Хичээлийн шинэ жил эхэлж, сурагч, оюутнуудын маань завгүй өдрүүд ирлээ.
Тэд нар дунд төгсөх ангийн сурагчдад маань амьдралынх нь маш чухал жилүүдийн нэг эхэллээ - яах аргагүй амьдралынхаа дараагийн алхмыг зөвөөр тавихын тулд шалгалт шүүлэг, сургуулийн өргөдөл гээд олон ажил хүлээж байгаа.
Гадагшаа явж сурах сонирхолтой залуучуудаас эсээ хэрхэн бичих талаар асуулт надад хэд хэд ирдэг, тийм учраас энэ талаар хэдэн хувийн зөвлөгөө хуваалцъя гэж бодлоо.
Миний хэлээд хэзээ ч залхахгүй зөвлөгөө бол эхлээд зорилгоо тодорхойл, дараа нь төлөвлөгөө гарга, эцэст нь гүйцэтгэ. Сургуульд орно гэсэн зорилготой бол заавал эсээнүүд бичнэ, тэр ажлаа ойлгомжтойгоор төлөвлөх хэрэгтэй - хэзээ, хэдэн, ямар сэдэвтэй эсээ бичих шаардлагатай вэ? Тэрийгээ доорх хүснэгтэд тэмдэглэж болно.
Ийм энгийн хүснэгт гаргаж, бичих хэрэгтэй эсээнүүдээ цэгцтэйгээр харж ойлгох нь амар
Ихэнх АНУ-ын их сургуулийн өргөдөл, эсээгээ өгөх цаад талын хугацаа нь 12 сард бол хэчнээн цаг зарцуулахаа тооцоод хэзээ эхлэхээ эртхэн товло. Миний тооцож байгаагаар нэг эсээ бичихэд 20 орчим цаг орно:
Мэдээж 20 цаг нэг дор суугаад хийхгүй, хэсэг хугацааны явцад хийх учраас тулгаж болохгүй. 3–5 эсээ бичнэ гэж бодоод ер нь 60–100 цагийг долоо хоногт 10–15 цаг (өдөрт 2 цаг орчим) зарцуулна гэж тооцоод хоёр сарын өмнөөс бичиж эхлэх хэрэгтэй байх нь. Тэгэхээр энэ өвөл өргөдлөө өгнө гэж байгаа залуучууд удахгүй бичиж эхлэх нь зүйтэй шүү.
Эсээ бичихийг бас нэгэн шалгуур гэж харалгүй өөрийгөө илэрхийлэх үнэтэй боломж гэж хар.
Эсээ бичих боломжийг ашиглаад сургуулиуддаа “би хэн бэ?” гэдгээ харуулж чадна. Сургууль таны тухай зөндөө мэдээлэл авч байгаа: хичээлийн болон шалгалтуудын дүн (хэр чадварлаг сурагч вэ?), товч намтар (хичээлээс гадуур хэр идэвхтэй вэ?), тэмцээн олимпиадуудаас хүртсэн шагналууд (олон нийтийн хэмжээнд ямар амжилтууд гаргаж байсан бэ?), багш нарын тодорхойлолт (ойрхон харьцаж байгаа хүний нүдээр харахад хандлага болон чадвар нь хэр вэ?).
Харин энэ бүгдээс “яагаад энэ хүн?” гэдгийг харах боломжгүй - дандаа онц сурдаг, шалгалтууддаа дандаа өндөр оноо авсан, мэтгэлцээний багийг ахалдаг, чөлөөт цагаараа сайн дурын ажил хийдэг гэх мэт намтартай сурагчид онцгой гэлтгүй олон байгаа. Харин яагаад энэ хүн манай сургуульд сурмаар байгаа вэ, яагаад энэ хүн энэ чиглэлээр сурахыг хүсдэг вэ, энэ хүн сурч байх хугацаандаа юу хийж бүтээе гэж зорьж байгаа вэ, энэ хүн төгсөөд юу хийхийг мөрөөддөг вэ, яагаад энэ хүн онцгой вэ гэх асуултуудын хариуг мэдэж байж зүгээр л нэгэн өргөдөл гэж харахгүй ХҮН гэдгээр нь харна.
Миний магистрын өргөдлийн эсээнүүдээ бичихэд хэрэглэсэн арга бол өөрийнхөө талаар сургуулиуд мэдээсэй гэсэн бүх чанаруудаа жагсааж бичих. Тэгээд чанар болгоных нь хажууд өргөдлийн аль хэсэг тэрийг маань харуулж байгааг тэмдэглэх. Үлдсэн чанаруудыг эсээнүүдээ ашиглан харуулах боломжтой. Энэ хүснэгтийг жишээ болгон ашиглалаа:
Энэ зөвхөн жишээ шүү, өөрөө хийхдээ илүү дэлгэрэнгүй хийх хэрэгтэй
Өөрийнхөө тухай өргөдлийн бусад хэсэгт хангалттай тусгагдаагүй юу юуг тодорхойлсныхоо дараа тэдгээр чанаруудаа аль эсээнд яаж тусгахаа төлөвлөх хэрэгтэй. Тэгэхийн тулд ямар ямар сэдвээр эсээ бичихээ хараад, сэдвүүдээ сайн ойлгож, таны тухай юуг мэдмээр байгааг ойлгох нь чухал. АНУ-ын их сургуулийн элсэлтийн эсээний сэдэв ерөнхийдөө гурван төрлийн сэдэвтэй байдаг: “чи хэн бэ?”, “яагаад манай сургууль?”, чөлөөт/бүтээлч сэтгэхүйг шалгасан.
