Зураг
Зураг
Индэр    
2019 оны 7 сарын 26
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

30 нас хүртлээ уншсан хамгийн чухал 30 ном: 11–20 нас

30 нас хүртлээ уншсан хамгийн чухал 30 ном цувралын хоёрдугаар хэсэг, 11–20 насандаа уншсан чухал 10 ном.

Өсвөр нас бол жинхэнэ сонгодог уран зохиол уншдаг нас. Миний хувьд дунд болон ахлах сургуульдаа, ялангуяа зуны амралтаараа олон ном уншиж суух их дуртай байсан. Америкт дунд сургуулийн нэг багш маань бидэнд “Заавал унших ёстой 100 ном” гэсэн жагсаалт өгч байсан, яг хаанаас гаргасан жагсаалт байсныг санахгүй ч, энэ жагсаалттай төстэй: https://www.penguin.co.uk/articles/2018/100-must-read-classic-books/ .

Тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллах дуртай хүн учраас тэр жагсаалтынхаа дагуу уншсан номоо тэмдэглээд явах нь урамтай байдаг байсан. Энд онцолсон 10 номын маань 9 нь уран зохиолын ном, ер нь их сургуульд ортлоо уншсан номуудын 90% нь уран зохиолынх байсан гэхэд хол зөрөхгүй.

Уран зохиолын ном унших нь маш олон давуу талтай. Тухайлбал, сэтгэх чадвараа тэлнэ, хүнийг илүү ойлгодог болно, хэлээ сайжруулна, стрессээ тайлна, гэх мэт.

Мэдээж зөвхөн уран зохиолын ном уншаад өөр ном унших хэрэггүй гэж байгаа юм биш, гол нь одоо үед технологи хөгжиж мэдээлэл маш хурдан бөгөөд амархан авах боломжтой болсон цагт яарах юмгүй номын ертөнцөөр аяладаг байх нь бүр ч их чухал санагддаг.

(Жич: Номуудыг ерөнхийд нь ямар дараалалтай уншсанаар жагсаасан байгаа, харин тоо нь хэдэн насандаа уншсан эсвэл хамгийн чухал/дуртай гэдгээр эрэмбэлээгүй юм шүү).

11–20 нас

11. The Catcher in the Rye, J.D. Salinger

 

Энэ номыг 9-р ангид (ахлах сургуулийн эхний жил) орохын өмнөх зуны амралтаар унших ёстой номуудын жагсаалтад байсан юм.

Ер нь АНУ-ын өсвөр насны хүүхдүүдийн заавал унших номуудын нэг. Холдэнг хэмээх гол дүрийн ахлах сургуулийн банди нь эргэн тойрны бүх юманд шүүмжтэй ханддаг, ялангуяа бүх том хүнийг худлаа зантай гэж боддог (“phony”). Гэхдээ Холдэнг улам сайн таних тусам түүний бусдаас олж үзэн яддаг дутагдлууд нь өөрийнхөө дотор үзэн яддаг зүйлс байдаг. Тэр ер нь хүн болгонд байдаг зан санагддаг — бидний хамгийн түрүүнд бусдаас ажилгладаг сөрөг чанарууд нь бидэнд өөрт байдаг учраас тэгтлээ дургүй байдаг. Гол нь бүх юмыг шүүмжилж, дорд үзэж өөрийгөө тусгаарлах нь хүнийг ганцаардалд л хүргэж, тэгснээр өөртөө ямар ч давуу тал үүсгэдэггүй. Энэ нь манай өнөөдрийн нийгэмд өөртөө байнга сануулахад чухал санагддаг; ялангуяа сошиал ертөнцөөр компьютерийн дэлгэцний цаанаас бусдыг муулж суух нь амархан, бас харамсалтай нь дэндүү түгээмэл болсон.

12. Siddhartha, Hermann Hesse

 

Сиддарта ном нь бурхан багшийн гэгээрэх хүртэлх амьдралыг уран зохиолын аргаар дүрсэлсэн ном юм (харин ерөөсөө түүхийн ном биш, ихэнх үйл явдал нь зохиомол гэдгийг ойлгох нь чухал шүү).

