Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 29
Зураг
Хөгжлийн эдийн засагч, ХҮН-ын дарга

Буухиа дуусаагүй, тусгаар тогтнол баталгаажаагүй

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

1911 оны 12 сарын 29-ний энэ өдөр бол Монголчууд сэрж, Монгол төрөө сэргээсэн түүхэнд онцгой өдөр.

Гэхдээ энэ бол тусгаар тогтносон, бие даан хөгжих их сунгаа, үе дамжин өрнөх буухианы зөвхөн эхлэл, эхний амжилт, анхны тэмдэглэлт өдөр байлаа. 

Буухиа нэг - Манжаас тусгаарлав

Манж Чин гүрэн 1911 онд өөрөө нуран унав. Манж сулран, явцгүй болж байгааг ажиглаж байсан Монгол лам ноёд XIX зууны сүүлээс тусгаарлах тухай бодож төлөвлөж, арга зам хайж иржээ. Тухайлбал, аль 1895 онд Богд Жавзандамба хутагтаас Оросын эзэн хаанд хандан Монголчууд нэгдэн Оросын ивээл дор Манж гүрнээс тусгаар тогтноход туслахыг хүссэн бичиг үйлдэж, өндөр зиндааны элч илгээж байж. 

Цаг болж, тохироо бүрдсэн гэж үзсэн бололтой 1911 оны дунд үеэс Оросын цагаан хаанд дахин хүсэлт захидал явуулж, Богд хаан “цаг болсон тул Монгол овогтон бүгдээр нийлж тусгаар тогтнох” гэсэн утгатай лүндэн буулгаж Монгол туургатнуудад түгээсэн байна. Мөн лам, ноёд зохион байгуулалтад орж, Халхын 4 аймаг бүрээс 1000 цэрэг татах тухай шийдэн, Түшээт хан аймгийн ойр орчмын хошуудаас, голчлон Ханддорж вангийн захиргааны хошуудаас 500 цэрэг эхний ээлжинд цуглажээ. Ингээд 1911 оны 11 сарын 30-нд Сандо амбанд тулган шаардах бичиг өгч, манж амбан, түшмэд ч асуудал гаргалгүй Оросоор дамжин үтэр түргэн зайлжээ. 

Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулсныг 1911 оны 12 сарын 29-ний өдөр тунхаглан, Богд хааныг ширээнд залснаар Богд хаант Монгол Улсын түүх эхлэв.  Тусгаар тогтнолын давалгаа баруун хязгаарт хүрч, Хүрээнд Манж-Хятадын засгийг түлхэн унагасан, Богд хаан заларсан тухай мэдээ нэлээд дуулиантай тарсан байдаг. Улиастайн амбан Хүрээний энэ сүр дуулиан болон зэвсэггүй Монголчуудын жагсаал, сүрдүүлгээс хулчийн мөн л Оросын нутгаар дайран 1912 оны эхээр зугтав. 

Нийслэл хүрээ болон Улиастайн амбан хялбархан бууж өгч зугтсан бол цэрэг, хамгаалалтын зориулалттай хэрэмд байрласан, тодорхой хамгаалалтын цэрэгтэй Ховдын амбан харин зайлах гэж яарахгүй, харин ч ойр орчмын Хятадуудыг цэрэгт татан 2000 очим цэрэгтэй болж, тулаанд бэлдэж, урдаас тусламж хүлээн сууж эхэлжээ. Ховдын Манж амбан уг нь Улиастайн амбаны адил бууж өгөх бодолтой байсан авч, төвөөс нь бууж өгч, Ховдыг алдаж болохгүй тухай чиглэл ирж, удахгүй нэмэлт Хятад цэрэг Үрүмчи хотоос илгээх тухай мэдэгдсэн байдаг. Ингээд Ховдын хэрэм дотроо бүгэж, хориглон байлдахаар болж бэлдэж эхэлсэн байна. Энэ хооронд Хятадыг эсэргүүцэх, хөөх хөдөлгөөн гарч, хаа сайгүй нутгийн Монголчууд хэсэг бүлгээрээ нийлэн Хятад худалдааны пүүс, агуулахуудыг тонон дээрэмдэж, данс тооцоог нь шатааж байв. 

