Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 29
Зураг
Хөгжлийн эдийн засагч, ХҮН-ын дарга

Нийслэл үү, Хүрээ юу, Улаанбаатар уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэл Улаанбаатар хот энэ жил 380 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэж байна.

Гэхдээ ойлгомжгүй бөгөөд зөрчилтэй хэдэн зүйл байна. Дөрвөн уулын дундах Улаанбаатар хотын ой гэвэл 380 лав биш, тэр бол Богдын хүрээний ой, нийслэл хүрээний ой гэвэл бас өөр, түүх нь 1778 оноос л тоологдоно. Цаашлан Монголчуудын нийслэл хотын ой гэвэл 380 бүр биш, Хархорум, эсвэл Модун хааны Орхоны хөндийн балгаснаас эхэлж тоолно. Эдгээр тоо, түүхийг тодруулж, ойлголт нэгтэй болох нь түүхээ ойлгох, зөв тайлбарлах, түүх соёлын өвөө таньж хамгаалахад чухал хэрэгтэй тул дор нуршив. 

Түүхийн өмнөх түүх

1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн, Орхоны хөндий, Хархорумаас холгүй Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосноор өнөөгийн Улаанбаатар хотын түүх эхэлсэн гэж үзэж, жил бүр тэмдэглэдэг. Гэхдээ, Хүрээ өнөөгийн Туулын хөндийд ирж тогтохын тулд 28 удаа нүүж бууриа сэлгэсэн байдаг. Байнга нүүж явдаг, түүхийг нь ингэж хооронд нь холбож бичээд, он цагийг нь нийлүүлээд тоолчихдог хот Улаанбаатараас өөр дэлхийн хаана ч байхгүй болов уу. 

Нэг газар сонгон хөдөлгөөнгүй суурьшиж, олон мянган хүн шавааралдан, хамтдаа хоршин амьдрах нийгэм бүтээдэг хот гэдэг нийтлэг ойлголт нүүдэлчин Монголчуудын хувьд тэс өөр зүйл байдаг нь сонин. Монголчуудын хувьд хот гэдэг нь тухайн газраа байршсан суурьшил хот биш, харин хаана ч байж болдог, хэд ч нүүж бууж болдог, цаашид ч нүүгээд явах, хаад ноёд нь өргөөлж байгаа хүрээ, төв газрыг хэлдэг гэсэн сэтгэлгээ, ойлголттой. “Хотын” талаар Монголчуудын энэ уламжлалт сэтгэлгээ өнөөдөр ч бат бэх оршсоор, тэр нь амьдран буй хотдоо маргааш нүүгээд явах мэтээр хандах, хотыг төлөвлөгөөг үл тоомсорлох, газраа зарах, нийтийн эрх ашгийг уландаа үл тоон хувийн эрх ашгаа илүүд үзэх, түүхэн үнэт зүйлсийг ялгаж мэдэхгүй нураах зэрэг үйлдэл, дарга нарын гаргаж буй шийдвэр, шийдлээр нь тод илэрдэг юм. 

Хүрээ болсон түүх 

Богд гэгээний өргөө гэр буюу Богдын хүрээ нүүсээр 1778 онд л өнөөгийн буурин дээрээ тогтжээ. Тэгэхээр Халхын шашны тэргүүн Богд ламын нүүдэллэсэн түүх биш яг Улаанбаатар хотын түүхийг үзье гэвэл 1778 оноос, Туул Сэлбийн хөндийгөөс эхлэн судалбал илүү зохимжтой. Гандан хийдийн анхны сүм 1809 онд байгуулагдаж, цаашлан бусад сүм дуганууд нэмж баригдсаар, түүнийг даган лам хар, наймаачид суурьшиж, гадаад улсын консулын газрууд байгуулагдсаар 1900-аад он гарахад л Монголын шашин, улс төр, соёл, худалдаа, ЭЗ-ийн хөдөлшгүй, дахин нүүхээргүй төв болсон байлаа. 

