Зураг
Зураг
Индэр    
2020 онд ТА юунд хөрөнгө оруулалт хийх вэ?
Зураг
2020 оны 1 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2020 онд ТА юунд хөрөнгө оруулалт хийх вэ?

2020 он дэлхий, Монгол Улсын хувьд эдийн засгийн таатай жил болж чадах уу?

Ямар эрсдэл байгаа, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Мөн хувь хүнийхээ хувьд санхүүгийн ямар шийдвэр, хөрөнгө оруулалт хийвэл зохилтой вэ гэдэг талаар эдийн засагчид, банкир, бизнесмэнүүдийн саналыг сонслоо.

 
www.mpa.mn

Тэднээс яг ижил хоёр асуултад дараах хариултуудыг авав.

Асуултад:

1. Дэлхий болон Монгол Улсын хувьд эдийн засгийн ямар орчин 2020 онд хүлээж байгаа вэ? 

2. 2020 онд та юунд хөрөнгө оруулах вэ? (салбар, компани, бизнес, технологи, нээлттэй компани (stock), commodities гэх мэт...)

"Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

1. АНУ сонгуультай жил таарч байгаа нь олон улсын худалдаанд тодорхойгүй байдлыг бий болгоно.

Их Британи Европоос салан тусгаарлагдах үйл явц бас ээдрээтэй болж таарна. Чилид гараад байгаа улс төрийн тогтворгүй байдал, Теслагийн гигафактори Хятадад үйлдвэрлэлээ эхлүүлсэн нь манай зэсийн экспортод сайнаар нөлөөлж таарна. 

Манайд харин сонгуулийн дараагийн мөчлөг эхэлж байгаа нь популизм ихсэх сөрөг талтай ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд эерэг нөлөөтэй байдаг талдаа. Бид урагшаа явах төмөр замаа барих ажлыг эрчимжүүлж, шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах учиртай. 

Эрдэнэс Таван Толгойн хувьцаа сонгуулиас өмнө амьтай болж, арилжааг эхлүүлж болзошгүй. IPO хийхтэй би хувьдаа санал нийлэхгүй ч тэр нь Хонг Конг дээр хийгдвэл Оюу Толгойтой дүйцэхүйц асар том бүтээн байгуулалт Өмнийн Говьд өрнөж эхлэх нь тодорхой. 

Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци болон Хөрөнгийн удирдлагын компаниуд хувийн хэвшилтэйгээ хамтран хотын хөрөнгийг эргэлтэнд оруулах, хотод бүтээн байгуулалтын шинэ санхүүгийн хөшүүргүүдийг бий болгож, Монголын анхны дэлхийн түвшний ухаалаг шийдэл бүхий шинэ хорооллууд сүндэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр ажил эдийн засагт асар их хэмжээний түлхэц өгч, эдийн засгийн өсөлт хурдасна гэж харж байгаа. 

2. Би болон миний толгойлж буй компаниуд 2020 онд банкны байгууллагад хөрөнгө оруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Монголчууд бид нийтээрээ банктай болох цаг нь болсон гэж харж байгаа. Бид Төв Азийн улсуудын санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийж эхлэх бэлтгэл ажлаа базааж байгаа. 

Ард Менежментийн үүсгэн байгуулсан Үндэсний Хувьчлалын Сан үйл ажиллагаагаа эхлүүлэх бол Ард Лайфын тэтгэврийн сан хөрөнгийн биржийн хамгийн идэвхтэй тоглогч болно. Ингэснээр Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөн нь хөгжлийн хоёрдугаар шатанд орох болно. 

Оюу Толгойн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, тэтгэврийн реформыг хийлгэх тал дээр анхаарах болно. 

Монголын анхдагч хувийн тэтгэврийн сан болох Ард Лайф бүх Монгол Улс даяар үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Бүх Ардын компаниуд цахимжих ажлаа төгөлдөршүүлнэ. 

Бид Чоно Эдийн Засагтай Хөрөнгө Оруулагч Үндэстэн болохын тулд олон нийтийн санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийсээр байх бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа нэг шат ахиулах төлөвлөгөөтэй байна. 


