Индэр    
2019 оны 6 сарын 10
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

30 нас хүртлээ уншсан хамгийн чухал 30 ном: 0–10 нас

 
Ах бид хоёр шинэ сургуульдаа элсэх гээд сууж байгаа нь (St. Mary Abbott’s Primary School, Лондон хот)

Саяхан миний төрсөн өдөр болж би 30 нас хүрсэн юм. 29 хүрчхээд байхад 30 л хүрээгүй юм чинь “залуухан” гэж өөрийгөө тайвшруулж байсан бол 30 хүрэнгүүт нээх онцгой ялгаа мэдрэгддэггүй юм байна. Тэгсэн ч гэсэн амьдралынхаа өөр эрин үед хөл тавьж байгаа мэдрэмж яах аргагүй төрдөг юм байна, магадгүй 30 нас хүрэхтэй холбоотой маш олон зөвлөгөө байдгийнх ч байх.

“30 нас хүрэхээсээ өмнө заавал сурах хэрэгтэй зүйлс”, “30 нас хүрэхээсээ өмнө заавал амжуулах ёстой зүйлс” гэх зэргийн гарчигтай бичвэрүүд хүн бүр л уншиж байсан байх. Тэр дунд өөрийнхөө бодлоос тэмдэглэмээр санагдаж, хамгийн түрүүнд өдий хүртэл уншсан номуудаасаа сурсан зүйлсээ хуваалцмаар санагдлаа. Учир нь хүн хүний туулах зам өөр байхад хэн ч адилхан номыг нээгээд унших боломжтой, бас өөр өөрийн мэдлэг туршлагадаа нийцүүлэн тусгаж авдаг. Би 30 нас хүртэлх жилүүдээ 3 ангилаад тухайн 10 жил бүрт уншсан хамгийн дуртай 10 ном, нийт 30 дуртай номоо гурван хэсэг цуврал болгон хуваалцлаа.

0–10 нас

Хүүхдийн бага нас, тэр тусмаа эхний 5 жил нь тархи болон биеийнх нь хөгжлийн хамгийн чухал жилүүд гэсэн судалгаанууд байдаг. Тийм учраас багаас нь ном уншиж өгч, номд дуртай болгох нь зүйтэй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Миний хувьд их азтай багаасаа номд дуртай болох бүх нөхцөл бүрдсэн - аав ээж маань их чухалчилж харамгүй ном авч өгч уншуулдаг байсан, бас манайх намайг 4 настайд Лондон хот руу нүүж миний сургууль номд их дуртай болгох дээр анхаарахын сацуу Лондон хот дахь улсын номын сангууд гайхалтай – карт нээлгээд л хэд хэдээр нь гэртээ ном авч явж унших боломжтой байсан. Энэ үед би их танин мэдэхүйн ном уншиж бас уран зохиолын номд их дурласан.

1.Children’s Encyclopedia, Britannica

 

Манайх Англид анх очоод л аав маань гэртээ Британника номын бүх ботийг авч байсан билээ, тэр үед цалингаараа яаж ч хүргэж авч байсан юм, ямар ч байсан айлд заавал байх ёстой гэсэн ойлголттой тийм том хөрөнгө оруулалт хийсэн байх. Гэр бүрт интернэт гэж байхгүй, Google, Wikipedia гэж огт байхгүй энэ үед номоос л мэдээлэл авах боломжтой, одоо бодохоор сонин.

Тэр номтой дагалдаж хүүхдийн нэвтэрхий толь ирсэн, тэрийг манай ах бид хоёр энд тэндээс нь хэдэн жил уншиж өөр хаанаас ч олж авахгүй мэдээллийг гэрээсээ мэдэж авдаг байж билээ. Одоо үед интернетээс бүх юмыг олоод мэдчих боломжтой ч, жаахан байхад зурагтай, хүүхдэд тохирсон хэллэгтэй, хэвлэчихсэн номыг гүйцэх эх сурвалж байхгүй байх.

