Индэр    
2019 оны 8 сарын 12
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Түүхээс гадуурхагдсан 400 жил

Хөдөө аж ахуйгаар эхэлсэн хүн төрөлхтний түүх

Хүн төрөлхтний түүх баян.

Гэхдээ түүхийн эхэн үед төдийлөн онцлох зүйлс байдаггүй. Нэлээд хэдэн жил явсны эцэст МЭӨ 50000 онд анх удаа хүн төрөлхтөн бие халхлах хувцас өмссөн байдаг. Үүнээс хойш 40 мянган жил нам гүм байсан хүн төрөлхтөн МЭӨ 9000 онд хөдөө аж ахуйн салбарт анхны нээлтүүдийг хийсэн гэдэг. Үүнд амьтан гаршуулах, тариалан эрхлэх зэрэг өөрчлөлтүүд орж байв. 

Энэхүү хөдөө ахуйн хувьсгалын дараа бүх зүйлс арай хурдан өрнөх болсон буюу дахин 40 мянган жил хүлээх шаардлагагүй болсон аж. Тухайлбал МЭӨ 6000 онд чулуугаар байшин барьж, МЭӨ 3400 онд бичиг үсэгтэй болсон гэдэг. 

Маслоу ах

Эндээс нэгэн дүгнэлтийг төвөггүйхэн хийж болохоор байна. Энэ нь хүмүүс эхлээд хоолтой, дараа нь байртай тэгээд дараа нь бичиг үсэгтэй болсон байна шүү дээ.

Ер нь хүн анхан шатны хэрэгцээгээ хангаж байж л дараагийн асуудлууд руу анхаарал тавина. Үүнийг 1943 онд Америкийн сэтгэл судлаач Абрахам Маслоу томьёолсон байдаг. Хүн төрөлхтний эртний түүх нь үүний л нэг жишээ аж. 

Нээлтээр хахсан гурван зуун жил

 

Үүнийг түүх дахиад л баталсан. Түүх өрнөсөөр 1650 онд хөдөө аж ахуйн хоёр дугаар хувьсгал явсан.

Энэ үед хөдөө аж ахуйн бүтэгэдэхүүний гарц огцом өссөн. Улмаар 1700 – 1800 онд Англи болон Уэльсийн хүн ам бараг хоёр дахин нэмэгдэж чадсан.

Ийнхүү анхан шатны хэрэгцээ хангагдаж дуусаж, дараагийн шат эхлэх нь тэр. Үгүй ер нь дараагийн шатанд гарах бүх төрлийн тохироо нь бүрдсэн. Үүнд бид санхүүгийн салбарын хөгжлийг ч дурдах нь зүйтэй. 

Дараагийн шатыг бид аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэх ба дөрвөн үед хуваана:

  1. 1-р хувьсгал - Ууран ба Механик үйлдвэрлэл 1700-1840
  2. 2-р хувьсгал - Цахилгаан эрчим хүч ба Масс үйлдвэрлэл 1870-1920
  3. 3-р хувьсгал – Автоматжуулалт, Компьютер 1940 - 1970
  4. 4-р хувьсгал - Хиймэл оюун ухаан, робот, сүлжээ 1975 – өнөөг хүртэл

Эндээс бүр ч их анхаарал татах нь сүүлийн зуун жил. Энэ бол харин жинхэнэ гайхамшиг.

Цагтаа нар гэж мэдэхгүй байсан хүмүүс нарнаас эрчим хүч авч эхэлсэн. Өөрөө бодох боломжгүй зүйлсээ өөрийнх нь өмнөөс бодох төхөөрөмжүүдийг ч хийгээд амжив.

Сонирхолтой баримтуудаас дурдвал 1925 онд чадан ядан анхны зурагт бүтээж байснаа, 2007 он гэхэд тэрхүү технологийг хэд дахин нугалсан iPhone утас бүтээв.

МЭӨ 340 онд Катапулт гэх механизм бүтээгээд түүгээрээ хүчирхэгжин байсан хүн төрөлхтөн дэлхийг ч устгаж чадах цөмийн зэвсгээ 1945 онд туршив. Асуудлыг арвын есөн зэрэг дахин жижгэрүүлж судалдаг болов. Үүгээрээ шинжлэх ухааны дээд шагнал Нобелийг хүртсэн байдаг. Яг л Британийн геологич Дэрэк Эжэрийн хэлдэг шиг "Манай дэлхийн аль ч хэсгийн түүх яг л цэргийн амьдрал шиг, ихэнхдээ хийх зүйлгүй уйтгар, тэгснээ эгшин зуур бөөн гамшиг" гэж.

Яаж ийм өндөрлөгт хүрэв гэхээр МЭӨ 9000 онд хоолтойгоо залгасны, МЭӨ 6000 онд орон байртай болсны л ач гавьяа шүү дээ. Түүнийгээ 1600 оноос эхлэн дахин нэг шат ахиулан хоолны гарцаа нэмэгдүүлж улмаар хоромхон зуурт бөөн гамшиг биш бөөн гайхамшгийг хийсэн юм даа. 

Зураглал 1, Хүн төрөлхтний онцлох нээлтүүд

 

Эх сурвалж: Explainthatstuff.com

Хөгжлийг бий болгосон хувьсгалын гадна үлдсэн нь 

Дэлхийн түүх эд эрчийг авч хөдөө аж ахуйн хоёр дугаар хувьсгалыг хийж байхад манай улс Манжийн эрхшээлд орж байлаа. Яг энэ үед л бид түүхээс гадуурхагдах болсон юм. Гэхдээ үүнд дан ганц Манжийн үеийн буруу гэх нь өрөөсгөл байх. 

 

Хөдөө аж ахуйн хоёр дугаар хувьсгалын голлон Их Британид явагдсан гэж үздэг.

Яг юу тэр хөгжлийг авчирч чадав гэдэгт олон талаас нь тайлбарладаг. Марк Овертоний бичсэн Англи дахь хөдөө аж ахуйн хувьсгал номонд өгүүлснээр хувьсгал гарах үндсэн хоёр шалтгаан байсан нь нэгт, газрын өмчлөл бий болгосон явдал хоёрт, дотоодын фермерүүд өөр бусад сонирхлоо илэрхийлж буй талуудтай хамтран ажиллаж эхэлсэн нь инновацийг бий болгосон гэсэн.

Харин BBC телевизийн цахим хуудасны түүхийн хэсэгт гурван хүчин зүйлсийг дурдсан юм.

Үүнд:

  • (1) Малын үржлийг сонгож хийдэг болсон (Малын удмын санг сайжруулах),
  • (2) Газар хувьчлал,
  • (3) Ургац хураах болон тариалангийн шинэ системүүд нэвтрүүлсэн тодорхойлсон. 

Яадаг ч бай эдгээрээс мал аж ахуйтай холбоотой гол санааг нь татан авбал малын удмын санг сайжруулах байна. Тэгэхээр үүний өмнө малын бүртгэлжүүлэх бол зайлшгүй мэт санагдана.

2011 оноос эхлэн Монгол улсад малыг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг. Гэхдээ л энэ нь хангалттай болоогүй тухай салбарын мэргэжилтнээс сонсож байв. 

Тэгэхээр тэртээ тэргүй тариалан тал дээрээ хоцрогдолтой, мал аж ахуйн тал дээрээ ч асуудлууд байгаа нь бид нөгөө хувьсгалаас нь бас л хоцорсон байгаа харагдана.

Ядаж байгаа нөөцөө ч эдийн засгийн эргэлтэд оруулахдаа тааруу.

Уг нь даацаасаа хэтэрсэн хэмжээний малтай гэх атлаа хөдөө аж ахуйн гаралтай экспортын орлого нь сүүлийн 20 жилийн хугацаанд дорвитой өссөнгүй.

Минийхээр нэгэнт л даацаасаа хэтэрсэн юм бол амьдаар гаргахыг нь гаргаад, боловсруулж гаргахыг нь гаргаад явбал зөв. 

Зураглал 2: Экспортын орлого

Эх сурвалж: 1212.mn

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалаар амьсгалах нь

Өнөөдөр Монголд бүгд л аж үйлдвэрийн 4-р хувьсгал гээд хөл нь газар хүрэхгүй явна.

Тэр нь хиймэл оюун ухаан, их хэмжээний мэдээлэл боловсруулалт, өөрөө өөрийгөө жолоодох машин, ухаалаг роботуудыг хэлж буй хэрэг. Манайд энэ үгнүүдийг оруулсан бүх бүтээгдэхүүн илүү борлуулалттай болж, эдгээрээр өөрсдийгөө чимсэн компаниуд илүү гоё харагдаж байна. Миний хувьд ч энэ ирээдүй гэдэгт эргэлзэхгүй байна. Харин бодит байдал ямар байгааг эдийн засгийн бүтцээс харцгаая. 

