Индэр    
2019 оны 10 сарын 4
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Мөнгө удирдах гарын авлага

Мөнгө гэж хүн бүрийн шуналыг хөдөлгөж байдаг, зарим хүний уурыг хүргэж байдаг сонин зүйл.

Гэхдээ мөнгийг бүрэн утгаар нь ойлгодог хүн цөөхөн. Зарим нь бүр мөнгө амьдралд чухал биш гэж томрох нь ч байдаг. Гэхдээ юу үнэн гэхээр мөнгийг зөвөөр ойлгож, түүнийг зөв удирдаж, учрыг нь олж чадвал таны амьдралд л хэрэгтэй. Иймд энэхүү нийтлэлээр мөнгө гэж юу вэ? мөнгийг хэрхэн өсгөх вэ? үгүй ер нь яаж мөнгөтэй болох вэ? зэрэг асуудлыг хөндөхийг зорьсон болно.

1. Миний бяцхан бизнес

 

Бага ангид байхдаа анх хөлсөөр ажил хийж билээ. Математиктаа гайгүй байсан болохоор ангийн хүүхдүүддээ мөнгөөр бодлого өгдөг байв. Шалгалтаар гол орлогоо олдог. Яагаад гэхээр шалгалтаа гайгүй өгчих гээд сандарсан хүн ер нь мөнгө нээх хайрладаггүй юм байна лээ. Тэгээд хийж өгөөд байхаар бүр амтшаад миний бизнес цэцэглэж, сонгоны ангид ортол минь үргэлжилсэн юм. Тэр хавьдаа л гайгүй сурагчид нь тус ангид ордог тул миний бизнес өрсөлдөх чадваргүй болж, таг дампуурав. Муу сайн амьдрал мэдэхгүй онцууд сайн хүн болж үнэ төлбөргүй бусаддаа хуулуулсаар миний орлогын эх үүсвэрийг таг хаасан нь тэр. Гэхдээ үүгээр бизнесээ зогсоогоогүй юм. Байгаа мөнгөө эгчдээ зээлүүлж эргүүлэн хүүтэй авдаг болсон. Ийнхүү санхүүгийн бизнес хийж эхэлсэн хэрэг.

Бас л удаан үргэлжлээгүй боловч энэ бүхнээс анх удаа өөрийн орлоготой болж бас тэрхүү мөнгөө зөв удирдан өсгөж хүртэл чадсан байдаг. Бизнесмен хүн болоод араас нь мөнгөний менежер болсон маань тэр.

Тэр үеэс хойш олон жил өнгөрчээ. Явсаар эцэстээ санхүүгийн салбарт ажилладаг болж. Багадаа тоо бодож олсон мөнгөө эгчдээ зээлснээр миний бүх санхүүгийн харилцаа дуусаж байлаа. Харин өнөөдөр арай өөрөөр санхүүгийн зах зээлийг харах болсон. Жишээ нь л гэхэд дэлхийд 100 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгө эргэлдэж байдаг болохыг олж мэдлээ. Мөн мөнгө гэх зүйл нь хүн төрөлхтний хэрэглээ болоод 10 мянган жил болжээ. Мөн өнөөдөр мөнгөөр худалдан авч болохгүй зүйл цөөхөн болсон учир хүн бүрийн хувьд чухал хэрэгцээтэй зүйл болсон аж.

2.    Хөдөлмөрөөр мөнгийг худалдан авах

 

1776 он эдийн засгийн түүхэнд том өөрчлөлт гарав. Тус жил Шотландын философич Адам Смит үндэстнүүдийн баялаг номоо хэвлүүлсэн байдаг. Хожим тус бүтээл нь сонгодог эдийн засгийн үндэс болсон. Энэхүү бүтээлд нэгэн санаа хүчтэй гарч ирдэг нь хөдөлмөрийн хуваарилалт. Энэ нь нэг хүн бүх зүйлийг хийдэг байх нь үр ашиггүй бөгөөд нэг зүйлээ тултал нь хийх тухай юм. Жишээ нь тариаланч хүн тухайн ажилдаа хамгийн сайн нь болох хэрэгтэй юм. Сайн болно гэдэг нь тухайн зүйлээ бусдаас хамаагүй бүтээмж өндөртэйгөөр хийдэг болно гэсэн үг. Мэдээж тэрхүү тариаланчид бусад хэрэгцээ байх бөгөөд үүнийг нь хангахад мөнгө чухал үүрэг гүйцэтгэнэ.

Юу хэлээд байна гэхээр тариаланч маань хамгийн сайн ургац гаргаж сурснаар тэрийг нь авах хүсэлтэй бусад хүмүүс байшинг нь барьж өгнө. Харилцан бие биедээ ашигтай арилжаа хийх юм. 

Энэхүү эдийн засгийн харилцааны голд нь мөнгө үүсэж бас хэрэглэгдэж байгаа юм. Тэрнээс мөнгө гэдэг оргүй хоосноос үүсдэггүй, зөвхөн хөдөлмөр дагаж л бий болдог аж. Зарим хүмүүс хэрхэн хялбараар мөнгөтэй болох вэ гэж боддог. Түүний нууц нь ердөө нэг зүйлдээ гаршаад бүтээмжээ нэмэгдүүлэх юм. Анхандаа та хийж буй зүйлээрээ цагт 1 төгрөг хийдэг байж болно. Энэ хэцүү, асар их хөдөлмөрөөр өчүүхэн мөнгийг бий болгоно. Гэхдээ та тухайн зүйлээ тасралтгүй хийсээр байвал төд удалгүй бүтээмж тань нэмэгдэж нэг цагт 1 сая төгрөг хийдэг болно. Ийнхүү та илүү хялбараар, илүү бүтээмжээр мөнгийг худалдан авах юм.

Үүнээс танд өгөх бяцхан зөвлөгөө нь та нэг л зүйлдээ гаршаарай, тэгвэл бүх зүйл танд ирдэг юм шүү.

3.    Мөнгөөр мөнгийг худалдан авах

 

Энэ бол сонирхолтой хэсэг нь. Мөнгө нь бараа таваар худалдан авах хэрэгслээс аас гадна мөнгөөр мөнгийг худалдан авч болдог. Энэхүү арилжаа явах газрыг санхүүгийн зах зээл гэнэ. Тус зах зээлд та мөнгөө бусдад түр хэрэглүүлж байгаад эцэст нь нэмэгдүүлэн авдаг. Бид үүнийг зээл, хөрөнгө оруулалт гэдгээр нь мэднэ. 
Үүнээс мөнгөний тухай маш чухал ойлголт гарч ирнэ. Жишээ нь та өөрт буй 100 төгрөгийг өөр хүнд түр хэрэглүүллээ гэж саная. Танд ерөөсөө 3-н зүйл л чухал ач холбогдолтой байна.

  1.     Таны мөнгийг аваад алга болгочихвол яах вэ? Эргүүлэн өгөхгүй бол яах вэ буюу ЭРСДЭЛ
  2.     Таны мөнгийг ашигласныхаа төлөө эргүүлэн хэр хэмжээний төлбөр төлөх вэ буюу ӨГӨӨЖ, ХҮҮ
  3.     Таны мөнгийг хэр хугацаатай хэрэглэх вэ буюу ХУГАЦАА

Хэрэв танд ямар хүүтэй, ямар эрсдэлтэй, ямар хугацаатай гэдэг нь тодорхой байвал мөнгөө хэрэглүүлэх эсэхээ хялбархан шийдэж чадах юм.

Энэ суурь ойлголтуудаас орчин цагийн санхүүгийн зах зээлүүд бий болсон. Тэрхүү авч, өгч буй мөнгөний хугацаагаар нь хоёр ангилж, санхүүгийн зах зээлийг дотор нь мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл хэмээн нэрийдсэн. Тодруулбал: Нэг жил хүртэлх хугацаанд эргэлдэж буй мөнгийг мөнгөний зах зээл дээр явж байна хэмээж, жилээс дээш хугацаатай хэрэглэгдэж буй мөнгийг хөрөнгийн зах зээл дээр явж байна хэмээдэг болсон юм. 

Хүмүүс хөрөнгийн зах зээл дээр мөнгө эргэлдүүлж, хувьцаа, бонд худалдан авч мөнгийг цөм хийж байна гэх мэтээр ярьж байхыг та сонссон л байлгүй.

Тэр нь нэг жилээс дээш хугацаатай санхүүгийн хэрэгсэл худалдан авч, түүнээсээ ашиг олоод буй хэрэг. 