2. Horrible Histories, Terry Deary

 

Бүр бага байхаас л манай ах шинэ мэдээлэл, танин мэдэхүй, түүх гээд л маш олон сэдвээр өргөн мэдлэгтэй бас сонирхолтой байсан, би ихэвчлэн хичээлээсээ гадуурх мэдээллийг ахаасаа л авдаг байсан. Ямар спортын баг дэмжих, ямар шинэ кино үзэх, дэлхий дахинд ямар үйл явдал болж байна, зоо парк дээр очоод өвөрмөц амьтдын нэрс гээд л тоочоод баршгүй ихийг түүнээс мэдэж авдаг байсан.

Яаж яваад ч юм ах маань энэ Horrible History номын цувралыг олоод уншдаг болчихсон байсан, тэрийг нь би анх хараад сонирхохгүй байсан хэрнээ нэг уйдахдаа уншаад дуртай болсон юм. Энэ номууд нь үе үеийн дэлхийн түүхийг хошин аргын хэллэг болон зургаар өгүүлсэн байдаг. Тэр үед 6 настай л байсан байх тэгэхэд хичээл дээр заагаагүй түүхийг ойлгож, шимтэн дурладаг байсан.

Энэ нь намайг түүх илүү сонирхдог болгосон ч гэсэн би одоо хүртэл жаахан уйтгартай маягаар бичсэн түүхийн ном (жишээ нь ихэнх сурах бичиг миний хувьд тийм байдаг) уншихаараа шууд нойр хүрээд ойлгож чаддаггүй. Харин сонирхолтой хэлбэрээр өгүүлэхэд маш сайн ойлгодог бас сонирхдог— жишээ нь багш нар маань амилуулж ярьж өгөхөд, уран сайхны болон баримтат кино анхаарал татахуйц байдлаар тайлбарлах, гэх мэт.

Энэ нь надад юуг ойлгуулсан бэ гэвэл хүн болгоны мэдээлэл хүлээж авах суваг болон чадвар нь өөр — нэг сувгаар хүлээж авч чадахгүй байгаа нь чадахгүй, ойлгох боломжгүй гэсэн үг биш, зүгээр л арга барилаа өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Миний хувьд иймэрхүү ном, түүх сонирхож ярьж өгдөг ах, бас цөөхөн хэдэн сайн түүхийн багш байхгүй байсан бол би хэчнээн түүх ойлгох хэрэгтэй гэдгээ мэдсэн ч өөрийгөө сурч чадахгүй хүн байна гэж хүлээн зөвшөөрөөд сонирхохгүй байсан байх.

Ер нь дэлхий даяар боловсролын салбарт хэчнээн арван жил дорвитой шинэчлэл явагдаагүй, нэг хэв маягаараа л зааж хүүхдүүдийг “хичээлдээ сайн”, “хичээлдээ муу” аль эсвэл зарим хичээлд сайн зарим хичээлд муу гээд л ангилчихдаг.

Магадгүй “муу” гэсэн сурагч нар дунд зөндөө олон сайн байх боломжтой хүүхдүүд байдаг, гол нь тэдэнд заах арга барил нь тохироогүй. Үүнийг эцэг эх, багш, сурагч нар ойлгон анхаарч зөвхөн л “хичээлээ давтах хэрэгтэй” гэсэн ойлголтоо өргөжүүлж хувь хүмүүсийн онцлог дээр суурилаад “яаж сурвал үр дүнтэй вэ?” гэдэг дээр төвлөрдөг болох хэрэгтэй.

3. The Young Dancer, Darcey Bussell

Би багадаа гурван л юмны улаан фен байсан— балет, хийл хөгжим, Spice Girls хамтлаг зэрэг. Хамгийн анхны дурлал, донтолт нь балет байсан. Анх ээжийн таньдаг Англи хүн биднийг зул сарын баярын үеэр Лондонд Цөмөөхэй балетыг дагуулж үзүүлээд л би шууд дурласан байх, тэгээд л балетчин болох нь миний тухайн үеийн амьдралын утга учир болсон юм.

