Зураг
Зураг
Индэр    
Г.Амартүвшин: Капитал Банкны дампуурлаас болж Хөгжлийн Банк 57 тэрбум төгрөгийн хохирол хүлээх эрсдэлтэй болоод байна
Зураг
2019 оны 9 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Г.Амартүвшин: Капитал Банкны дампуурлаас болж Хөгжлийн Банк 57 тэрбум төгрөгийн хохирол хүлээх эрсдэлтэй болоод байна

Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин шинэ ажлаа хүлээж аваад дөрвөн сар болж байгаа билээ.

Төслүүдийн зээл төлөлт нь муудсан, удааширсан гээд Хөгжлийн Банктай холбоотой дуулиан үргэлжилсээр буй.

Энэ тухай болон ажлаа хүлээж аваад ямар өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар Г.Амартүвшин захирал анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хүргэж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Та бизнесийн хэмнэл хурдтай, засаглал харьцангуй сайтай хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаад гэнэт Хөгжлийн Банканд очих шийдвэр гаргасан. Нөгөө талаар энэ нь улс төрд орсонтой адил.  Яагаад ийм шийдвэр гаргах болов?

- Нэг хөлөө улс төрд “дүрсэнтэй” ижил зүйл гэдэгтэй санал нэг байна.

Чухам яагаад шийдвэр гаргах болсон бэ гэдэгт тайлбар өгөхөд, 2019 оны эхнээс Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тойруу утгаар энэ ажлыг хийх шаардлагатай байгааг ярьж байгаад сүүлдээ санаагаа шууд хэлэх болсон.

Монгол Улсын Хөгжлийн Банк бол маш чухал институт ч өнөөг хүртэл зөв замаар замнаж ирээгүйгээс гадна үндсэн зорилгодоо хүрч чадаагүй, гуравдугаарт, энэ ажлыг улс төрийн нөлөөгүй, эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэн, мэргэжлийн банкир хүн удирдах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд Засгийн газар хүрсэн юм билээ.

Үнэнийг хэлэхэд би тухайн үед Хөгжлийн Банк надад ажлын нэг боломжит хувилбар гэж огт бодож үзээгүй байсан.

Мэдээж саналыг нухацтай бодсон. Би 1998 оноос хойш банк, санхүүгийн салбарт өнөөг хүртэл ажиллаж, банкны салбарт олон төрлийн ажил хийж үзсэн.

Ингэж яваад 2011 онд эх орондоо эргэж ирсэн шалтгааны нэг нь Монгол Улсынхаа төлөө нэг юм хийе гэсэн бодол байсан. Хэчнээн гадаадад ажиллаж, амьдраад байж болох ч эцсийн дүнд эх орноо гэх сэтгэл байгаад байсан. Тэр бодол маань давамгайлаад эх орондоо ирэх шийдвэр гаргасан. Үүнээс үүдэлтэйгээр мөн Хөгжлийн Банкны захирлын ажлын саналыг хүлээж аваад байна.

Мэдээж шинэ ажил гэдэг амаргүй, хэцүү байна гэдэг төсөөлөл байсан.

Гэсэн хэдий ч хэцүү байх тусмаа надад сорилт болох байх л гэж шийдвэр гаргасан. Өмнө нь ч ийм эрс шийдвэр гаргаж байсан маань энэ удаагийн өөрчлөлтөд нөлөөллөө.

- Ажлаа хүлээж аваад дөрвөн сар болох гэж байна. Таны хувьд шинэ ажилтайгаа танилцах үйл явц дууссан, өөрчилж, шинэчлэх алхмуудаа хийгээд эхэлсэн гэж ойлгож байгаа. Зөв үү?

- Тийм ээ. Танилцах ажил дууссан.

Энд ирээд хамгийн түрүүнд хийсэн ажил бол зээл олголтын үйл явцыг нэлээд ажиглаж, судалж, зарим өөрчлөлтийг хийлээ.

Ирэхээс өмнө миний мэдэж байсан зүйл бол Хөгжлийн Банкны шийдвэр маш ойлгомжгүй, удаан гардаг явдал.

Нөхцөл байдал дээр иртэл энэ нь ч үнэн болж таарсан. Бүтэн жил судлагдсан зээлүүд ч байх жишээтэй.

- Санхүүжилтийн хувьд том дүнтэй учир зээл олголтын шийдвэр гаргахдаа удаан байх шаардлага бий болдог юм болов уу?

