Индэр    
2019 оны 12 сарын 28
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 44: Улс үндэстний уналт доройтлын шалтгаан юу вэ?

Зураг

Зарим улс баян чинээлэг, хөгжлөөрөө дэлхийд манлайлж буй бол зарим нь яагаад ядуу буурай байдаг вэ? 

Энэ асуултын хариуг олохоор Массачусетсийн технологийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Дарон Ачемоглу, Харвардын их сургуулийн профессор Жэймс А.Робинсон нар дэлхийн улсуудын 300-400 жилийн түүхийг судалснаар өөрсдийн онолыг боловсруулж, “Why nations fail”  номоо 2012 онд гаргажээ.

Монгол хэлнээ “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” хэмээн орчуулагдан гарсан энэхүү номыг UNLOCK подкаст, iKon.mn сайт хамтран хүргэдэг номын тэмдэглэлийн энэ оны отгон дугаартаа танилцуулж байна.

Энэхүү номыг зочин хөтлөгч Б.Болор-Эрдэнэ санал болгосон бөгөөд тэрбээр Оксфордын их сургуульд Төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. “Why nations fail” ном нь 15 бүлэгтэй бөгөөд үүнээс багцлан ГУРВАН ГОЛ САНААг хүргэж байна.

"Why nations fail" номыг сонсох:
НЭГ. Удирдагчид нь шинэ санал санаачилгыг хэр хүлээн авдгаас тухайн улсын хөгжил шалтгаалдаг
 
Сонора болон Ногалес хотын хил

Номын эхний бүлэг АНУ-ын Аризона мужийн Ногалес хот болон Мексикийн Сонора хотын харьцуулалтаар эхэлдэг. 

2012 онд Ногалес хотынхны дундаж цалин 30,000 ам.доллар, ихэнх хүн 65-аас дээш насалж байсан бол ердөө хэдхэн километрийн зайд орших Сонора хотод байдал 3 дахин дор байжээ.

Энэ нь улс үндэстний хөгжилд газар зүйн байрлал төдийлөн нөлөөлж чадахгүйн илэрхийлэл хэмээн зохиогчид үзэж буй юм. Түүнчлэн уламжлалт соёл ч нөлөөлж чадахгүйг өөрсдийнхөөрөө батлахдаа Умард, Өмнөд хоёр Солонгос улсаар жишээлсэн байдаг.

Дэлхийн II дайны дараагаар хуваагдаж, нэг гараанаас бүгдийг эхэлсэн ч хоёр Солонгосын нэг нь орлого тааруу байхад нөгөө нь хөрөнгө оруулагч улс болж, хамгийн өсөлттэй яваа эдийн засагтай болтлоо хөгжиж чадсан хэмээж буй юм. 

Үүгээр профессор Ачемоглу, Робинсон нар аливаа улс үндэстний хөгжилд газар зүйн байрлал, соёлоос илүүтэйгээр удирдагчид, элитүүдийн хандлага чухал гэх үзэл баримтлалаа баталгаажуулжээ. Тухайн улсын манлайлагч, удирдагчид нь шинэ технологийг нэвтрүүлэхгүйгээр хуучин үзэл, уламжлалыг хэт барьсаар байвал улс хөгждөггүй.

Харин хэр шинэлэг зүйлийг дэмжиж, хэр хөдөлмөрч, ард түмнээ гэх сэтгэл зүтгэлтэй байхаас улсын хөгжил хамаардаг хэмээн эхний хоёр бүлэгт өгүүлжээ.

ХОЁР. Инклусив ба экстрактив бүтцийн ялгаа

Номд өгүүлснээр улс орны хөгжил ялгаатай байдаг нь бүтэц, зохион байгуулалтаас ихээхэн хамаарна. Үүнд томьёолсноор улс төрийн ба эдийн засгийн байгуулалтын бүтэц нь 

  • Бүх нийтэд хүртээмжтэй бүтэц /Инклусив/
  • Тодорхой бүлэглэлд үйлчилдэг бүтэц /Экстрактив/ гэх төрөл байдаг. 

Дээрх хоёр бүтэц нь эдийн засагч Жозеф Шон Питерийн дэвшүүлсэн “Бүтээлч устгал” хэмээх онолоор тайлбарлах боломжтой. Тодруулбал, эдийн засгийн өсөлтийг авчрахын тулд шинэ үйлдвэрт ихээхэн хөрөнгийг оруулж, хөгжүүлэлт хийдэг. Ингэснээр хуучин тогтолцоог устгадаг хэмээдэг нь инклусив бүтцийн агуулгатай дүйнэ. 

