Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 29
Зураг
Хуульч, сэтгүүлч

Төрдөө данслагдаагүй ч түмэндээ тахигдсан Хөгнө Хан

Зураг

Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн нөлөөтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр ирсэн.

Буддын шашны ойлголтоор Хэнтий Ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирваанийн орон”, Хөгнө Ханыг “Улаан сахиусны орон” гэж үздэг байна. 

Эрт дээр үеэс газар дэлхийг бие цогц болгон “эх газар” хэмээн нэрлэж шүтээн болгож уул хайрхныг тахилын орон болгон дээд тэнгэрийг “шүтээн эзэн” хэмээн сүсэглэн биширсээр ирсэн бөгөөд уулын эзэн лус савдаг, хан тэнгэртээ өргөл юугаан барьж,тэр жилийн буян заяаг даатгадаг зан үйл уламжлагдсаар энэ хүрчээ. Буддизм дэлгэрснээс хойш “тэнгэр тайх” бөөгийн зан үйлийг хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд ч тааруулан өөрийн өвөрмөц нийлмэл зан үйлийг бий болгож “уулын тэнгэр тайх” тайлга нь төр, шашны хосолмол хэлбэрийн ёслол болон бидэнд уламжлагдан ирсэн юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж томьёолсон. 

Төрийн тахилгат уулсын тоонд орох шалгуурт Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд зарлиг гарснаар төрийн тахилгат хайрхан болох боломжтой юм. Одоогоор Монгол Улсын хэмжээнд дараах 10 хайрхныг төрийн тахилгат хэмээн бүртгэж тодорхой хугацааны давтамжтай буюу таван жилд нэг удаа тахиж иржээ.

Тухайлбал, 

Төрийн тахилгат уулын нэр Уулын байршил Зарлиг гаргасан Ерөнхийлөгч Зарлиг гаргасан огноо, дугаар Бусад мэдээлэл
1 Алтай таван богд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумын зааг Ц.Элбэгдорж 2012.08.24 Монгол орны хамгийн өндөр уул, байгалийн цогцолборт газар
2 Алтан хөхий Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан оршино Н.Багабанди 2005.03.30. №44  
3 Алтан овоо Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвийн дэргэд Н.Багабанди 2004.04.23. №57 Унтарсан галт уул
4 Богд Хан хайрхан Улаанбаатар хот, Туул голын урдуур П.Очирбат 1995.05.16. №110 УИХ-ын тогтоолоор 1995 онд дархан цаазат уул болгож, 1996 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулсан
5 Бурхан Халдун Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Богдын голын эхэнд  П.Очирбат 1995.05.16. №110 Чингис хаан өөрийн биеэр тахин мөргөж байсан уул
6 Говь Гурван Сайхан Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Хүрмэн сумын нутгийг дамнан оршино Ц.Элбэгдорж 2012.08.24. № Тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар
7 Отгонтэнгэр            Завхан аймгийн Отгон сум П.Очирбат 1995.05.16. №110 Буддын шашинд Очирваань сахиусын орон гэж үздэг
8 Суварга Хайрхан Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Н.Энхбаяр 2007.07.26. №183  
9 Сутай Хайрхан Ховд, Говь-Алтай аймгийн Дарви сумдын заагт  Н.Энхбаяр 2007.07.26. №183  
10 Хан Хөхий Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршино Н.Энхбаяр 2007.07.26. №183  

Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд одоогоор тахилгат уулсын жагсаалтыг шинэчлэх тухай зарлиг гаргаагүй байна. 

Хууль зүйн талаас гадна төрийн их тахилгат уул болохын тулд олон шалгуур үзүүлэлтүүд байж болох юм. Тухайлбал, төр шашны холбогдол, домог түүх, экологийн үзүүлэлт, үр өгөөж зэргийг харгалзан үзэх нь эн тэргүүний зүйл. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны тавдугаар сарын 16-ны өдөр гаргасан 110 дугаар зарлигийн үндэслэх хэсэгт “Монголчууд эртнээс нааш Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тахиж ирсэн уламжлалыг сэргээн дээрх уулсыг Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт заасныг харгалзан эдүгээ цагийн байдалд нийцүүлэн тайх талаар олон түмнээс гаргаж байгаа санаачилгыг дэмжсүгэй” гэж дурджээ. Дээр дурдсаны дагуу Хан Хэнтий, Отгонтэнгэр, Хөгнө Хан энэ гурван хайрхныг “бурхны орон” гэж эртнээс нааш үзсээр, тахисаар ирсэн. Гэвч Хөгнө Хан уул төрийн их тахилгат уулсын жагсаалтын гадна ганцаар үлдсэн хэвээр байгаа нь харамсалтай. 

Иймд олон нийтийн санаачлага өрнүүлээд Ерөнхийлөгчид өргөн баривал хууль зүйн болоод төр шашны хувьд боломжгүй гэж үзэх үндэслэл алга байна.

Хөгнө Хан уулын тухайд:

Халх, Ойрадын хооронд дайн дэгдэж Галдан бошигтын цэргүүд Өндөр гэгээн Занабазарын албат лам нарыг хайж ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан учир цэргүүд ололгүй буцжээ. Төд удалгүй “цэргүүд буцчихлаа, одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэх болов. Цэргүүд хайрханаас буцаж Эрээний нуруугаар давж байтал нуугдаж хоцорсон Өвгөн сүмийн алтан ганжир өглөөний ургах наранд гялбалзаж байхыг хараад эргэн ирж сүмийг олоод лам нарыг нь хүзүүгээр нь хөгнөж холбож амийг нь хороогоод сүмийг нь галдан шатаасан түүхтэй тул түүнээс хойш энэ хайрхныг Хөгнө Хан гэх болсон байна. 

