Түрүү долоо хоногт Алтан Хальс Олон Улсын Кино Наадам Улаанбаатар хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. Наадмын нээлтийн кино болох Өндөг киноны найруулагч, хүндэт зочин Ван Чюанань-тай хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.
Ван Чюань бол Хятадын зургадугаар үеийн найруулагчдын томоохон төлөөлөгч юм. Үе тэнгийн найруулагчдаас ялгаатай нь Вангийн кинонууд Хятадын хөдөө тосгоны амьдралыг ихэвчлэн хөнддөг. Түүний Өвөр Монголын Өөртөө Засах Орны монголчуудын талаарх “Туяагийн Хурим” (2007) бүтээл Берлиний кино наадмын шилдэг бүтээлд олгодог Алтан Баавгай шагналыг хүртсэн юм. Сүүлийн Монголд хийсэн “Өндөг” (2018) бүтээл нь мөн Берлиний кино наадмын уралдаант хэсэгт өрсөлдсөн.
- Анх яагаад найруулагч болъё гэж шийдсэн бэ?
- 18 настай байхдаа франц охинтой үерхсэн, тэр охин филмд их дуртай, олон гоё филм үздэг, филм хийнэ гэж боддог охин байлаа. Тэгээд би яагаад тэр охины мөрөөдлийг биелүүлж болохгүй гэж бодоод найруулагч болохоор шийдсэн. Францад үлдье гэж бодсон ч гэсэн Хятад улсаасаа холдчих байх гэж бодоод Beijing Film Academy-д 1987 онд элсэж суралцсан. 1991 онд төгссөний дараа 6 сарын 4-ний бослого хөдөлгөөн өрнөж манай ангийн ихэнх оюутнууд гадагшаа явсан ч би үлдэхээр шийдсэн. Кино үйлдвэрт ажиллаж байхдаа Америк, Итали улсын мундаг найрууулагч нарын мастер бүтээлүүдийг дурайллаа болгоод сонирхон судалдаг байсан.
- Сургуулиа төгссөний дараа найман жилийн дараа анхны киногоо найруулжээ. Энэ хугацаанд юу хийсэн бэ?
-Би эхлээд 10 кино зохиол бичье гэж бодсон. Гэхдээ энэ хугацаанд 13 кино зохиол бичиж төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Кино зохиол бичих, кино хийх гэдэг тусдаа зүйл биш. Кино зохиол бол өөрөө хөдөлгөгч хүч энерги, яг л пуужингийн энергитэй адилхан. Кино хийх бүтээх гэдэг бол асуудлыг шийдэх процесс.
- Филмүүдээрээ дамжуулж нийгмийн аль нэг асуудлуудыг хөнддөг үү?
- “Өндөг” филмээр жишээ авахад гол дүрийн эмэгтэй амьдралд тулгарсан асуудлыг Монгол аргаар шийдвэрлэж байна. Барууны оронд ийм асуудлыг шийдэхэд хэцүү. “Туяагийн Хурим” филм дээр эмэгтэй гол дүрийн жүжигчний нөхөр нь хөгжлийн бэрхшээлтэй учраас эхнэр өөр хүнтэй суугаад гурвуулаа хамт амьдарсан. “Өндөг” филм дээр хайртай эрэгтэйгээсээ хүүхэдтэй болж чадахгүй үед асуудлыг шийдэх арга замыг хайсан. Ардын дунд хүчтэй оюун ухаан байдаг нь боловсон нийгмийн бүх зүйлээс дээгүүр байна гэсэн утгатай. Кино зураг авалт эхлэхээс 15 хоногийн өмнө би кино багийнхандаа кино зохиолоо танилцуулсан. Яг тийм амьдралтай, өөрөө тийм хүүхэд байсан хүн кино багт байсан нь бас л сонин тохиолдол. Агуу их сэтгэл, агуу их хайрыг олж хараад би анх “Өндөг” киноны санаагаа олж байсан.
- Сонин тохиолдол байна. Энэ бүх дэлхий ертөнц холбоотой, учир утгатай гэдэгт та итгэдэг үү?
- Яалт ч үгүй тийм байхаас өөр аргагүй, би итгэдэг. Бид бүх юмыг чадахгүй. Дээрээс ч юмуу хаанаас ч юм яаж амьдар гэсэн замаар л амьдарсан гэж боддог. Монголд эдгээр зүйлүүд бүр ч илүү байж магадгүй яагаад гэвэл нүүдлийн амьдралтай, байгальтайгаа ойрхон байдаг хүмүүс. Хүн байгальтайгаа ойрхон байгаад бүхнийг давж туулж чадсан. Зарим зүйлүүд бол хотын амьдарлын ёс зүйд нийцэхгүй. Амьдарлаас юу хүсэж байна, тэрийгээ шийдэх боломж бололцоо, гарц гаргалгаа гэж байдаг. Болсон явдлаас илүү цаана нь гол чухал зүйл нь оршиж байдаг боловч ихэнх хүмүүс тэрийг олж харж чаддаггүй.