Анх 9-р ангидаа англи хэлний хичээл дээр сарын турш нарийн уншин судалж дурласан юм. Багаасаа Буддын шашнаар өссөн хүний хувьд Буддын шашны болон бурхан багшийн түүхийн талаар бараг ойлголтгүй байдгаа ухаарч, илүү ойлголттой болох эх үүсвэр болсон юм. Энэ номынхоо чухал санаануудаас байнга ээж аавдаа ярьж өгдөг байсан боловч, бусад хүн өөрсдөө л анхааралтай уншиж байж л ойлгоно гэж санагдаж монгол хэл рүү орчуулъя гэдэг санаа орж ирсэн юм. Тэгж явсаар 2006 онд 11-р ангиа төгссөн зуны амралтаараа орчуулаад хэвлүүлж байсан юм. Хамгийн тод үлдэж, амьдрал дээр байнга харагддаг гол санаа нь хүн бүр өөрийн амьдралын замналаар амьдарч, жаргахдаа жаргаж, зовохдоо зовж, ойлгож, суралцаж явдаг. Хэний ч өмнөөс зовж чадахгүй, хэний ч өмнөөс суралцах боломхгүй, тэрийг ойлгох сэтгэл, чадвар, тэвчээр байх хэрэгтэй. Орчуулсан номоо дахин хэвлүүлье гэж бодоод л байдаг юм, тэгвэл энэ удаа арай маркетинг сайтай ажиллаж улам олон хүнд хүргэмээр байдаг.

13. The Bushes: Portrait of a Dynasty, Peter Schweizer and Rochelle Schweizer

 

Манайх 2001 оны намар АНУ руу нүүж байсан, тэрний өмнөх намар нь ерөнхийлөгчийн сонгууль нь маш өрсөлдөөнтэй болж, 2000 оны 11 сарын 7-нд эцсийн шийдвэрээр Буш, Гор хоёрын Буш нь сонгогдож дэлхийн хамгийн хүчирхэг гүрний 43 дахь ерөнхийлөгч болсон билээ. Жорж В. Буш сонгогдсоноор АНУ-ын түүхэнд хоёр дахь удаагаа аав хүү нар ерөнхийлөгч болж (2 дахь ерөнхийлөгч Жон Адамс ба түүний хүү 6 дахь ерөнхийлөгч Жон Квинси Адамс анхны аав хүү хоёр байсан юм) улс төрийн хамгийн нөлөө бүхий гэр бүлүүдийн нэг гэдгээ бататгасан.

Миний хувьд намтар унших маш дуртай, харин гэртээ санаандгүй олоод уншсан энэ ном нь зөвхөн нэг хүний намтар биш, бүтэн гэр бүлийн хэдэн үеийн тухай дурсагдсан нь сонирхолтой байсан. Мэдээж Кеннэди гэр бүлийн талаар зөндөөг уншиж байсан ч, Бушийн гэр бүлийн талаар олон нийтэд тархсан дүр төрх арай бүдэг болохоор илүү ихийг мэдэж авч байгаа шиг санагдаж байсан. Тэдний гэр бүлийн гишүүдийн талаар уншаад Барбара Буш (эцэг Бушийн эхнэр, хүү Бушийн ээж) их таалагдсан, тэр маш энгийн хэрнээ хүчирхэг эмэгтэй байсан. Жишээ нь тэр насаараа тэдний бүх танилцсан хүний нэрийн хуудас, холбогдох мэдээллийг нямбай хадгалж холбоотой байдаг байсан. Сүүлд нөхөр нь анх сонгуульд (Конгресс) өрсөлдөж эхлэхэд тэр олон нэр хаягууд руугаа сонгуулийнх нь талаар мэдээлэл явуулж хувь хүмүүсээс дэмжлэг авч эхэлдэг байсан. Тэр мэдээж жижиг жишээ ч, тэр нөхөр болон хүүхдүүдийнхээ хувьд маш нөлөө бүхий эмэгтэй байсан.

14. Great Expectations, Charles Dickens
 

Чарльз Диккенс бол түүхэн дэх хамгийн шилдэг зохиолчдын нэг, түүний зохиолуудад маш олон танил дүрүүд бүтээгдсэн. Түүний бичсэн олон зохиолд хайртай ч, хамгийн сүүлийн зохиолуудынх нь нэг болох Great Expectations нь хамгийн сэтгэлд үлдсэн. Пип хэмээн өнчин залуу харьцангуй залуу насандаа— ядуу өнчин байж үзсэн, тэр ном сурч үзсэн, баяжиж үзсэн, буруу зуршилд автаж үзсэн, хөрөнгөө үрэн таран хийж үзсэн. Дандаа л өөрийнх нь амьдрал ямар байх ёстой гэсэн хүлээлтдээ хөтлөгдсөөр яваад өөрийн мөн чанараа алдаж, магадгүй анхнаасаа олж ч чадахгүй явсан байх. Харин тэр бэлэн юм хүнд юм болж тогтдоггүй, хүлээлтэнд хэзээ ч хүрдэггүйг амьдралынхаа явцад ойлгосоноор энгийн сайхан хүлээлтгүй амьдралыг олоод жаргаж чаддаг. Одоо болтол хүлээлт гэдэг зүйл бодит байдлыг алдаг гэдгийг мэдээд байгаа хэрнээ хүлээлтээс бүрэн салж чадаагүй л яваа, гэхдээ энэ номоос ядаж мэдэж авсан шүү.

15. 1984, George Orwell

 

Жорж Оруэлл 1949 онд 1984 оныг зөгнөж бичихдээ тухайн үед дэлхийн дайнууд, Зөвлөлт Холбоот Улсын мандалт гэх мэт хүн төрөлхтний огцом өөрчлөлттэй үеүүдийг хараад ирээдүйн нийгмийг хамгийн аймаар байдлаар төсөөлж бичсэн бол олон зүйл нь өнөөдрийн нийгэмд ямар нэгэн байдлаар байдаг үзэгдлүүд болсон.

Өнөөдрийн Хойд Солонгосын тухай миний уншсан ихэнх тэмдэглэлүүд энэ номыг санагдуулдаг ч яг үнэндээ тийм холоос жишээ татах хэрэггүй. Бүр хүнд харанхуй хэсгүүдтэй нь харьцуулалгүй, зүгээр л орчин үеийн бүх нийгэмд бид үргэлжийн технологийн хяналтанд амьдарч, байнгын сурталчилгаагаар бөмбөгдүүлж, худал мэдээллээр бодол санаагаа цэнэглэж байгаа. Чөлөөтэй, эрүүл нийгэмд амьдрахын тулд дээрээс шаардчихаад л нөхцөл байдалтайгаа эвлэрэх биш, иргэн бүр оролцоотой байх нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хүн бүр боловсролдоо анхаарч, бие даан сэтгэх чадвараа хөгжүүлж, дор дороо бодитойгоор улс төрийн төлөөлөгч нартайгаа ажиллаж, идэвхтэй иргэний нийгэм бий болгох нь л 1984 шиг нийгэмтэй болохоос сэргийлэх үндэс суурь болж чадах байх гэж боддог.

16. The Great Gatsby, F. Scott Fitzgerald

 

Агуу Гатсби номыг хэдэн удаа уншсанаа ч мэдэхгүй, ямар ч байсан уншихад үнэхээрийн зугаатай, үнэхээрийн баялаг. 12-р ангидаа энэ номын тухай уран зохиолын шалгалтандаа (AP Literature) бичиж байснаа сайн санадаг.

1920-оод оны Америкийн нийгэм нь эд цэцэглэн дэлгэрч бүр галзуурч байсан үе (“roaring ‘20s”), шоу цэнгээн, тансаглалаараа түүхэнд алдартай үе. Тэрийг дагуулсан зөв буруу хөгжил, амбиц, тэмүүлэл нь яг л Америк мөрөөдөл гэгддэг хязгааргүй их боломжуудыг дагуулсан боловч хоосон чанартай байсан нь номонд ч тод тусгагдаж, түүхэнд ч 1929 оны эдийн засгийн гүн хямрал болсноор нотлогдох билээ.

17. Crime and Punishment, Fyodor Dostoyevsky

 

Оросын уран зохиол бол дэлхийн урлаг соёлд болон миний хувьд маш хүндтэй байр эзэлдэг. Достоевский, Толстой, Пушкин гэх мэт миний хамгийн дуртай зохиолчдын бүтээлээс уншихаар төрөлх Орос хэл дээрээ бүр гайхшруулмаар байдаг байхдаа гэж бодогддог. Харвардад ороод эхнийхээ улиралд Орос уран зохиолын хичээл үзээд уншиж байсан зохиолуудын талаарх ойлголтыг маань улам баяжуулж байсан билээ. Гэм Зэм зохиол нь яг л үйл явдал нь өрнөдөг Санкт-Петербург хотын өвөл шиг хүйтэн, харанхуйг мэдрүүлдэг, хүний сэтгэл дэх гүн харанхуй руу ч гэрэл тусгаж чадсан агуу зохиол. Мөн тэр үеийн ихэнх алдарт зохиолууд голчлон Оросын баячуул, дээдсийн хүрээлэн болон тариачин ард түмний амьдралыг тусгасан байдаг бол Гэм Зэм нь шал өөр амьдралыг харуулсан нь өвөрмөц байсан.