4.    Санхүүгийн зах зээл

 

Орчин цагийн санхүүгийн зах зээлийг Европ болон АНУ бий болгосон гэхэд хилсдэхгүй. Нөгөө хөрөнгө болон мөнгөний зах зээлийг төгөлдөржүүлсэн улсууд нь эд нар.

Тийм ч болохоор тэд мөнгө удирдах ухааныг чамгүй хөгжүүлж чадсан. Нэгэнт өмнө дурдаж байсанчлан эдийн засагт хөдөлмөрийн хуваарь гэдэг зүйл чухал. Үндсэн мэргэжил нь эмч атлаа санхүүгийн зах зээл дээр мөнгөө эргэлдүүлээд ашиг хийгээд байх нь төвөгтэй. Тэр хүн өндөр чадвартай эмч болохдоо л цаг заваа зарцуулж, үлдсэн цагаа гэр бүлдээ зарцуулах ёстой болохоос мөнгө бодож суух ёсгүй. Иймд мөнгийг нь өмнөөс нь удирдаж, өсгөж байдаг мэргэжлийн санхүүч нар бий болсон. Тэд тухайн эмчийн өмнөөс хөрөнгө оруулалтуудыг хийж, тэд эмчийн өмнөөс мөнгийг нь өсгөж өгч байдаг гэсэн үг.

Мөн зөвхөн ганцхан эмчийн мөнгийг удирдаад байх нь үр ашиг багатай тул олон эмчийн мөнгийг нэгтгэн сан үүсгэх замаар удирддаг бөгөөд үүнийг хөрөнгө оруулалтын сан хэмээн нэрлэнэ. Хувь хүн өөрөө мөнгөө бариад санхүүгийн зах руу очвол эрсдэл өндөр, мөнгөө алдаж мэднэ.Тийм болоор л эдгээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд нь 100 их наяд ам.долларын санхүүгийн зах зээл дээр л үзэж өгнө шүү дээ. 

Түүнчлэн тэдгээр хөрөнгө оруулалтын сангууд нь нөгөө л хугацаа, эрсдэл, хүү зэргээсээ шалтгаалан өөр хоорондоо адилгүй хэлбэртэй.

Жишээ нь, Exchange traded fund (Биржээр арилжаалагдах хөрөнгө оруулалтын сан) гэж байх бөгөөд энэ нь энгийн хөрөнгө оруулалтын сантай төстэй боловч энэхүү сан нь бирж дээр арилжаалагдана. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид нь хэдэн ч удаа солигдож болно гэсэн үг. Мөн энэхүү санг идэвхтэй удирдаад байдаггүй. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хэд хэдэн хувьцааг багцлан тус сан дээр худалдан авах бөгөөд тэр нь хөдлөхгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн хувьд тодорхой хувьцааны багцыг худалдан авсан гэсэн үг.

Мөн бас Hedgefund (Өндөр эрсдэл бүхий хөрөнгө оруулалтын сан) гэж байна. Энэ нь хамгийн бага зохицуулалттай сан юм. Бусад сангуудтай харьцуулахад тус төрлийн сан дээр хамгийн бага мөнгө эргэлдэнэ. Гэхдээ хамгийн идэвхтэй арилжаануудыг хийж, өгөөж өндөртэй ажилладаг. Тийм ч болохоор өндөр эрсдэл бүхий хөрөнгө оруулалтын сан хэмээн нэрлэж буй.

Тэдгээр сангууд нь танд ямар хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх үү? Эдгээр нь ямар эрсдэлтэй вэ? гэх мэт бүх ажлыг таны өмнөөс хийж өгнө. Таны өмнөөс, таны мөнгийг хялбараар өсгөж өгнө л гэсэн үг.

Харамсалтай нь манай улсад эдгээр сангууд нь байдаггүй. Зохицуулалт ч маруухан. Зохицуулалт нь бүрэн шийдэгдээгүй гэдэг чинь тэнд луйвар гарах эрсдэлтэй гэсэн үг. Та манайд хадгаламж зээлийн хоршоонууд ямар асуудал тарьж байсныг санаж байгаа байх. 

5.    Бид Монголд мөнгөө хэрхэн удирдах вэ?