- Мэдээж судалгааг сайн хийх ёстой боловч харамсалтай нь тэгж удаах шаардлага огт байхгүй.

Эрсдлийн үнэлгээ гэдэг маань адилхан стандарттай. Мэдээж том зээлийг судлах бичиг цаасны ажил их ч тэгж удах шаардлага үнэндээ байхгүй.

Арилжааны банкуудын хувьд цаг бол мөнгө гэдэг зарчимтай. Тийм, эсвэл үгүй гэдэг шийдвэр маш хурдан гарах ёстой.

Нөгөө талд Хөгжлийн Банкны өөрийн онцлог буюу Монгол Улсын хөгжлийг урагшлуулах, ажлын байрыг олноор бий болгох, валютын орлогыг нэмэгдүүлэх, импортыг орлох гэх голлох шаардлагыг хангаж байгаа эсэхэд түлхүү дүн шинжилгээ хийх ёстой ч улс төрийн нөлөөллөөс үүдээд арай өөр шалгуураар зээл олгогдож байсныг үгүйсгэхээргүй байна.

- Та ажлаа аваад дөрвөн сар болох хугацаанд улс төрийн нөлөө, шахалт, дарамт хүлээж авсан уу?

- Мэдээж ажлаа хүлээж авахаас өмнө ийм дарамт ирэх нь ойлгомжтой гэдгийг мэдэж байсан. Тэр ёсоор л болж байна.

Гэхдээ миний энд ирсэн зорилго, мандат өөрөө их тодорхой, ойлгомжтой.

Хөгжлийн Банкны үйл ажиллагааг жигдрүүлж, тогтолцоог сайжруулж, удирдлагын чанарыг дээшлүүлэх. Жинхэнэ утгаараа хөгжлийн банк болгох зорилготой. Тиймээс зам зуурын саад бэрхшээлийг шийдээд л явж байна.

Улс төрийн нөлөөлөл гэдэгт хүний нөөцийн бодлогод оролцох гэх мэт оролдлогууд их гардаг юм байна.

Анх намайг энд ирэхэд юу хийдэг нь ойлгомжгүй маш олон газар, хэлтэс байсан. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтийг эхнээс нь хийж байна. Хэдийгээр Хөгжлийн Банкны гол зорилго ашиг, орлого биш ч энэ байгууллага өөрөө маш цомхон, чадварлаг, хүний нөөцийн бодлоготой байх ёстой.

Ажлаа авахад 155 хүнтэй байгууллага байсан. Өнөөдөр 140 болсон. Шаардлагагүй газар хэлтсийг буулгах, шаардлагатай байгаа бүтцийг дотор нь өөрчилж, бий болгох гэх мэтийг хийж байна.

ХӨГЖЛИЙН БАНК ӨНӨӨГ ХҮРТЭЛ 420 ГАРУЙ ТӨСӨЛД 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙСЭН БАЙНА

 

- Хөгжлийн Банкны одоо олгочихсон байгаа зээлүүдийн тухай ярилцъя. Нийт зээлийн багцын чанарын тухай та юун түрүүнд мэдээлэл өгөхгүй юу?

- Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа хойш нийт 420 гаруй төсөлд 4.2 их наяд орчим төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.

2016 оны эцэст Засгийн газартай Чингис бондын өглөг авлагаа цэгцэлснээр өнөөдрийн байдлаар 74 төсөл, хөтөлбөрт олгосон 2.7 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 12% орчим нь чанаргүй зээл, 25% нь эргэн төлөлт удааширсан буюу нийт зээлийн 37% нь эргэн төлөлт нь хүндрэлтэй зээлүүд байгаа юм.

Сүүлийн үед өндрөө авсан зургаан компанийн зээлийн асуудал бол дөнгөж эхний хэсэг нь.

Миний хувьд энэ ажлыг аваад хамгийн их гайхсан зүйл гэвэл зарим зээл төлөгдөөгүй удсан байхад яагаад ямар ч арга хэмжээ аваагүй вэ гэдэг асуудал

Миний хувьд энэ ажлыг аваад хамгийн их гайхсан зүйл гэвэл зарим зээл төлөгдөөгүй удсан байхад яагаад ямар ч арга хэмжээ аваагүй вэ гэдэг асуудал. 

Арилжааны банк гэхэд хамгийн ихдээ 90 хоногийн дараагаас зээлийн хойноос хөөцөлдөөд эхэлсэн байх ёстой. Яагаад юу ч хийгээгүй вэ гэдэг гайхалтай.

