Индэр    
2019 оны 12 сарын 23
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

Шүүмжлэх, шүүмжлүүлэх арга барил

Зураг

“Хүнд аливаа цаг үеийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүд бас төгсгөл л үлддэг” гэж манай төслийг удирдсан партнер өнгөрсөн долоо хоног бидэнд хэлсэн.

Учир нь энэ долоо хоног энэхүү төслийн маань сүүлийн долоо хоног — биднийг төсөл хэрэгжүүлж байгаа компанийнхаа багт эерэг сэтгэгдэл үлдээх нь сүүлийн 3 сар хэрэгжүүлсэн ажлууд, эерэг нөлөөгөө бодитоор үнэлүүлэхийн тулд хийх хамгийн сүүлийн болон хамгийн чухал алхам гэж зөвлөсөн.

Гэвч энэ долоо хоногийн эхлэл тийм ч эерэг байсангүй — ажлын хувьд ч тэр, хувийн амьдралын хувьд ч тэр. Ер нь аль алин дээр шүүмжлүүлсэн. Сонсоход хүнд байсан ч тэдгээр шүүмжлэлүүд нь юм бодогдуулж, алдаанаасаа суралцаж, өөрийгөө сайжруулах боломж олгосон гэж үзэж байна.

Одоо долоо хоногоо амжилттай давчихсан хойно эргэцүүлэн бодох боломж олдож, ер нь шүүмжлэлийн талаар нийтлэл бичмээр санагдууллаа.

Feedback. Энэ үгийг би Маккинзи компанид орсноос хойш байнга сонсох бас ашиглах болсон. Монгол хэл дээр “санал бодол”, эсвэл “шүүмжлэл” гэж орчуулж болох юм, гэхдээ санал бодлоос арай хүчтэй, шүүмжлэлээс арай эерэг юм болов уу.

Ямар ч байсан энэхүү нийтлэлдээ “шүүмжлэл” гэж дуудаад явъя. Энэ үгийг яагаад ажил дээрээ байнга хэлэх болсон бэ гэвэл шүүмжлэл “өгөлцөж, авалцах” нь манай ажлын соёл, арга барилын зайлшгүй хэсэг аж. Бүр “feedback is a gift” буюу “шүүмжлэл бол бэлэг” гэж ярьцгаадаг.

Энэ нийтлэлийг бичсэнээр шүүмжлэлийн ач холбогдол, хэрхэн зөвөөр шүүмжлэх арга барил, шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах арга барил зэргийг хуваалцаж цаашид ажлын байр, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж шүүмжлэл гэдэг бэлгийг харамгүй солилцож байхыг уриалж байна.

Шүүмжлэлийн ач холболдол юу вэ?

Манай ажил дээр шүүмжлэлийг зайлшгүй чухал ур чадвар гэж хардаг нь маш олон бодит ач холбогдолтой байж болохоор юм:

  • Бодит өөрчлөлт дагуулдаг: шүүмжлэл өгөлцөж авалцах нь өөрчлөлт авчрахад хамгийн чухал түлхэц болдог аргуудын нэг
  • Бие биенээ анхааралтай сонсох нөхцөлийг бүрдүүлдэг: илэн далангүй харилцааг бүрдүүлэхэд зайлшгүй хэрэгтэй, шүүмжлэл өгч байгаа, авч байгаа хүмүүсийнхээ аль алинд бие биенээ анхааралтай, тэвчээртэй сонсож нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулдаг
  • Сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, ойлгомжгүй байдлыг арилгадаг: шүүмжлэл гэхээр заавал мууг гэлтгүй сайн болсон зүйлүүдийг ч хуваалцах боломж байдаг ба тэр нь эерэг орчин бүрдүүлж, хүлээлтүүд талаарх ойлголтуудыг тодотгож үл ойлголцлуудыг үгүй болгодог
  • Ур чадвар, бүтээмжийг дээшлүүлдэг: буруу хандлагыг засч, зөв хандлагыг өөгшүүлж, ур чадвар болон дагалдах үр бүтээмжийг бодитоор сайжруулж (эсвэл дээд түвшинд хадгалж) чаддаг
  • Суралцах түлхэц болдог: цагаа олсон шүүмжлэл тэр дороо засарч, суралцаж, сайжрах боломжийг олгодог