Зураглал 3: Эдийн засгийн бүтэц

Эх сурвалж: 1212.mn

Эдийн засгийг бүхлээр нь хэмждэг үзүүлэлт нь дотоодын нийт бүтээгдэхүүн, тэр нь тухайн салбарын олсон ашиг болон төлсөн цалингаар тодорхойлогддог юм. Энэхүү үзүүлэлтээр хэмжигдэх Монголын эдийн засагт эзлэх уул уурхайн салбарын эзлэх хувь 24. Харин бахархаад байдаг хөдөө аж ахуй нь 27 хувиас буураад 11 хувь.

Үүнтэй зэрэгцэн ирээдүй гэгдэг мэдээлэл, холбооны салбар нь 3 хувиас 2 хувь. Ингээд харахад аж үйлдвэрийн 4-р хувьсгал нь эдийн засгаа солонгоруулах хоосон яриатайгаа үгүй болсоор байгаа нь харагдана. 

Эдийн засгаа солонгоруулах яриа гарсны 10-н жилийн ойн мэнд

Магадгүй үүнээс ч удаан байж мэднэ.

Миний мэдэхийн лав 10-н жил үүнийг ярьж байгаа. Зарим хүн эдийн засгийг солонгоруулна гэхээр ганц улсыг тэжээж буй салбараа үгүй хийх гэж ойлгодог бололтой. Харин эсрэгээрээ тэр салбараа амьд байгаа дээр бусад салбараа л хөгжүүлээд авах юм.

Нэгэнт бид нэг хүн ногдох малын тоогоор тэргүүлдэг юм бол түүнийг дулдуйдан мал аж ахуйгаа дэмжих нь зүйтэй. Тэгээд ч түүх бидэнд хөдөө аж ахуйн салбар бол хөгжлийн суурь юм шүү гэдгийг хоёр удаа баталсан шүү дээ.

Нөгөө талд бид мэдээлэл, технологийн салбар ирээдүй гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч буй цагт бодитой дэмжлэг үзүүлэх учиртай. Яг яаж дэмжих вэ гэдэгт салбарын мэргэжилтнүүдийн дэргэд миний үг илүүц биз. 

Хөндлөнгийн шинжээчийн нүдээр жил бүр л дэмжинэ гэх атлаа, бодитоор асуудлыг улс төржүүлж, хааж бооно.

Хэдхэн сарын өмнө л гэхэд малыг амьдаар нь гаргахгүй гэж бөөн юм болов.

Үгүй гэтэл даац нь хэтрээд байгаа юм бол гаргах нь зөв.

Тэгж гэмээ нь эдийн засгийн эргэлтэд орж буй хэрэг биш гэж үү. Мэдээлэл технологийн салбарт бол хүний нөөц л хэрэгтэй. Гэтэл дэлхийн топ сургууль явах боломжийг улс нь гаргаж ирсэн атлаа түүгээрээ бүх хамаатан саднаа явуулчихсан.

Бид эндээ хэрүүл хийж, аливааг харлуулсаар байтал хөгжлийн тэргүүн эгнээ аль хэдийнээ биднийг 400-н жилээр түрүүлчихлээ. 

За гэхдээ болно доо. Болно. 

Бид нэг л өдөр эргээд дэлхийн хөгжлийн голомт нь болох байх. Залуу хүний хувьд өөрийн ажиллаж салбараа дэлхийн жишигт хүргэчих юмсан гэж бодох юм. Нэг л өдөр хүн төрөлхтний онцлох нээлтүүд гэх зураглалд тодоор орж ирэх болов уу. Тэгээд бидний түүхээс гадуурхагдах үе дуусах болно. 

Р.Чойном /Хүн найраглалаас/

Битгий мэдсээр байж хүн гэдгээ хөнөө

Би ч ялгаагүй, та ч өөрцгүй түүхэнд өртэй

Элэнц хуланцын хийсэн муу муухай багадаагүй 

Энэ бидний хийх сайн сайхан ялгаагүй

Дэлхий юутай арвиныг сая би ойлголоо

Дэргэд нь хүн хэчнээн өчүүхнийг одоо би мэдлээ

Залуу явахад дэлхий бага, би том байж

Захад нь өтөллөө... туулж барсангүй

Тайлбар:

  1. Энэхүү нийтлэлд дурдагдаж буй түүхийн талаарх дүгнэлт нь зөвхөн судлаачийн гаргаж буй өнцөг юм.
  2. Mark Overton (2006), Agricultural Revolution in England
  3. Heinz D.Kurz (2013), Economic Thought: A Brief history
  4. https://www.explainthatstuff.com/timeline.html
  5. https://www.britannica.com/topic/The-Fourth-Industrial-Revolution-2119734
  6. Үндэсний статистикийн хороо