Шалтгааныг нь хайгаад үзвэл энд удирдлагын багийн KPI нь шал өөр байдаг байж. Зээлийн багцын чанар хэнд ч хамаагүй байдаг байсан юм уу гэж ойлгосон. Үүнийг нь өөрчилсөн.

Зээлийн багцын чанар бол бидний хамгийн чухал зорилт. Багцаа эрс сайжруулахгүй л бол цаашдаа үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй.

График 1, Хөгжлийн Банкны зээлийн багцын чанар:

 

- ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан зургаан компаниас гадна таны хэлсэн 12 хувь дотор өөр хэчнээн төсөл муу гэдэг ангилалд хамаарч байгаа вэ?

- Муу гэдэг ангилалд багтаад байгаа 10 орчим төсөл бий.

Гэхдээ Хөгжлийн Банкны хувьд банк гэдэг утгаараа харилцагчдын мэдээллийг бас хамаагүй задруулах боломжгүй. Хэдийгээр муу гэдэг ангилалд орсон ч яалт ч үгүй шалтгаанаар зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа төслүүд бий. Зах зээл нь муудсан, технологийн алдаа гарсан гэх мэт хүндрэлүүд байна.

- Гэхдээ энэ бүх эрсдлийг банк урьдчилаад тооцох ёстой байх. Тийм үү?

- Тийм. Өөрөөр хэлбэл, төслийг хэрхэн үнэлж зээл олгох вэ гэдэг асуудал дээр бид аргачлалаа өөрчилж байна.

Мөн барьцаа хөрөнгийн асуудал бий. Барьцаа хөрөнгийн үнэлгээний журам нь аль 2012 оныхоороо хэвээрээ байсныг өөрчилж, шинэчиллээ.

Барьцаа хөрөнгийн маш асуудалтай зээлүүд ч байна. Жишээ нь, зарим алтны зээл дээр л гэхэд тусгай зөвшөөрлийг барьцаалаагүй олгосон байх жишээтэй.

Ер нь аль ч банк, санхүүгийн байгууллагад тооцоолж чадаагүйн үүднээс чанаргүй зээлүүд байдаг. Гэхдээ үүний зохистой хувь, харьцаа гэж зүйл байх ёстой.

Тухайлбал, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хоёр оронтой тооноос давах ёсгүй. Гэтэл Хөгжлийн Банкны хувьд дээр хэлсэнчлэн эргэн төлөлтөд нь хүндрэлтэй зээлүүдийн хэмжээ 40 хувь рүү дөхөж байна гэдэг нь яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэсэн үг. 

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2 оронтой тооноос давах ёсгүй. Гэтэл Хөгжлийн Банкны хувьд энэ тоо 40% рүү дөхсөн байна

- Хөгжлийн Банкны хуулиар нийт зээлийн 60% нь экспортыг дэмжсэн байх ёстой гэж зааж өгсөн юм билээ. Энэ зорилгодоо хүрч чадаж байгаа юу?

- Одоогоор олгогдсон нийт зээлийн багцын 56 хувь нь экспортыг дэмжих зорилготой зээл байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн зориулалтын хувьд зорилгодоо хүрэхэд дөхсөн байна гэсэн үг. Хамгийн амжилттай зээлийн багцад ноос, ноолууран бүтээгдэхүүний дамжуулан болон шууд зээлдүүлсэн төслүүд байгаа. Энэ зээлүүдийн үр дүн бол тун боломжийн түвшинд байна.

Нэг гайхалтай зүйл нь, 2018 онд баталсан ноос, ноолуурын хөтөлбөрийн зээл намайг ажлаа энэ оны тавдугаар сард авахад олгогдоогүй байсан. Тиймээс ч бид зээлийг зургаадугаар сараас олгож эхэлсэн. Уг нь оны эхний 2, 3 дугаар сард зээлээ аваад ноолуураа авах ёстой байсан компаниуд маань хоцорчихсон байх жишээтэй.

2019 оны хувьд бид тийм алдаа гаргахгүй. Ноос ноолуурын шинэ хөтөлбөрийг аравдугаар сард зарлаад ондоо багтаж зээлийн шийдвэрээ гаргаад цагаан сарын өмнө зээлийн олголтоо хийе гэсэн зорилт тавьж байгаа.

Мөн импортыг орлох чиглэлд газрын тосны үйлдвэрийн Монгол талынх нь санхүүжилтийг Хөгжлийн Банк санхүүжүүлж байна. Энэ төслийн ажил нэлээд хурдтай сайн явж байна.

Нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Газрын тосны үйлдвэрт хийхээр шийдсэн байгаагаас 80 орчим тэрбумыг нь олгочихсон байгаа.

2022 он хүртэл шат дараатай санхүүжилт хийгдэнэ.

- Хөгжлийн Банкны хамгийн том дүнтэй зээлүүдийг аль салбар эзэлж байна вэ?

- Яг нэг төслөөр яривал хамгийн өндөр дүнтэй зээлтэй нь Төрийн орон сууцны корпораци (ТОСК) байна. ТОСК дотроо хэд хэдэн өөр төсөлд хуваагддаг. "Буянт Ухаа 1, 2", "Шинэ Яармаг" төсөл байна.

Ер нь барилгын томоохон зээлүүд багцад бий. Энэ нь Хөгжлийн Банкны өөрийн үндсэн зорилготой төдийлөн нийцдэггүй.

Гэхдээ нэг л төрлийн барилгын төслийг дэмжиж болохоор байгаа нь дахин төлөвлөлт буюу гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамаарах, ингэхдээ нэг, хоёр байшингаараа биш, томоохон хорооллоор нь, гадна, дотнын хөрөнгө оруулагчидтай нийлээд орж ирэх төслийг бид санхүүжүүлэх боломжтой.

Энэ нь өөрөө агаар, усны бохирдлыг шийдэх гэх мэт яах аргагүй Монгол Улсын хөгжлийн асуудалтай холбоотой санхүүжилт учир бид дэмжих боломжтой. Ингэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг нь хэрхэн шийдвэрлэх арга зам нь мөн тодорхой байх ёстой.

График 2, Нийт олгосон зээлийг салбараар нь ангилан харвал:

“Эдийн засгийг солонгоруулах төсөлд хөрөнгө оруулахад бэлэн байна”

 

- Шинээр олгох зээлийн салбарын хуваарилалтыг та хэрхэн төлөвлөж байна вэ?

- Мэдээж бид экспортыг дэмжих чиглэлд түлхүү анхаарсаар байх болно.

Монгол Улсын эдийн засгийн хувьд валютын орох урсгал хамгийн чухал зүйл.

Тиймээс валют олох боломжтой салбаруудыг дэмжинэ. Тухайлбал, уул уурхайн салбарт гэхэд шууд тухайн төсөлд зээл олгохоос илүү дэд бүтэц, авто зам, төмөр зам, тээвэр, эрчим хүч, тодорхой том уурхайнуудын олон улс дахь өрсөлдөх чадварыг сайжруулах санхүүжилтийг хийх ёстой.

Жишээ нь, томоохон нүүрсний ордуудын оператор компаниудыг богино хугацааны арилжааны зээлүүдийн оронд урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжих бодлого барихаар төлөвлөж байна.

Нөгөө талд эрчим хүч мөн чухал. Эрчим хүч гэхэд зөвхөн уул уурхай гэлтгүй орон даяар дутагдалтай байгаа учраас энэ салбартаа хөрөнгө оруулах нь чухал байгаа юм. Үүний хүрээнд ТЭЦ 4 -ийн шинэчлэлтэй холбоотой төслүүдэд бид хамтран ажиллана.

Мөн эдийн засгийг солонгоруулах гэж бидний олон жил ярьсан технологи, инноваци, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэт салбарт санхүүжилт хийх сонирхол их байгаа ч аялал жуулчлал гэхэд тийм сайн, боломжийн төсөл одоогоор манайд ирээгүй байх жишээтэй.

Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд ноос, ноолуураас гадна мах боловсруулах үйлдвэр гэх мэт сайн төслүүд байна.

- Төмөр замын төсөлд хөрөнгө оруулна гэж байна. Үүн дээр тодорхой төсөл бий юу. Арай тодотгохгүй юу?

- Энэ талаар бид ярилцаж байна.

Ер нь экспортыг дэмжинэ, валютын орох урсгалыг нэмнэ, гарах урсгалыг бууруулах буюу импортыг орлуулна гэдэг нь цоо шинэ үйлдвэрт эхнээс нь санхүүжилт хийхээсээ илүү одоо байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэдэг их чухал зүйл. Үүнд яах аргагүй Монгол Улсын хувьд төмөр замын төслүүд хөндөгдөнө. Тэгэхээр ийм төслүүд орж ирвэл бид хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна л гэсэн үг.

