Индэр    
2020 оны 1 сарын 19
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 47: Өдөр тутмын амьдралдаа хийж буй сонголт тань байгаль дэлхийд чухал үр нөлөө үзүүлдэг

Зураг

iKon.mn болон Unlock подкаст хамтран хүргэдэг Номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт "The story of stuff" буюу "Эд зүйлсийн түүх" номыг танилцуулж байна.

Байгаль хамгаалагч Анни Леонард 2007 онд эд зүйлс хэрхэн бүтдэг тухай түүхий эд олборлохоос эхлээд хэрэглээд хогийн цэг рүү явах хүртэл бүх дамжлагын талаар анхаарал татах олон баримт дурдсан 21 минутын бичлэг толилуулж байв. Үүнийг нь хоёр жилийн хугацаанд дэлхийн 200 гаруй улсын 12 сая хүн үзжээ.

Олон улсад дохио болсон тэрхүү бичлэгийг ном болгох хүсэлтийг хүмүүс тавьснаар "The story of stuff" ном 2009 онд бичигдсэн түүхтэй.

Уг номд бараа бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэх, боловсруулах явцад байгаль орчинд ямар хэмжээний хохирол учруулдгийг судалгаанд үндэслэн тайлбарласан бөгөөд хэрэглээг хэт шүтэх нь хүний амьдрал, эх дэлхийд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг таван бүлэгт хуваан бичжээ.

"The story of stuff" номыг сонсох:
Бүлэг 1. Түүхий эдийг хэрхэн олборлодог вэ?

Номын зохиогч Анни Леонард бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэхэд байгальд ямар хэмжээний хохирол учирч буй тухай өгүүлэхдээ Ой мод, Ус, Ашигт малтмал гурваар жишээлжээ.

Ой модыг сүйтгэснээр жилд 2-3 их наяд ам.долларын хохирол учирдаг

Мод, ногоон ургамал нь амьсгалах агаарын эх үүсвэр билээ. Үүгээр зогсохгүй цаас, эм зэрэг амьдралын салшгүй хэсэг болсон зүйлсийг ч ой модноос бэлтгэдэг. 

Ойд амьтны төрөл зүйлийн 2/3 нь амьдарч байна. Мөн одоогийн байдлаар 300 сая гаруй хүн ойд амьдардаг бол 1.6 тэрбум хүн ой модноос ямар нэгэн байдлаар хамааралтай амьдардаг гэсэн тоо бий.

Гэтэл газар тариалан эрхлэх, цаас бэлтгэхийн тулд модыг их хэмжээгээр огтолсоор байна. Сүйдэж буй ой модыг эдийн засгийн өртгөөр тооцож үзвэл жилд 2-3 их наяд ам.долларын хохирол байгальд орчинд учирч байгаа. Хэдийгээр нөхөн төлжүүлэлт хийдэг ч энэ нь анх байсан экосистемийн үр шимийнхээ дөнгөж 10 хувьтай тэнцдэг аж. Үүний улмаас "ногоон цөлжилт" гэх нэр томъёо ч бий болжээ.

Аяга кофены үр бэлдэхийн тулд 136 литр ус...

Усыг үйлдвэрлэлд ямар хэмжээгээр ашиглаж буй тухай зарим жишээг авч үзье. "Эд зүйлсийн түүх"-д дурдсанаар:

  • Ганцхан цамц хийх нийт үйлдвэрлэлийг явцад 976 л ус 
  • Нэг тонн цаас үйлдвэрлэхэд 300-400 тонн ус
  • Аяга кофены үр бэлдэхийн тулд 136 литр усыг ашигладаг.

Үйлдвэрлэлийн зорилгоор их хэмжээний усыг ашиглах явцад мөн химийн хортой бодис хэрэглэх бөгөөд энэ нь шууд байгальд нийлдэг тул байгаль орчныг бохирдуулж байна. 2025 онд хүн төрөлхтний ¾ нь ямар нэгэн байдлаар усны дутагдлыг мэдэрнэ гэх судалгаа ч байгаа юм. Усны нийлүүлэлтийг ихэсгэх гэж хичээхийн оронд хэрэглээгээ танах нь зөв гарц хэмээн зохиогч үзэж байна.

Нэг АЛТАН БӨГЖ=20 тонн хортой хаягдал

Уурхайнууд байгалийн тогтцыг эвдэж, олборлосон зүйлсээ боловсруулахын тулд хортой бодис, их хэмжээний ус хэрэглэж байгаа нь эх дэлхийд гэм хор учруулж буй.

Анни Леонард ашигт малтмалын тухай дурдахдаа алт, очир эрдэнийг онцолсон байна. Олборлож буй алт, очир эрдэнийн 75 хувь нь үнэт эдлэл урлахад зориулагдана. Олборлох, боловсруулах явцад нэг алтан бөгж хийхэд 20 тонн хортой хаягдал үүсэж байдаг. 