Тэгвэл шинэ зүйлээс эмээж, хуучин тогтолцоогоороо бусдыг мөлждөг, түүнээс ашгаа хүртдэг засаглал буюу экстрактив бүтэцтэй улс нь бүтээлч устгалаас айж, шинэ үйлдвэр, байгууллага гарч ирвэл ашгаа алдахад хүрнэ хэмээн айж, хөгжүүлдэггүй аж.

Экстрактив бүтэц эдийн засгийг өсөлтийг авчирдаг уу?

 

Тодорхой бүлэглэлд үйлчилдэг энэ бүтэц нь эдийн засагт үр ашигтай байж чадах ч урт хугацаандаа үр дүнгүй. Зөвлөлт холбоот улс эдийн засгаа хөгжүүлэхдээ анхлан цөөнхийн бүлэгт үйлчилдэг бүтцийг байгуулжээ. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэхийг дэмжиж, хүмүүсээс татвар төвлөрүүлэн шинэ үйлдвэрүүд байгуулахад зарцуулж эхэлсэн ч дараагаар нь И.В.Сталин болоод түүний тойрон хүрээлэгчдэд үйлчлэх болсноор уналтын эх нь болсон байна.

1928-1960 онд ЗХУ-ын эдийн засаг жил бүр тогтмол зургаан хувиар өсөж байсан ч аажимдаа саарсан юм. Учир нь хүнд хүчир хөдөлмөрийг иргэдээ хийлгэхийг шаардсанаар ард түмэн нь цуцаж, иргэдэдээ ямар нэг урамшуулал олгодоггүй байсан нь бүтэлгүйтэх нэг шалтгаан нь болсон хэмээжээ. 

Номд экстрактив бүтцээс үүдэн нуран унасан өөр нэг тохиолдлыг Османы эзэнт гүрний жишээгээр тайлбарладаг. 

Османы эзэнт гүрний султан Баязид II араб хэл дээр ном үйлдвэрлэхийг хоригложээ. Ном мэдлэгийг түгээдэг, мэдлэгтэй хүмүүсийг удирдахад хэцүү болох тул хаант засаглалыг нураах вий гэх айдастай байснаас ийм үйлдэл хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, бүтээлч устгалаас айж, шинэ зүйл гаргахаас нь өмнө ном үйлдвэрлэхийг зогсоосон нь эзэнт улсаа доройтуулах урьтал нөхцөл болжээ. Тухайн үед буюу 1800 оны үед Османын нийт хүн амын 2-3 хувь нь уншиж чаддаг байсан бол Англичуудын 40-60 хувь нь уншиж чаддаг байв.

Ямар улс ард түмэндээ хүртээмжтэй системийг бий болгодог вэ?

Бүх нийтэд хүртээмжтэй буюу инклусив бүтэц нь сонгодог хэлбэрээр хамгийн анх Их Британид үүсжээ.

Их Британи улс экстрактив бүтцийн тод жишээ болсон Хаант засагтай байсан ч 1688 онд Аугаа хувьсгал болж, парламент байгуулагдсанаар Хаант засгийн эрхийг хазаарлаж, бүх нийтэд хүртээмжтэй эдийн засаг, улс төрийн тогтолцоог байгуулж чадсан аж.

 

Аугаа хувьсгалаас хойш 70 гаруй жилийн дараа Аж үйлдвэрийн хувьсгал гарсан бөгөөд үүгээр монополиудыг устгаж, жижиг үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж байв.

Хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн салбар нь нэхмэлийн үйлдвэрүүд байжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийг хувьсгалжуулж чадсан гэж номд тэмдэглэгдсэн байна. 

Бүх нийтэд хүртээмжтэй бүтцийг байгуулахад хүндрэлтэй ч сүйтгэхэд хялбар гэдгийг Венецийн жишээнээс мэдэх боломжтой. 14-р зуунд Венец хот дэлхийн хамгийн баян хотуудын нэг байжээ. Энэ цаг үедээ хувцас загвар, шинэ технологийн төв болж байв.

Ийнхүү бүгдийг төв болж чадсан нь улс төрийн зөвлөл нь залуусаас бүрдэж, шинэчлэлийг авчирч, технологийг нэвтрүүлж байснаас угтай. Гэвч тогтолцоо нь өөрчлөгдөж, элит гэр бүлүүддээ ашгаа хувааж эхэлснээр хөгжил саарч, өдгөө орлогынхоо ихэнх хувийг зөвхөн аялал жуулчлалаас олж байна.

Цөөхөн элитэд үйлчилдэг систем нь ард иргэдээ шулж, ард түмэн орлогоо цөлмүүлэх тусам эдийн засагт оруулах хувь нэмэр нь багассанаар тухайн улс доройтох нэг шалтгаан болдог ажээ. 

