Индэр    
2019 оны 7 сарын 19
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Манай сургууль

Монголын нийгмийн дүрслэл

Та өөрийнхөө 10-н жилийн сургуулийг санаж байна уу? Тэр талаар танд ямар дурсамж үлдсэн бэ? Мэдээж дурсдаг л биз дээ. Тэгвэл энэ удаа Монгол Улсаа 10-н жилийн сургуулийн нэг анги байна гэж төсөөлөөд үзээрэй. Тэгвэл маш олон зүйл ойлгомжтой болж болох юм гэж бодлоо.

Хичээлийн шинэ жил

 

Бат-Эрдэнэ маань дөнгөж түрүү жилээс1 л тус сургуульд орсон ба анги нь Монгол гэж хуваарилагдсан юм. Тэрээр хичээлийн анхны өдөр үл ялиг хоцорсон тул гүйсээр ирж, өөрийн жагсаалдаа орлоо. Удаан уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзаж сонин сайхнаа сонсоод эргэн тойрноо хартал сурлагаараа толгой цохих Люксембург, Норвеги ангиуд цаанаа л дэгжин бас гайхалтай харагдана. Тэдний яриаг сэм чагнавал өмнөх шигээ л ойлгомжгүй зүйлсийг ярьж байна. Тэд мэдээллийг хэрхэн ухаалгаар ашиглах тухай, дэлхийн дулаарлын тухай, сансарын аяллын тухай ярилцаж байв. Уг нь анхаарал тавин сонсохыг хичээсэн боловч чихэнд нь нэг л наалдсангүй. Ангид нь хэзээ ч тийм зүйлс ярьдаггүй болохоор цоо шинэ байсан биз. Ийнхүү Бат-Эрдэнэ тэднийг надад хамаагүй юмнуудаа л ярьж байна гэж бодон анги руугаа орох нь тэр.

Анги нь улам л навсайсан харагдана. Зун засвар ороогүй бололтой. Угаасаа ч арга ч үгүй биздээ. Бат-Эрдэнийн ангийн сурагчид маань засварын мөнгөө хураалга гэхэд нь өгөөгүй юм. Ангийн даргаараа ангийнхаа атаманыг сонгочихсон болохоор нөгөөх нь ямар тийм зүйлсэд санаа тавих биш. Дарга маань ангийнхнаа л ээлжилж дарамталдаг ажил хийдэг. Харин энэ жилийн сонирхолтой нь ангид нэг зүйл газар авчээ. Үүнийг тэд “Популизм” гэх ба энэ нь юу зөв бэ гэдэгт биш бусад нь юу сонсохыг хүсэж байна гэдэгт төвлөрөх тухай юм л даа. Жишээгээр тайлбарлавал багшийгаа өөр ангиудад нууцаар хичээл заадаг тэгээд биднийг албаар муу гаргадаг тул түүнийг болиулах хэрэгтэй. Муу гарсан нь бидний буруу биш, түүний буруу гэж хэлэх тухай. Өөрөөр хэлбэл сурагчид юу сонсохыг хүснэ түүнийг л хэлэх тухай юм л даа. Ангийн дарга бол үүгээрээ гаршсан нөхөр аж. Хараад байхад арга ч үгүй биз. Угаасаа сонгоны анги Америкт хүртэл энэ зүйл газар авсан байхад...

Манай анги

 

Хичээл орж эхлэх үеэр Бат-Эрдэнэ2 бодов. Яавал манай анги сургуульдаа шилдэг болох вэ гээд. Энэ жилээс өөрчлөлтийг хийж бас сургуульдаа нүүр бардам явмаар л байна шүү дээ. Тэгээд одоо байгаа нөхцөл байдлаа бодитоор нь, бүтнээр нь харахыг хүссэн юм. Сурлагын дүнгээрээ сургуульдаа 113-т жагсдаг3. Нийт сурагчдынх нь 30 орчим хувь нь сургуулийн стандартаас доогуур дүнтэй. Манай ангийнхан угаас хөрөнгө чинээ муутай айлын хүүхдүүд тул бусад ангийнханд ер нь л дээрэлхүүлчих гээд байдаг. Мөн манайд нэг сонин бодол бий. Тэр нь найман жилийн өмнө хамгийн сайн анги нь байсан болохоороо өөрсдийгөө одоо ч мундаг гэж боддог. Тийм болохоороо бусад ангийнхнаас суралцах хэрэггүй гэж үздэг нь эмгэнэлтэй. Бүр бүх үзүүлэлтээрээ сургуульдаа муу байхад шүү дээ.