“Чи хэн бэ” өөрийгөө танилцуул” гэсэн сэдэвтэй эсээг хариулахдаа өөрийгөө зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноогоор тодорхойлохгүй, ямар зан чанар, үнэт зүйл, итгэл үнэмшилтэй гэдгээ бодит болсон явдал дээр үндэслэн харуулах нь зүйтэй. Ерөнхийдөө би ийм хүн гээд баахан чанарууд тоочвол авч хэлэлцэхгүй, гол нь тэрийг маш бодитой жишээгээр илтгэх ёстой. Болсон явдал нь магадгүй их сургамжтай мөч, аль эсвэл нэг чанарыг нь туршсан мөч байж болно, гол нь аливаа чанарыг нь хэлэх биш харуулах.
“Яагаад манай сургууль?” гэсэн асуулт нь хамгийн түрүүнд тухайн сургуулийнхаа талаар мэдлэгтэй байхыг шаардна, зөвхөн нэртэй юм уу дэлхийд дээгүүр жагсдаг болохоор нь ормоор байгаа бол арай илүү судалгаа хийх шаардлага гарна. Хоёр дугаарт ийм асуултад хариулахад зөвхөн тухайн сургууль юуг өгөх боломжтойг мэдэх биш, өөрийнхөө юу хүсэж сонирхдог, цаашдаа ямар зорилготой байдаг талаар маш сайн ойлголттой байх хэрэгтэй. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй бол хэн ч тэрийг нь өгч чадахгүй, сургууль дээр ч мөн адил.
Бүтээлч сэтгэхүйг шалгасан өвөрмөц асуултууд сургуулиуд их асуудаг, тэгснээр тухайн сурагчийг хэр өргөн хүрээнд мэдлэг, сонирхолтойг харах зорилготой юм. Ийм асуултад хариулахдаа өөрийн хичээлээс гадуурх сонирхол, дэлхий дахин, орчин тойронд болж байгаа үйл явдлуудын талаар ойлголт болон хувийн үзэл бодлоо харуулах боломж юм. Харин, маш өвөрмөц онцгой юм бичиж байна гээд хоосон агуулгатай (нөгөө хүснэгтдээ тоочсон чанаруудаасаа оруулаагүй), ойлгомжгүй юм бичихээс зайлсхийх хэрэгтэй.
Энэ гурван сэдвүүдэд яаж тааруулж хариулах тухай илүү дэлгэрэнгүй эндээс уншиж болно: https://professionals.collegeboard.org/guidance/applications/essay
Найрлагыг бараг сүүлд нь оруулж байгаа нь чухал учиртай - миний ажигласнаар сурагчид маш сонирхолтой, өвөрмөц эсээ бичнэ гэсэн нэрийдлээр маш хоосон агуулгатай, өөрийнхөө тухай олигтой юу ч илтгээгүй эсээ бичих тохиолдол их байдаг. Тийм учраас эхлээд агуулгаа тодорхой болгосон хойноо л тэрийгээ ямар хэлбэрээр бичихээ бодох нь хамгийн зүйтэй санагддаг. Мэдээж бичвэрийн найрлага гэдэг өөрөө таныг илэрхийлсэн том юм учраас хэн ч ийм байх ёстой гэж хэлэх аргагүй. Харин миний зүгээд хэдэн зөвлөмж:
Эсээнийхээ эхний хувилбарыг бичихдээ эцсийн байдал ямар болоход зоволгүй бүх санаагаа чөлөөтэй буулгах хэрэгтэй. Харин эхний хувилбараа засварлахад цаг харамгүй зарцуулах хэрэгтэй. Өөрөө эхлээд засаад дараа нь өөрийг чинь мэддэг, бас уншиж бичих чадвар нь гайгүй хүнээр хянуулж санаанууд авах хэрэгтэй (хоёр ч хүнээр засуулахыг санал болгоно — ах, эгч, багш, гэх мэт итгэдэг хүмүүс).
Мэдээж хангалттай сайн хянахын тулд цагаа наанаас нь төлөвлөж, уншуулах хүмүүстэйгээ эртхэн тохирч, тэдэндээ хангалттай хугацаа олгох хэрэгтэй. Миний туршлагаас тэр унших хүнтэйгээ цаг товлоод яг дэргэд нь сууж байгаад эсээгээ уншуулаад шууд санаануудыг нь сонсоод ярилцах нь дээр байдаг — тэр нь аль алиндаа илүү үр дүнтэй бас цагт хэмнэлттэй.
Нааш цааш эсээгээ хянаад, засаад, баяжуулсны дараа эцсийн хувилбараа ямар ч бичиг үсгийн алдаагүйг шалгаад, бэлэн! Амжилт!