Балетын хувцас, балетын зураг, балеттэй холбоотой юу ч байсан анхаарлыг хэдэн цагаар татдаг байсан билээ. Ээж аав маань ч намайг балетийн дугуйланд элсүүлж би ангийнхаа найз охинтойгоо явдаг байсан, гэхдээ тэр нь анхан шатаас эхлүүлж ном заавар дагуу зааж байсан нь миний төсөөлж байсан шиг шууд өлмийн дээрээ эргэлдэж сурахгүй нь харамсалтай байсан.

Харин тэр дугуйланд явж эхэлсэн жил миний төрсөн өдрөөр надад элчингийн нэг айлынх энэ балетын тухай хүүхдийн нэвтэрхий толь номыг бэлэглэж би тэр өдрөөс хойш номоосоо салахгүй дор хаяж хоёр жил болсон санагдаж байна. Бүх юмны нэрийг нь цээжилж, бүх хөдөлгөөнийг нь зураг харж дагаж хийгээд л, тоглолтын тайз, хувцас болгоныг мөрөөддөг болсон.

Хичнээн балетчин болох мөрөөдөл маань биелээгүй ч, би тэр урлагийн талаар маш сайн суурь ойлголттой болж, түүнээс илүү нэг сонирхолдоо бүх анхаарлаа төвлөрүүлэн тууштай хөгжүүлж сурсан шиг санагддаг. Ер нь хүүхдийн ямар ч сонирхлыг боломжоороо өчүүхэн ч гэсэн дэмжиж хөгжүүлж байх нь маш том бэлэг болно.

 
Балетын дугуйландаа найзтайгаа — он сараас нь харахад миний 8 насны төрсөн өдөр байж

4. Scrambled Legs, Jahnna N. Malcolm

Балетад дурласан үедээ номын санд явж байгаад санаандгүй энэ номыг авч уншиж байсан юм. Энэ нь хүүхдийн уран зохиолын цуврал ном, таван балет огт сонирхдоггүй, хоорондоо тэс өөр охид нэг дугуйланд хамт орж таараад найзууд болдог тухай. Үйл явдал нь нэг л хөгжилтэй бас балеттай холбоотой болохоор дор нь шимтэж уншаад цувралыг үргэлжлүүлж уншмаар санагдсан.

Дүүргийн номын санд маань цувралын ганц нэг л ном байгаад байдаг, би нэгийг уншиж дуусаад л ахиж унших гээд хорхой хүрээд байдаг. Тухайн үед ичимхий байсан ч номын санчаас олж өгөхөд туслаач гэж гуйж, заримыг нь өөр дүүргийн номын сангаас захиж авчруулж байсан. Ингэж анх цуврал уран зохиолд дурлаж, мөн номын сангийнхаа гайхамшгийг ч мэдэрсэн. Одоо эргээд бодохоор анх өөрийн дуртай юмныхаа араас хөөцөлдөж, бүтээх арга зам олж сурсан юм байна.

5. The Complete Nonsense of Edward Lear, Edward Lear

Манай сургууль дээр жил бүр “Beaver Cup” хэмээн шүлгийн тэмцээн болж анги болгоноос хүүхдүүд цээжилсэн шүлгээ сургуулийн өмнө уншиж, хамгийн гоё илтгэсэн хүүхдийг шалгаруулан цом дээр нэрийг нь бичдэг байсан. Энэ тэмцээнд бүх хүүхэд оролцож шүлэг цээжлэх шаардлагатай байсан бөгөөд анх нэг дүгээр ангидаа бид Edward Lear-ийн хүүхдийн хөнгөн шүлгийн номтой танилцаж байсан.

Шүлгүүд нь маш хөгжилтэй (бас утгагүй) үйл явдалтай, цээжилхэд амархан, уншихад урамтай байдаг байсан. Жишээ нь “Owl and the Pussy Cat” шүлгийг бүх Англи хүүхэд цээжилж байсан гэхэд гайхахгүй.

