Индэр    
2019 оны 11 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Телевизийн дэлгэцийн доод буланд байх тэмдэглэгээний учир

Зураг

Телевизийнхээ өмнө тухлан сууж, хамтдаа кино, нэвтрүүлэг үзэх нь ямар ч гэр бүлийн хувьд үнэт цаг хугацаа. Гэхдээ энэ үедээ та бүхэн контентын насны ангиллын тэмдэглэгээг анхаарч, мөрддөг үү? Дэлгэцийн доод буланд байх тэрхүү тэмдэглэгээ яагаад чухал талаар энэ удаад хөндлөө. 


Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахын тулд 2016 оны тавдугаар сараас MNS 6587:2016 стандартыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд дагаж мөрдөх болсон. Ингэснээр контентод насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглаж эхэлжээ.

Ангилал тогтоохдоо

  • аймшиг, шашны харгис үзэл номлол, 
  • архи, тамхи
  • гэмт хэрэг, үйлдэхийг өөгшүүлэн буюу буюу сурталчилсан, 
  • сэтгэцэд нөлөөлөх бодис
  • зохисгүй үг хэллэг
  • садар самуун зэргийн агуулга орсон эсэх болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн 3+, 6+, 12+, 18+ хэмээх үндсэн дөрвөн ангиллыг гаргажээ. 
 

Н.Тогтохсүрэн: Телевизүүд насны ангиллыг тогтоодог

Аливаа бүтээл аль насны ангилалд орохыг ямар байгууллага шийддэг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогын хэрэгжилтийн газрын Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэнгээс тодруулахад “Улс орон бүр өргөн нэвтрүүлгийн хуультай. Контентын агуулгад суурилан ангилал тогтоодог тусгай зөвлөлтэй байдаг.

Харин манай улсад энэ талын эрх зүйн орчин хараахан бүрдээгүй. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл одоогоор боловсруулах шатандаа байгаа. Тиймээс стандарт, шаардлагыг баримтлах телевизүүд өөрсдөө тогтоох чиглэлийг ХХЗХ-ноос өгдөг” гэлээ.

Ингэхдээ телевизүүд гадаадаас авсан кино, нэвтрүүлгийг дотоодын ангилалд нийцүүлэх үүрэг хүлээдэг байна. Зарим тохиолдолд тухайн улсынх нь ангиллын тэмдэглэгээтэйгээр дамжуулдаг аж.

Тэгвэл дээрх тэмдэглэгээ яагаад чухал вэ? Энэ асуултад хариулт авахаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Сэтгэл судлаачийг зорьсон юм.

Г.Отгонцэцэг: 13-аас доош насны хүүхдэд аймшгийн кино үзүүлж болохгүй

 

Тус төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэг “Наснаасаа дээш ангиллын контент үзсэнээр хүүхдийн сэтгэл зүйд гэмтэл үүсдэг.

Тухайлбал, 13-аас доош насны хүүхдэд аймшгийн киног үзүүлж болохгүй. Багадаа харанхуйгаас гарч ирэх сүнс, хий үзэгдэл зэрэгтэй кино үзсэнээр насан туршдаа харанхуйгаас айх айдастай болох тохиолдол олон байдаг” хэмээлээ. 

Мөн тэрбээр “Хүүхдүүд ямар нэг үйлдэл хийх сэдлийг үзэж буй зүйлээсээ авах нь их байдаг. Үүнд контент үйлдвэрлэгчдийг буруутгах аргагүй бөгөөд эцэг, эхийн хариуцлага хөндөгдөж байгаа юм. Орчин үед эцэг, эхээс гадна контент хүүхдийг хүмүүжүүлж байна" гэсэн юм.

Түүнчлэн одоо үеийн хүүхдүүдийг Z-үеийнхэн хэмээн тодорхойлдог.  Z-үеийнхэн гэдэг нь 1990-ээд оны сүүлээс хойш төрж буй хүүхдүүдийг хэлдэг билээ. Тэдний онцлог нь утас, компьютерийг ихээр ашигладаг тул хэрэглээг нь хориглохдоо биш харин үзэж байгаа зүйлийнх нь агуулгыг харах хэрэгтэй гэдгийг тэрбээр зөвлөв.