1911 онд Нийслэл Хүрээ нэртэй болж шинэ тусгаар Монгол Улсын нийслэл болов. Энэ үед Нийслэл хүрээний хүн ам 50 мянга орчим, дийлэнхи нь Хятад иргэд, лам, бусад гадаадын иргэд, улирлын чанартай ирж суудаг монгол ноёд, худалдаа наймаачид байжээ. Нийслэл хүрээ хотын нэгдсэн зохион байгуулалт тааруутай, ялгадас, хогондоо дарагдсан, золбин нохой олонтой, өлсгөлөн ноход хүн барих нь ч цөөнгүй байсан тухай гадаадын жуулчид, судлаачид тэмдэглэсэн үлдээсэн байдаг. 

Улаанбаатар болсон түүх

Нийслэл Хүрээ 1924 онд Улаанбаатар нэртэй болов. Яг хотын харъяат иргэн гэдгийг 1925 оноос ялган тоолж эхэлсэн бөгөөд тэр үед хотын хүн ам нийт 61 мянга, түүнээс Монгол 14911, лам 20000, Хятад 23919, Төвд 318, Орос 1772, бусад 20 гаруй улсын гадаад иргэн 156 байжээ. Хотын хүн ам 1950-иад он хүртэл нэмэгдэлгүй 55 мянга орчимд байсан буюу Монголд хотжилт, үйлдвэржилт бодитой явагдаж эхлээгүй байсныг илтгэнэ. Малаа нийгэмчлэх нэрээр нэгдэлд хураалгасан иргэд 1950-иад оны сүүлээр хот руу бөөнөөрөө шилжин суурьшиж, 1960 он гэхэд хүн амыг 180 мянга болгон 3 дахин нэмэгдүүлжээ. Энэ үеэс хотжилт, үйлдвэржилт, түүнийг даган орчин үежих явц жинхэнэ утгаараа өрнөж, Монголын хөгжил шинэ эрин үетэй залгав. 

Хот болсон түүх

Монголын түүхэнд анх удаа хот төлөвлөлтийг ЗХУ-ын мэргэжилтнүүдээр 1954 онд хийлгэсэн бөгөөд хот хурдтай тэлж байсан учир 1990 он хүртэл 4 удаа шинэчлэн төлөвлөж байжээ. Улаанбаатар хот 1990 он гэхэд 567 мянган хүн амтай, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээ, оршин суух газар, ногоон байгууламж зэрэг хотод байх ёстой бүтцүүд сайтар төлөвлөгдсөн, Зөвлөлт маягийн загвартай, цэгцтэй хот болоод байв. Нийслэл Улаанбаатараас гадна 1961 онд Дархан хот, 1976 онд Эрдэнэт хотыг аж үйлдвэрийн цогцолбор түшиглэн шинээр байгуулсан нь Монгол Улсын хөгжилд зөвхөн аж үйлдвэр хөгжсөн талаасаа биш хотын шинэ соёл нэвтрэх, боловсрол, ШУ хөгжих, нийгэмд модернизац, орчин үежих дэвшил гарахад үнэлж баршгүй том алхам болсон юм. Хот гэдгийг хаад, ноёд, хувилгаадын өргөө бууж буй газар гэж ойлгодог байсан Монголчууд түүхэндээ анх удаа мориноосоо бууж, жинхэнэ агуулгаар нь хотын иргэд болж амьдарч эхэлжээ. 

Тэгэхээр бид аль түүхийг нь тэмдэглээд, дурсаад байна аа? Нийслэл үү, Хүрээ юу, Улаанбаатар уу? Монголчууд бид юмыг бүдүүн бараг ойлгож бүдүүн борогдуу халтуурддаг, бодит бүтээл ажил гэхээс илүү ойн баяр наадамд анхаарлаа хандуулаад өнгөрдөг муу зантай тул энэ түүхийг сануулав. Дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц урт түүхтэй хот юм бол Улаанбаатарыг Улаанбаатар болгож буй цөөхөн хэдэн түүх соёлын дурсгалаа нандигнан хамгаалж, архитекторын үндсэн өнгөө хадгалах нь эн тэргүүний зүйл байх ёстой шүү, өнөөгийн түүхийг бүтээж буй хотын эзэд ээ.