18. Lolita, Vladimir Nabakov

 

Лолита бол миний хамгийн дуртай зохиол гэж хэлэхэд болно. Набаков Орос зохиолч хэдий ч Лолитаг Англи хэл дээр бичиж хэвлэсэн бөгөөд өөрийн Орос дээрх орчуулгадаа хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй гэдэг. Тэр нь ч аргагүй байх. Яагаад гэвэл уншихад хэзээ ч давтагдашгүй яруу найраг уншиж байгаагаа мэдэрч, өөр ямар ч хэл рүү, өөр ямар ч байдлаар адилхан төгс хөврүүлж чадахгүй санагддаг. Үгээр үнэхээрийн зэвүүн тоглож чадсан учраас л уншигч би Хамберт хэмээх номын гол дүр ба тайлбарлагч хүний үгт автаж, хэлсэнд нь итгэж, бүр өрөвдчихсөн байж байсан. Үнэн хэрэгтээ Хамберт нь 12 настай охинд дурлаж түүнийгээ хулгайлж авч яваад зохисгүй харьцаа эхлүүлсэн аймшигт нэгэн, тэрийгээ байнга байнга уншиж байхдаа өөртөө сануулахгүй бол үгт нь уяраад л явчихдаг.

19. The Wind-Up Bird Chronicle, Haruki Murakami

 

Харвардад төгсөх жилдээ ороод эдийн засаг болон Зүүн Ази судлалын мэргэжлээ дүүргэх шаардлагатай хичээлүүдээ үзээд дуусч байсан учраас компьютерийн шинжлэх ухаан, азийн уран зохиол гэх мэт өөрийн сонирхлын хичээлүүд үзэх боломж гарсан юм. Өөрийн сонгосон орчин үеийн ази уран зохиолын хичээл дээрээ Харуки Муракамигийн зохиолтой анх танилцаж энэ номыг уншиж байсан юм. Тэр бол манай орчин үеийн хамгийн танигдсан, нөлөө бүхий уран зохиолчдын нэг бөгөөд түүний өвөрмөц стиль нь ойлгомжгүй юм шиг хэрнээ нийтлэг байж чаддаг нь гайхалтай. Түүний энэ номыг би анх уншаад юу уншаад байна аа гэж бодогдовч салж чадахгүй байсан, түүний бусад ном ч надад тийм өвөрмөц мэдрэмжийг өгч чаддаг.

20. The Picture of Dorian Gray, Oscar Wilde

 

1890 онд хэвлэгдсэн Дориан Грэйний Хөрөг нь 2019 онд өсвөр насныхан заавал унших ёстой зохиол шиг санагддаг. Бидний өнөөдрийн нийгэмд сошиал медиа хөгшин залуугүй хүмүүсийн сэтгэхүйг тодорхойлж, ялангуяа залуучууд гаднах үзэмж, бусдад харагдах байдал дээрээ хэт анхаарах болсон нь илт тод.

Монголд гэлтгүй дэлхий даяар л Instagram-аар “influencer” хэмээх гоо сайхнаа ашиглан элдэв хувцас хунар, нүүрний будаг, гоёл чимэглэл сурталчилсан залуусаар дүүрч, залуу үеийнхний гол “үлгэр дуурайлал” хүмүүс нь материаллаг, хөнгөн амьдралыг л сурталчлаад байгаа нь харамсалтай санагддаг. Дориан Грэй ч их залуу, царайлаг, бусдын анхаарлыг булаадаг нэгэн байгаад тэр нь түүний амьдралын төвлөрөл болж хэдийгээр тэр гоо үзэсгэлэнгээ хадгалсан ч цаагуураа хоосон, муухай хүн болоод байгаагаа тоохгүй явсаар бүр аймшгийн байдалд хүрдэг билээ.

Зохиолч Оскар Уайльд надад их дотно санагддаг яагаад гэвэл намайг Оксфордод MBA-ээ хийхэд нийт оюутнууд 4 ангид хуваагдаж, тэдгээр анги тус бүрт Оксфордыг төгссөн алдарт зохиолчийн нэр өгсөн бөгөөд манай ангийг түүний нэрээр нэрлэсэн юм. 2015 оны Halloween-ий баяраар бид бүгдээрээ хичээлдээ дүрд хувиран хувцаслан ирэхэд би орчин үеийн Дориан Грэйний Хөрөг болж ирсэн билээ.