- Филм хийхэд хүний амьдарлын туршлага, мэдлэг боловсрол хэр чухал вэ?
- Ерөнхий олон талын мэдлэгтэй хүн киноны карказыг гаргаж чадна. Яг уран бүтээлээ хийж байхдаа энэ бүхнээ эвдэх ёстой, сурсан бүхнээ мартаж байж уран яруу санаа нь гарч ирдэг.
- Таны ихэнх филмүүд эмэгтэй гол дүртэй, эмэгтэйчүүдийн тухай, тэр дундаа феминист кинонууд байх шиг санагдсан, яагаад энэ сэдвийг сонирхдог вэ?
- Яагаад филм хийж эхлэх болсон тухайгаа би түрүүн хэлсэн. Ер нь л амьдарлынхаа турш хайр дурлалд шумбаж, гоо сайхныг мэдэрдэг байсан. Энэ нийгмийн тулгуур нь эмэгтэй хүн, хөдөлгөгч хүч нь эрэгтэй хүн. Эмэгтэй хүн амьдарлын хамгийн чухал зүйлүүдийг хийдэг, шийдвэрлэдэг. Тийм учраас би эмэгтэй хүмүүсийг хүндэтгэдэг. Эрэгтэйчүүд хааяа их л дэмий юм хийж яваа харагддаг. Үр дүн биш процесс чухал. Амьдарлын үр дүн үхлээс өөр юу ч биш учраас яг үнэндээ бидэнд хийсэн бүтээсэн гэх зүйл байхгүй шүү дээ.
- “Өндөг” филмийн эмэгтэй гол дүрийн жүжигчний талаар асууя?
- Тэр эмэгтэйг бид зураг авалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хөдөөний айлуудаар гэр бүрээр орж хайж олж авсан. Мэргэжлийн жүжигчин биш, хэзээ ч кинонд тоглож үзээгүй ч гэсэн мастер зэрэглэлийн жүжигчин. Маш их дотоод хүч чадалтай эмэгтэй. Амьдарлыг харах нүд, асуудлыг шийдвэрлэх арга ухаан нь мундаг. Би их хүндэтгэл үзүүлдэг. Амьдрал дээр үг дуу цөөтэй, гэхдээ өөрчлөгдөхөөс айдаггүй, би тэр бүгдийг нь эвдмээргүй байсан. Жинхэнэ урлагийн хүн. Хэдийгээр үг ярьдаггүй ч гэсэн их нээлттэй хүн. Якут гаралтай. Түүнийг өөрийнхөө сэлфи зургийг дарж байгааг хараад би гоо сайхны таашаал нь байгаа юм байна гэдгийг нь мэдсэн.
Тэр эмэгтэй дөрвөн өөр эцгийн дөрвөн хүүхэдтэй ганц бие эх хүн хүрнээ ямар өөртөө итгэлтэй, хүчтэй байгааг хараад би энэ хүн л яг гол дүрийн жүжигчин болох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Амьтнаар зүйрлэвэл их хүчтэй гоё хээтэй ирвэс шиг. Том найруулагч болох тусмаа жүжигчнийг өөрөөр нь өөрийг нь тоглуулахыг хүсдэг. Хэн нэгнийг өөр нэгний дүрд оруулж биш. Өөрийнх нь амьдарлын гэрэлт сувдыг нь кинондоо шингээдэг.
- Та ямар ном зохиол унших дуртай вэ?
- Залуудаа ямар ч төрлийн ном зохиол уншдаг байсан. Системчилсэн номнууд үздэг байсан. 40 нас хүрсний дараа ном үзээд хэрэггүй, залуу үедээ ном үзэж байгаад харин энэ насандаа ном бичих ёстой. Хэрвээ 40 хүртлээ ном уншаагүй бол бүр үзэх шаардлагагүй. Бараг аялсан дээр. Аялал жуулчлалаар дамжиж, дэлхий ертөнцийг таних боломж байдаг. Ном гэдэг хүний хэлсэн үг, тэгсний оронд өөрийнхөө сэтгэлийг дагасан нь дээр. Урлагийн ертөнцөд ном үзэхээс илүүтэйгээр өөрөө авъяастай байх хэрэгтэй. Зөвхөн мэдлэгтэй хүн бол урлагийн мэдлэгтэй л хүн болно уу гэхээс өөрөө жинхэнэ урлагийн хүн болж чадахгүй.
