Индэр    
2019 оны 8 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Чимээгүй байх нь хамгийн амар. Гэхдээ…

Зураг
Зүүн талаас Амал Клүүни, Жереми Хант, https://www.dailymail.co.uk

“Өнөө үед үнэнийг бүдгэрүүлж, хуурамч, ташаа мэдээллийг өмнө нь байгаагүйгээр түгээн дэлгэрүүлж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд учирч буй хамгийн том аюул юм.

Үүнийг хэрхэн даван туулах тухай асуудлыг бидний үе тодорхойлж, ардчиллыг амьд авч үлдэнэ гэдэгт итгэж байна” гэж хүний эрхийг хамгаалагч, хуульч Амал Клүүни “Даян дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хурал”-д тавьсан илтгэлдээ дурдсан юм.

Энэхүү хурлыг Англи, Канадын Засгийн газар санаачлан 100 гаруй орны 1,500 орчим төлөөлөгчийг урьсан бөгөөд анх удаа төр засаг, хэвлэл мэдээлэл, хууль, эрх зүй, иргэний нийгмийн төлөөлөл нэгэн дээвэр дор, өнөр олуулаа хурж, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах асуудлаар хоёр өдөр хуралдсан явдал байв.

Хэвлэл мэдээлэл нь төр засгийн бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэж, таниулах нэг зорилготой ч нөгөө талд төрийг хянах, шахаж, шаардах үүргийг давхар хүлээдэг. Энэ утгаараа төр засаг болоод хэвлэл мэдээлэл нь мөнхийн “дайснууд” мэт байхад чухам яагаад Англи, Канадын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийг хамгаалах асуудалд манлайлал үзүүлэх болов гэдэг сонирхолтой.

Өнгөрсөн сарын 11-12-ны өдрүүдэд болсон хуралд оролцогч Вашингтонд төвтэй сэтгүүлчдийн төлөөх ICFJ төрийн бус байгууллагын тэргүүн Жойс Барнатан ч “Энэ удаагийн хурлын онцгой содон зүйл нь хэвлэлийн эрх чөлөөг төр засгууд хамгаалахыг уриалж, өөрсдөө хамтдаа сууж энэ асуудлыг хэлэлцэж байгаа явдал. Өмнө нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн олон улсын хурлуудад дандаа сэтгүүлчид өөр хоорондоо, эсвэл иргэний нийгмийнхэн нэмэгдэж асуудлаа хэрхэн шийдэх тухайгаа ярьдаг байсан” гэж байв.

Тэгвэл Их Британи, Канадын Засгийн газар энэ асуудалд яагаад манлайлал үзүүлэх болов.

Их Британийн Гадаад харилцааны сайд Жереми Хант энэ жилийг Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах жил болгон зарлаад байна. Тэрбээр Канадын Гадаад харилцааны сайд, сэтгүүлч байсан Кристя Фрийлэндэд энэхүү кампанит ажлыг хамтран санаачилж, оролцож байгаад хурлын үеэр талархал илэрхийлж байлаа.

Жереми Хант “Чөлөөт хэвлэл нь хэн нэгэн эрх мэдлээ урвуулан ашиглахаас хамгаалж, үндэстний бүхий л боломжийг бүрэн илэрхийлэхэд тусалдаг.

Чөлөөт хэвлэл мэдээлэл нь бурууг шүүмжилж, дараа дараагийн алдаанаас зайлсхийх боломжийг өгөхөөс гадна олон нийтийн санаа бодлыг уралдуулах замаар дэвшилд хүргэх зам болдог.

Түүхийн туршид хүн төрөлхтөн үзэл бодол, ололт амжилт, алдаа дутагдлаа чөлөөтэй хэлэлцэж, туршиж, сорьж үзэх боломжийг олгосноор хамгийн хурдан дэвшилтдээ хүрч чадсан” гэв. Мөн тэрбээр сүүлийн жилүүд дэх хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг дурдсан юм.

Өнгөрсөн жил буюу 2018 онд л гэхэд 99 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алдсан нь 2017 оноос 15 хувиар давсан үзүүлэлт юм. Түүнчлэн сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн 10 хэрэг тутмын 9 нь шийдэгддэггүй үлддэг байна.

