Индэр    
2020 оны 1 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

₮776 тэрбумын тэтгэврийн зээл ба ҮАБЗ-д тавих ЗАРЧМЫН ХОЁР АСУУЛТ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид нэгэн гэнэтийн шийдвэрийг мэндчилгээнийхээ төгсгөлд хэлсэн нь олон асуултыг дагуулав.

Тодруулбал тэрбээр "Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байна" гэсэн.

Энэхүү мэдэгдэлтэй холбоотой дараах зарчмын хоёр асуултыг ҮАБЗ-ийн гурван гишүүн болох Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьж байна.

Нэг. Халамжийн системийг халах цаг болоогүй гэж үү?

Халамжийн бодлогоос зайлсхийх шаардлагатайг бидний өнгөрсөн түүх болох Хүний хөгжил сангаар дамжуулсан бэлэн мөнгө тараалт зэрэг харуулсаар ирсэн байхад ийм амлалтыг төр засгийн зүгээс дахин хэрэгжүүлэх нь зөв үү?

Зөвхөн 2010, 2011, 2012 гэсэн гурван жилийн хугацаанд Засгийн газар Хүний хөгжил сангаар дамжуулж иргэдэд 21, 120, 500 мянган төгрөг зэргээр нийт 1.9 ИХ НАЯД төгрөгийг бэлнээр тараасан байдаг. 

График 1, Хүний хөгжил сангийн орлого, зарлага 2010-2016, Эх сурвалж: Сангийн Яам

Улмаар 2011 онд мөнгөгүй болж иргэдэд тараах мөнгөө Хятадын компанитай ирээдүйд олох нүүрсний борлуулалтаасаа барагдуулах нөхцөлтэй зээлийн гэрээ хийж, 6 жилийн дараа буюу 2017 онд Эрдэнэс Таван Толгой 350 сая долларын өр дууссаныг зарлаж байсан.  Мөн ЭТТ дахин 5 жил Чалкотой хамтран ажиллах гэрээтэйгээ мэдэгдэж байсан. 

Сангийн яамны хийсэн судалгаагаар Монгол Улсын Засгийн газар 2010-2016 онд Хүний хөгжил сангаар дамжуулж 3.1 их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр тараасан байна.

Гэтэл энэ их мөнгийг бэлнээр тарааснаар нийгэм, эдийн засгийн ямар гайхамшигтай үр дүн гарсан бэ?

Тооцоо судалгаа бий юу. Монгол Улс урагшилж чадсан уу?

3.1 их наяд төрөгрөөр урт хугацааны ямар их асуудлыг санхүүжүүлж болох байсан бэ? Энэ нь  2020 оны улсын төсвийн орлогын гуравны нэг, зарлагын дөрөвний нэгтэй тэнцэх мөнгө юм.

Хоёр. Зөвхөн эрх мэдлийн л төлөө юу?

2019 оны 11-р сарын байдаар 776 тэрбум төгрөгийн тэтгвэрийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байна.

Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн хэлснээр нэг удаа ахмадуудын өрийг дарвал ийм хэмжээний мөнгө хэрэгтэй болох нь. 

График 2, Тэтгэврийн зээлийн үлдэгдэл, 2019 оны 11-р сарын байдлаар, Эх сурвалж: Монголбанк

Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх та бүхэн 30 гэр бүл зэрэг нийгмийн шударга бус хуваарилалтыг ярьсаар буй.

Тэгвэл өнгөрсөн 2010-2016 онуудад Монголын төр засаг ашигт малтмалаас олсон болон олох орлогыг иргэдэд шударгаар, ангилал тус бүрт тэнцүү хуваарилж ирсэн ч та бүхний ярьдаг нийгмийн шударга хуваарилалт тогтож чадсангүй. Өөрөөр хэлбэл, бусад халамжийн бодлогыг эс тооцоод зөвхөн Хүний хөгжил сангийн 3.1 их наяд төгрөгийн хуваарилалт олон нийтэд өгчихөөд байхад 2017 онд шударга бус хуваарилалт ярьсаар Ерөнхийлөгчид Х.Баттулга сонгогдсон нь бэлэн мөнгө тарааснаар баялгийн шударга хуваарилт явагдаагүйг БАТАЛЖ БАЙНА.

Гэтэл одоогийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл баялгийн шударга хуваарилалтаа ярьсаар эцэстээ эргээд халамжийн бодлого руугаа буюу УХРАЛТ хийлээ.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн ҮАБЗ нь урьд өмнөх шийдвэр гаргагчдаас ямар ч дээрдэх, урагшлах чадамжгүй гэдгээ дахин дахин НОТОЛЖ байна.

ҮАБЗ-ийн энэхүү шийдвэр нь зөвхөн 2020, 2021 оны УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн хэнийхээ эрх мэдлийг үргэлжлүүлэх УЛС ТӨРИЙН явцуу эрх ашгийн тохироо байжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч 2020 оны сонгуульд МАН-ыг "дэмжинэ", 2021 онд МАН одоогийн Ерөнхийлөгчийг "дэмжиж" оролцох тохиролцоо хийгдсэнийг уншиж болох.

Зөвхөн эрх мэдлийн төлөө энэ улсын нийтлэг эрх ашгийг уландаа гишгэж, ухралт хийсээр байх уу?!

Эхлээд энэ хоёр асуултад хариулах нь логикийн хувьд зөв болох биз ээ.