2019 оны 7 сарын 26
Хуульч, сэтгүүлч

Өндөр уулсын орон Киргиз

Уулсын орон Бүгд Найрамдах Киргиз улсад очих завшаан тохиов. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг сургаал үг тэнд төрөх бөгөөд үзэсгэлэнт байгаль, үндэсний соёл, үүлс гэж андуурам мөнх цаст уулсын орой, зочломтгой түмэн нь эргээд заавал ирэх хүсэл төрүүлнэ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулдаг Төв Азийн улсуудын хэвлэл мэдээллийн салбарын 21 дэх удаагийн хуралд оролцох үеэрээ үзсэн харснаа та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.

НЭГ. Дотно янаг Киргизстан

 

Киргиз гэдэг нь этимологи: “Дөчин омгийн нутаг” гэсэн утгатай үг хэллэгийг “Киргиз” (дөчин) ба “-yz” (омгууд) Перс хэлний “-стан” (улс) гэсэн үгтэй хослуулсан нэр нь домогт Киргизийн баатар МАНАС-тай нэгтгэсэн дөчин овогт хамаарна гэсэн утгатай аж. Түүх, соёлын хувьд манай Монголтой салшгүй холбогдох үндэстэн юм. Увс аймгийн Хяргас нуур Киргиз хоёрыг нэг утга бүхий нэр гэж үзэх нь ч бий. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад айлчлахдаа Хяргас нуурын уснаас авч очсон гэдэг яриа бий.

Эрт цагт Монгол нутагт нүүдэллэж байсан улсуудын үр сад хожим энэ нутагт тархан суурьшсан билээ. Өөрийн танил Киргиз найзаасаа та нар яагаад энэ нутагт суурьших болсон юм бэ? гэхэд "Иссык куль нуур, Тэнгэр уулын сайханд нь татагдсан юм аа" гэж товчхон хариулав. Үнэхээр ч байгалийн сайханд нь татагдахгүй байхын аргагүй аж. Тал нутгийн нүүдэлчин хүү би анх Тэнгэр уулсын сүрдэм сайхныг хараад дуу алдам гайхаш төрж билээ. Үүлс мэт харагдаж буй мөнх цаст уулсын оройг харахаар үлгэрийн гэмээр газар орон гэлтэй. Киргиз, Казах, Узбек, Хятад улсыг дамнан 2500 км үргэлжлэн орших Тэнгэр уул нь 6,000 метрээс дээш 30 гаруй оргилтой бөгөөд түүний хамгийн өндөр цэг нь Киргиз Хятадын хилд байх 7,439 м өндөр Ялалтын оргил юм.

Тэртээд мөнх цэвдэг байвч энтээх уулын бэлд 40 хэм хүрч халдаг улирал тохиохуйд очив. Домгийн баатар Манасаараа нэрлэсэн нисэх онгоцны буудалд буусан цагаас жигнүүрт буй мэт бүгчим халуунтай энд байх хугацаандаа нүүр тулав. Цаг агаарын төлөв байдлын хувьд тааламжит дулаан бөгөөд өвөлдөө цас ихээр ордог хэдий ч -10 хэмээс дээш хүйтэрдэггүй байна. Иймдээ ч эндхийн жимс амттай, алдартай байдаг биз ээ. Урьд Торгоны зам дайран өнгөрдөг байсан энэ нутгийн амтат жимсийг Арабын Шах, Султанаас авахуулаад Азийн олон орны ноёд, түшмэд таалан болгоодог байсан буй заа.

Дотно янаг хэмээсний учир танил мэт газар орон, зочломтгой ард түмэн нь аргагүй халуун дулаан сэтгэгдэл төрүүлснийх юм. Мөн хүүхнүүд нь царайлаг, эрчүүд нь нөхөрсөг, түшигтэй улс байв. Гудамжинд “Монголын хэн гуай” явж байна даа гэмээр андуурам адилхан дүр төрхтэй улстай олонтой тааралдав.

ХОЁР. Алдарт зохиолч Айтматов Чынгыз Төрөкулович

 

Монголын ард түмэнтэй эчнээ танил болсон энэ эрхмийн дурсгалд зориулсан цогцолборыг үзэх завшаан тохиов. Монголчууд энэ эрхмийг “Зуунаас урт өдөр”, “Цаазын тавцан”, “Баяртай Гульсарь” “Жамиля”-гаар нь мэдэх юм. Чингиз Айтматовыг өөрийнх нь гэрээслэлийн дагуу түүний аавынх нь шарилтай цуг нойрссон олон зуун хэлмэгдэгсдийн дэргэд нутаглуулсан ажээ. Мөн энэ цогцолборт 1916 оны босогчдод зориулсан хөшөө, дурсгалууд бий. Хожим Киргизстаны Засгийн газраас тэдгээрийн гэгээн дурсгалд зориулж цогцолбор босгон тусгай хамгаалалтад авсан байна.

Хамт явсан хүмүүсийн нэг нь Чингиз Айтматовын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж адис авахдаа өөрийн эрхгүй нулимс мэлмэрүүлэхийг хараад энэ зохиолч манай монголын уншигчдад ямар том байр суурь эзэлдэгийг ойлгов. Орчны эргэн тойрныг ажвал уулсын бэлээр үхэр сүрэг бэлчиж байх нь дэргэд бөгөөд нүүдэлчин соёлоо одоо ч гэсэн хадгалсан хэвээр. Тоонот нутгийн нам гүмийг эвдэн салхины аясаар хангир жингэр хийх чимээ сонстох нь 1916 оны үндэсний хувьсгалд зориулсан 10 гаруй метрийн өндөр хөшөөнөөс доош унжуулан өлгөсөн олон дөрөөнийх байв. Эзэн нь байхгүй энэ олон залуусыг хүлээх агт морийг төлөөлүүлэн уналганы эдлэл хэрэглэл болох дөрөөгөөр төлөөлүүлжээ.

Биднийг очиход Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нь тус улсад айлчлал хийсэн бөгөөд өмнөх өдөр нь тус цогцолборт очин хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн байгаатай тааралдсан юм. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга нь нэг сарын өмнө тус улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ Бүгд Найрамдах Киргиз улсад суух элчин сайдын яамаа нээсэн билээ.

Айтматов нь 2008 оны тавдугаар сарын 16-ны өдөр бөөрний дутагдлын улмаас улмаас Германы Нюрнберг хотын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад мөн оны зургаадугаар сарын 10-нд 79 насандаа хатгаагаар нас баржээ. Түүнийг нас барсан тухай Нью -Йорк Таймс сонин “ЗХУ-ын хязгаар нутаг болох ЗСБНКиргиз Улсын ард иргэдийн ЗХУ задрахын өмнөх үеийн дуу хоолойг илтгэсэн коммунист зохиолч” гэж тодорхойлоод “хожим дипломатч, ЗХУ-ын лидер Михайд Горбачевын зөвлөгч, дотны найз болжээ” гэж нэмсэн байдаг. Тэрээр 1963 онд Жамиля зохиолоороо Лениний одонгоор шагнуулсан бол Баяртай, Гульсары! зохиолоороо ЗХУ-ын Төрийн шагнал хүртжээ.

ГУРАВ. Бишкек хотын тухай товчхон

 

Хуучин ЗХУ-ын үед энэ хотыг Фрунзе гэдэг байсан бөгөөд 1991 онд Бүгд Найрамдах Киргиз улс нь тусгаар тогтнолоо зарласнаар улсын нийслэлээ хуучин нэр болох Бишкек гэж нэрлэсэн байна. Бишкек гэдэг нь айрагны бүлүүр гэсэн утгатай үг юмсанж. 2009 оны байдлаар тус хот нь 851,000 хүн амтайгаар бүртгэгджээ. 15–20 жилийн өмнөх Улаанбаатар хотыг энэ хотоос харж болох юм.