Шүүмжлэлийн ач холбогдлыг мэдэв ч хэрхэн шүүмжлэх, хэрхэн шүүмжлэл хүлээж авах нь тухайн асуудал хэр амжилттай шийдэгдэхийг тодорхойлдог. “Зөвөөр” шүүмжлэх бас хүлээж авах арга барил нь тус бүр 4 алхамтай аж, тэдгээрийг танилцуулъя:

 

Анх хэлж байсан нэг ажлын, нэг хувийн шүүмжлэлээ жишээ болгож татвал ажлынх нь энэ зааврын дагуу хоёр талаас амжилттай явагдаж, нөгөө хувийнх нь хоёр талаас амжилтгүй явагдсан гэж хэлж болно.

Ажил дээр болсон явдал: долоо хоногийн эцсийн тайлан маягийн хуралд компанийн талаас хариуцсан багийнхантай тэдний илтгэлийн материалыг бэлтгэх ажил байсан. Хоёр уулзалт товлож, эхнийх дээр нь өөрөө тэдэнтэйгээ уулзаж материалаа бэлдэж, амжвал илтгэлийг нь давтуулж бэлтгүүлээд, дараагийн уулзалт дээр нь менежерээ дуудаад бэлдсэн материалуудаа танилцуулан ярилцаж эцэслэх байсан юм.

Товчхондоо, эхний хурал дээр материалаа л бэлдэж амжсан боловч илтгэлд нь бэлдүүлж чадалгүй үдээс хойш менежертэй хурал дээрээ хамтдаа бэлдэж таарсан. Тэр хурал тараад менежер маань надтай ярилцъя гээд хэлсэн:

“Саяны хурал чамд хэр явсан юм шиг санагдсан?”

Би тэрэнд нь “харин өөртэй чинь илтгэлд нь л бэлдүүлж таарлаа” гэхэд “Харин тийм, миний ажиглахад өглөөний хурал дээр тэрийг хийгээгүй байсан. (1) Миний хүлээлт болохоор тэр бүгд жигдэрсэн байх байсан юм. (2) Консалтант хүний ажил клиентийнхээ өмнөөс юмыг нь хийж өгөхдөө биш, тэдэнд нөлөөлж хийлгэдэг чадвартай байх. Чи юү гэж бодож байна, санал нийлж байна уу? (3)”

Тэгэхэд би дуустал нь сонсоод (1, 2) “Харин тиймээ, өглөө бид уулзахад тэд материалаа бэлдэхэд төвлөрчихөөд тэрнээс хойш үнэхээрийн төвлөрөх хүсэлгүй, бас цаггүй ч болсон юмаа. (3) Гэхдээ энэ дээр миний хариуцлага болохоор бүх бололцоогоороо хийлгэх байсан, хэлсэнд баярлалаа (4)” гэв. Менежер маань ч ийм тохиолдолд цаашид ахиж цаг товлоод юм уу, эвээр юм уу, болохгүй бол тэдний даргын нэрийг бариад чухал гэдгийг нь ойлгуулаад хийх хэрэгтэй гэж зөвлөөд (4) бид салцгаасан.

Эргэцүүлэн дүгнэхэд, энэхүү яриа маань надад хүлээж авахад тухайн үед хүнд байсан ч богино хэр нь маш үр өгөөжтэй яриа болж чадсан. Би шүүмжлэлийг бүрэн ойлгож, шууд хэрэгжүүлэх зүйлтэй гараад долоо хоногийн эцсийн хурал болтол багаа уйгагүй шахаж илтгэлд нь амжилттай бэлдэж чадсан. Тэр шүүмжийг сонсоогүй бол магадгүй илүү клиентийнхээ аяыг харсаар тэднийг бүрэн потенциалд нь тултал бэлтгэж чадахгүй байсан байх.