Удалгүй Хүрээнээс Жалханз хутагт баруун хязгаарт томилогдон очиж, Ховдын захирагч Зоригт бэйсийн хамт Ховд хязгаарын онц их хурал Улаангомд хуралдуулан Ховдыг чөлөөлөх зорилгоор Монгол ноёд зохион байгуулалтад орсон байна. Цэрэг татлага явуулж Монгол цэрэг нийт 5000 орчим болсон боловч Хатанбаатар Магсаржавын 200 цэргээс бусад нь хэдэн цахиур буу, бороохой шийдмээс өөр зэвсэггүй байж. Мөн Хүрээнээс Баргын Манлай баатар Дамдинсүрэн цэргийн хамт хүрэлцэн очиж, хүч нэмэв. Ингээд удтал бүсэлсний эцэст 2012 оны 8 сарын 7-нд Монгол цэрэг Ховдын хэрмийг байлдан эзэлсэн байна. Тулалдааныг Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дамбийжанцан нар удирдаж, онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд барга, сартуул, өөлд, халх, мянгад, дөрвөд, торгууд, баяд, тагнын урианхай, алтайн урианхай, цахар зэрэг Монгол угсаатны цэргүүд мөр зэрэгцэн тулалджээ. Ингэснээр ар Монгол Манж амбан, Хятад цэргээс чөлөөлөгдөв.

Манж Чин гүрний захиргааг бүрэн халсан учир улсын дотоод хэргийг засах, эмхлэх шаардлага тулж, Богд хааны Засгийн газар 64 дэвтэр бүхий хууль цаазыг боловсруулан баталжээ. Хэдий Манжийн үеийн хууль цаазны агуулга ихээр багтсан боловч Монголчууд өөрсдийн тусгаар улсыг засах нэгдсэн хууль журмыг өөрсдөө гардаж гаргасан нь онцгой чухал байв.

1914 оны эхээр Дээд ба Доод хурлаас бүрдсэн 2 танхимтай парламент маягийн зөвлөлдөх хуралтай болж, төрийн хэрэгт зөвхөн угсаа, зиндаатай хаад, засаг ноёд биш тайж, бичиг цэргийн дунд бага түшмэдүүдийг оруулж зөвлөлдөх болсон нь Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагчид нь анхнаасаа хувийн амбиц, эрх мэдэл, нэр нөлөөний сэдлээр хувьсгал хийгээгүй, мөн төр улсыг байгуулахад нэг хүн давамгайлж ноёрхоогүй, олон хүний оролцоо, хувь нэмэр орж байсан гэдгийг харуулж байна. Монголчууд өөрийн хаантай, дээд доод зөвлөлдөх хуралтай, хууль цаазтай, засаг захиргаатай төр улстай болов. Манжийн биш Богд хаант Монгол болов. 

Гэвч Монгол Улс хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, улс үндэстний бие даан орших чадавхи нь ч туйлын сул дорой байлаа. Бүрэн тусгаар тогтнол хараахан биш.

Буухиа хоёр - Ардын хувьсгал Ардын засаг

Оросод гарсан хувьсгал, шинэ хуучин төрийн бужигнаан, хувьсгалчдын давалгааг Монголчууд ашиглан 1921 онд өөрийн засгаа байгуулж, 1911 оны хүсэл тэмүүлэл тусгаар тогтнолоо дахин сэргээн тунхаглав. 1911 оны хувьсгалын манлайлагчид Богд хаан тэргүүтэй лам ноёд ихэнхи нь хатуу тэмцэлд амь эрсдсан хэдий ч эх орончдын дараагийн шинэ үе залган гарч ирсэн байлаа. Богд хаан ч урьдын адил ивээн дэмжжээ.

