Гэмтлийн эмнэлгийн мэдээгээр, өнгөрсөн оны наадмын өдрүүдэд 16 хүүхэд мориноос унасан шалтгаанаар ирсэн. Тархины гэмтлүүд хэд хэд байсан гэх.
Улсын баяр наадам эхлэж, бүгдээрээ огшиж эхлэхээсээ өмнө тоонуудаа эргэн нэг санацгаая. 2019 он дөнгөж гараад хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан, мөн нэгдүгээр сарын 18-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон уралдаанд хүүхэд мориноос унан ноцтой бэртэж гэмтлийн эмнэлэгт ухаангүй иржээ.
2017 онд хурдан морины уралдааны явцад нийт 629 хүүхэд мориноос унаж, үүнээс гэмтэл авсан 169 байгаагаас гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд нь амь насаа алдсан.
Тиймээс ч энэ тухай Aljazeera.com дээр 2017 оны 8 сард нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна. Өөрөөр хэлбэл, гадны хэвлэлүүд ч хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийн асуудалтай манай уламжлалт хурдан морины уралдааны тухай сонирхсоор байна.
Хэнтий аймаг -"Би хүүгээ үнэхээр их санаж байна. Түүнд яагаад морь унахыг зааж өгсөн юм бол, яагаад түүнийг уралдаанд явуулсаар л байсан юм бол доо гэж би өөрөөсөө байнга асуудаг.” хэмээн долоон настайдаа нас барсан Лхагвадорж хүүгийн аав П.Батсайхан хэлэв.
Хүү морины уралдааны үеэр амиа алджээ. Монголын морин уралдаан дэлхийд хамгийн урт замтай, хамгийн бага насны хүүхдүүд морь унадаг уралдаануудын нэгд тооцогддог байна.
Лхагвадорж хүү морьноос унахдаа моринд гишгэгджээ. Тэр толгойны хамгаалалт өмсөөгүй байсан бөгөөд гавлын яс нь бяцарсан байна.
Энэ үед аав нь түүнийг бариан дээр хүлээж байв.
“Би бүх хурдаараа эмнэлэг дээр ирсэн боловч, тэр аль хэдийн амьсгал хураасан байсан. Би хүүгийнхээ хажууд бүтэн цаг чимээгүй суусан даа.” хэмээн тэр дурсан ярьсан юм.
Монгол Улс бол мориор давхин эзэнт гүрнээ байгуулсан Чингис Хааны төрсөн нутаг. Өнөөдөр морь бол Монгол Улсын тусгаар тогтнол, шүтээний бэлэг тэмдэг.
Хуулиараа унаач хүүхдийн доод насны хязгаарыг долоон нас гэж заасан боловч, Al Jazeera таван настай Бабу шиг унаач хүүхдүүдийг олсон юм.
"Би хурдан давхих дуртай. Уралдаан бол хамгийн гоё нь," гэж тэр хэлэв.
Бабу бол 30,000 унаач хүүхдүүдийн нэг нь юм. Тэр жижигхэн учраас аав нь эмээл дээр мордуулж өгдөг байна. Олон сарын бэлтгэлийн дараа, тэрээр анхныхаа уралдаанд уралдах гэж байгаа аж.
24 км, ямар нэг тэмдэглэгээгүй, тоос шороотой замаар бусад 80 унаач хүүхдүүийн хамт, аавынхаа азаргыг унан уралдах гэж байгаа нь энэ. Тэр үнэхээр уралдахыг тэсэн ядан хүлээж байна. "Би морь унах, түрүүлэх үнэхээр дуртай," хүү хэлэв.
Хүүхдийн Хөдөлмөр
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас эртний энэ спортыг хүүхдэд аюултай хөдөлмөр эрхлэлт гэж үзжээ. Сүүлийн таван жилийн гэмтлийн эмнэлгийн мэдээллээр, 1,500 унаач хүүхэд гэмтэж, 10 хүүхэд уралдааны үеэр нас барсан байна.
Гэмтсэн унаач хүүхдүүдийг эмчилж байсан гэмтлийн эмнэлгийн мэс засалч эмч П.Баярсайхан хэлэхдээ, “Хүүхдүүд бидэн дээр ирэхдээ маш хүнд гэмтэж ирдэг, хүүхдүүд учраас нүд халтираад харахад их хэцүү байдаг.”
Толгойны хамгаалт зүүх ёстой гэсэн хуулийг үл хайхран олон хүүхдүүд толгойны хамгаалалтгүй уралдаж байна.
