Монголчууд бидний бүх л асуудал “улс орны хөгжил” гэдэг үгэн дээр ирээд гацдаг.
Хөгжсөн улс, хөгжөөгүй улс, хоцрогдсон улс, хөгжингүй орнуудад ийм тийм байдаг, ядуу улс, угаасаа хөгжлийнхөө замаар л явж байна гэх. Агаарын бохирдол арай ч дээ гэхээр тэдэн онд Лондонд юу ч харагдахгүй байсан гэтэл одоо Англи улсыг хар гэх мэтчилэн.
Тэгвэл улс орнууд хөгжиж байна уу үгүй юу гэдгээ яг бодитоор яаж тодорхойлдог юм бэ? Ямар асуудал дээр, ямар үзүүлэлтээр, хэр их хөгжиж байгааг яаж хэн хэмждэг вэ? Хөгжихгүй байгаа нь юугаар тодорхойлогдоод, хэн хариуцлага хүлээх ёстой юм бол? Хөгжингүй улс орнууд яаж хөгжөөд, бүх талууд эвлэлдэн нэгдээд үр дүнгүүд нь онц сайн гараад байна? Ямар арга хэрэгсэл, механизм, бодлогоор энэ бүхнийг зангидаж ажлыг тогтвортойгоор, уялдаа холбоотойгоор, үр дүнтэйгээр, төлөвлөгөөтэйгээр, санхүү төсөвтэйгээр, үнэлгээтэйгээр, хяналттайгаар явуулдаг вэ?
Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганаар дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтыг баталжээ.
Энэ хөтөлбөрт дэлхий нийтээрээ нэгдсэн бөгөөд энэ 17 зорилтыг биелүүлэхийн төлөө 2030 хүртэл улс орон бүрийн засгийн газар, ТББ, эрдэмтэд, хувийн хэвшил, ОУ байгууллага, иргэдтэй нийлэн хамтран ажиллах ёстой билээ. 244 шалгуур үзүүлэлтээр энэхүү 169 зорилтыг үнэлэх юм. НҮБ-ийн гишүүн орнууд 2016 оноос Тогтвортой хөгжлийн 17 зорилгын доор нэгдсэн 169 зорилтыг биелүүлэхээр гарын үсэг зурсанд манай улс багтаж байгаа.
ТХЗ-ыг хэрэгжилтийг дүгнэхэд Үндэсний Хөгжлийн газар үндэсний бодлого хөтөлбөртэй уялдуулах, тусгах, хэрэгжүүлэх үүргээр оролцож байна.
Үндэсний Статистикийн Хороо бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх мэдээллийн аргачлал, арга зүйг боловсруулах, мэдээллийг гаргах үүргээр оролцож байна.
ТХЗ нь 2030 он хүртэл ядуурал, өлсгөлөнг эцэслэх, эх дэлхийгээ хамгаалах, шудрага ёсыг дээдлэх, ялгаварлал, тэгш бус байдлыг арилгах, хөгжил цэцэглэлтийг өрнүүлэх эрмэлзэл бүхий дэлхийн 17 зорилго юм.
Үндэсний Сайн Дурын Илтгэл (ҮСДИ)
ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх арга механизмийн нэг нь Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ) юм. Улс орнууд энэхүү тайлан илтгэлийг 2030 он хүртэл багадаа хоёр удаа бэлтгэж танилцуулах ёстой. Манай улс ТХЗ-ын хэрэгжилтийн талаарх эхний ҮСДИ-ээ өнгөрсөн долдугаар сард НҮБ-ийн Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулсан. ҮСДИ-г танилцуулснаар Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орон бүр юун дээр анхаарч, төвлөрч ажиллах ёстой вэ гэдгээ харж, дүгнэж болно.
Монгол Улсын Үндэсний Сайн Дурын Илтгэл
Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлийг боловсруулах ажлыг Монгол Улсын Ерөнхий сайдын удирддаг Тогтвортой хөгжлийн Үндэсний хорооны шийдвэрийн дагуу жилийн хугацаанд гүйцэтгэсэн байна.