Өдөр тутмын амьдралдаа хийж буй сонголт нь байгаль дэлхийд чухал үр нөлөө үзүүлдэг хэмээн зохиогч бичжээ.

Зохиогч энэ бүлгийн төгсгөлд, байгаль орчныг сүйтгэж буй олон үйлдлийн үндэс суурь нь таны хийж буй сонголт, шийдвэртэй холбоотой. Ямар нэгэн зүйлийг хэрэглэхдээ чанартайг нь сонгож удаан ашигласнаар хүрээлэн буй орчноо сүйтгэж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлтийг бууруулах боломжтой гэжээ. 

Бүлэг 2. Бараа бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

Зохиогч олон бүтээгдэхүүнийг жишээлэн тайлбарласнаас түгээмэл хэрэглэгддэг хувцас болох богино цамцыг хэрхэн үйлдвэрлэдэг тухай сонгон танилцуулъя.

Богино цамц хийхийн тулд эхлээд түүхий эд буюу хөвөнг тариална. Ихэнхдээ буурай оронд хөвөн тариалдаг бөгөөд байгальд хөнөөлтэй, их хэмжээний ус ашигладаг тариалалт. Тухайлбал, Узбекстан улсад зөвхөн хөвөнгийн тариалалтын үр нөлөөнд Арал хэмээх тэнгис ширгэсэн байдаг.

 

Түүнчлэн хөвөн тариалахад хортон шавж устгах бодис ихээр ашигладаг бөгөөд Энэтхэгт нийт хөвөнгийн тариалангийн ажилчдын 91 хувь нь өдрийн найман цагийн туршид ямар нэг хамгаалах хувцасгүйгээр ажиллаж, эрүүл мэндээрээ хохирдог байна. 

Мөн даавуугаа өнгө оруулахын тулд олон төрлийн химийн бодис ашиглаж, 1/3-г нь байгальд шууд хаядаг. Үүгээр ч зогсохгүй богино цамц оёулахдаа буурай орны иргэдийн урт цагаар цалин багатай ажиллуулж, хөдөлмөрийг шулах нь түгээмэл байна хэмээн зохиогч бичжээ.

Бидний анхаарах ёстой өөр нэг зүйл нь электрон бараа. Ихэнх цахилгаан барааг 2,000 орчим төрлийн түүхий эдээр хийдэг. Үүнд хүрээлэн буй орчинд хортой түүхий эд ч орсон байдаг тул хаягдал болоход хэрхэн ангилах нь хүнд асуудал болдог. Тиймээс шинэ загвар гарах бүрт худалдан авах гэж яарах хэрэггүй агаад  эвдэрсэн ч засаад авахаа урьтал болгохыг зохиогч зөвлөж байна.

Татгалзах ёстой хоёр төрлийн бүтээгдэхүүн

Хүн өдөр тутмын амьдралдаа лаазалсан бүтээгдэхүүн болон хуванцар бүтээгдэхүүнээс татгалзах ёстой аж. Хөнгөн цагааныг боловсруулах, лааз хийхэд ихээхэн эрчим хүч зарцуулах бөгөөд энэ нь угтаа доторх ундаанаасаа ч үнэтэй зүйл.

 

Мөн PVC хуванцраас эрс татгалзах ёстой. Энэ төрлийн хуванцрыг эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд мөнгөн ус, хар тугалга зэрэг хүнд металлыг заавал хольдог. Гэтэл тэдгээр хүнд металл нь хуванцраас өөрийгөө салгахыг тэмүүлдэг шинж чанартай учир аажимдаа агаар орчин, хүний биед тархдаг байна. Савны арын хэсэгт гурвалжин дотор 3-ын тоо байвал PVC гэсэн үг. 

Авах гэж байгаа бүтээгдэхүүнд тань хүний биед хортой түүхий эд орсон эсэхийг шалгах thinkdirtyappgoodguide зэрэг аппликейшн гарсан байдаг. Эдгээрт бар кодыг нь уншуулахад ямар түүхий эд орсон, хортой эсэх мэдээллийг ангилан харуулдаг байна. 

Бүлэг 3. Түгээлт хийж буй тээврийн хэрэгслүүд нийт нүүрсхүчлийн хийн 23 хувийг ялгаруулдаг

Түгээлтийн систем эрчимтэй хөгжихөөс өмнөх үед хүмүүс зөвхөн ойр тойрноосоо бүтээгдэхүүн худалдан авдаг буюу хэрэглээ энгийн байв. Харин орчин үед хил хязгаарт үл захирагдан, дэлхийн хаанаас ч хүссэнээ авдаг болжээ. 

Үүний үр нөлөөнд дэлхийд ялгарч буй нүүрсхүчлийн хийн 23 хувийг тээврийн салбар гаргаж байна.

