Индэр    
2019 оны 8 сарын 5
Зураг
Хуульч, сэтгүүлч

Орчин үеийн залуу хүний заавал сурах чадвар бол ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ

Нидерландын Гааг хотод байрлах Олон улсын эрүүгийн шүүхэд ахлах өмгөөлөгчөөр 14 дэх жилдээ ажиллаж байгаа Н.Орчлон хуульчтай Монголд ирээд байх хугацаанд нь уулзаж ярилцлаа.

Тэрбээр 200 мянга гаруй гишүүнтэй “Үнэртэй усанд дурлагсдын групп”-ийн админ хийдэг бөгөөд тус группийнхэн түүнийг “өвөө” гэж хүндэтгэн дууддаг.

Сошиал орчинд идэвхтэй байдаг түүний хувьд эх орондоо нэлээд шахуу хуваарьтай иржээ.

 

Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье. Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв ?

Жирийн л монгол айлын хүүхэд байлаа. Хүүхэд нас гэр хорооллын хүүхдийн жишгээр өнгөрсөн. Тавдугаар сургуульд сурдаг байлаа. Ээж тэнд шугам зургийн багшаар ажилладаг байсан.

Миний хувьд гэр хорооллын хүүхэд хотын төвийн сургуульд явдаг байсан болохоор багш нар харьяаллын дагуу сургуулиас шилжүүлнэ шүү гэхээс айдастай арав төгссөн. /инээв/

Дэлхийн сонгодог зохиолуудыг ээж багаас маань уншуулдаг байлаа. Миний ертөнцийг хамгийн томоор нээж өгсөн зүйл ном юм.

Хуульч мэргэжлийг сонгоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?

Хуульч болно гэж огт бодож байгаагүй. Манай гэрийнхэн дунд тэр үед хуульч хүн байсангүй. Миний үед орос хэл заадаг. Арван жилийн хичээлээсээ орос хэлдээ илүү сонирхолтой байсан.

Багаасаа дэлхийн сонгодог зохиолуудыг уншдаг байсан болохоор олон үндэстний зан заншил, түүх, соёлыг сонирхож өөрийгөө гадаад харилцааны чиглэлээр явна гэж боддог байлаа. 

Түүнээс биш яг ийм, тийм хүн болно гэж бодоогүй, надад ч тэгж зөвлөхөөр хүн байсангүй. Манай анги тооны сонгоны анги тул миний хувьд хичээлдээ тийм ч сайн байсангүй. Арав төгсөөд сургуулийн хуваарьгүй хоцорч бүтэн жил Эрээн-Монголын хооронд наймаа хийж үзэж байлаа. Гэвч шатаад дууссан даа.

Анх гэрийнхээ бүх хөрөнгийг валют болгоод Эрээнд наймаа хийхээр явж байхдаа Өвөр монголчуудтай таарч 400 доллараа суйлуулж ч явлаа.

Наймаачин байсан тэр үед найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд гадуур хоноод ирэхэд манай гэр шатаж, ээжийн нүүрний тал нь түлэгдсэн байж билээ. Тэгээд олсон жаахан мөнгөөрөө гэрээ засаж, ажилгүй, сургуульгүй, мөнгө ч үгүй, ганзагын наймаа ч үгүй Орчлон гэдэг хүн үлдсэн.

Нэг өдөр радиогоор Цагдаагийн дээд сургуульд элсэлт авна гэсэн зарын дагуу очиж шалгуулаад тэнцэж сонсогч болсон нь миний амьдралд эргэлт болсон байх.

Сургуульдаа ороод мэрийгээд эхлэхээр болмоор санагддаг юм билээ. Тэр нэг жил надад ихийг ойлгуулсан. Орчлоон чи мэргэжилгүй, боловсролгүй, мэдлэг чадваргүй байх юм бол хаашаа ч явахгүй хог дээр үсрэх юм байна шүү гэж.