Хамгаалалтын хувцас өмсөөгүйгээс болж унасан хүүхдүүд дотор толгойны гэмтэл элбэг байдаг гэж П. Баярсайхан эмч хэлэв. Зарим тохиолдолд удаан хугацааны тархины гэмтэлтэй үлддэг байна. Мөн тэрбээр хэлэхдээ, унаач хүүхдүүд үнэн зөвөөр өөрт тохиолдож болох эрсдлийг үнэлэх чадваргүй учраас аюултай байдалд ордог гэв.
Хүүхдийн Тэвчишгүй Хөдөлмөрийн Үндэсний Сүлжээний төлөөлөгч Ц.Баттуяа хэлэхдээ, унаач хүүхдүүд ихэвчлэн ядуу айлын хүүхдүүд бөгөөд, зарим тохиолдолд энэ спорт руу хүчээр түлхэгдэн орж хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болдог байна.
Тэрбээр хэлэхдээ, “Бид юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, хүүхдүүдийг морь унуулахгүй гэж хэлээгүй, хөдөлмөрийн мөлжлөгөөс хүүхдүүд хол байх ёстой. Бид хүүхдийн эрх болон аюулгүй байдлыг хамгаалах гэж хичээж байна”.
Шинэ Хууль
2011 онд унаач хүүхдүүд толгойны хамгаалалт өмсөх ёстой гэсэн шинэ хууль гарсан. Зөвхөн наадмаар болдог уралдаан л дүрэмтэй байдаг, тийм учраас уяач нар өөрсдийн хувийн уралдаандаа аюулгүй байдлын дүрмийг үл тоон уралдуулдаг гэж Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны сайд асан Ц.Оюунгэрэл тодорхойлов.
Хэрвээ уяач унаач хүүхдийн үхэлд буруутай нь тогтоодвол хамгийн ихдээ 8,000$ төлөх торгуультай. Ц.Оюунгэрэл хэлэхдээ, энэ бол хангалттай шийтгэл биш, илүү хүнд шийтгэл хэрэгтэй гэв.
“Одоогийн байдлаар уралдааны үеэр нас барсан унаач хүүхдийн үхэлд хэн ч хариуцлага хүлээж шоронд ороогүй байна. Энэ бол маш том асуудал яагаад гэвэл хүүхэд нас барсан байхад улсаас хэнийг ч яллаагүй байна” Ц.Оюунгэрэл
Зарим хүүхдүүд уралдахын тулд, бүтэн цагаар бэлтгэл хийхийн тулд сургуулиасаа гардаг. Уралдахад хэтэрхий том болсон үед нь ажил олдохгүй асуудлууд гардаг хэмээн Ц.Оюунгэрэл хэлэв.
Ц. Оюунгэрэл тайлбарлахдаа, “Тэр хүүхдүүд боловсрол эзэмшихгүй байгаа нь бас нэг том асуудал болж байна.”
Улс төр хурдан морьны уралдаан хоёр нь нягт уялдаатай ороны иргэний нийгмийнхэн энэ асуудлыг зөв цэгцтэй хуульчилж дүрэм тогтоохгүй байгаа нь улс төрийн ашиг сонирхол байгаа гэж хардаж байна.
2017 оны жилийн эхэнд Al Jazeera Монголын улс төрчид 654 хурдан морь эзэмшиж байгааг олж тогтоожээ. Хүүхдээр морь унуулахыг бүрэн хориглох тал дээр цөөн хэдэн дуу хоолой байгаа боловч уламжлал үргэлжилсээр байхаар харагдаж байна.
“Хэрвээ хүүхдээр морь унуулахгүй гэвэл энэ Монгол биш болно. Миний бодлоор бүх л Монголчууд хүүхдээ морь унаж сургахыг хүсдэг…бид уламжлалт уралдаан гэж яг юу болох, хүүхдүүдээ хэзээ зогсоохоо мэддэг байх хэрэгтэй” гэж Ц.Оюунгэрэл хэлэв.
Таван настай Бабугийн хувьд, хурдан морны уралдаанд орсноороо дэлхийн хамгийн хэцүү уралдаануудын нэгэнд орж байгаагаа батлаж байгаа.
"Би наадмаар шагнал хожихыг хүсэж байна," хүү хэлэв.
Түүний аавын хувьд, 1,000 жилийн өмнөөс үүдэлтэй гэр бүлийн уламжлалаа бахархалтайгаар үргэлжлүүлсээр байгаа ажээ. "Бид морьтойгоо амь нэгтэй. Бидний цусанд байгаа.” гэж тэрээр хэлэв.
Өгүүллийг: Drew Ambrose & Daniel Connell
Эх сурвалж: Aljazeera.com