Би тэр тэмцээнд хэзээ ч түрүүлж, байр ч эзэлж байгаагүй ч гэсэн энэ шүлгүүдийг уншиж, цээжилж миний хэл анх задарсан гэж боддог. Ер нь хүүхдэд багаас цэцэрлэгт нь дуу шүлэг цээжлүүлдэг нь маш зөв санагддаг - сонсоход чимэгтэй бас бага насны хүүхдэд тохирсон шүлгүүд хэл сайжруулна, юм цээжилдэг болгоно, уран хэллэгт танилцуулна гээд л зөндөө давуу талтай.

6. Charlie and the Chocolate Factory, Roald Dahl

 

Би саяхан сонсоход алдарт хүүхдийн зохиолч Роалд Далын номууд монгол хэл дээр орчуулагдан хэвлэгдэнэ гэж байсан. Би энийг сонсоод маш их баярласан яагаад гэвэл Роалд Дал бол бага насны маань хамгийн дуртай уншдаг байсан номуудын зохиолч. Хүүхдэд ойлгогдохоор энгийн хэллэгээр шидэт ертөнц рүү дагуулдаг хэр нь яг л хүүхэд болгоны дотор орсон юм шиг бодит болон энгийн хүслүүдийг нь ойлгож, хэчнээн нас явах тусам ч хуучиршгүй сургаалуудыг өгүүлдэг.

Миний Англид сурч байсан сургуульд багш маань үдээс хойш хичээл тарахаас өмнө дандаа үлгэр уншиж өгдөг байсан. Анх хоёр дугаар ангид байхад манай багш Роалд Далын Esio Trot хэмээн яст мэлхийн тухай номыг уншиж өгдөг болсон (Esio Trot гэдэг нь tortoise гэдэг үгийн үсгүүдийг эсрэгээр бичсэн). Тухайн үед манайх Англи руу нүүгээд жил л болж байсан болохоор миний англи хэл сайжирч л байсан, би талыг нь сайн ойлгодоггүй л байсан санагддаг.

Харин ангийнхан маань сонсоод л инээж гайхаж байгааг нь хараад би өөрөө ойлгож уншмаар санагдаж түүний номуудыг уншдаг болсон. Хэл маань ч сайжирч бага багаар арай урт зохиолуудыг нь уншдаг болж Charlie and the Chocolate Factory номыг 4 билүү 5-р ангидаа анх уншаад салмааргүй байсан. Чарли гэдэг хүүхдийг өрөвдөж, хайрлаж, өмнөөс нь баярлаж, догдолж, сүүлдээ биширч - анх удаа л зохиолын дүртэй тийм дотны холбоотой болж үзсэн.

Тэр цагаас хойш хэд хэдэн Роалд Далын номын дүрүүдтэй гүн холбоотой болохоос гадна (James and the Giant Peach-ийн Жеймс, Matilda номын Матилда гээд л зөндөө үе үеийн хүүхдүүдийн хайрыг татсан дүрүүд байдаг) уншиж байгаа ном, үзэж байгаа кино болгоныхоо дүрүүдийг илүү ойлгож хүндэлдэг болж, цаашлаад эргэн тойрны хүмүүсийн гаргаж байгаа занг илүү ойлгодог болсон байх.

Энэ нь миний цаашдаа empathy буюу хүнийг ойлгох сэтгэлтэй болоход чухал суурь тавьсан гэж үздэг. Мэдээж аав ээж, өсгөж байгаа хүмүүсийн хүмүүжил их чухал ч, бага байхад ихэнх юмыг “тэгэх ёстой”, “тэгэх ёсгүй” гэж хамгийн түрүүнд хүлээж авдаг. Харин “яагаад?” гэдэг нь дараа нь бага багаар хөгжиж, “аав ээж тэгж хэлсэн болохоор” байж байгаад хүнтэй холбогддог сэтгэл нь хөгжих тусам “хүн өвтгөж болохгүй, гомдоож болохгүй” гэсэн ойлголттой болж, цаашлаад “хүн намайг тэгвэл надад муухай, тиймээс би хүнийг тэгмээргүй байна” гээд нинжин сэтгэлтэй болж эхэлдэг.