Мэрийлтийн үр дүнд нэгдүгээр курсээсээ онц сурч эхэлсэн болохоор өөртөө итгэх итгэл ч нэмэгдэж Цагдаагийн дээд сургуулиа онц дүнтэй төгсөж байсан.

Миний бодит байдал ердөө л энэ. Түүнээс биш би өөрийгөө ясны хуульч гэж хэлж чадахгүй. Одоо бодоход би хуулийн болон олон улсын харилцааны ажлыг аль алийг нь зэрэг хийж байна гэж хэлж болно.

Учир нь олон улсын шүүхийн ажил гэдэг нь нэг талдаа олон улсын харилцааны, нөгөө талдаа олон улсын хуулийн ажил. Нэг үгээр бол зоосны хоёр талтай зүйрлэж болно.

Нийгмийн идэвх хэр өндөр оюутан байсан бэ?

Яаж сургуулиа амжилттай төгсөж ажлын захтай золгож өөрийгөө тэжээх вэ л гэж бодож байснаас биш нийгмийн идэвхтэй оюутан байгаагүй. Яахав, сургуулиа төлөөлж англи хэлний олимпиад, уралдаан тэмцээнд ордог байсан.

Миний ээжээс өгсөн зан бол аливаа зүйлийг жижиг, том гэлтгүй барьж авсан бол дуусгадаг. Олон юманд анхаарлаа сарниулахгүйгээр тууштай байж чаддаг гэх үү дээ. Энэ бүхэн миний ажил болон хоббинд нөлөөлдөг.

Таны гадаад хэлийг эзэмшиж байсан түүхийг сонирхвол?

Миний үед орос хэл заадаг байсан. Орос хэл одоо ч чухал. Ер нь сурсан цагт ямар ч хэл тухайн хүндээ чухал байдаг. Манай үеийнхэн бол жаахан сурсан орос хэлээ ашиглаж чадаагүй зарим нь мартсан л даа. Яалт ч үгүй л орос хэлээ ашиглах хэрэглээ багасч англи хэлэнд шахагдаж эхэлж байсан үе юм.

Манай ээж, эгч хоёр англи хэл зааж байсан зар хаанаас ч юм олж мэдээд намайг арав төгсдөг жил англи хэлний курст гурван сар явуулж байсан. Тэнд би учиргүй их юм сураагүй ч гэсэн англи хэлний сууриа тавьж чадсан. Дараа жил нь Цагдаагийн дээд сургуульд ороход англи хэлний программ дөнгөж манай сургуульд нэвтэрч байсан.

Хэлэндээ бусдаасаа илүү болохоор багшийнхаа анхаарлыг татна. Тиймдээ ч сургуулиа төлөөлж англи хэлний олимпиадад оролцохоос гадна хичээл, цугларалтаас чөлөөлж зуны англи хэлний сургалтад хамруулж байсан.

Тэр зуны сургалтыг орж байсан Англи хэлний институт буюу “ELIC” байгууллага одоо ч Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. Гэхдээ цар хүрээ нь нэлээн багассан харагдсан.

Гурван зуны амралтаараа явж байж миний англи хэлний суурь тавигдсан болохоос биш надад үнэтэй хэлний сургуульд явах боломж байсангүй. Миний амьдралын сургамж болгож залуучуудад хэлэхэд гурван сар ч, нэг сар ч бай сурсан байхад сураагүй хүмүүсийн дэргэд илүү гараад л явчихдаг юм.

Хүмүүс гадаад хэл сурахад олон хэрэггүй зүйл бодож өөрийгөө голдог нь маш буруу юм.

Хэлний дамжаанд сурсан ч яалаа хувиараа ганц, хоёр үг цээжлээд хэрэг байна уу гэж бодож өөрийгөө ерөөсөө голох хэрэггүй. Сурсан эрдэм хүнд хэзээд хэрэг болно.