1921-1924 онд тогтсон Ардын засаг бол ямар нэг коммунист, эсвэл үзэл сурталжсан хувьсгалт засаг байсангүй, харин өмнөхтэй л адил Богд хаантай, тусгаар тогтнолын төлөөх ноёд, ам хувраг, нийгмийн гарал үл харгалзсан эх орончдын үндэсний зөвшилцөлд суурилсан засаг байсан нь олон талаас харагдана. Ардын засгийн Ерөнхий сайдаар Жалханз хутагт С.Дамдинбазар хүртэл ажиллаж, Монгол төрд зүтгэж байлаа. 

Гэвч мөн л хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, улс үндэстний бие даан орших чадавхи нь ч туйлын сул хэвээр. Бүрэн тусгаар тогтнол бас л биш.

Буухиа гурав - Социалист Үндсэн хуульт БНМАУ

Анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд баталж, лам, ноёд, тайж нарын сонгуулийн эрхийг ялгаварлан хасч, илт коммунист үзэл сурталд суурилсан ангит нийгмийн тогтолцоог тунхаглав. Монгол Ардын намын үзэл баримтлалыг ч эрс өөрчилж, нийгэм журмын төлөө коммунист үзэл баримтлалтай МАХН болж өөрчлөгджээ. 

Шинэ Үндсэн хууль боловсруулах, батлах үйл явц, Коминтерны нөлөө, гарч байсан зөрчил, эргэн тойрны түүхийг эргэн харвал Монгол Улс хөгжлийн шинэ үе рүү орж байсан нь илт мэдэгддэг. Тухайлбал, 1911 онд эхэлсэн Тусгаар тогтнол, Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл, түүний үр дүнд тогтож байсан муу ч сайн ч Монголчуудын өөрсдөө хянаж, бодлого тодорхойлж байсан засаг дуусгавар болж, ЗХУ болон Коминтерны шууд нөлөөлөл доорх нэг намын засаглал тогтсон, коммунист үзэл сурталжсан Үндсэн хуультай БНМАУ-ын шинэ түүх эхэлжээ. 

Хэдий Коминтерны нөлөөн дор С.Данзан, Ж.Баваасан тэргүүтэй эх орончдыг золиослон хороож, Зөвлөлт маягийн эв хамт ёсонд суурилсан бүгд найрамдах улс байгуулах замд орсон ч Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэгэн амжилттай буухиа байлаа. 

Хөршөө сонгох боломжгүй Монголчуудын хувьд ЗХУ-ыг түшихээс өөр замгүй, нэгэнт түших тул коммунист, социалист үзэл суртлыг нь даган сурч, өөрсдийн зорилгын төлөө үйл хөдлөлөө тааруулан зохицуулж, аяыг нь олохоос өөр ямар ч сонголтгүй, өөр зам үгүй байв. 

Монгол Улс ЗХУ-аас өөр хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, бие даан оршихын тулд асар их зүйл хийх шаардлагатай, сул дорой хэвээр байлаа. Эх орончдын тэмүүлсэн тусгаар тогтнол мөн л биш.

Буухиа 4 - Хятадаар Де-Юре хүлээн зөвшөөрүүлэв

Ингээд Монгол Улс тусгаар тогтнох, төр улсаа сэргээн байгуулах аяндаа хэдий өөрийн хүслээр биш ч эргэж буцалтгүй Зөвлөлт Улсыг дагахаар болов. 

1945 оны 2 сард болсон Ялтын хэлэлцээрээр Сталин БНМАУ-ын “статус кво”-г хэвээр хадгалахыг АНУ, Англиар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Чан Кайши тулгалтад орж, Хятад орноо Японоос чөлөөлөх, Шинжаан, Манжуурыг алдахгүйн тулд БНМАУ-ын тусгаар тогтнолыг арга буюу 1946 оны 1 сарын 6-нд хүлээн зөвшөөрсөн юм. 1949 онд Мао тэргүүтэй БНХАУ байгуулагдаж, удалгүй БНМАУ-ын тусгаар тогтнолыг мөн хүлээн зөвшөөрсөн. Ингэж Монголчууд олон зуун жил хүсч, олон арван жил үе дамжин амиа өргөж, чардайн зүтгэсний эцэст, бүр ард нийтээр тусгаар улс байхын төлөө саналаа баталгаажуулан өгч байж, хоёр хөршөөрөө хоёулангаар нь “Де-юре” (De-jure) хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болов. 