Тэгээд тухайлсан хэд хэдэн хичээлийн хувьд үүнийгээ бодож үзэв.

Хичээл “Аялал жуулчлал”

Эхлээд цойлж болох боломжтой хичээлээ бодов. Тэр нь “Аялал жуулчлал”. Тус хичээл нь нөгөө бахархаад байдаг 8 жилийн өмнөх сайн байсан түүхээ бусдын өмнө яриад л онц нэмж авах боломжтой ганц хичээл. Гэтэл байдаггүй шүү. Сурлагынх нь чанарыг улсын хилээр орсон гадаадын зорчигчдын тоо гэх энгийн үзүүлэлтээр хэмжиж болно. Нөгөө үзүүлэлтэд гэм нь жинтэй өсөлт огт байхгүй.

Яавал сайжрах вэ гэж бодов. Мэдээж хичээл давтах арга барилаа бүгд өөрчлөх ёстой болно. Үүнийгээ агаарын тээврийн гол байгууллагаа хувьчлал хийх гэдэг аргыг нэвтрүүлээд, нисэхийн хүчин чадлыг нь нэмэгдүүлээд, жуулчдыг ирэх үед нь халуун дотноор хүлээн авдаг болоход л их зүйл өөрчлөгдөх гээд байдаг. Гэхдээ үүнийг манай анги бас л хийхгүй. Ойлгомжтой. Эсрэгээрээ авлига явах боломжтой юм чинь гээд бүхнийг төрд үлдээнэ. Дээр нь ирсэн зочдыг энэ тэнд явж байхад зодно. Элдэв үгээр хараана.

 

За дүүрч... Өөр ямар хичээл дээрээ сайн байж болох вэ гэж бодов. Энэ үед мэдээж “Уул, уурхай” хичээл санаанд орох нь дамжиггүй.

Хичээл “Уул, уурхай”

Азаар нэг хичээлдээ арай гайгүй. Тэр нь “Уул, уурхай”. Гэхдээ тэр хичээлдээ өөрсдөө бол их дургүй. Зөв юм уу, буруу юм уу мэдэхгүй л дээ. Уг нь энэ ангийг сургууль нь тэрүүгээр л таньдаг юм билээ. Угаасаа ганц л тэр ангийг хаалгачихгүй байгаа хичээл нь аж.

 

Угаасаа ч энэ тийм олигтой хичээл биш. Дараа жилээс сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хасагдаж мэдэх эд. Гэхдээ бас ад үзээд, муулах хичээл ч биш. Тэгээд Бат-Эрдэнэ ийнхүү бодов. Уг нь энэ хичээлээ сайн хийж байгаад түүгээрээ гол нь хичээл хийх арга барилаа бүрэн олоод авчихвал аштай юу гэж. Нэгэнт хичээлийн арга барилтай болсон хүмүүс чинь бусад хичээл дээрээ ч сайн байх боломжтой шүү дээ. Үгүй ер нь энүүгээрээ сургуулийн багш нарт гайгүй харагдчихвал тэд нар нь хүн л юм хойно биднийг арай өөр нүдээр харах болов уу даа... Гэнэтхэн нэг сонирхолтой хичээлийн тухай бодож эхлэв.

Хичээл “Санхүү”

Энэ ёстой нэг янзын хичээл. Тус хичээлийн “Зээлийн хүү” сэдвээр шалгалтан дээр ангиараа унасан байдаг. Тэгээд тус хичээлийг тэд хаа таарсан газартаа л муулж явдаг. Гэтэл үнэндээ өөрсдөө “Валютын ханшийн тогтвортой байдал” сэдвээ уншчихсан байсан бол ийм зүйл болохгүй л байлаа шүү дээ. Учир нь тэр хоёр нь нягт хамааралтай сэдвүүд аж5

 

Тэгээд шийдлийг ийнхүү болов. Бусад бүх л анги “Валютын ханшийн тогтвортой байдал” сэдвээ их сайн уншдаг шүү. Манайх яагаад энийгээ уншдаггүй вэ гэсэн нөгөө анхны давтлага хичээлээр орж байсан “Төлбөрийн тэнцэл” гэх хичээлээ ойлгосон хүн манай ангид байдаггүйг олж мэдэв. Сууриа ойлгоогүй юм чинь яаж дараа дараагийн сэдвээ ойлгох вэ дээ. Тэгээд бүр шалгалт өгнө гээд байгаа шүү. Мэдээж хичээлээ хийгээгүй атлаа шалгалтад унасан байдлаа багшийн буруу гэж тайлбарлах олон сурагч байдаг л даа. Одоо яая гэх вэ.