 

Ганц худагт хорьсон хүмүүсээ нааш цааш нь зөөх явцдаа англи хэлээ сонсдог байсан. Манай гадаад багш кассет тоглуулагч магнитифон бэлэглэснийг англи хэлээ сонсохдоо мөн ч их ашигласан даа. Бүх хүнд 24 цаг оногдсон байдгаас хэн илүү ашиглаж чадсан нь л аливаа юмыг сурдаг.

Ажилдаа явах цаг, нойлд сууж байх цагаа хүртэл суралцахад зориулсан. Хүн суръя гээд эргэлт буцалтгүй шийдээд биеэ даагаад сахилга баттай байвал болдог л асуудал. Харин сурахгүйгээ хүрвэл мянган арга барил, мөнгө төгрөг юу ч байгаад сурахгүй л болов уу.

Миний үед одоогийнх шиг боломж бололцоо техник хэрэгслийн аль нь ч байгаагүй цаг үе. Хэлний курст сурах боломжгүй бол танд интернет ашиглаад суралцах мянган арга тэнд бий.

Англи хэлийг гадаад хэл гэж ойлгож хүлээж авахгүйгээр орчин үеийн залуу хүний заавал сурах чадвар гэж харах хэрэгтэй. Америк, Канад багш нарын шавь болоод явж байсан маань гадаадад сурах хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг суулгаж өгсөн.

Тэр үед одоогийнх шиг ийм олон тэтгэлэгт хөтөлбөр байсангүй. Тэтгэлэг олгодог цорын ганц гэж хэлж болох байгууллага нь тухайн үеийн Соросын сан буюу одоогийнхоор Нээлттэй нийгэм форумаас Америкийн шилдэг их дээд сургуулиуд руу монголчуудыг явуулж эхэлж байсан үе.

Англи хэлээ сайжруулж мэргэжлийн болгоод TOEFL гэдэг шалгалтыг нь өгөөд ямар ч байсан явах ёстой юм байна гэж бодсон.

Цагдаагийн ажлаа хийж байхдаа шөнийн 11, 12 цагт ажлаа дуусгаад америк багш дээрээ “хоёулаа TOEFL-оо бэлдье” гэж очиж гал тогоонд нь бэлддэг байлаа заримдаа ядарсандаа болоод ширээг нь дэрлээд унтаад өгөх нь бий.

Өглөө 6, 7 цагт босож буцаад ажилдаа явдаг байсан үе. Тэр америк багш маань Монголоос гурван хүүхэд өргөж авсан. Одоо бүгдээрээ том залуучууд болоод Америкт амьдарч байна. Ноднин том нь хуримаа хийсэн, охин нь өнгөрсөн жил Монголд хүмүүнлэгийн ажлаар ирсэн байхтай таарсан.

 

Мөрдөн байцаагч байсан тухайгаа ярихад би шударга мөрдөн байцаагч байсан шүү. Цагдаад ажиллаж байсан хоёр жилийн хугацаанд хүнээс нэг төгрөг ч авч үзээгүй, хоолонд ч даалгаж үзээгүй.

Миний үед хээл хахуулийн асуудал хүнд байсан одоо ч хэвээр байгаа. Хэрэг дээр ажиллаж байгаа хүн хээл, хахуульд автах магадлал өндөр байдаг.

Хүчээр мөнгө өгөх гэнэ, цагдаа, прокурор, шүүхийн хүмүүс нөлөөлөх гэж оролдоно. Эхний жилдээ ажиллаж байхад найрах гэж үзнэ, гуйна, аятайхан ярих гэнэ, мөнгө амлана, бүр хүүхэндүүлэх гэж оролдоно, архидуулах гэж үзнэ тэгээд дийлэхгүй болохоор нь Цагдаагийн ерөнхий газраас хүн авчирч дарамтлуулах гэж үздэг байх жишээтэй.