- Засгийн газартай энэ асуудалд ямар ойлголцолтой байгаа вэ?

- Монгол Улсын Хөгжлийн Банк гэдэг утгаараа Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй үйл ажиллагаа уялдахаас өөр аргагүй. Тиймээс энэ төслүүдийн хувьд мөн Засгийн газраас хамаарна гэсэн үг.

- Олон нийтэд нээлттэй зарласан зургаан төслийн тухай тодруулъя. Эдгээрийг яагаад нээлттэй зарлах болов?

- Мэдээж эдгээр зургаа дотор нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой олон төсөл бий.

Гэхдээ орлого олсон ч зээлээ төлөхгүй тохиолдлууд байгаа юм. Нөгөө талаар ойлгомжгүй зүйл ч байгаа учраас бид Прокурорт хандаж буй.

"Кью Эс Си", "Хөтөл" ХХК гэхэд эдийн засгийн ач холбогдол ихтэй төслүүд. Гэтэл орлого олоод байгаа мөртлөө зээлээ төлөхгүй байна.

"Монгол Драй Милк" гээд "Алтай" групптэй холбоотой зээл л гэхэд нийт баригдах ёстой хуурай сүүний 60 гаруй үйлдвэрийн 28 нь Монголд орж ирчихээд агуулахад байж байгаа. Үйл ажиллагаа нь яагаад жигдрэхгүй байгааг шалгах шаардлага гарч байна.

"Эрэл" компанийн хувьд барилгын хана, хийц үйлдвэрлэх комбинатын төсөл.  Үйлдвэр нь ашиглалтад орлоо гэхэд эргэлтийн 30-40 тэрбум төгрөг байна уу, үгүй юу гэх мэт эргэлзээтэй асуудлууд бий.

Хүснэгт 1, Хөгжлийн Банкнаас авсан зээлээ төлөөгүй ЗУРГААН КОМПАНИЙН ЭЗЭД, Эзэмшигчдийн мэдээллийг Burtgel.mn сайтын нээлттэй эх сурвалжаас ашигласан болно.

#

 

 

ААН Гүйцэтгэх удирдлага Эзэмшигч Үлдэгдэл
1 Эрэл ХХК Эрдэнэбат овогтой Жаргалан Даваахүү овогтой Сэргэлэн 32,248,793.05 $
16,365,628.85 €
2 Хөтөл ХХК Мижид овогтой Бөхочир Мижид овогтой Бөхочир 90,072,290.73 $
3 ТОСК ТӨҮГ Жанцан овогтой Хичээнгүй Аюуш овогтой Гантулга 44,758,409.38 $
4 Монгол Драй Милк ХХК Болд овогтой Золхүү Энхболд овогтой Эрдэнэбилэг 17,856,345.14 $
5 Кью Эс Си ХХК Энхбаяр овогтой Шижир Куалитистийл Корпорэйшн ХХК 69,654,626.65 $
6 Капитал банк Агваанжамба овогтой Ариунболд Чонофинанс ББСБ, Бишрэлтхолдинг ХХК 57,920,367,656.80 ₮

КАПИТАЛ БАНКНЫ ДАМПУУРАЛТАЙ ХОЛБООТОЙГООР ХӨГЖЛИЙН БАНК 57 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ ХҮЛЭЭХ ЭРСДЭЛ БИЙ БОЛООД БАЙНА

 

- Хөгжлийн Банк өнөөдөр 4.2 их наяд төгрөгийн нийт активтай байна. Үүний дийлэнх нь бондын эх үүсвэртэй санхүүжилт байгаа шүү дээ. Дахиж бонд гаргах төлөвлөгөө бий юу?

- Банкны активын хувьд 1.0 их наяд төгрөг нь өөрийн хөрөнгө буюу төсвөөс гаргасан мөнгө.

Гэхдээ Хөгжлийн Банкны өнөөдрийн бүх үйл ажиллагаа төсвөөс хамааралгүй буюу өөрийн хөрөнгө болон олгосон зээлийн хүүгийн орлогоос санхүүжигдээд явдаг гэсэн үг. Төсвөөс гадна дотоодын эх үүсвэрээс нэг их наяд, гадаадын эх үүсвэрээс 2.0 их наяд төгрөгийн бондын эх үүсвэрээс санхүүжиж байна. Одоо ойрын хугацаанд бонд нэмж гаргах хэрэгцээ шаардлага алга. 

