Монголын түүх агуу амжилтаар дүүрэн тул судлаачид яах аргагүй тэр амттай хэсэгт төвлөрч, бусад талыг орхигдуулсан байдаг. Ялангуяа Монгол агуу байсны учрыг тайлж мэдэх, суралцах зорилготой гадныхны хувьд ингэж төвлөрөх нь аргагүй. Харин Монголчууд бидний хувьд энэ агуу түүхээс бидэнд юу үлдэв, бас юуг нь өвлөж авч үлдсэнгүй вэ гэдгээ ялгаж, цаашдын хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтандаа алдаануудаа давтахгүй байхыг хичээх нь зүй. Их Монголын агуу түүхийн ард эх Монголчууд нь ямархуу байдалтай үлдэж, юу хожсон бэ?
Их эзэнт гүрний эхэн үед Хархорум төвтэй Монгол нутаг дэлхийн нийслэл байлаа. Харамсалтай нь их гүрэн 1260 онд задарснаар Монгол нутаг зах хязгаар болон, Монгол хаадын цэрэг татдаг, ирж зусдаг, амардаг, ав хомрог хийдэг нөөц газар маягтай болжээ. Их гүрний эхэн үед Монголчууд гадагш байлдан дагуулалт хийн шинэ улс орныг эзэлж, олз омог олж, Монгол нутаг руугаа зөөдөг, ноёд цэрэггүй олз хишиг хүртдэг хэвшилтэй байсан байдаг. Үүнийг гадаадын аялагчид ч анзаарч “Монголчууд баян тансаг болсон” гэж дурссан нь олон. Гэтэл их гүрэн задарч, шинээр эзлэн нээх газар үгүй болж, хаад тухайн орон нутагтаа суурин сууж, улс орноо захирах болсноор жирийн цэрэг эрсийн авах олз омог, хувь ч үгүй болов.
Монгол нутаг, Хархорум руу, их хаан руу тал талаас илгээдэг эд баялаг, татвар гувчуур зогсож, Монгол нутаг Юань гүрнийг захирах түшиц, цэргийн нөөц газар болж хувирсан ажээ. Нэлэнхүйдээ Юань гүрний монголчуудын амьдрал Чингис хаан, Өгөөдэй хааны үетэй харьцуулбал муудаж ирсэн тухай Б.Я.Владимирцов нотлон бичсэн байдаг.
Их хааныг залгамжлагч Хархорумыг захиран суудаг, хаан ширээнд залах ёслолоо Хархорум хийдэг уламжлалтай байв. Гэсэн хэдий ч Монгол нутагт шинээр бүтээн байгуулсан хот балгас, хөрөнгө оруулсан, Монголчуудын амьдралыг анхаарч дорвитой тойглосон зүйл ховор. Монгол нутаг Юань гүрний бусад муж нутгаас ялгарах юм үгүй, харин ч нүүдлийн амь аргацаасан ЭЗ-тай, гувчуур, цэрэг өртөөний албанд дарагдсан илүү ядуу буурай болох шинжтэй болсон байдаг. Их гүрний хөгжил цэцэглэлтийн төв нь Монгол эх орон, тал нутаг нь биш, эзлэн суусан хот суурин, харь улсууд нь болжээ.
Монгол гүрэн Монгол хүнээ үнэгүй цэрэг болгов
Юань гүрний үед нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын хэв маяг, эдийн засагт юу ч өөрчлөгдөж, нэмэгдээгүй, тэгсэн хэрнээ илүү боловсронгуй алба гувчуурын систем, овог аймгуудын үеэс ч өргөн, хүчтэй ноёд хаадын давхарга, тэдний эрх ямбыг дэмжсэн хатуу чанд хууль үйлчлэх болсон нь иргэдийн нуруун дээр ирэх ачааг л хүндрүүлэв. Юань гүрний үед уугуул нутагт суух Монголчуудын амьдрал өмнөхөөсөө хүндэрч, ядуурч байсан тухай сурвалжид цөөнгүй байна. Тэр байтугай Монгол хүн ядуурч боол болж байсан тухай нэг биш сурвалж дурддаг, тухайлбал, Юань улсын судар, Юй Бяны “Өвөр Монголын түүхийн товч найруулал”-д “Монгол охид хөвгүүдийг уйгар, хятад хүн авч боол болгов” гэж бичжээ. Байгуулсан их гүрэн нь мандаж байхад эзэд нь боол болон зарагдана гэдэг төсөөлшгүй харамсалтай зүйл.
Үүнээс гадна Монгол хүнд өртөө, цэргийн алба хамгийн хахир хатуу алба байж. Хаад Монгол нутгаас Монгол цэрэг татан Хятадыг захирах цэрэг болгон өнцөг булан бүрт суулгадаг, тэр нь жирийн иргэдэд маш их дарамт болно. Урьд цагт малчин Монгол эр ноёныхоо дуудсанаар цэрэг дайнд түр явдаг, удалгүй олз омогтой буцаж ирдэг байсан бол их гүрний үед цэргийн албанд татагдсан бол бөглүү харь нутагт олон жилээр суух, ингэхдээ гэр бүлээ аван нүүхээс өөр аргагүй болох тохиолдол түгээмэл байжээ.
Иймэрхүү байдлаар Монгол нутаг Юань гүрний цэргийн түшиц, эр цэрэг бэлддэг хязгаар нутаг болон орхигдож, аж ахуй, ЭЗ, хүний хөгжлийн хувьд хоцрогдсоор байжээ. Хаад ноёд харъяат ард, эр цэргүүдийнхээ хүчинд бусдыг эзлэн сууж, эрх ямбаа эдлэн жаргавч эх нутаг, хамаг сайн бүхний эх үүсвэр ард түмэн нь, Монгол хүн нь ядуурсаар, ЭЗ нийгмийн тогтолцоо нь доройтсоор байв. Ард түмэн нь гундуу, үндэстэн дахин сэргэлтийн дотоод хүч нөөцөө сэргээж, хурааж чадахгүй байвал ийм гүрэн удаан оршин тогтноход хэцүү, нэг бүдрэхэд даган түм доройтох жамтай. Чухам яг энэ хаадын эх нутгаа мартагнасан ихэрхэл, хүчийг олж байсан гол тулгуур жирийн Монголчуудаасаа тасарсан тансаглал, тэдний үүрэх зовлон Монгол гүрний мөхөл, Монголчуудын доройтлын эхлэл болсон билээ.
Өнөөдөр яг энэ түүх давтагдах мэт ноёд дарга нар нь Монголыг бүрдүүлэх Монгол хүнээ тас орхиж, өөрсдийн эрх мэдэл, эд баялгийг зузаалах уралдаанд алалдан уралцаж, түүндээ иргэдээ улс төржүүлэн талцуулж, хууран золиосолж байна. Хүнээ дээдэлдэггүй, хүнээ дорд үздэг ийм бодлогыг хэрэгжүүлсээр буй тул гэр бүлийн хүчирхийлэл газар авч байгаа, эмч багш нарын үнэлэмж буурсаар байгаа, ЖДҮ зээл эздэд нь биш дарга нарт, зам барилга дийлэнхи иргэд суух хотын зах руу биш даргын харш руу, эсвэл хотын төв рүү цутгаж байгаа юм. Монгол хүнээ дээдэлж, замын биш, малын биш, утааны биш, жорлонгийн биш, иргэн хүний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, боловсрол, эрүүл мэнд, ажлын байранд дорвитой, зоригтой, цэгцтэй хөрөнгө оруулж байж л асуудлууд шийдэгдэнэ, өөр ямар ч замгүй.
Б.Найдалаа
“Монгол хүний товчоон” номын хэсгээс ашиглав