"Мандал Даатгал" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг

1. Дэлхийн хувьд анхаарал татах гол асуудал нь АНУ, Хятадын худалдааны дайн, үүнтэй уялдаад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль байх болно. 

Ямартай ч 2020 оны хувьд худалдааны дайн 2018 онтой харьцуулахад айгаад байхаар асуудал биш болсон. Хөрөнгийн захын хувьд Америкийн Доу Жонс индекс түүхэн өндөр түвшиндээ байгаа ба сүүлийн 10 жилд даруй 3.5 дахин өссөн. 

Иймд Америкийн хөрөнгийн зах дээр үнийн хөөс явагдаж байна гэж би ажиглаж байгаа. 2020 онд хэрэв коррекц буюу ханшийн тэгшитгэл хийгдэж эхэлбэл хувьцаануудын үнэ буурч алт, бонд зэрэг хэрэгслүүдийн үнэ өсөх магадлалтай. 

Глобал өсөлтийн потенциалаар бол мэдээж Хятадын зах зээлд чиглэсэн хувьцаанууд хамгийн өндөр өгөөжийг авчрах боломжтой. Хятадын өсөлт дуусах болоогүй байна.

2. Дотоодын зах зээл дээр АПУ компанийн хувьцаа багаар үнэлэгдсэн байгаа нь санхүүгийн тайлангаас нь харагдаж байна. 

АПУ компанийн хувьд 2018, 2019 онуудад өрийн дарамтаа бууруулж, ашигт ажиллагаа, борлуулалтын орлогоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чаджээ.

Компанийн үнэлгээ одоо 670 гаруй тэрбум төгрөг байгаа ба энэ үнэлгээг ашиг, орлого, хөрөнгө, өөрийн хөрөнгөтэй харьцуулж үзэхэд хямд байна гэж харж байна. 

2020 онд миний хувьд стартап гэхээсээ илүү суурь эдийн засгийн брэндүүд болох АПУ, Говь зэрэг компаниудыг илүү сонирхож харна. 

Банкууд, холбооны компаниуд, ЭмСиЭс кока кола мэтийн компаниуд IPO хийвэл их сонирхолтой хөрөнгө оруулалт болох байх. Миний хувьд өнөөдрийн байдлаар дээр дурдсан аль ч компанид хувьцаа эзэмшдэггүй бөгөөд ямарваа нэг сонирхлын зөрчилгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.


“Ард Капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр

1. Олон улсын эдийн засгийн төлөв байдал гэгээлэг харагдахгүй байгаа.

Учир нь томоохон гүрнүүд хоорондын маргаан хэрхэн шийдэгдэх вэ гэдгээс их зүйл хамаарна. АНУ, Хятадын худалдааны дайны асуудал шийдэгдээгүй хэвээр, ИБУИНВУ нь Европын Холбооноос гарах, Хонг Конгийн үймээний асуудал, мөн худалдааны дайны нөлөөгөөр Азийн болон бусад орны эдийн засгийн уналт эхэлсэн нь нөлөөлж байгаа. 

Жишээ нь Өмнөд Солонгосын инфляц 1966 оноос хамгийн доод түвшиндээ хүрч 0.4% болон унаж, эдийн засаг хумигдсан байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор манай улсын эдийн засаг багагүй сорилттой учрах болов уу.

Учир нь бид эрсдлийн удирдлага байхгүй хэвээрээ, зөвхөн хэдхэн төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамаарсан эдийн засгийн тогтолцоотой хэвээр байна.

2. 2020 онд эрсдэл багатай, эдийн засгийн уналтанд нөлөө багатай, тогтмол орлоготой санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын болон компанийн бонд, алт, хувьцааны хувьд бол найдвартай, blue chip компаниудын хувьцаанд хөрөнгө оруулна. 

Цаг хугацаа, нийгмийн хөрөнгө оруулалтын тухайд гэвэл тэтгэврийн реформ болон ЭТТ-н 1,072 хувьцааны арилжааг эхлүүлэхийн төлөө ажиллана гэж төлөвлөж байна.


Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин

1. 2019 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт буурч, уналтад орох эрсдэлтэй байсан боловч Төв банк нь оновчтой урдчилан сэргийлсэн.