Ажлын гадуур болсон явдал: энийг бүр товчхон хуваалцъя — нэг дотныхоо хүнтэй үл ойлголцон бид маргалдахад хүрэв (иймэрхүү явдал хүн болгонд байдаг даа — найзтайгаа, гэрийнхэнтэйгээ гээд л…).

Энэ тохиолдолд шүүмжлэл нь бодит жишээн дээр биш маш олон жишээний нийлбэрээс бүрдсэн дайралт шиг орж ирсэн. Урьд нь, дор дор нь хэлж байгаагүй болохоор нь би яриан дундуур нь тасалж орж ирж өөрийгөө өмөөрч, сүүлдээ тэгээд яахын гэхэд нөгөөх маань тэгээд л өөрөө өөрчлөгдөхгүй юу гээд яриа ер нь анх эхлэхээсээ ч дор төгссөн.

Харин иймэрхүү тохиолдолд аль аль нь нөгөө 4 шатын дагуу хүн рүү дайрахгүй, асуудлыг ярьж, тэвчээртэй сонсож, тодруулж ярилцаж, бодитой шийдэл/ гаргалгаан дээр тогтдог бол үр дүнтэй, эв найрамдалтай байх байжээ гэж feedback-ийн даллага авсан долоо хоногийн төгсгөлд бодогдлоо.

Тэгэхээр энэ 4 алхмын дагуу шүүмжлэхдээ зөв аргаар хэлье гэснээ ойлгуулахад анхаарах зүйлс байдаг юм байна. Тэгэхээр энэ 4 алхмын дагуу шүүмжлэхдээ зөв аргаар хэлье гэснээ ойлгуулахад анхаарах зүйлс байдаг юм байна. Бусдад санал бодлоо ойлгуулахад, ялангуяа хүнээс өөрчлөлт хүсэж байвал тэрийгээ заавал зөвөөр хүргэж сурч байж амжилттай байна. Гол нь хүссэн үр дүнгээ өөрөө түрүүлж ухаарч, нөгөө хүндээ бухимдлаа гаргах биш, хэн хэндээ ашигтай өөрчлөлт дагуулахын төлөө гэсэн зорилготой байх. Хүлээж авч байгаа хүн ч мөн адил, өөрийгөө өмөөрөх биш, өөрийгөө ойлгуулахын хажуугаар нөгөө хүнээ ойлгох зорилготой сонсох хэрэгтэй.

 

Төгсгөлд нь, “Feedback” гэдэг зүйлийг зөвхөн шүүмжлэл гэж ашиглахгүй, эерэг сэтгэгдлээ хуваалцахад бас ашигладаг юм. Энэ долоо хоног төгсөхөд, оновчтой шүүмжлэлийн үр дүнд багийнхан маань амжилттай илтгэл өгч тухайн төслийн ажил маань амжилттай өндөрлөсөн. Үр дүнд нь бид шүүмж биш магтаал ч сонссон.

2019 оны сүүлийн төслийн сүүлийн сэтгэгдэл бүх хүнд эерэг байж чадсан нь миний болон менежерийн сэтгэлд үлдэж, өмнөх яриа мартагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Аливаа цаг үеэс сэтгэл хөдөлж байснаа санадаг мөн төгсгөлийг санадаг гэсэн дээ. :)

Харин нөгөө буруу аргаар шүүмжилж, шүүмжлүүлсэн явдал төгсөөгүй л байгаа, хувийн харилцаа гэдэг чинь сэтгэл хөдлөл ихтэй, төгсгөлгүй зүйл учраас харж л байя даа!