Нэг жилийн хугацаанд хуульдаа итгэж тэр болгонд нь татгалзаж өмнөөс нь хууль яриад эхлэхээр хэн ч, яаж ч чадахгүй. Хоёр дахь жилдээ бүгд мэддэг болоод шударга ажиллаж хамгийн олон хэрэг шийдсэн гээд тасгийнхаа хөдөлмөрийн аварга болж байлаа.

Та хоёр жил ажлаад хаашаа явсан билээ?

АНУ-ын Миннесотагийн их сургууль руу явсан. Эхний жилдээ тэтгэлэгт тэнцээгүйдээ одоо бодоход баярладаг. Яагаад гэвэл хуульчийн ажлын олон онцлогийг ойлгохгүй дөнгөж ажлын дөртэй болсон болоод явчих гээд байсан болов уу.

Хоёр жил ажиллахад хуульч хүнд байх ёстой дадлага чадвар болоод хууль сахиулах, хуульч хоёр нь өөр онцлогтойг мэдэхээс авахуулаад олон зүйлийг мэдэж авсан.

Мэргэжлээрээ тодорхой хэмжээнд ажлаад цааш нь үргэлжлүүлэн сурах хэрэгтэй гэдэг дээр олон хүн санал нийлдэг шүү дээ. Энэ талаар таны бодол?

Хуулийг шинжлэх ухаан биш гэж ярих нь бий. Хуулийн ажил бол нийгмийн ухаан. Иймдээ гардан хийж үзэж байж бүрэн мэдэрдэг. Ихэнх тохиолдолд би ажил хийж үз гэж зөвлөнө.

Академик чиглэлээр явж байгаа хүн ч гэсэн тодорхой хэмжээнд хуулийн ажил хийж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол амьдралаас хэт тасрах нь бий.

Та франц хэлийг сурч байгаа гэсэн. Таны ажил мэргэжилд маш их хэрэг болох хэл мөн үү?

Хэдэн хэл мэднэ тэр болгонд хүн юмыг өөрөөр сэтгэж, өөр өнцгөөс харж чаддаг болдог. Н.Орчлон гэдэг хүн англи хэлээр яриад эхлэхээрээ илүү нээлттэй болдог гэдэг ч юмуу. Анх 2006 онд Голландад очсон цагаасаа эхлэн сурч байгаа.

Гэхдээ англи хэл шигээ бүрэн мэддэг гэж хэлж чадахгүй. Сайн ойлгодог, сайн уншдаг төдий л байна.

Мэдээж НҮБ-ын албан ёсны зургаан хэлийн нэг. Мөн манай шүүхийн албан ёсны нэг хэл. Цаашид олон улсын хуулиар явах бол англи, франц хэлийг заавал сурах хэрэгтэй.

Америкт сурч төгсөж ирээд Монголд ямар ажил хийж байсан бэ? Ямар учрал тохиолоор олон улсын шүүхэд ажиллахаар шийдсэн бэ?

Олон улсын байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллахын хажуугаар эрүүгийн өмгөөлөл хийж байсан.

Одоо хүртэл яригдаад байгаа Б.Хурц генералтай холбогдох хэрэгт н.Энхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан гэх хэрэг дээр н.Санжаасүрэн өмгөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан.

НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг тусгай илтгэгчтэй хамтарч ажиллаж байлаа. Энэ хэрэг олон улсын түвшинд буюу НҮБ-ын хэмжээнд хүртлээ очсон. Одоогийн байгаа ажлаа интернэтээс олж материалаа бүрдүүлж өгөн тэнцэж байлаа.

Олон улсын эрүүгийн шүүхэд монгол хүн анх ажилд ороход таны энэ бүх ажлын туршлага илүүтэй нөлөөлсөн болов уу?

Америкт мастер хамгаалсан, ажилласан туршлага хоёрын аль аль нь нөлөөлсөн.