Бүлэг 4. Анхан шатны хэрэгцээгээ хангах нь хүнд аз жаргал авчирдаг. Харин...

Байгаль орчныг сүйтгэн байж түүхий эд олборлох, хүмүүсийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эцэстээ бид бүгдэд бараа бүтээгдэхүүнээ хэрэглүүлэхэд чиглэгддэг.

 

Тэгвэл их зүйл хэрэглэснээрээ хүн аз жаргалтай байдаг уу? Энэ асуултад хариулахдаа номын зохиогч Анни Леонард америкчуудын амьдралын хэв маягийг онцолсон юм. Тэд ихэнхдээ олон цагаар ажиллах бөгөөд чөлөөт цагаа дэлгүүр хэсэх эсвэл зурагт үзэж өнгөрүүлдэг. Зурагтаар голчлон шинэ бараа бүтээгдэхүүний сурталчилгаа гардаг тул материаллаг сэтгэлгээг нь өдөөдөг байна. Элдэв сайхнаар сурталчилж байгаа тэрхүү бүтээгдэхүүнийг худалдан авч сэтгэл ханамжийг мэдрэхийн тулд илүү их ажиллан орлогоо өсгөж, дэлгүүр хэсдэг болдог байна. 

Ийнхүү хэрэглээгээ өсгөснөөр америкчууд хэр аз жаргалтай үндэстэн болж байгаа талаар судлахад эсрэг дүн гарчээ. 1957 оноос хойш судлаад үзэхэд америкчуудын аз жаргалын индекс тасралтгүй буурсаар байгаа юм. Хэдийгээр дэлхийн хамгийн баян улс боловч аз жаргалын мэдрэмжээрээ буурай улсын иргэдтэй ойролцоо байгаа нь материаллаг зүйлд автах нь сэтгэл ханамжийг өгдөггүй гэх дүгнэлтэд хүргэж байна. 

Анхан шатны хэрэгцээгээ хангах нь хүнд аз жаргал авчирдаг ч хэтэрсэн тансаг хэрэглээ нь аз жаргалаас хумсалж байдаг хэмээн зохиогч дүгнэсэн юм. 

Гэвч бодит байдал дээр америкчуудыг илүү их зүйл хэрэглүүлэхийн тулд цахилгаан барааны шинэ загварыг ойр ойр гаргах, хэдхэн жил ажиллаад л эвдрэхээр тооцоолж үйлдвэрлэх, засварын өртгийг өндөр байлгах гэх мэтээр зах зээлийн механизм нь ажилладаг.

Бүлэг 5. Хог хаягдал хэрхэн бий болдог вэ?

Аливаа бараа бүтээгдэхүүн элэгдэж эвдрээд бус бидний хандлагаас хамаарч хог хаягдал болдог. Анх сэтгэл ханамж дүүрэн авсан зүйл аажимдаа сонирхол татах нь больж нэг л мэдэхэд хогийн саванд орно. 

Америк хүн өдөрт дунджаар 2 кг, япон хүн 1.2 кг, канад хүн 0.8 кг, хятад хүн 0.3 кг хог хаядаг.

Хог хаягдал ихсэх болсон шалтгаан нь бүтээгдэхүүн хэрэглэх хугацаа багассантай холбоотой юм. Тухайлбал, өмнө нь нэг хөргөгчийг 20-30 жил хэрэглэдэг байсан бол орчин үед 5-10 жил хэрэглэдэг болжээ.

Мөн сүүлийн жилүүдэд хамгийн их хог хаягдал гарч байгаа нь гар утас. Шинэ загвар гарах бүрт хуучин утаснууд хогийн цэг рүү илгээгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дээр дурдсанчлан цахилгаан бараанд хүнд хортой металлууд ихээр агуулагддаг тул энгийн хаягдал шиг шатаах эсвэл булах арга байдаггүй аж.

Одоогийн байдлаар хог хаягдлыг устгахын тулд булах болон шатаах аргыг хэрэглэж байна. Аль аль нь оновчтой арга биш хэмээн зохиогч үзжээ. Учир нь хог булах нь хөрсийг бохирдуулах, хорт бодис ялгаруулах гэх мэтээр аюул учруулдаг. 

Харин шатаах арга нь хорт утаа ялгаруулахаас гадна хаягдал бүрэн устдаггүй хэмээжээ. Хог хаягдлыг шатаахад 30 хувь нь үнс болдог учир булах шаардлагатай болдог тул ямар ч үр ашиггүй гэж байгаа юм. 

Зохиогчийн хэлж буйгаар хог хаягдлыг бууруулахын тулд хамгийн түрүүнд хэрэглээгээ багасгах, дахин хэрэглэх нь зүйтэй гэж буй юм. Дахин боловсруулах нь эцсийн арга байх ёстой гэжээ. 


2007 онд хийсэн Анни Леонардын бичлэг: