болчихдог юм байна. Авгай хүүхдээсээ салж, хүүхдүүдээ зовоож байсан, архи ууж явснаа харуусан бодсон. Амьдралд буцааж болдоггүй юм их байна. Сайн хань ижилтэйгээ амьдраад явж байсан бол юу боллоо гэж би чинь тэнд долоо хоног хэвтэх вэ. Нэг хоноход л хүмүүс намайг хайгаад олоод авна шүү дээ. Амьдралыг хамаагүй хол алдаж болдоггүй юм билээ. 

Тэр үед дүүтэйгээ хамт амьдардаг байсан, дүү тав дахь хоног дээр хотоос ирээд намайг хайж эхэлсэн юм билээ. Тэр болтол намайг алга болсныг хэн ч мэдээгүй. 

Ямар сонин юм бэ, хүн ирдэггүй юм байх даа, доод айл яагаад хэлдэггүй юм бол, ямар гайхалтай юм бэ гээд л бодоод байсан. 

Зургаан өдөр хөдөлгөөнгүй хэвтсэний дараа за ингээд үхэх юм байна гээд цасан дээр “хоёр хүүхдийг минь гарыг нь ганзаганд, хөлийг дөрөөнд хүргээрэй” гэж бичсэн. Ингээд үхдэг байж л гэж бодоод дотроо гунихарч хэвтлээ. Эхнээсээ хүн гэдэг тэгш сайхан амьдрах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийн гэр орон, өмсөх зүүх, идэх, гээд бүх юм нь зуун задгай, жаран хагархай байхад, цэгцлэх юм зөндөө байхад үнэхээр үхмээргүй байсан, нэг хором ч гэсэн амьдармаар байсан. 

Долоо дахь өдрийн өглөө дөнгөж нар гартал хүмүүс дуугарч байна. Онцгой байдлын багийнхан ирсэн. Өвчин намдаах тариа хийх гэсэн орохгүй, цус маань царцсан байсан. Гэртээ ирээд шөл цай уугаад цус гүйлгэж байгаад тариа хийсэн. Миний хөл хөлдчихсөн байсан тул эмч намайг хот руу аваад явсан. Би хотод ирээд хөлтэйгөө хэд хоног байсан. Эмч нар хуралдаад одоо бушуу түргэн хоёр хөлийг чинь тайрахгүй бол болохгүй гэсэн учраас шагайныхаа дээгүүр тайруулсан. 2012 оны нэг сарын 20-нд тайруулсан байх. Хувь тавилан л байсан байх. Заавал тэнд долоо хонож, хөлөө тайруулах л ёстой байсан юм байлгүй. 

Хөлөө тайруулахдаа сэтгэлээр унасан, муухай хог байна лээ. Хүний гарт ороод бие засахдаа хүртэл хүнээс хамааралтай байна гэдэг жинхэнэ хэцүү юм билээ. Тэргэнцэртэй бас хэцүү, нэг хүн байнга дагаж явах болно. Ажил төрөлтэй хүмүүс намайг байнга дагаад яваад байх хэцүү. 

Аравдугаар сард хиймэл хөлтэй болоод явж эхэлсэн. Тэр үед арай сэтгэл сэргэсэн. Эхний жил муухан явж байгаад, одоо мотоцикл унаж байна, морь унаж байна, малдаа явж байна, машин унаж байна. 

 
 

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Амьдралын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Нэг минутыг ч гэсэн алдахгүй гэж бодож байна. Хоёр хүүхдэдээ амьдралын зүг чигийг зааж өгөхөд туслаад, хараад  явж байгаа. Сүүлд сайхан ханьтай болсон, намайг анх аварч, хот хүргэж өгсөн эмчтэйгээ суусан. Ямар ч байсан долоон өдөр цасан дунд хэвтээд амьд тэсэж үлдсэн тул одоо сайхан амьдарна.