- Арт кино хийх үү, арилжааны кино хийх үү, нийгмийг чирэх үү, нийгмийнхээ араас гэлдрэх үү гэх мэт олон зөрчилдөөн дунд төөрөлдсөөр байгаа Монгол кино уран бүтээлчдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
- Дур сонирхлоороо байх хэрэгтэй. Авъяастай байх хэрэгтэй. Сонголт хийх эрх нь чамд байх ётсой. Энэ бүхэн дээрээ тулгуурлаад дуртай филмээ хийх хэрэгтэй. Хэрвээ хүмүүс дуртай филмээ хийвэл сэтгэл хангалуун байна, тийм учраас бодсоноос ч илүү сайн юм хийж чадна. Арт филм хийж байж кино ертөнцийн хүмүүсийн дунд илүү хүндэтгэл олно. Энэ хоёр урсгалын аль алинд нь шамдаж кино урлагийн том топ хүмүүсийн хэмжээнд хүрнэ гэж зорих хэрэгтэй. Монгол найруулагчид арт филм хийж олон улсын фестивалуудад түрүүлээд нэр хүндээ өсгөх хэрэгтэй. Буцаж ирээд арилжааны кино хийж болно. Ийм замналаар маш том мундаг найруулагчид төрөөсэй гэж хүсч байна. Аль ч төрөл нь бай, нийгмээ дагуулаад урд нь алхах ёстой. Бусдыгаа байлдан дагуулж чадахгүй бол чадвар хүрэлцэхгүй байгааг илтгэж байна. Олон улсын кино наадмуудад шагнал авч танигдвал дараа нь бүгдэд таалагдах мөнгө олох филм хийх илүү боломж бололцоо нээгдэж ч бас болно.
- Ямар авъяастай байх хэрэгтэй вэ?
- Өөрийгөө илэрхийлэх чадвар. Үзэгчид өөрийн чинь бодсонтой адил хүлээж авч чадаж байвал чамд авъяас байна. Үгүй бол аль нэг процессд нь асуудал гарсан гэсэн үг.
- Карл Марксийн тухай кино хийх гэж байгаа гэсэн?
- Карл Марксийн амьдарлын хамгийн сүүлийн мөчүүдийн тухай филм. Германчууд Карл Марксийг дэлхий даяар хүн төрөлхтөнд хамгийн үр нөлөөтэй хүн гэж үнэлсэн. Буруу зөв гээгүй, зүгээр л тэгж үнэлсэн. Настай үедээ ямар бодолтой байсныг нь мэдмээр байна. Комунист нийгэм болоод барууны нийгэмд хоёр талд ямар үг хэлснийг мэдмээр байна. Сүүлийн “Америкийн Хана” филм дээр ажиллаж байхдаа Мексикийн хил дээр амьдарсан. Хоёр талын хоёр өөр амьдралыг харуулахыг зорьсон байгаа.
- 13 кино зохиол бичсэн гэсэн. Энэ бүгдээс чинь аль нэг нь кино болсон уу?
- Тэр бол материал, архив болоод үлдсэн. Кино болох шаардлагагүй. Материал, архив, дасгалууд, туршлага байгаа учраас кино бичихэд асуудалгүй. Нэг санаа байна, гоо үзэсгэлэнг нь яаж илэрхийлэх үү гэж бодно, кино зохиолгүйгээр хийж ч болно. Олон жилийн миний туршлага байгаа учраас материалуудаасаа энэ тэндээс нь зүйгээд хийж чадна. Харин залуу уран бүтээлчид бол кино зохиол бичих хэрэгтэй. Филм хийхэд нэг л цэг байдаг. Бусад нь бол деталь. Тэр цэг бүх л киноны турш киногоо авч явдаг.
- Франц охинтой та дахиад уулзаж филмүүдээ үзүүлж чадсан уу?
- Дахиж тэр охинтой уулзаагүй. Хятадын кино хийнэ гэвэл би Хятадад сурах хэрэгтэй болсон. Бээжингийн филм академи 2 жилд нэг удаа элсэлт авдаг, нэг ангид 10 оюутан л авдаг байсан учраас цөөхөн хэдэн хүн л сурдаг байсан. Тухайн үед өөр сургууль байгаагүй. Францад дараа нь хичнээн удаан очсон ч уулзаагүй.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|