Хаа байсан Америк л гоё гээд эндэх боломжоо олж харахгүй байж болохгүй, Монголд нэг үеэ бодвол эдийн засаг нь ч тодорхой хэлбэр дүрстэй болж, санхүүгийн зах зээл нь ч тодорхой хөгжилд хүрсэн байна. Тийм болохоор мөнгөө хэрхэн удирдах вэ гэдгийг бодох цаг болсон. Тэгэхээр үүнд бол танд системтэй зөвлөгөө өгмөөр байна.  

  • Нэг л зүйлдээ гарш 

Мөнгийг хөдөлмөрөөр худалдан ав. Үүндээ нэг л зүйлдээ мэргэжлийн болохдоо анхаар. Тэр л зүйлдээ цаг, заваа зарцуул. Өнөөгийн нийгэмд тэр нь оновчтой. Аяндаа бүх зүйл тэрийг чинь дагаад ирдэг юм шүү. Мөнгө ч мөн адил.  Энгийн боловч үнэхээр ажилладаг схем. Тэрнээс зардлаа хэмнэ, арви гамтай бай гэдэг лав миний зөвөлгөө биш. 

  • Хуримтлал үүсгэ

Мөнгө л бол мөнгө шдээ гээд талхны мөнгөө бариад санхүүгийн зах зээлээр гүйгээд байж болохгүй. Тэр нь үр ашиггүй бас хэтэрхий эрсдэлтэй. Тийм болохоор санхүүгийн зах зээлд оролцох мөнгөө тусад нь хуримтлал үүсгэ. Та одоогоор ямар ч орлоготой байж болно. Тэрнийхээ тодорхой хувийг л өөртөө зориулж хуримтлал үүсгэх хэрэгтэй. Дуслыг хураавал далай болно. Хэзээ ч дусаахгүй бол хэзээ ч далай болохгүй. Бас л энгийн схем. 

  • Мөнгөөр мөнгийг худалдан ав

Ингээд тодорхой хөрөнгөтэй болсны дараа мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөөрэй. Уг нь сонгодог утгаараа хөрөнгө оруулалтын сангуудад хандах нь зөв боловч манай тухайн институцийн хөгжил хангалттай түвшинд хүрээгүй байна. Иймд өөрөө л үзнэ дээ. 2019 оны 8-р сарын байдлаар банкуудад 20 орчим их наяд төгрөгийн харилцах, хадгаламж байхад Монголын хөрөнгийн бирж дээр 2.5 их наяд төгрөгийн үнэлгээтэй үнэт цаас эргэлдэж байна. Эхний ээлжинд эдгээрээс л сонголтоо хийж авна гэсэн үг. Гадаад зах зээл рүү бол гарах гэж яараад хэрэггүй. Уг нь ч Facebook, Apple компаниудын хувьцаанаас ашиг олдог болбол сайхан л даа.  

  • Судалгаа хий, зах зээлийг танин мэд

Уг нь энэ хэсэг байх ёсгүй юм. Манайд хангалттай хөрөнгө оруулалтын сангууд байсан бол нөгөө ETF, Hedgefund ажилладаг байсан бол энэ таны ажил биш тэдний ажил байсан юм. Одоо яаая гэхэв зохицуулах байгууллагуудаа хараагаад суултай биш байдалдаа тохируулаад л ажиллана даа. Харин хаа очиж энэ талаарх сургалтууд их олон байдаг болсон. Тэдгээрт суугаад үзвэл зүгээр байх. Ямартай ч миний хувьд энэхүү нийтлэлээ цуврал болгон хүргэж танд санхүүгийн зах зээлийн тухай илүү зүйлсийг хуваалцах бодолтой байгаа. 


За тэгээд эцэст нь, үзээд байж дээ найзууд минь! 

Ямартай ч мөнгөний тухай, санхүүгийн зах зээлийн тухай зүйлс нэг хоёр нийтлэлээр хүргээд дуусахгүй. Гэхдээ энэхүү нийтлэлээ цуврал болгоН хүргэх бодол байна. Дараагийн нийтлэлүүдээр мөнгөний түүх, санхүүгийн зах зээлийн үүсэл, хөрөнгө оруулалтын сангуудын тухай, хөрөнгийн биржийн тухай гээд маш олон зүйлс хүргэж болж байна шүү.

Та бүхэн бас саналаа хэлээрэй. 

https://www.facebook.com/ganzoo.ganbat/videos/2669883126376630/?t=2