Бүх нийтэд хүртээмжтэй системийг хэрхэн урт хугацаанд бэхжүүлэх вэ?

Бүх нийтэд хүртээмжтэй бүтцийг зохион байгуулснаар “Зөв дэмжихүйн тойрог”-т ордог.

Дэлгэрүүлбэл, төрийн тогтолцооны үндэс суурь оновчтой болж, эдийн засгийн үр ашиг нь олон нийтэд хүртээмжтэй байхыг дэмжсэнээр иргэдийн амьдрал сайжирч, тэр хэрээр шинэ технологиудад хөрөнгө оруулах боломжтой болох, дэмжсэн бодлого гаргах гэх зэргээр ажилладаг. Тойргоосоо гажвал эргэж зөв шугамд оруулах механизм ажиллаж байдаг учир он удаан жил үргэлжилсээр, хөгжсөөр байдаг байна.

Тэрхүү механизмд хараат бус хэвлэл мэдээллийг хэрэгсэл голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд улс төр, эдийн засагт болж буй хууль бус үйлдэл, булхайг илчилж, иргэдэд мэдээлснээр монополийг унагах, авлигыг илчлэх, системийг цэвэршүүлэхэд ач холбогдолтой юм. 

Эсрэгээрээ экстрактив бүтцэд “Чөтгөрийн тойрог” үйлчилдэг. Элитүүд зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн хувилбарыг бий болгож, түүнийгээ хамгаалахын тулд арми, шүүх цагдааг худалдан авч, хээл хахууль өгдөг.

Хэрэв зээ өөрсдийнх нь хүслээр биш бол замаасаа зайлуулж, нухчин дардаг замаар эрх мэдлээ хадгалдаг хэмээн “Why nations fail”-д өгүүлжээ. Улмаар өөрийнхөө эрх мэдэл, амь насыг хамгаалахын тулд экстрактив бүтцийг зайлшгүй байлгах ёстой болдог тул инклусив бүтцийг байгуулж чаддаггүй аж.

“Улсаа сүйрүүлсэн сонгодог жишээ”

 

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабэг уг номд улсаа хэрхэн сүйрүүлж болдгийн сонгодог жишээ болгон оруулжээ. 

Тэрбээр 1980 онд сонгуульд ялж, удирдсан боловч ардчилсан системийг нураажээ. Тухайн үед цагаан арьстнууд тус улсын гадаад худалдааг хийж, байгалийн баялгийг борлуулдаг байв.

Гэвч Р.Мугабе хар арьстнуудыг дэмжинэ гэх нэрийн дор өөртөө болон гэр бүл, тойрон хүрээлэгчдэдээ төрийн эрх мэдэл, хүчийг төвлөрүүлж байжээ. 2009 онд тус улсын ажилгүйдлийн түвшин 94 хувьд хүрсэн. Ердөө 6 хувь нь ажилладаг бөгөөд түүнд л үйлчилдэг хүмүүс байв.

2010 онд мөнгөн дэвсгэрт нь үйлдвэрлэсэн цаасныхаа өртөгт хүрэхээ больсон. Мөн гаднаас мөнгөний урсгал орж ирэхээ больж, гадаад валют хэрэглэхийг зөвшөөрснөөр дотоодын үйлдвэрлэл зогсжээ.

ГУРАВ. Иргэд нь хэчнээн ухаалаг боловсролтой болсон ч төрийн бүтцээ бүх нийтэд хүртээмжтэй болгож чадаагүй байвал бүтэлгүйтнэ

Зохиогчид энэхүү номоороо өөрсдийн онолыг дэвшүүлж буй тухай эхэнд дурдсан билээ.

Тэд инклусив бүтэцтэй учраас Америк, Англи зэрэг улс улам хөгжих болно. Яагаад гэвэл, төрийн бүтэц зохион байгуулалт нь зөв дэмжихүйн тойрогтоо орчихсон.

Харин Хятад улсын тухайд эдийн засгийн өсөлт сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн хурдацтайгаар хөгжиж байгаа ч институцын хувьд экстрактив. Тиймээс “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” номын зохиогчдын хувьд тус улсын эдийн засгийн өсөлт, үр шим нь урт хугацаандаа амжилттай явж чадахгүй гэдэг таамгийг дэвшүүлжээ. 

Үүний зэрэгцээ Д.Ачемоглу, А.Робинсон нар хүн ам нь мэдлэг боловсролтой болох тусам бүтэц нь зөв голдрилдоо ордог гэх онолыг няцаажээ. Тэд иргэд нь хэчнээн ухаалаг боловсролтой байлаа ч төрийн бүтцээ бүх нийтэд хүртээмжтэй болгож чадаагүй байвал бүтэлгүйтнэ хэмээсэн байна.