Энэ үр дүнд хүрэхийн тулд Монголчууд Коминтернд, ЗХУ-д үнэнч байж, биесээ олон мянгаар нь хөнөөн золиосолж, хэлмэгдүүлж, дайнд оролцож, өв соёлоо устгуулж, доромжлол дорд үзэлтийг туулсан.

БНМАУ-ыг 2 хөрш хлээн зөвшөөрсөн ч, дэлхий нийт сайн мэдэхгүй, тусгаар тогтнол баталгаажаагүй байлаа. Бүрэн тусгаар тогтнол бас л биш.

Буухиа 5 - НҮБ-д нэгдэв

Дэлхийн II дайны дараа шинээр байгуулагдсан НҮБ-ын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жишиг тогтсон тул Монголчуудын хувьд НҮБ-д элсэх бас нэгэн сорил эхлэв. Анхны өргөдлийг 1946 онд өгсөн ч том гүрнүүдийн улс төрийн наймаа тоглолтууд болон Хятадыг НҮБ-д төлөөлж байсан Чан Кайши эсэргүүцэж хориг тавьсаар байсан тул олон жил сунжирчээ. Эцэст нь, 1961 оны 10 сарын 27-ны өдөр Монгол НҮБ-ын гишүүн болж тусгаар тогтнолоо дэлхий нийтийн өмнө бүрэн баталгаажууллаа.  

Ийнхүү, тусгаар тогтнол Монгол үндэстний бүх төлөөлөгчид оролцсон, лам ноёд, хутагт хувилгаад, боловсролтой боловсролгүй жирийн олон эх орончдын амь нас, бие сэтгэл, үе дамжсан тэмцэл, алдаа оноо, хөдөлмөр зүтгэл шингэж, асар их үнэ цэнээр олдов. Гэсэн хэдий ч БНМАУ Зөвлөлт болон социалист системээс эдийн засаг болон улс төрийн хувьд бүрэн хараат, дэлхий нийтээс таслагдмал, хагас хаалттай орон болсон байлаа. Монголчуудын хүссэн тусгаар тогтнол мөн л биш.

Буухиа 6 - Ардчилсэн Монгол анх удаа толгой мэдэв

Берлины ханыг 1989 оны 11 сарын 9-нд нурааснаар социалист систем задарч, коммунизмын гэрийн хорионд, хаалттай ваакумд түгжигдээд байсан Монголчууд эрх чөлөөтэй боллоо.

Хатуу дэг, айдас хүйдэс, эрх чөлөөгүй дарамт дор 70 жил амьдарсан Монголчууд 1980-аад оны сүүл үед нийгмийн гажгийг, болохгүй байгаа зүйлсийг, тулгарч буй асуудлыг шат шатандаа мэдэрч, ил далд ярилцдаг, ямар нэг өөрчлөлт зайлшгүй гэдгийг ойлгож байж. Гэвч энэ хүлээж буй өөрчлөлт яг юу болох, хэрхэн хийх, ямар асуудлууд гарч болох, дэлхий ертөнц хэрхэн амьдардаг тухай мэдээлэл хомс, бие даасан тусгаар улс хэрхэн хөгжих ёстой талаар цэгцтэй төлөвлөгөө, мэдлэгггүй байв. Яг л 1911 оны Монголчууд Манж Хятадаас салж тусгаарлах, өөрсдөө толгойгоо мэдэх улсаа байгуулах ёстойг сайтар ойлгох ч, дэлхий ертөнцийн талаар мэдээлэл, мэдлэг хязгаарлагдмал, тусгаарласны дараа нь улсаа хэрхэн засах, ямар замаар хөгжих тухай тодорхой консепт, төлөвлөгөө байгаагүйтэй ижил.