Хөгнөсөн лам нарын ариун уул гэж нэрлэхээс өмнө энэ хайрхан нь өөрийн гэсэн нэртэй байж таарна. Эрдэмтдийн үзэж буйгаар Түрэгийн үед “Күкмэнь” буюу Хөхрөгч уул гэдэг нэр олонтаа таарч буй нь одоогийн энэ Хөгнө Ханыг нэрлэж байсан болов уу гэсэн таамаг байдаг. 

 
 

Хөгнө Хан уулыг 1997 онд улсын тусгай хамгаалалтад, 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газар болгон өөрчилсөн. Тус хайрхныг тойроод олон жуулчны бааз, түүх соёлын үнэт дурсгал бий.

Хөгнө Хан уулын тухайд товч дурдахад, Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Бүрд сумыг дамнан Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газарт 84390 км.кв талбай эзлэн оршдог. Тахилгын овоо, Сантын овоо, Бага Ханы овоо зэрэг тахилгатай газартай хамгийн өндөр цэгийг нь Цэцэрлэг гэх бөгөөд далай түвшнээс дээш 1968.8 метр өндөр. Богд хаант Монгол Улсын үед төр шашны холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан /Богд Хан, Нагал Хан, Бат Хан, Хөгнө Хан/ уулын нэг ч гэж үздэг. Хөгнө Хан уулын баруун талыг нь эмжээрлэн 80 орчим км үргэлжлэх “Домогт Элсэн тасархай” оршино.

Төрийн тахилгат уулсын жагсаалтад орсноор ямар давуу талтай вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар зарлигаар ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ЖУРАМ-ыг баталсан. Үүнд:

Төрийн тахилгатай уул, овооны тухай түүх домог, тахилгын дэг жаяг, зан заншил, тухайн орон нутгийн байгаль цаг уур, ургамал, амьтан, биологийн төрөл зүйл, экологийн тогтоц зэргийн талаар шинжлэх ухаан-эрдэм шинжилгээний уулзалт-семинар, сургалт, судалгааны арга хэмжээ зохион байгуулж болно. Эдгээр арга хэмжээнд эрдэмтэн судлаачдаас гадна нутгийн ахмад буурал, иргэдийг өргөнөөр татан оролцуулах боломжтой юм.

Хүүхэд, залуучуудыг багаасаа төрж өссөн газар шороо, байгаль дэлхийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэж, хайрлан хамгаалах үзэл санаа, үнэмлэмжээ төлөвшүүлэхэд нь туслах зорилгоор Төрийн тахилгатай уул, овоог Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хичээл, судалгааны сэдэв болгож хэвшүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг танин мэдэхүйн болоод ёс заншил, байгаль хамгааллын олон чухал ач холбогдолтой гэж дүгнэж болохоор байна. 

Тийнхүү Төрийн тахилгат хайрхан болсноор нутгийн хүү гэх бөх, хүнд гарын этгээд, бизнесмэн хэн дуртай нь ирж тахиад байхгүй нь лавтай юм. 

Уул ус, газар нутгаа үе дамжин шүтэж, хайрлан хамгаалж ирсэн төрт ёс, нутгийн иргэдийнхээ язгуурын уламжлалыг өртөөлүүлэн “Хөгнө Хан” хайрхныхаа тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг үйлдүүлэх талаар ард иргэд, иргэний нийгэм, орон нутаг, төр засгийн байгууллагууд санал, санаачлагаа гаргахыг энэхүү бичвэрээрээ уриалж байна.

Догшин Хөгнийн нутаг

Долоон бурхандаа сүүгээ өргөх ижийгийн 

Дорнын уулсаа сэтгэлдээ сүсэглэх эцгийн

Домгийн өглөөг нартай угтах өвгөдийн 

Догшин Хөгнийн нутаг миний унасан газар

Нуурын мандалд хун хөвөх шувуудын 

Нуруун дээр гийнгоон дуу хадаах хөвгүүдийн 

Нугачаан олонд үл бүдгэрэх түүхийн

Нууцат Хөгнийн нутаг миний төрсөн нутаг

Айл болон амраглан суух хосын 

Адууны бэлчээрт учран золгох эрсийн 

Аглагхан талдаа цэцгээр наадах үрсийн

Агуйт Хөгнийн нутаг миний өссөн нутаг

Хангай, Хэнтийн үнэн дүнжгэр уулсын 

Хатан Туул, Түшээт гүн усны

Хатгах цэг гэмээнэ төв голдрил

Халхын домогт Хөгнө миний амьдрах нутаг

Ургийн урагтаа алдраа өргөх удмын 

Уулсын элгэнд жарган суух хүмүүний 

Учиг алдран домог амилах урьд эртийн

Улаан Жамсран бурханы орон миний анирлах нутаг

Түдэвваанчиг сахиус, Түвшин Хадагтын ижий сахиус, Төгөлдөр нутгийн зон олондоо зориулав. Болдхуягийн Пүрэвсүрэн 2017.06.09 Их Дүйчин өдөр