- 2018 оны арванхоёрдугаар сард хамгийн сүүлд бонд гаргасан нь өмнөх зээлээ дарах зорилготой байсан. Зөв үү?

- Тийм. Нийт 500 сая ам.долларын бонд. Үүний 300 сая доллараар нь өмнөх өндөр хүүтэй зээлээ урьдчилж хаагаад зардлаа хэмнэсэн.
Үлдсэн 200 сая долларын 100 саяаар нь мөн өр дарах хэлэлцээ хийгдэж байгаа бол үлдэгдэл 100 сая доллар нь төслүүдийг санхүүжүүлэх боломжтой шинэ мөнгө гэсэн үг.

- Бондын эргэн төлөлтүүдийн хувьд дарамт учрах эрсдэл хэр зэрэг байгаа вэ?

- Төлбөрийн дарамтын хувьд харьцангуй гайгүй. Хамгийн сүүлд гаргасан, дээр ярьсан бондын хувьд эргэн төлөлтүүдийг нэлээд сунгаад өгчихсөн байгаа.

Гэхдээ энэ бол ойрын хоёр жилийн л эерэг үзүүлэлт бөгөөд одоо байгаа муу зээлүүдийнхээ чанарыг сайжруулахгүй бол ирээдүйд эрсдэл байсаар байна.

- Зээлийн хүүгийн хувьд та ямар бодлого баримтлах вэ. Мэдээж эх үүсвэртэйгээ холбогдох байх?

- Тэгэлгүй яахав. Өөрийн тань хэлсэн хамгийн сүүлд гаргасан бондыг л гэхэд 7.25%-ийн хүүтэйгээр босгосон байна. Тэгэхээр Хөгжлийн Банкны хувьд арилжааны банкуудын олгож чадахгүй байгаа томоохон төслүүдэд арилжааны банкнаас арай доогуур буюу төгрөгийн зээл дунджаар 12.7%, долларын зээл дунджаар 9.2%-иар зээл гаргаж байна.

Зээлийн хүүгээ мэдээж эх үүсвэрийн зардлын дунджаар тооцож тогтооно.

- Хөгжлийн Банкны чөлөөт үлдэгдэл бүхий мөнгийг аль банкуудад байршуулж байгаа вэ?

- Мэдээж бид мөнгөө арилжааны банкуудад байршуулахаас өөр аргагүй. Мөн Монголбанкны ТБҮЦ болгоно. 

Эрсдлээ хуваагаад байршуулдаг. Хамгийн сүүлд гарсан асуудал гэвэл Капитал Банк дампуурсантай холбоотойгоор Хөгжлийн Банк 57 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болчих гээд байна.

Энэ нь ямар учиртай вэ гэхээр Хөгжлийн Банкнаас Капитал банкаар дамжуулан дэд зээлдэгчдэд олгосон 57 тэрбум төгрөгийн зээлийг тухайн дэд зээлдэгч нар нь эргүүлэн төлсөн боловч Капитал Банк авсан эх үүсвэрээ Хөгжлийн Банканд буцааж төлөөгүй байх жишээтэй.

Энэ санхүүжилттэй холбоотойгоор аль эрт үүссэн асуудалд Хөгжлийн Банк яагаад арга хэмжээ аваагүй вэ гэдэг бас нэг асуудал үүсэж байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

- Хөгжлийн Банк ямар төсөлд банкаар дамжуулан зээл олгоод ямарт нь өөрсдөө шууд зээл олгодог юм бэ?

- 20 тэрбум төгрөгөөс дээш зээлийг Хөгжлийн Банк шууд санхүүжүүлж болно.

20 тэрбумаас доошхыг нь арилжааны банкаар дамжуулж зээлдүүлье гэдэг журмыг гаргалаа.

Өмнө нь яг ямар зарчмаар явдаг байсан нь тодорхойгүй байна. Миний хувьд яагаад ийм шийдвэр гаргав гэхээр 20 тэрбум төгрөгөөс доош зээлийг судлаад явах үйл ажиллагааны зардлыг хэмнэж байна гэсэн үг. Бид нөхцөл шаардлагаа гаргаж тавиад түүнийх нь дагуу арилжааны банк ажиллана.

- Одоо зах зээлд гаргах боломжтой хэчнээн төгрөгийн санхүүжилт Хөгжлийн Банканд бэлэн байгаа вэ?

- Бидэнд 600 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломж бий. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд манай банканд тодорхой хязгаарлалтууд мөрдөгдөж байгааг хэлэх хэрэгтэй.