Миний хувьд мөрдөн байцаагч буюу яллах талд мөн өмгөөлөх тал болох өмгөөлөгчөөр аль алинаар нь ажиллаж үзсэн маань нөлөөлөхөөс гадна эх газрын хууль зүйн системтэй орон болох монголд хууль зүйн анхан шатны боловсрол эзэмшсэн англи-саксоны системтэй орон болох америкт мастер хамгаалсан англи хэлтэй ойролцоогоор таван жил мэргэжлийн ажил хийсэн Монгол хүн гэдгээрээ тэнцсэн болов уу.

Та олон улсын шүүхэд өмгөөлөгчөөрөө 13 жил ажилласан байна. Цаашид тус шүүхдээ шүүгч болъё гэсэн бодол бий юу?

 

Шалгуур бол ондоо. Тухайн иргэншилтэй улсынхаа хууль зүйн өндөр албан тушаалд томилогдох шаардлагуудыг хангасан байх ёстой гэсэн заалт байгаа. Нэмээд мэргэшсэн чиглэлийг харгалзахаас гадна англи, франц хэлийг бүрэн эзэмшсэн байх гол шаардлагууд бий. 

Хамгийн гол нь тухайн улсаас нь нэр дэвшүүлсний дараа сонгуулиар өрсөлдөж байж гарч ирдэг. Түүнээс биш би өөрөө мянга болъё гээд нэмэргүй. Гэхдээ миний хувьд болоогүй байна. Яагаад гэвэл би хэт залуу байна.

Дөнгөж дөч гарч байгаа хүнд ёс суртахууны хувьд тийм эрх байхгүй. Олон улсын шүүхийн шүүгчийн дундаж нас 60–70 нас байдаг. Дахиад доод тал нь 20 жил хуулийн ажил хийж байж шүүгч болох ёс суртахууны эрхтэй болно.

Монголоос олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчид нэр дэвшсэн хүн бий шүү дээ. Томилогдоогүй юм болов уу? Тэгсгээд чимээгүй болсон санагдаж байна.

Улс нь хүнээ нэр дэвшүүллээч бусад улсаас санал авч сонгогддог. Бүх шүүхийн гишүүн орнуудын ерөнхий ассамблей гэж бий. Тэнд улсынхаа нэрийн өмнөөс хүмүүс санал өгч байдаг.

Дунджаар 70–90 санал авах ёстой. Манай улсын шүүгчийн хувьд эхний шатандаа 25 улсын санал аваад цаашаа яваагүй. Гэхдээ энэ тоо бол чамлах үзүүлэлт биш.

Цаашдаа монгол хүн олон улсын шүүхэд шүүгчээр ажиллах боломжтой.

Танд Монголдоо ирж ажиллах бодол байдаг уу? Олон хүн энэ асуултыг асуухыг хүсч байгаа байх.

Насаараа тэнд ажиллахгүй нь мэдээж тул би ирнэ. Одоогоор боломж алга. Цаашид мэргэжил, чадвараа дээшлүүлэх шаардлагатай бөгөөд Монголд ирээд ийм юм хийнэ, бүтээнэ гэж хэлэх надад одоогоор эрт байна.

Та одоогоор хэдэн оронд очиж үзээд байна вэ?

Намайг жаахан байхад ээж Орос, Хятадаар дагуулж явж байсан. Түүнээс хойш ээж бид хоёр Нидерланд, Франц, Герман, Итали, Солонгос, Бельги, Ватикан гээд есөн орноор аялаад байна.

Хүн ээжтэйгээ хамт аялах хэрэгтэй. Одоогоор би бараг 50 орноор аялаад байна. Удахгүй 50 дахь орноо үзэхээрээ сэтгэгдлээ цахим орчинд сайхан бичье гэж бодоод байгаа.

50 орноор аялаж үзээд хэсэг завсарлаад цаашид 100 хүргэх бодол бий. Хорвоо дэлхийд үзэх юм их бий. Би 100 орноор аялсан байлаа ч дэлхий дээрх улсуудын дөнгөж тал хувь нь юм.