Английн Засгийн газрын хэвлэлийн эрх чөлөөний тусгай элч болсон, хуульч Амал Клүүни гэхэд Филиппиний удирдагч Родриго Дутертегийн дэглэмийг эсэргүүцэгч сэтгүүлч Мариа Рессад хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаагаа хурлын үеэр мэдээлж байлаа. Сэтгүүлч Мариа Ресса нь улсын удирдагчийнхаа бодлогыг шүүмжилснийхээ төлөө олон төрлийн дарамт шахалтыг амсаж буй.

Английн Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зорилго бүхий сан байгуулж байгаагаа хуралд оролцогчдод танилцуулсан бөгөөд ноён Жереми Хант энэ сангийн анхны санхүүжилт болох 3 сая фунт стерлингийг Засгийн газраасаа гаргахаар болж, үүндээ бусад улс орныг нэгдэхийг уриалав. 

Мөн тэд 15 сая фунт стерлингийг зөвхөн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах хөтөлбөрт нэмж зарцуулна гэж мэдэгдсэн юм. Сангийн тухайд Канадын Засгийн газар сая доллар хандивлахаа мөн мэдэгдсэн.

Энэхүү санхүүжилтээр сэтгүүлчдийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд төр засаг, Элчин сайдын яамдууд хамтран ажиллах, сэтгүүлчдийг хамгаалах нэгдсэн сүлжээ бодлогыг бий болгох, сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хэвлэлийн эрх чөлөөг дээд зэргээр хангаж байгаа улс орнуудын туршлагыг сурталчлах зэрэг чиглэлд зарцуулагдах бөгөөд үйл ажиллагааны нарийн төлөвлөгөөгөө удахгүй танилцуулахаар хүлээгдэж байна.

Дээрх төлөвлөсөн ажлуудыг илүү тодруулбал, Истанбул дахь Консулын газрын байрандаа амь насаа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггийн аллага шиг хэргийг дахин гаргахгүй байхын тулд Элчин сайдын яамдууд, Консулын газрууд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад нэгдсэн сүлжээ, хууль эрх зүйн зохицуулалтыг хэрхэн бий болгох зэрэг асуудал яригдсан юм.

Хөгжингүй орнуудын төр засгууд ийнхүү хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах асуудалд эцсийн дүндээ санал нэгдсэн учир шалтгааныг дүгнэн харвал:

  1. Сорилттой тулгараад буй ардчиллыг бүрэн бүтэн авч үлдэх хамгийн чухал арга хэрэгсэл бол чөлөөт, мэргэжлийн хэвлэл мэдээллүүд,
  2. Хүний эрхийг хамгаалах талд ч хэвлэл мэдээллийн оролцоо, манлайллыг хүлээн зөвшөөрөх,
  3. Ардчилал, хүний эрхийг хамгаалагч болох хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийллийг зогсоох чиглэлд санал нэгдээд байна.

“Даян дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хурал”-д Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Лхагва, чөлөөт сэтгүүлч Т.Ананд, iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа миний бие оролцсон бөгөөд тус хурлаас хийсэн бидний товч дүгнэлтийг доорх бичлэгээс үзэж болно.

Бичлэг:

Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх энэхүү хоёр өдөр болсон хурлын үеэр ажиглагдсан онцлог содон зүйл нь дэлхийн шилдэг редакцууд болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг дэмжих төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэнгүүдийг ажиллуулж байв.

Олон улсад сэтгүүлчдийг, ялангуяа эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг дэмжих, мөн сэтгүүлчдийг чадавхжуулах төрийн бус байгууллагуудад зориулсан санхүүжилт нэмэгдсээр байна.

Санхүүжүүлэгч сангуудын ард өөрийн болон компанийн нийгмийн хариуцлагат ажлаа илүү ухамсартай, үр дүнтэй зүйлд зарцуулах хүсэлтэй бизнесмэнүүд ч байх нь элбэг байгаа юм.

Тухайлбал, эрэн сурвалжлагын жинтэй бүтээлүүд гаргадаг Германы Корриктив редакцын хамт олонд л гэхэд нэгэн хэвлэлийн бизнес эрхлэгч хатагтай насан эцэслэхийнхээ өмнө өөрийн сангаараа дамжуулан гурван сая еврогийн санхүүжилтийг “өвлүүлсэн” байх жишээтэй.

Энэ нь хариуцлагатай, чөлөөт, мэргэжлийн сэтгүүлч, редакцуудыг хараат бусаар ажиллахад шаардлагатай санхүүжилтийг ашгийн бус сангуудаар дамжуулан олгож буй жишээ юм.