Монгол улсын засгийн газраас гаргасан энэхүү илтгэлийг товчилбол,
Манай улсын эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийн хэлбэлзэл болон байгаль цаг уураас хэт хамааралтай, тогтворгүй хэвээр байна. Дундаас доош орлоготой орны ангилалд багтаж байгаа бөгөөд өрсөлдөх чадварын индексээр 137 орноос 101-т оржээ.
Ажилгүйдэл, ядуурал угжирч, тэгш бус байдал гүнзгийрч байгаа нь хөгжил дэвшилд саад болж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд, гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа нь ядуурал бодитой, улам бүр ужгирах шинжтэй болсныг харуулж байна. Ядуу иргэдийн тоо буурахгүй, хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэхгүй, эдийн засгийн өсөлтийн үед ч ажилгүйдлийн түвшин дорвитой буураагүй, залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий орнуудын нэгт зүй ёсоор багтаж байна.
Хөгжлийн явцад тэгш бус байдал гүнзгийрэх, хөгжлөөс хүн амын зарим бүлэг хоцрогдох эрсдэл байгаа нь цаашдын тулгамдсан асуудлын нэг болж байна. Хот суурин руу чиглэгдсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, гэр хороолол өргөжин тэлж байгаа нь орчны бохирдол, хүчирхийлэл, гэмт хэрэг нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Тэгш боломж хязгаарлагдмал учраас залуучууд боловсрол эзэмшихийн тулд хот сууринг зорьж байна. Хүүхэд эмэгтэйчүүдийн бичил тэжээлийн дутал өндөр байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, сургуульд хамрагдалт төдийлөн нэмэгдээгүй.
Жендэрийн тэгш байдлыг хангах талаар бодлого, хууль эрх зүйн орчин сайтай ч хэрэгжилт хангалтгүй. Эмэгтэйчүүдийн төлөөлөл удирдах албан тушаалд цөөн, мэргэжилтэний түвшинд олон байна. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр байгаа ч эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо эрэгтэйчүүдээс бага байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл өндөр.
Бодлогын орчин нэгдмэл бус, уялдаа холбоо, зохицуулалт, хяналтын механизм сул явж ирсэн нь хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үйл явц нь шинжлэх ухааны үндэслэл муутай, нөхцөл байдал тулгамдаж буй асуудлаа нарийвчлан судлаагүй, эдийн засгийн болон үйлдвэрлэлийн бодит нөөц боломж, санхүүжилтийг сайтар тооцоогүй, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа тодорхойлоогүй, санхүүжих эх үүсвэр, хариуцах эзэн, хүрэх үр дүн, цаг хугацааны мөчлөг тодорхой бус, мөн мэргэжлийн хүмүүс болон олон талын оролцоо хангалтгүй байсан зэргээс бодлогууд агуулгын даврхардал их, уялдаа сул, бодит байдалд нийцээгүй, бодлогын нэгдмэл чанар алдагдсан зэрэг үр дагавартай байна.
ТХЗ-ыг Монгол улсад нутагшуулах бүтэц, тогтолцоо сул байгаа нь урт, дунд хугацааны салбар, орон нутгийн бодлогын уялдаа хангалтгүй байна.
Үндэсний статистикийн хорооноос ТХЗ-ын 244 шалгуур үзүүлэлтээс 50 гаруй хувийг нь тооцох аргачлал, эх сурвалж бий болсон байна.
ТХЗ-ыг хэрэгжүүлээд гурван жил өнгөрөхөд Манай улс бүхий л салбарт хэцүүхэн байдалтай явж байгааг Засгийн Газар ийнхүү тайлагнажээ.
Гурван тулгуурт хөгжлийн бодлого
ТХЗ-ыг батлах дэлхий даяар өрнөсөн их үйлсийн зарчимд нийцүүлэн УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 (МУТХҮБ 2030) стратегийн баримт бичгээ 2016 онд баталсан нь ТХЗ-ыг нутагшуулах үйл явцын эхлэл болсон юм. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд (2015-2030), Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Хөгжлийн зам хөтөлбөртэй уялдуулан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулав.
Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Тус хөтөлбөр нь бодлогод тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилж төлөвлөсөн баримт бичиг болно. Бодлогын зорилт, үйл ажиллагааг улсын төсөв, гадаадын зээл тусламж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ гэж Засгийн газрын тогтоолд заажээ.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс дараах 10 зорилтыг үндэсний хэмжээнд 2030 хүртэл тавьжээ.
Монгол Улсын Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ
Иргэний нийгмийн байгууллагуудын “ТЗХ ба ИНБ” Сүлжээ мөн ҮСДИ-г олон талын оролцоог хангах зарчмаар бэлтгэдэг байна. “Хүний эрх-хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож хэлэхдээ, “Иргэний нийгмийн байгууллагууд яагаад зэрэгцэн илтгэл бичиж байна вэ, гэхээр Үндэсний илтгэл гэдэг агуулгыг л бодит болгох гэж, мөн засгийн газрын бэлтгэж буй илтгэлд хувь нэмэр оруулах гэж, өөрсдийн ажиллаж буй асуудлаар холбогдох салбар бүрийнхээ хөгжилд ахиц гаргах боломж гэж харж байгаа юм. Ер нь бол хөгжлийн төлөө хүн бүрийн л оролцоо шаардлагатай. Энэ ажилд хувийн хэвшил ч оролцох ёстой. Мөн мэргэжлийн судлаачдыг оролцуулах гэх мэт олон талын оролцоог хангаж байж ТХЗ хэрэгжинэ. Энэ тухай ТХЗ 17-д тодорхой заачихсан байгаа.”
Хүний эрх хөгжил төв, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээтэй хамтран ТЗХ-ын тухай мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний идэвхтэй оролцоог хангах зорилготой жишиг төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь орон нутагт уялдаа холбоог сайжруулах зорилготой. Төслийн үйл ажиллагааг Хэнтий, Дорнод аймагт орон нутгийн захиргааны нийгмийн бодлого, хууль, дотоод хяналт, аудит, хөдөлмөр, халамжийн хэлтэс, статистикийн байгууллага, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, ажилтнууд, орон нутаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий олон талт оролцоог хангасан баг гүйцэтгэжээ.
“Түмний Хөгжлийн Шударга Ёс” тайланд дурдахдаа, “Энэ төслийн үр дүнд орон нутагт нэн тулгамдсан асуудал болох ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой ТХЗ 1 болон 8-р зорилгын хэрэгжилтийн тухай аймаг сумынхаа мэдээллийг цуглуулан үр дүнг орон нутгийн захиргаанд танилцуулах, хэлэлцүүлэх, УБ хотод ирж холбогдох яам, газрын албаны хүмүүст мэдээлэн цаашид авах арга хэмжээний талаар ярилцжээ.”
Хэнийг ч Орхигдуулахгүй Хөгжил
Хөгжил гэдэг бол тодорхой зорилго, зорилтыг төлөвлөгөөтэйгээр олон талын оролцоотойгоор хэрэгжүүлдэг зүйл болохоос хий хоосон ярианы сэдэв биш. Энэ нь Монгол Улсын иргэн бүрт хамаатай, улс орон хөгжихгүй бол таны амьдрал дээшлэхгүй сайжрахгүй. Ядуурал, эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, боловсрол, тэгш бус байдал гэх мэт нэн чухал асуудлуудыг улсын хөгжлөөр шийднэ. Хөгжил гэдгийг зөвхөн уул уурхай, эдийн засгийн хэмжээнд бодож болохгүй. Нийгэм байгаль орчины том асуудлуудыг бодолцож урт хугацааны үр нөлөөг, үр хойчоо бодож байж хөгжлийн тухай ойлголттой болно. Иргэд засгийн газрын тавьсан зорилтууд, тайлан, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хянах, асуух, хардах, эргэлзэх, шаардах хэрэгтэй. Дэлхийн өмнө Монгол улс ямар амлалтуудыг өгсөн байна, тэр бүхэндээ хүрэхийн тулд юу хийж, яаж ажиллаж байна, ямар мөнгө үрж байгааг иргэд мэддэг байх хэрэгтэй.
Хөгжил гэдэг хэнийг ч орхигдуулж үл болно.