Ингээд бүр шантарсан тэрээр хичээлээр нь бодох нь утгагүй санагдаж, илүү суурь шалтгаан луу орохыг хүссэн дээ. Ангийнхнийхаа хичээлээ хийдэггүй байдлыг тэдний ар гэр ядуу, хичээл хийх цаг байдаггүйтэй холбоотой байж болох талаар гаргалгаа гаргав. Шууд толгойд буух шийдэл нь ангийн хэмжээнд тогтмол давтлагын цагтай болох явдал байв. Сургуульд нь үүнийг тэд “Нийгмийн даатгал” гэж нэрлэнэ.

Давтлагын цаг “Нийгмийн даатгал”

Ангид нь уг нь давтлагын цаг байх нь байгаа. Гэхдээ тэр нь ер бусын үр ашиггүй.

 

 

Тэрбээр өмнөх жил сурлага тааруухан байсан хэд хэдэн ангийн тухай бодов. Тэд бүгд давтлагын цагаа яг л нэг аргаар шийдсэн байдаг аж. Тухайлбал: Казахстан 1998, Унгар 1998, Польш 1999, Латви 2001, Болгар 2002, Хорват 2002, Эстон 2002, Литв 2004, Словак 2005 онд тус тус арга барилаа сольж, реформ хийсэн байдаг6. Тэд яаж хийв гэхээр нийгмийн даатгалд багтах тэтгэврийн сангийн реформ хийсэн ажээ. Тодруулбал гурван давхаргат тогтолцоог нэвтрүүлсэн аж.

 

 

Тайлбар: Яагаад заавал үүнээс тэтгэврийг онцолж байна гэхээр 2018 оны нийгмийн даатгалын сангийн алдагдал 200 тэрбум ₮ байхад түүнд багтах тэтгэврийн сангийн алдагдал 500 тэрбум ₮ юм.

Энэхүү системийг бий болговол санд төвлөрсөн мөнгийг элдэв аргаар иддэг нь багасч, хүн бүрт хүртээмжтэй болно. Улмаар манай ангийн сурагч бүрт хичээл давтах цагтай болно. Үгүй мөн сайхан аа гэж бодов.

Ингээд л сайхан мөрөөдөж байх зуураа нэг л мэдэхэд нүдээ анин инээмсэглэн суухад багш нь:

Хүүе Бат-Эрдэнээ чи хичээлийн анхны өдөр хичээл дээрээ унтах нь уу? Эдний анги гэж бүр нэг болж байгаа зүйлгүй сонин анги шүү. Бусад ангиуд нь туслах гэхээр хөөж туугаад ойртуулахгүй. Багшийн хэлж буй зүйлийг ойлгохгүй. Гэртээ номоо уншихгүй. Тэгээд “Популизм” нтр гээд муу юм болохоор их сайн. Бусад ангиуд чинь “Мэдээлэл технологи” хичээлээ лавшруулан судлаад одоо олимпиадад орох гэж байна. Танайд ер нь энэ хичээлдээ бүрэн суудаг хүн байна уу? гээд л баруун, солгойгүй загнасан даа. Гэнэт Бат-Эрдэнийн уур хүрч, юун энэ ангийн хичээл номыг сайжруулах, юун манлайлах. Төвөг зүгээр. Зүгээр өөр анги руу шилжье. Тэр нь хамаагүй амар. Хичээлийн жил эхэлж байна, одоо л шийдвэрлэе гээд нүдэндээ жаахан нулимстай ангиас гаран захирлын өрөө рүү гүйх нь тэр.


 

Тайлбар*:

  1. Энэхүү түүхэнд нэг зууныг нэг хичээлийн жил хэмээн үзсэн болно

  2. Гол дүрийг Монгол Улсын хамгийн түгээмэл нэрээр төлөөлүүлэв. Нийт 15,322 ширхэг байдаг.

  3. Энэхүү үзүүлэлтийг нэг хүнд ногдох ДНБ-р авч үзсэн болно

  4. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт

  5. https://www.investopedia.com/ask/answers/040315/how-do-changes-national-interest-rates-affect-currencys-value-and-exchange-rate.asp

  6. Arza, C., & Kohli, M. (2008). Pension reform in Europe. New york: Routledge