Үдийн халуунд хот ил хуль, хөл хөдөлгөөн багатай байх агаад автомашины хөдөлгөөн тун сийрэг бололтой. Эндхийн ногоон байгууламж маш их бөгөөд тэдгээрээ өндөр уулсын усыг суваг татан ашиглах замаар усалгааны асуудлаа шийджээ. Хот төлөвлөлт нь хуучин зөвлөлт маягийн барилгаас бүрдэх бөгөөд шинээр баригдаж буй өндөр барилга тун цөөхөн харагдана. Хотын төвөөр нь 20–30 минут алхаад л төв талбай, музей, засгийн газрын ордон, үзвэр үйлчилгээний төвүүдийг нь харчих боломжтой. Төв талбайгаа домгийн баатар Манасааараа нэрлэсэн бөгөөд тэнд уг баатрын хөшөө сүндэрлэн харагдах аж. Манас нь манай ард түмний Гэсэр, Жангарын туульд гардаг домгийн баатар эр бөгөөд сүүлд судлаачид түүхэн хүн байсан гэдэг санал дэвшүүлэх нь ч бий.

Бидэнд худалдаа хийх цаг зав байсан тул Бишкек хотын Oшский захаар хагас өдөр хэртэй хэсүүчлэв. +41 хэмийн халуунд хар захаар хэсэх нь амар биш бөгөөд эндэхийн зах дээрх бараа бүтээгдэхүүн, гаднах орчин зэргийг нь үзвэл олон талаараа манай Нарантуул захтай тун адилхан санагдаж байв.

Манайхан тус хотыг зөвлөлтийн үед Фрунзе нэртэй байхад нь олон монгол оюутан суралцсанаар нь мэдэх юм. Хүмүүс Ж.Гүррагчаа баатрыг тус хотод суралцсан гэж андуурдаг. Гэвч Фрунзегийн нэрэмжит нисэх хүчний академид буюу өөр хотод суралцсан билээ.

Бишкек хотоос 30 км яваад өндөр уулсын бэлд нь очих бөгөөд мөнх цасны усаар тэжээгдэх цагаан гол догшин ширүүнээр урсана. Уулсын бэлд нь +40 хэмээс +30 хэм болтлоо буурах бөгөөд энэ хотын иргэд манайхан шиг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж голын эрэг дээр шорлог хийцгээж байхтай тааралдана. Энэ удаад алдарт Иссык куль нуурыг нь үзэх завшаан тохиолдоогүй бөгөөд Бишкек хотоос 3–4 цаг засмал замаар давхиад хүрэх боломжтой гэв. Киргиз уулсын аялал жуулчлал нь Иссык куль нуурандаа илүүтэй төвлөрсөн байх бөгөөд монголчууд тус нуурыг Ишгэн хөл хэмээн нэрлэж ойлгодог бол Киргиз хэлэндээ дулаан нуур гэсэн утгатай ажээ.

Энэ нуурын эрэг дагуу аялал жуулчлал өндөр хөгжсөн бөгөөд Бүгд Найрамдах Казакстан улсын ерөнхийлөгч Н.Назарбаевын хувийн эдлэн газар байдаг гэх. Сүүлийн үед дундаас дээд давхаргын Киргиз хүмүүсийн дунд тус нуурын эрэг дагуу хувийн газар, хаус авах явдал мода болж байгаа гэж хамт явсан нутгийн бүсгүй тайлбарлав. Зах, супермаркет дахь юмны үнэ Монголтой ойролцоо бөгөөд эндэхийн мөнгөн тэмдэгт болох Сомоор гүйлгээ хийнэ. Нэг төгрөг 40 сомтой тэнцэж байв. 8000 төгрөгөөр өдрийн хоол, десерт, айран буюу тараг худалдаж авахад хангалттай. Айрагны бүлүүр гэсэн нэрэндээ таарсан мэт Бишкек хотоос айраг олоход тийм ч хэцүү биш бөгөөд манай баруун Монголоор эсгэдэг айргийг санагдуулам амттай байв.

Түүх, соёл нэгтэй Киргиз, Монгол хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчих бөгөөд энэ улсыг олон Монгол залуус үрж үзнэ гэх итгэл төрснийг нуух юун. Цаашид нүүдэлчин соёл, зочломтгой найрсаг харилцаа, сүрлэг өндөр уулс, дулаан нуураа түшиглэсэн аялал жуулчлал хөгжсөн улс болох нэн боломжтой санагдлаа.

x