Индэр    
2019 оны 9 сарын 26
Зураг
Freelance journalist

Дөчин найман цагийн адал явдал

Зураг

“За ямар ч байсан бүртгүүлчихье” гээд хураамжаа төлөөд бүртгүүллээ. Ямар нэг бэлтгэл, авъяас, мэргэжлийн ур чадвар байсангүй. Багаа ч бүрэн бүрдүүлж амжаагүй. Түрүү жил нь энэхүү кино наадмын талаар мэдэж авахдаа дараа жил заавал энэ уралдаанд орж өөрийгөө сорьно гэж өөртөө амалсанаа л биелүүлж явав. Баасан гарагийн  орой багууд ирж ямар  жанр-тай кино хийхээ сугалаагаар сугалж мэдэж авна. Дүрийн нэр, кинонд заавал оруулах ёстой эд зүйлийг уралдаанд орж буй багууд тэр үед бүгд зэрэг мэдэж аваад л кинондоо гарч оддог. Яг дөчин найман цагийн дараа шив шинэхэн 4-7 минутын богино хэмжээний кино бүтээгээд авч ирэх ёстой. 

Яг гараад явж байхад дараагийн 48 цагт юу болох нь ёстой бүрхэг байсан. Манай баг комеди буюу инээдмийн киног сугалжээ. Яаж овоо “ковбой” жанрыг сугалчихсангүй вэ гэж баярлана. Ямар зохиолтой, юу хийх вэ гэж бодсоор ярилцсаар байтал 48 цагийн 30 цаг нь дуусчихлаа. Мэдээж зохиолоо хүн хүч, боломж бололцоо, орон зай, цаг хугацаа, техник технологидоо тааруулж бодсон, бас “political” байна шүү гэдгээ мартаагүй . Үлдсэн 18 цагт юу болоод байсныг бодох ч сөхөө гарсангүй.

Гэнэтийн тооцоолоогүй “аймшигт” явдлууд ар араасаа болсоор багийн гишүүдийн итгэл нэг нэгээрээ унтарч зарим нь ч бүр яваад өгөв. Зарим нь явахыг завдав. Зарим нэг нь ямар ч юм тохиолдсон байсаар л байлаа. Саарын хажуугаар сайн гэгчээр юм авчрахаар ирсэн хүн санаандгүй киноны гол дүрийн жүжигчин болов. Энэ бүх үйл явдлыг “ямар ч байсан эцсийг нь үзнэ” гэсэн шулуудсан сэтгэлээрээ давлаа. Сайн сайхан хүмүүсийн тусламж дэмжлэг сэтгэлээр кино бүтэж, бүтэх бүтэхдээ шилдэг найруулга, шилдэг бүтээл шагналуудыг авав. Монгол улсаа төлөөлөн 48 цаг олон улсын бэсрэг кино наадамд явах эрхээр шагнууллаа. 

Энэхүү 48 цаг бол миний хувьд хамгийн түгшүүртэй, аймар, толгой тархи эргэсэн үе байсан боловч хамгийн гоё дурсамжуудын нэг байсан. Гоё сорилт байсан. Богино хугацааны маш үр өгөөжтэй сургалт байсан. Өөрийгөө танин мэдэхүй байсан. Эргэлзэж байсан эргэлзээг арилгаж энэ салбарт хэзээ нэгэн цагт хүч үзмээр ч юм шиг итгэл хүч хайрласан. Яагаад болохгүй гэж. Кино бүтээхэд оролцсонч нэрээ оруулахаас татгалзсан бүх хүмүүст талархал илэрхийлье. 

Сонирхвол киног эндээс үзээрэй. 

https://www.48hourfilm.com/mn/ulaanbaatar-mn/films/35133fbclid=IwAR0JhuX52nEQGWlC4rTrYMe575fiSb5WX7czDuw_J7KEwHFe8dPopkyRBb4

2019 оны 3 сар

Киногоо аваад Америк орныг зорьж “Filmapalooza” олон улсын кино фестивалд ирлээ. Адилхан нөхцөл байдал цаг хугацаанд бусад ороны хүмүүс ямар кино хийж түрүүлсэнийг үзэв.  Нийт 150 кино өрсөлдсөнөөс Ази, Европын кинонууд хамгийн мундаг байсан. Гурван хоног кинонуудыг үзэж, санал сэтгэгдэлээ солилцож, хүмүүстэй танилцаж, ууж идэж наргиж цэнгэв. Дандаа мэргэжлийн кино уран бүтээлчид, баг хамт олон, киноны салбарын хүмүүс байсан дотор би тоон дотор үсэг цохиж явна уу гэмээр л байсан. Тэдний хувьд энэ кино наадамд орох учир нь аз эзээ үздэг, баг хамт олноороо туршлагаждаг, өөрсдийгөө сорьдог, түрүүлвэл аялдаг, нэтворк хийдэг, шинэ баг хамтрагчаа олдогт байдаг юм байна. Кинонуудын текник технологи, дуу, хөгжим, дүрс бичлэг, өнгө будаг гээд янзтай юм билээ. Шилдэг бүтээлээр Францийн кино шалгарсан. 

Түрүү жилийн 48 цаг олон улсын кино наадамд шалгарсан бүтээлүүдийг доорх линкээр үзэж санаа авч болно. 

http://www.48hourfilm.com/filmapalooza?fbclid=IwAR0y48yoIY5qzuOmEkk4zjGDvlAXCfW02T12_PSs8VsLFBSKU924WAXqSbI

Дашрамд дуулгахад 10 кино сонгон Каннын кино наадмын бэсрэг киноны буланд дэлхийн шилдэг бүтээлүүдтэй зэрэгцэн үзэгчдийн хүртээл болох боломж бас бий. Манай улсын хувьд 2011, 2013, 2017 онд Каннын бэсрэг киноны буланд шалгарч бүтээлээ толилуулж байсан бахдам түүхтэй. 

2019 оны 10 сар

Энэ жилийн кино наадам юу юугүй хаяанд иржээ. 2019 оны 10 сарын 3 хүртэл багуудын бүртгэл явагдаж эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр киногоо хийх юм. Энэ удаа “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам Монголд 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. “48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх болно. Иймд авьяас билэг, оюун ухаан, хурд хүч, зохион байгуулалтын ур чадвараа сорин дэлхийн киночидтой өрсөлдөхийг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр аваарай. 

https://www.facebook.com/mongolian48hourfilmproject/photos/a.475545322509759/2544653728932231/?type=3&theater

Энэ бүх боломжийг Монголын кино уран бүтээлчдэд нээлттэй болгоод 10 жил болж буй зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье.