Зураг
Зураг
Индэр    
2019 оны 5 сарын 25
Зураг
Эко амьдралын хэмнэлд суралцахуй

Хог хаягдалгүй аялж, амарч хэвшицгээе

Зураг

Байгаль дэлхий гоёхон ногоон дээлээ өмсөх зуны эхэн сар аль хэдийнээ эхэлжээ.

Хөөрхөн алаг үрсээ дагуулсан ээж аав нар хөөр баяр болон байгаль дэлхийдээ эрхлэн тоглож, залуус хөтлөлцөн хотын гудмаар өнгө нэмэн алхана. Азай буурай нар маань өөр хоорондоо хууч хөөрөлдөн налайн суух зун цаг сайхаан.

Цөөхөн олдох амралтын өдрүүдээ гэр бүлээрээ цэвэр агаар амьсгалан байгальдаа аялан зугаалахыг бүгд л хүсдэг.

Гэвч нийтлэг ажиглагддаг нэг зүйл бол яах аргагүй хог хаягдал.

Ундаа, жүүс, нэг удаагийн хоолны хэрэглэлүүд, хүнсний баглаа боодлын гялгар уут, хүүхдийн амттан, тоглоом наадгай гээд нэрлэж дуусашгүй олон хэрэглээний зүйлсээс үүсдэг хог.

Манай гэр бүлийн хувьд ч мөн адил агаар салхинд гарахдаа хог хаягдал ихээр үүсгэж байсан үе их бий.

Гэтэл бидний хоромхон зуур идэж ууж, тоглож наргиад хаях хог байгаль дэлхий бидний амьсгалах агаар, экологийн тэнцвэрт байдалд хэчнээн их сөрөг нөлөө үзүүлдгийг уншиж мэдэж харах бүрт чадах чинээгээрээ багасгах болсон.

Тиймээс энэ туршлагаасаа та нартаа хүргэхийг хүслээ.

Хог хаягдалгүй агаарт гарах манай гэр бүлийн туршлага бас уриалга:

1. Нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ огт хэрэглэхгүй, гэрээсээ хэрэглэдэг аяга тавгаа авч явах. Санал болгоход bamboo буюу хулсан материалтай аяга таваг хамгийн тохиромжтой байдаг. Эсвэл аялалд тохиромжтой олон удаа хэрэглэж болох BPA FREE хэрэглэлүүд ч тохиромжтой байдаг. Ган хэрэглэлүүд ч тохиромжтой. 

 
Нэг удаагийн савалгаатай цэвэр уснаас татгалзая, авч гарах зүйлсээ дахин сайн нягтлаарай. Эндээс харахад хог хаягдал гарахгүй байна.

2. Нэг удаагийн савалгаатай цэвэр уснаас татгалзах. Үүний тулд авч явах усаа урьдчилан бэлтгэж савлах.

 
Хүнсээ савалгаанаас нь гаргаж савлаж авч явбал хүнсний баглаа боодлын хог хаягдал байгальд хаягдахгүй.

3. Нэг удаагийн цаасан сальфетка болон нойтон сальфетканаас татгалзах. Бид даавуугаар олон тооны алчуур бэлтгэж үүнийгээ өдөр тутамдаа хэрэглэдэг бөгөөд нойтон сальфетканы оронд эдгээр даавуунаасаа норгоод саванд хийгээд авч гардаг. Энэ нь зөвхөн нойтон сальфеткийг орлохоос гадна хэт халуун өдөр хүүхдүүдэд хүйтэн жин болдог сайн талтай. Хүүхдийн нусны алчуурыг ч ингэж норгоод хэрэглээд явах боломжтой.

 
Норгож бэлдсэн алчуур, нойтон сальфетка, хуурай сальфеткийг орлоно. Нусны алчуур болон өөрсдөө даавуугаар олон тоогоор хийгээд хэрэглэдэг.

4. Хүнсний хог хаягдал хийх даавуун эсвэл цаасан уут заавал хэрэг болно.

5. Аль болох гэртээ бэлтгэсэн хүнс, савалгаатай хүнсийг савалгаа, уутнаас нь суллаад саванд хийгээд бэлтгээд гарах. Хүүхдүүдийн амттанг ч мөн адил аль болох урьдчилж бэлтгээд явах нь байгальд хог хаягдал үүсгэхгүй байхад хамгийн их нэмэр болдог.

Хамгийн чухал нь аялж зугаалахдаа авч явах бэлдсэн зүйлсээ заавал дахин нэг нягталж, аль болох хог хаягдал үүсгэхгүй шийдлийг сонгох, сэтгэх.

Бид иймэрхүү маягаар байгальд амрахдаа хог хаягдалгүй аялж сурвал хуурайшилт ихэсж байгаа зуны халуунд болзошгүй галын түймрийн аюулыг бууруулахад ихээхэн хувь нэмэртэй билээ.