Үүнийг хэчнээн хүүхдэд хэлж өгч болох боловч, шууд ойлгуулж мэдрүүлж чадахгүй санагддаг. Энийг хүн ертөнцтэй өөрөө танилцаж байж бий болдог бол, сонирхолтой ном (тэр тусмаа уран зохиолын ном) хүнийг нэг газраасаа хөдлөхгүйгээр ертөнцөөр аялж олон хүнтэй танилцах боломжийг олгодог. Роалд Дал миний хувьд бүр багаасаа ганцаараа бие даан ертөнцөөр аялж хүн ба хүн чанар гэдэг ойлголтыг сонсох төдийгүй мэдрэх үүд хаалгыг нээж өгсөн агуу зохиолч хүн.

7. Good Night, Mr. Tom, Michelle Magorian

 

Энэ номыг би 5-р ангидаа ангийнхаа номын сангаас санаандгүй олоод уншиж байсан. Тухайн үед миний уншсан хамгийн өрөвдөлтэй, хүнд үйл явдалтай ном байсан байх. Дэлхийн 2-р дайны үед Лондон хотод их аюултай болж айлууд хүүхдүүдээ хөдөө айл руу явуулж байсан. Тэр дунд Уильям хэмээн хүчирхийлэлтэй гэрт өссөн хүү Том хэмээн зожиг өвгөнийд амьдрахаар болсон.

Тэр хоёр бага багаар бие биедээ дасч, улмаар аав хүү хоёр шиг дотно харилцаатай болж бие биедээ хайртай, хэрэгтэй хүмүүс болдог. Маш хүнд үйл явдалтай хэрнээ түүнээс илүү маш их хайр, хүнлэг сэтгэлийг мэдрүүлсэн, сэтгэл хөдөлгөсөн ном байсан.

Яг хүүхдэд зориулж бичсэн хэрнээ дайн аллага, хүн төрөлхтөн дунд байж болох хамгийн онцгүй харьцаа (жишээ нь архи болон хаагдмал үзэл бодлоосоо болж төрсөн хүүхдээ зовоодог ээж), шашин болон үзэл бодлын ялгаан дээр суурилсан байж боломгүй үйлдлүүд, гэх мэт чухал сэдвүүдийг хөндөж бодитоор харуулахын зэрэгцээ хүнлэг харьцаа, хайр тэр болгоныг анагаах чадвартайг харуулсан. Энэ номыг уншчихаад хэд хэдэн найзыгаа бас заавал уншаад ярилцъя гэж байснаа сайн санадаг.

8. Jane Eyre, Charlotte Bronte

Манай балетын дугуйлан дээр Jane Eyre балетын жүжгийн сурталчилгаа ханан дээр хадсан байсныг нэг охин ээжээсээ энэ ямар учиртай жүжиг вэ гэж асууж байсныг сайн санадаг юм. Тэр охины ээж нь Жейн Эйр гэдэг охин нь өнчин, хатуу дотуур байртай сургуульд яваад багш нарт дээрэлхүүлдэг байсан хэдий ч даруухан хэр нь дайчин эмэгтэй болж өсдөг гэж ярьж өгөхийг нь сонсоод энэ номыг олж уншсан.

Магадгүй миний уншсан анхны шилдэг зохиолуудын нэг, үг хэллэг нь уншихад хүнд хэдий ч дуустал нь уншиж, сүүлд 17 настайдаа ахиад уншаад гайхширч байсан. Сайн уран зохиолын ном нь ямар ч цаг үед хүн төрөлхтний нийтлэг зан чанар, үйлдэл, харьцаа, тэмцлийг тусгаж чадсан байдаг.

Жейн Эйрийг Шарлотта Бронте 1847 онд анх хэвлүүлж байсан гэхэд итгэмээргүй, тэр цаг үед эмэгтэйчүүдийн нийгэм дахь байр суурь тэгш бус, Англид эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрх, тэрний төлөө тэмцэл огт сураггүй (1928 онд л батлагдаж байсан) гэхэд Жейн бол одоо цаг үед ч гайхалтай биеэ даасан чадварлаг гэгдэх эмэгтэй.

Амьдралын бүх хатуу хүтүүг өөрийн хөдөлмөр болон зөв сэтгэлээр даван туулж, тэр тусмаа энэ нь хайр дурлалтай ном бөгөөд эрэгтэй хүнд аврагдаад амьдрал нь жаргалтай болдоггүй, харин ч өөрөөсөө хүчирхэг эрэгтэйг өөрөө авардаг гэх мэт зүйлүүдийг арай том болоод дахин уншихад бүр их анзаарсан. Номын ид шид нь хэзээд ч уншсан ном өөрчлөгдөөгүй атал уншигч өөрөө өөрчлөгдсөн байдаг болохоор ахин дахин уншихад ч үр өгөөжтэй байж чаддаг.

9. Little Women, Louisa May Alcott

Би 6-р ангидаа зурагтаар анх Little Women кино гарч байхаар нь үзээд номыг нь заавал уншмаар санагдаад уншиж байсан юм. Бас яах аргагүй шилдэг зохиолын тоонд багтдагаас гадна, Америк зохиолчтой, Америкийн иргэний дайны үед сэдэвлэсэн ном байсан нь надад өвөрмөц байсан. Тухайн үед Англид байсан болохоор миний ихэнх уншиж байсан ном Англи байсан бол, энэ номыг уншаад өөрийн эрхгүй дэлхийг арай өргөнөөр харж, сайн ойлгохын тулд АНУ-ын тухай, тэр үеийн түүхийг нь судалж уншсанаа санаж байна.

Хэдийгээр гол дүрүүд болсон дөрвөн эгч дүү, тэдний гэр бүлийн дулаан хэрнээ адал явдлаар дүүрэн харилцаа нь хаана ч хэзээ ч уншсан хүн ойлгож сэтгэл хөдлөх ч, энэ номыг тухайн үед уншсанаар цаашдаа номыг илүү “context” буюу нөхцөл байдлыг илүү харгалзан ойлгож уншдаг болсон. Тэр үед номоо илүү сайн ойлгох гээд хамааралтай түүх, зохиолч гэх мэт сэдвүүдийг судалж байсан нь цаашид маш их хэрэг болох ур чадвар болсон.

Ахлах сургуульд, их сургуульд, ажил дээр гараад юу ч хийсэн юмыг шууд уншаад хүлээж авалгүй хэн, хаана, хэзээ, яагаад бичсэн/ хэлсэн гэдгийг эргэцүүлэн бодож байж дүгнэлт хийхийн чухлыг ойлгосоор байгаа.

Энэ номыг би АНУ-д анх очоод ахиад уншиж хичээл дээрээ эссэ бичиж өгч байсан, дахиад уншихад бүр л сонирхолтой байж чадсан. Мөн зохиолч Луиза Мэй Олкоттийн бичсэн, гол дүрийн охины амьдралыг өгүүлсэн дараагийн ном Jo’s Boys-ийг уншиж байсан. Нэмж хэлэхэд 2020 онд Little Women-ийг ахиад шинэ кино болгож гаргана, тэр кинонд нь миний сүүлийн үеийн хамгийн дуртай жүжигчин Timothee Chalamet тоглоно.