Учир нь хэвлэл чөлөөт, хариуцлагатай байснаар эцсийн дүндээ бүгд хождог, хөгжил урагшилдаг гэдгийг тэд хэдийнээ хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.

“Өнөөдөр дэлхийн хүн амын 13 хувь нь л чөлөөт хэвлэл мэдээллээс мэдээлэл хүртэж чаддаг. Хэвлэлийн эрх чөлөө, бие даасан байдал илүү их дарамт шахалтад өртөж байна” гэж НҮБ-ийн тайланд дурджээ.

Тиймээс ч үнэн, чөлөөт, бие даасан байдал нь ийн үнэ цэнэтэй зүйл болон хувирч байна.

Ер нь ямар ч асуудлаар хэн нэгэн чимээгүй байх нь хамгийн биед амар хувилбар.

Гэхдээ бид чимээгүй байснаар өнөөдөр амар юм шиг санагдавч маргааш өөрт тань эсвэл үр хүүхдэдээ ямар сонголт үлдээж байгаа бол гэдэгт хариулаад үзэх хэрэгтэй.

Их Британийн Гадаад харилцааны сайд Жереми Хантын илтгэлд дурдсанаар Трансперенси Интернешнл байгууллагын зарладаг Авлигын индексээр авлигагүй гэгддэг 10 улсын долоо нь Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индекст хамгийн сайн үзүүлэлттэй буюу хэвлэл нь эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтаж байгаа харилцан хамаарлыг танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөөтэй байдал нь улс орны авлигыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх томоохон хөшүүрэг болж байгааг энэхүү жишээ харуулж байна.

Харамсалтай нь “Ардчилсан системээр сонгогдсон удирдагчид хэвлэл мэдээллийг ардчиллын үндэс суурь гэхээсээ илүү дайсан мэт үзэх болсон нь сэтгүүлчдийг үзэн ядах, шүүмжлэх хандлагыг нэмэгдүүлж байна” гэж үзэсгэлэнд оролцогч Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын тайланд мөн дурджээ.

Энэхүү хурлыг зохион байгуулагч Английн Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын тулд төр засгийн бодлогоо хэвлэлд бүрэн нээлттэй байлгаж чадах уу хэмээн Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд Филип Малоноос хурлын дараагаар Улаанбаатарт уулзахдаа асуухад “Энэ асуултад товчхон хариулахад бид нээлттэй байж чадна.

Тухайн улс үндэстэн хүчтэй хэвлэл мэдээлэлтэй байж чадвал ардчилал нь ч хүчтэй байж чаддаг” гэж байлаа.

Лондонд хоёр өдөр болсон хурлын үеэр онцгой ажиглагдсан зүйл нь улс орнуудад хэвлэлийн эрх чөлөө, иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамгаалах, өмгөөлөх үйлст бие даасан хуульчид, хуульчдын мэргэжлийн холбоо зэрэг байгууллага өндөр идэвхтэй ажиллаж буй явдал байв.

Үүний илэрхийлэл болгож Английн Засгийн газар Хэвлэлийн эрх чөлөөний тусгай элчээрээ хуульч хүн сонгосон нь Амал Клүүни юм.

Учир нь дээр дурдсанаар хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт хэвлэлтэй байх нь зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш бөгөөд энэ нь ардчиллын амин сүнс. Тиймээс хуульчид хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үйл хэрэгт ийнхүү манлайлан оролцож байна.

Дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдийн бус, бүх хүний эрх юм гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхэд ийнхүү төр засгууд манлайлал үзүүлж буй нь хэвлэлийн эрх чөлөөний төлөө оруулж буй санхүүжилтээс нь илүүтэй олон нийт, бусад төр засаг, бизнес эрхлэгчдийг улам хариуцлагатай, оролцоотой, хэвлэл мэдээллийн үнэ цэнийг ойлгуулахад чухал нөлөөллийн үйл явдал боллоо.

Харин Монголын төр засгийн хувьд хэвлэлийн эрх чөлөөний асуудалд манлайлал үзүүлэх улстөрч одоогоор тун хомс байна.

Хамгийн энгийн жишээ гэхэд 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулиар иргэний болоод хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг 118 сая төгрөгөөр (2018.10-р сарын байдлаар) торгоод байна. 

Төр засаг маань хэвлэлийн эрх чөлөөг дэмжих нь битгий хэл харин ч нэмж шийтгэх чиглэлд хурдтай давхиж байна.