Тиймээс 2020 онд АНУ-ын эдийн засаг тогтвортой өсөлттэй байна. 

Дэлхийн хувьцааны индекс болох FTSE All-World Index өнгөрсөн арван жилийн турш 24 хувийн өсөлттэй байлаа. Үүнээс гадна Америк, Хятад хоёр улс тохиролцоонд хүрч байгаа тул худалдааны дайн дуусах төлөвтэй байна. Тиймээс дэлхийн эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байна. 

Монгол Улсын хувьд гадаад орчин эерэг байгаа тул эдийн засгийн өсөлтийн суурь нь хэвэндээ үлдэнэ гэж бодож байна.

Гол экспортын бараа таваар нь валютын орлогын эх үүсвэр байна. Харин дотоодын эрсдэл дагуулах нөхцөл байдал нь илүү давамгайлна. Жишээлбэл, сонгуулийн өмнөх төсвийн зарцуулалт ба мөнгөний бодлого мөн УИХ-ын сонгуулийн үр дүн нь гол эрсдлийн фактор байх юм. Сонгуулийн дараа шинээр байгуулагдах ЗГ-ын эдийн засгийн бодлого ямар байх нь тодорхойгүй учир бодлогын тогтвортой байдал хадгалагдах уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий.

2. 2020 онд үл хөдлөх салбар уналтанд орно гэж би таамаглаж байна.

Гол хоёр шалтгаан нь:

  • Эрэлтээ давсан нийлүүлэлт,
  • 8 хувийн ипотекийн хөтөлбөр нь үргэлжлэхгүй болсонтой холбоотой.

Цаг уурын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч чухал сэдвүүд болж байгаатай холбоотойгоор энэ салбартай холбоотой компаниудын үнэлгээ өсөх байх. Эсрэгээрээ эрчим хүчний компаниуд, онгоцны компаниуд болон  машин үйлдвэрлэгчдийн үнэлгээ 10 жилийнхээ доод түвшинд хүрсэн байна.

Технологитой холбоотой компаниудын IPO трэнд эрч хүчтэй хэвээрээ байна гэж таамаглаж байна. Гэхдээ эдгээр компани нь ашигтай аль эсвэл мөнгөний урсгал нь нэмэх байх шаардлага тавигдана. 

Бондын зах зээлд 2019 оных шиг савалгаа байхгүй байна. Emerging market бондын зах зээл харин өсөж унах трендтэй байна.


Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ

1. Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр эд ачааллаж байсан халуун он жилүүд гадаад худалдааны дайны нөлөөгөөр дуусах шатандаа орж байна.

Цаашид бид өндөр өсөлт хүлээх хэрэггүй бөгөөд үүнийг дагаад түүхий эдийн үнийг ч өөдрөгөөр харах шаардлагагүй. Энэ нь ирэх жил манай эдийн засаг гадаад орчны нөлөөнөөс дэмжлэг авах боломжгүй гэсэн үг.

Эсрэгээр дотоод орчны аливаа эрсдлээ сайтар удирдахгүй бол биднийг томоохон эрсдэл хүлээж байна.

Нэгтгээд харвал, түүхий эдийн эрэлт сулрахтай давхцан ОУВС-ийн хөтөлбөрийг амжилттай дуусгах, Эрдэнэс Таван Толгой IPO-г амжилттай хийх, Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэх, Хятадын Ардын банктай своп хэлцлээ сунгах гэх зэрэг томоохон ажлууд биднийг хүлээж байна. 

2. Дотоодын хөрөнгийн зах зээлд үнэ цэнэтэй хувьцаанууд хямдхан болж эхлээд байна. 

Цаашид ч улам үнэ нь буурах болов уу. Тэгэхээр 2-3 жилийг хараад сар бүр тогтмол дүнгээр чанартай сайн, үнэ цэнэтэй хувьцаа худалдан авах, хадгалах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Харин гадаад зах зээлээс гэвэл хувьцааны хөрөнгө оруулалтаа бууруулан бондод түлхүү мөнгөө байршуулж, үүний хажуугаар багцаа алтаа диверсификаци хийх нь оновчтой гэж бодож байна.