Юутай ч дагуул улс байхаа больж, өөрсдийн хүсэл сонголтоор Үндсэн хуулиа 1992 онд баталж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн эрх чөлөөтэй замнах болсон нь жинхэнэ тусгаар тогтнол, тэртээ 1911 онд Богд хааны тэргүүтэй лаа ноёдын эхлүүлсэн тусгаар тогтнолын хөдөлгөөний бодит үр дүн нь байлаа. 

Нээлттэй нийгмийн ачаар өнгөрсөн 30 жилд Монголчуудад оюун санаа, мэдлэг болон эд материалын асар их дэвшил хийсэн нь ямар ч маргаангүй. Гэхдээ улс гүрэн бүрэн тусгаар тогтнохын тулд өөрийн гэсэн хөгжлийн хэв загвартай, нийгэм, улс төрийн хувьд тогтворжиж, эдийн засгаараа бусдаас бүрэн хараат бус болсон байх ёстой байдаг. Монгол Улс энэ хөгжлийн замаа олох, улс орноо засч, төлөвших тэмцэл дунд явсаар л байна. Тэгэхээр, үе үеийн Монгол эх орончдын хүсч тэмүүлж байсан бүрэн тусгаар тогтнол бас л биш.

Буухиа 7 - Тусгаар тогтнолоо дархлах, хараат бус дэлхийн Монгол

Дэлхийг эзэгнэсэн их гүрэн байгуулж явсны сүр хүч, нэр хүнд, бусадтай энтэй тусгаар байх дийлдэшгүй их хүсэл амбиц, үе дамжсан уйгагүй тэмцлийг нь түүх аз тохиолоор нөхөн шагнав уу гэлтэй Монгол Улс тусгаар тогтнож, эрх чөлөөт улс болж чадсан билээ. 

Гэвч, эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг бол зүгээр НҮБ-ын гишүүн байх, өөрийн хил хязгаартай, төр засагтай, газар нутагтай байх тухай ойлголт биш. Богд хаан, ноёд болон Бодоо, Данзан, Чойбалсан, Цэдэнбал гэх мэт бусад үе үеийн эх орончид зөвхөн ийм нэр төдий үзүүлэлтийн төлөө тэмүүлж байгаагүй, тэдний тусгаар болох тэмцлийн цаад зорилго хэнээс ч дутахгүй хөгжингүй, хүчирхэг, чадалтай, бие даасан Монгол Улсыг бүтээн байгуулахын төлөө байсан юм. 

Өөрсдийнхөөрөө өөрсдийн улсаа засах, хөгжлийн загвараа сонгох боломж XX зууны аль ч удирдагчид, нэг ч Монголд олдоогүй. Өнөөдрийн Монгол авлига хулгайд идүүлж, завсрын улс төрчдөд завшуулж, хууртагдсаар галаа бөхөөж, үе үеийн Монголчуудынхаа хүсэл тэмүүллийг унтрааж орхивол энэ үеийнхний Монголын их түүхэнд оруулах асар том гай нүгэл болно. Өнөөдрийн Монголчууд өвгөдийнхөө өвлүүлсэн тусгаар тогтнолыг дараагийн шатанд гаргаж, хөгжил дэвшил, хүчирхэг байдлаар дархлан баталгаажуулах үүрэгтэй. Энэ бол үе үеийн эх орончдын тэмүүлсэн жинхэнэ тусгаар тогтнол.

Иймд, 1911 оны 12 сарын 29-нээс эхтэй Монголын тусгаар тогтнолын урт удаан буухиа тэмцэл дуусаагүй, одоо ч үргэлжилсээр, өнөө цагийнханд багагүй сорилтыг тулгаж, үүрэг хариуцлага ногдуулсаар байна. Энэ өнцгөөс үзвэл өнөөдрийн бид тусгаар тогтнолын төлөө тэмцэл эхэлсэн энэ өдрийг онцлон дурсана уу гэхээс тусгаар тогтнолоо дархалсан мэт тэмдэглэж, хөөрцөглөн баярлах цаг болоогүй байна.