Сошиал орчинд нэлээн идэвхтэй байж залуучуудтай ойр байдаг хүний хувьд Монголын залуучуудыг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Зоригтой байж олон улсын түвшинд өөрийгөө сорих хэрэгтэй. Миний залхтал хэлдэг зүйл бол олон улсын байгууллагад очиж дадлага хий. Олон улсын түвшинд гарах хамгийн эхний алхам үүнээс л эхэлнэ. Тавигдаж байгаа шаардлагууд ажлын байранд өрсөлдөхөөс хавьгүй бага. Энийг л манай залуучууд хийж өгөхгүй байна.

Европ, Америкаа байг гэхэд Тайланд гээд ойрхон байна ш дээ. Банкокт гэхэд л ази, номхон далайн бүсийн орнуудыг хариуцсан маш олон газар байна. Олон улсын түвшинд гарахын тулд ажлын дадлага туршлага, хэрэгтэй. Манайхан нэг үеээ бодоход гадагшаа явж их сурдаг болсон байна.

Боловсролыг нь хангачихлаа гэхэд цаана нь ажлын дадлага, туршлага гэдэг зүйл бий. Би ерөөсөө “internship” гэсэн зүйл сонсохгүй байгаа.

 

Таны цагийн менежментийг сонирхож болох уу?

Надад цагийн айхавтар тогтсон менежмент гэхээр зүйл байхгүй. Би хэрэггүй зүйл огт хийдэггүй. Надад хэрэггүй, миний ажил мэргэжилд цаашид огт хэрэг болохгүй зүйлд ганц секунд зарцуулах ч хайран байдаг.

Амьдралдаа хэрэггүй зүйлсээ хасч чаддаг байх нь цагийн хэмнэлтийг авчирч байдаг.

Солонгос сериал өдөрт хоёр цаг үздэг бол тэрний оронд өшөө зүйл хийж байх нь танд үр өгөөжтэй. 5/5-ийн хууль гэж байдаг.

Таны хийж байгаа ямар нэгэн зүйл таны амьдралд таван жилийн дараа үр дүнгээ өгөхгүй бол таван минутаас илүү битгий зарцуул. Зарим хүн надаас чи ажил хийдэг юмуу гэж асуух нь бий.

200 гаруй мянган хүнтэй үнэртэй усны групп хөтөлж байна 10 гаруй мянган хүнтэй хуулийн групп бас хөтөлж байна хажуугаар нь мэргэжлийн ажлаа хийнэ, аавын үүргээ гүйцэтгэнэ, аялна гээд олон зүйлс бий.

Гэхдээ амжуулдаг болоод л энэ бүхэн амжиж байгаа гэж хэлье. Хамгийн чухал гэсэн хүмүүстэйгээ өглөө уулздаг. Орой уулзаад цаг үрж хоол идээд байх ямар ч хэрэггүй бөгөөд түүний оронд өглөө кофе уунгаа ярилцах нь илүү үр дүнтэй.

Хэрэггүй хүмүүстэй бол уулзаж суугаад байх шаардлагагүй. Энэ бүхэн л одоо миний цагийг хэмнэдэг зүйлс.

Хошин шогийн мэдрэмжийн талаар таны бодлыг сонсъё?

Маш чухал зүйл. Би хоббиндоо хошин шогийн мэдрэмжийг ихээр ашигладаг. Хүнд мэдээлэл хүргэхэд хамгийн хэрэгтэй зүйл байж чаддаг.

Хүний оюуны чадварыг шалгаж чаддаг зүйл бол хошин шогийн мэдрэмж. Монгол залуус ном уншихгүй байна гэдгийг ёгтлол ойлгохгүй байгаагаар нь мэдэх боломжтой.

Ёгтлол, ёжлол ойлгохгүй юмыг шууд утгаар нь хүлээж авч байгаа нь юм уншдаггүйтэй холбоотой ойлголт юм.

Ярилцсан танд баярлалаа.