Индэр    
2019 оны 10 сарын 29
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

UNSICK PODCAST #13: Монгол Улс тархинд цус харвах эмгэгээр дэлхийд тэргүүлж байна

Зураг

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг Дэлхий нийтээрээ цус харвах эмгэгтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ эмгэгийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэлт, хяналт, авах арга хэмжээ зэргийг Монгол хүн бүр маш сайн мэдэж байх ёстой. Яагаад гэвэл бид тархинд цус харвах эмгэгээр дэлхийн улс орнуудыг тэргүүлдэг.

Иймд, энэ удаагийн дугаараар тархинд цус харвах эмгэгийн гол шалтгаан болох тосгуурын жирвэгнээ эмгэгийн талаар өгүүлэх болно. Тосгуурын жирвэгнээ хэмээн эмгэг нь тосгуур хурдан, удаан цохилох буюу жигд бус агшилт хийж хэм алдагдахыг хэлнэ. Тосгуурын жирвэгнээ эмгэгийн гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг юм. Яагаад гэвэл тосгуур жигд бус хэм алдагдсанаар бүлэн үүсч, улмаар артерийн судсаар дамжин тархины судсыг бөглөх аюултай. Тархины судас бөглөрөхөд тархинд очих цусан хангамж гэнэт хомсорч тархинд цус харвах эмгэгийг үүсгэнэ.
 
Та бидний цээжинд агуулагдах зүрх хэмээх эрхтэн дөрвөн тасалгаатай гэдгийг мэддэг байх. Зүрхний эдгээр дөрвөн хөндий нэгэн жигд агшиж, хором мөч бүр цохилж байдаг. Дээд хэсэгт орших хөндийг тосгуур, доод хэсэгт орших хөндийг ховдол хэмээн нэрлэдэг.

Бид таргалалт, хавхлаганы эмгэг, чихрийн шижин, бамбайн булчирхайн хордлого, уушгины эмгэг, астма зэрэг эмгэг тосгуурын жирвэгнээг үүсгэх шалтгаант хүчин зүйл болдог. Тосгуурын жирвэгнээ эмгэгийн үед тосгуур, ховдол жигд бус цохилох учраас зүрх орчим бэлбэгнэх, цээжээр эвгүй оргих, хэм алдагдах, дотор муухайрах, амьсгал бачуурах, толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Уг эмгэгийн үед онцгой өвөрмөц хүчтэй зовиур шинж тэмдэг илрэхгүй учраас оношлохгүй, эмчлэхгүй байх нь гол хүндрэл болох тархинд цус хомсрох эмгэгт хүргэдэг. Яагаад гэвэл тосгуур нэгэн жигд агшилт хийхгүй жирвэгнэхэд түүнд агуулагдах цус тосгуурт бүлэгнэх боломжийг олгодог. Улмаар тосгуурт үүссэн бүлэн артерийн цусаар дамжин цусны судсыг бөглөх аюултай байдаг. Тухайлбал, тархины артерийн судсыг бүлэн бөглөхөд тархинд гэнэт цус хомсрох аюул үүснэ.

Тосгуурын жирвэгнээ эмгэгийн гарын дор оношлох боломжтой байдаг. Тухайлбал, шууны артерийг тэмтрэхэд зүрхний цохилт жигд бус хэм алдагдсан байдаг. Хэрвээ ийм шинж илэрвэл зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, зүрхний эхо зэргээр хялбархан оношлох бүрэн боломжтой. Эмчилгээ бол шалтгаант хүчин зүйлийг эмчлэх, зүрхний хэм алдагдалыг эмчлэх, тархинд цус харвах эрсдэлтэй бол цусны бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэнэ.

Тосгуурын жирвэгнээ эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд биеийн жингээ барих, өөх тостой хоолоо багасгах, архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, зүрх идэвхжүүлэх бэлдмэл хэрэглэхгүй байх ёстой.

Тосгуурын жирвэгнээ эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхтэй хөдөлгөөн хийх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй хэмээн Харвардын их сургуулийн профессор Кристин Алберт зөвлөсөн байдаг. Тухайлбал, дасгал хөдөлгөөн хийснээр биеийн жин буурч зүрхэнд ирэх ачаалал хэд дахин буурч зүрх дасгалждаг. Зүрхэнд ирэх ачаалал буурахад хоёрдогчоор тосгуур тэлэгдэх магадлалыг бууруулна. Иймд, дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс тосгуурын жирвэгнээ эмгэгээр өвдөх магадлал хөдөлгөөнгүй, таргалалттай хүнээс 2-4 дахин бага байдаг. Хэрвээ та тосгуурын жирвэгнээ эмгэгтэй бол өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Хэрвээ тогтмол хийж чадвал тосгуурт цус бүлэгнэж бүлэн үүсэх эрсдэлийг хэд дахин бууруулдаг байна.

Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх ба тосгуурын хэм алдагдал хоорондоо нягт уялдаатай байдаг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхэд спирт хоргүйжих явцад үүссэн завсарын бодис цусанд үүссэнээр зүрхийг цочроож хэм алдагдах магадлалыг нэмэгдүүлнэ. Иймд, согтууруулах ундааг тохирсон хэмжээгээр уух хэрэгтэй хэмээн профессор Алберт эмч зөвлөжээ.

Дэлгэрэнгүй ярилцлагыг Unsick подкастаас сонсоорой.

  • Unsick podcast
  • Apple podcast
  • Google podcast
  • Stitcher
  • Anchor
  • Castbox
  • Radiopublic