Зураг
Зураг
Индэр    
2019 оны 5 сарын 9
Зураг
Хөгжлийн эдийн засагч, ХҮН-ын дарга

Монголчууд Берлинд ялсан

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Фашист Германыг ялсны 74 жилийн ой болж байна. Олон арван сая хүний амь нас, хувь заяаг самарсан энэ жигшүүрт үйл явдлыг дуусгавар болгосон өдөр бол Зөвлөлт, Оросын ард түмэн, мөн хамаг чадлаараа зүтгэн дэмжиж байсан Монголчуудын тэмдэглэлт баяр, хоёр улсын найрамдлыг бататгасан түүхэн өдөр эргэлзээгүй мөн. Зүгээр нэг ялалтын баяраас гадна Монголчуудын хувьд Манжаас тусгаарласан 1911 оноос хойших 30 гаран жилийн бужигнааны эцэст хөгжлийн загвараа эцэслэн сонгосон онцгой үйл явдал бөгөөд энэ талаар товч санаа дурдъя.

Германтай хийсэн дайнд Монгол Улс ЗХУ-ын бат бэх ар тал болон, чадах бүхий л зүйлээр чармайн зүтгэсэн нь ЗХУ-ын үнэнч холбоотон, эргэлзэх зүйлгүй бат ар тал нь болсон гэдгээ харуулсан анхны тохиолдол юм. “Бэлэглэлийн төв комисс” хүртэл тусгайлан байгуулж, орон даяар Зөвлөлтөд туслах аян өрнүүлж, нийт 9 удаа тусламжийн цуваа илгээж, олон сая төгрөг бэлэн хандивласнаас гадна 300 кг биет алт, “Монгол ард” нисэх онгоцны эскадрил, “Хувьсгалт Монгол” танкийн бригад хүртэл бэлэглэжээ. Мөн хагас сая шахам шилмэл агт морь нийлүүлсэн нь ЗХУ дайнд ашиглаж байсан нийт морьдын тавны нэгийг бүрдүүлж байв. 

Гэхдээ аль эрт 1920 оноос эхлэн ЗХУ-ыг дагаж ирсэн боловч 1930-аад оны сүүл хүртэл монголчууд чин үнэнч дагуул, эргэлзээгүй түнш нь болж бүрэн амжаагүй байсан юм. Тэд анхнаасаа л бие даасан тусгаар улс болж, бусад улстай эн зэрэгцэн хэлэлцэж, хөгжих эрмэлзэлтэй, түүндээ уйгагүй байсан нь үе үеийн удирдагчдаас нь яаж ийгээд илэрдэг, илрэхдээ ихэвчлэн ЗХУ-ын үзүүлж буй хайр халамж, сургагчдад эргэлзэх, дэлхийн бусад улстай холбоо тогтоохыг оролдох зэрэг “дураараа загнах” байдлаар гардаг байж. Д.Бодоогоос эхлээд, С.Данзан, Б.Цэрэндорж, Д.Дамбадорж, А.Амар, Ж.Цэвээн, П.Гэндэн гээд үе үеийн Монголын удирдагчдын үйл оролдлого, хувь заяа үүнд хамаарна. 

Зүүн хойд Азийн байдал ээдрээтэй, ЗХУ, Япон, Хятад гүрнүүд дайтаж, сонирхлын хүрээгээ тэлэхээр ил далд үзэлцэж байсан 1920-1940 оны үест ЗХУ-ын хувьд Монгол орон үнэхээр геополитик, стратегийн чухал газар байжээ. Магадгүй, хараат бус улс төрийн тогтолцоотой, бие даан бодлого явуулах, бусад гүрнүүдтэй толгой мэдэн харьцдаг Монгол Улс байх нь ЗХУ-ын хувьд өрсөлдөгчдөд нь хүч нэмэх, бусдад “буруугаар” ашиглагдаж болох эрсдэлтэй. Иймд, ямар нэг аргаар, үүн дотроо хэлмэгдүүлэлт, аллага үйлдэх, шоволзож мэдэх нийгмийн дэвшилттэй давхаргыг устган, айдас хүйдэст автуулж, тодорхой чиглэл авдаг, гарын дор дуулгавартай удирдагчидтай байлгах нь Монголыг найдвартай ар талаа болгох нэг арга байж таарна.

Үнэхээр ингэж өөрсдийн сонирхлын бодлогоо Монголд бодитой хэрэгжүүлж чадсан учир Монголчууд эх орны дайны үед, цаашдаа ч ЗХУ-ын найдвартай, итгэлтэй ар тал, үг сөрдөггүй, үнэнч дагагч нь болж ирсэн. Айдастай, аргагүйдсэн, үг дүүгүй дагадаг, анд биш “ах дүү” бололцсон тэнцвэргүй түншийн энэ хэвшил 1990 он хүртэлх нийгэм, улс төрийн шийдлийг, дотоод хямрал, зөрчил, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, өр зээл зэрэг гарсан үр дүн бүгдийг тодорхойлж ирсэн юм.

Тэгэхээр, Германтай хийсэн Зөвлөлтийн эх орны дайн бол Монголчуудыг сорьсон, Монгол Улс хөгжлийн “Зөвлөлт загвар”-ыг эргэлт буцалтгүй сонгосныг нотолсон онц чухал түүхэн үйл явдал мөн. Сталин ч гэрийн даалгавраа сайн хийж буй Монголчуудыг харан, Монголын тусгаар тогтнолыг дэмжих өөрийн хувилбартаа итгэлтэй болж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг дэлхийн бусад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн, Монголчуудыг уйгагүй зүтгэлийнх нь төлөө шагнасан. Ийнхүү, Богд хаан тэргүүтэй ноёд, лам нараас эхлэлтэй тусгаар тогтнолын буухианы эхний үе шат дэлхийн II дайнаар өндөрлөж, Монголчууд ямартаа ч хөгжлийн замаа сонгож, тусгаар тогтнож чадсан түүхэн мөч мөн билээ. 

Өнөөдөр ч гэсэн дэлхийн газар зүй өөрчлөгдөөгүй, улс орнуудын ашиг сонирхол, түүн дотроо монголчуудын хүсэл тэмүүлэл ч хэвээр байгаа учир 100 жилийн өмнө Монголд учирч байсан бэрхшээлүүд, цаашид тулгарах сорилтууд яг хэвээр давтагдах нь гарцаагүй. Улс гүрэнд сэтгэл зүрх, хайр дурлал, ах дүү гэж байдаггүй, зөвхөн эрх ашиг, үндэсний сонирхол л гэж байдгийг санан, эвийг эрхэмлэж зүтгэх нь Монголын шийдэл, Монголчуудын ялалт. Ялалтын баярын мэнд!


“Монгол хүний товчоон” номын хэсгээс ашиглав