10. Harry Potter, J.K. Rowling

 

Харри Поттер ба түүний найзуудтай би зэрэг өссөн шиг санагддаг. Намайг 8 настай байхад цувралын анхны ном хэвлэгдэж тун удалгүй дэлхийг шуугиулж орчин үед бичигдсэн хамгийн алдартай номын цуврал болсон байх. Анхны номын эхлэлд Харри яг 11 нас хүрч байсан бол цувралын дараагийн хэдэн ном яг жил бүр хэвлэгдэж, Харри бид хоёр ч хэчнээн жил бараг л чацуу явсан даа (би 9-тэй байхдаа уншиж эхэлсэн).

Энэ номыг манай ах бид хоёр олон жил шүтэж амьдарсан даа. Жил болгон дараагийн ном гарахыг хүлээнэ. Гарангуут нь өдөр шөнөгүй уншиж, ээжийг унт гээд байхад л хөнжил дотроо гар чийдэн тусгаж байгаад л уншиж дуусгана. Ялангуяа эхний гурван ном л гарсан байсан үед гэрийн интернет ч гэж байгаагүй, бид хоёр уйдах тоолондоо уншсаар байгаад ном болгоныг дор хаяж гурав гурван удаа бүрэн уншсан байх.

Кино нь гарахад найруулагч продюсерүүдийнх нь өмнөөс зовж, хэр юм хийх болдоо гэж ярилцана. Зөвхөн бага насны ч биш бүхэл амьдралын маань үнэхээрийн хайртай, онц чухал зохиол, уран бүтээл гэвэл Харри Поттерийг л хэлнэ.

Харри Поттероос нэг л юмыг тусгаж авсан бол тэр нь “хайр бүхнийг дийлдэг”. Хорон санаатай, бурууг эрхэмлэдэг хүмүүс зайлшгүй байдаг ч, ертөнц дээрх хамгийн хүчтэй зэвсэг бас хүнийг огт ухаангүй удирдаж чадах зүйл ч хайр байдгийг дахин дахин харуулдаг. Хамгийн тод жишээ нь Харригийн духан дээрх сорив - энэ сорив нь өвөрмөц шидтэй, тэр нь ээжийнх нь хязгааргүй их хайраас бий болсон.

Ээж нь хэдийгээр нялх байхад нь нас барсан ч түүний хайр нь Харриг насан туршид нь хамгаалж, ер бусын чадварлаг болгосон. Хүний амь нас хэврэг байж болох ч, хайр хэзээ ч мөхөшгүй агуу хүчтэй байж чаддаг. Номоор дүүрэн нь л хариу нэхэхгүй агуу хайрын жишээнүүд байдаг.

Харин намайг их юм бодогдуулсан санаа нь сүүлд зохиолч Ж. К. Раулингийн ном дээр өгүүлээгүй нэгэн мэдээлэл: Дамбалдор ижил хүйстэн байсан бөгөөд залуудаа Гриндилвалд хэмээх чадварлаг шидтэнд хайртай байсан. Тэр тийм учраас нэгэн цагт маггл буюу ид шидгүй хүмүүсийн ертөнцийг эзлэхийг зорьж байсан. Тухайн үед энийг сонсоод зохиолч огт хэрэггүй мэдээлэл өгсөн шиг санагдаж байсан, дахиад л “хайраас болсон” гэсэн тайлбар уйтгартай ч юм шиг.

Оронд нь Дамбалдор шиг сайн хүн ч залуудаа учраа олох гээд явахдаа өөрийн чадвартаа бардаж юмуу хэт амбицанд шунаж юмуу эрх мэдэлд толгойгоо алдаж юмуу муу юманд уруу татагдсан гээд л зөндөө хүний л амьдралд тулгарч болох зүйлүүд байж болох байсан юм шиг - энийг уншигч өөрөө дүгнэлт хийж болох байсан ч юм шиг. Харин цаг явах тусам амьдрал дээр ажиглахад хайраас илүү хүчтэй хүнийг дорвитой хөдөлгөдөг юм байхгүй л юм даа. Энийг хүүхэд насандаа уншиж, өсвөр насандаа үнэн худлыг нь бодож эргэлзэж, арай нас тогтоод л ойлгож эхэлж байна даа - жинхэнэ ид шид!