Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 30
Зураг
Хөгжлийн эдийн засагч, ХҮН-ын дарга

Үндэсний ижилсэл үгүй бол “мафийн” ижилсэл гаарна

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний ижилсэл гэдэг нь хялбар тодорхойлбол хүн өөрийгөө аль нэг улс, үндэстэнд хамааруулан ойлгох тэр мэдрэмж, шинж тэмдгийг хэлнэ. 

БНМАУ 1930-аад оноос ЗХУ-ын угсаатны зүйн бодлогыг шууд хуулбарлаж, Монголчуудыг дотор нь 30 шахам ястан, 304 нутгийн аялгуу хэлтэй бүлгүүд байгааг “илрүүлэн” хувааж, иргэний паспортад халх, барга, дөрвөд, буриадаар нь зориуд ялган бичдэг болов.

Монгол нутагт Монголчууд биш хоорондоо ялгаатай, ястан угсаатнууд тархан суудаг, Монгол гэдэг нь үндэстний нэр биш ЗХУ гэдэг шиг улсын нэр болж хувирчээ. Ийм бодлого хэрэгжүүлсэн нь Монгол овогтнуудыг нэг л төр улс байх ёстой гэж үздэг уламжлалт Чингисийн угсааныхны үзлийг устгах, Монголыг салган бутаргах, зарим хэсгийг, тухайлбал, Тагна Урианхайг өөртөө нэгтгэх Коминтерн ба Зөвлөлтийн бодлого байсан гэж судлаач Л.Мөнх-Эрдэнэ дүгнэсэн байна.

Үүнийг философич С.Молор-Эрдэнэ мөн нотолж “ястан, аймаг сумаар ялгах нь Монголчуудыг бутаргах зорилготой тархи угаалт, ганцхан Монгол үндэстэн л бий” гэж дурджээ. Монгол үндэстнийг дотор нь хуваан жижгирүүлж, ялгаатай байдлыг дэвэргэж, их бага үндэстэн ястнаар нь ялгаварласан нь аажмаар албан ёсны судалгааны нэр томьёо болон хэвшиж, нийтээр үнэмшиж, өнөө ч Монгол хүн өөрийгөө таних, биестэйгээ харилцах нэгэн гаж хандлагыг тодорхойлох болов.

Социалист систем нурж, хүчтэй манлайлагч төр үгүй болсны дараа энэ гажуудсан ойлголт, хэвшил үндэсний ижилсэл, эв нэгдэлд сөргөөр нөлөөлж, жижиг бүлгүүдэд хуваагдах, нутгархах, намчирхах, хоорондоо ялгарч, бичил ижилсэл үүсгэх хандлагыг өдөөх болсон. Энэ буруу жишгийг 1990-ээд оноос хойш нутгархах үзэл дээр суурилан сонгогчдын дэмжлэг авахаар улайрсан улс төрчдийн ухвар мөчид үйлдлүүд бүр өөгшүүлсээр ирлээ. 

Нутгийн наадамд нутгийн бөх л түрүүлэх ёстой гэсэн сул доройг илтгэсэн явцуухан, ядруухан үзэл аажим хэвийн ойлголт болж, улам бүр жишиг болсоор, нийтээрээ хулгай, найрааг нь хүлээн зөвшөөрч, наадам нь наадам биш жүжиг болон хувирч байна. Энэ бол зөвхөн наадам, бөхийн тухай асуудал биш бөгөөд өнөөгийн Монгол хэрхэн жижгирч, явцуурч, улс үндэстнийхээ хувьд доройтон, салж унаж буйн илрэл юм.

Бөхчүүдэд цол найрч авч өгөөд, тэр бөхдөө байр авч өгдгөөс өөр яг ямар нэмэртэй нь тодорхойгүй ч идэвхжиж буй нутгийн зөвлөлүүд, олширч буй жижиг наадам нийллэгүүд, манай танай нам гэх хэнээтэй намчирхал, хөгшин залуу гэх толхилцоон, биесээ эрлийз хурлийзаараа дуудалцан галзуурах зэрэг нь мөн л Монгол үндэстэн сульдан тамирдаж, Монгол төр гэж үгүй болсны нотолгоо.

Жижгирэн талцах, ялгарах энэ хөврөлд эцэс төгсгөл гэж үгүй бөгөөд тасралтгүй хуваагдан жижгирсээр овгийн байгуулал руу дөхөж, улс үндэстэн бусдын идэш болон мөхөн сөнөнө. Дэлхий дээр устаж үгүй болсон үндэстэн бүр ийм замаар “талийгаач” болсон түүхтэй. 

Тусгаар улс гэж байгаа л бол төр гэж байна. Төр гэж байгаа л бол үндэсний ижилслээ бүрдүүлж, үндэстэн улсаа цогцолдог. Монголд өнөөдөр өргөн хараатай улс төрч гэж үгүй, иймээс төр гэж үгүй болсон тул Монгол үндэстнийг нэгтгэн зангидах үндэсний ижилсэл гэж үгүй болов.Том ижилсэл нь үгүй бол жижиг ялгарлууд гаарч, бага хаад өслөн сүлбэлдэж, ард олноо чирэгдүүлдгийн тод жишээ өнөөдрийн Монгол болж байна.

Үндэсний ижилсэл хүчтэй байх нь зөвхөн үндэстнийг нэгтгээд зогсохгүй авлига, шударга бус явдал буурахад ч нөлөөтэй гэж Ф.Фүкүяма онцолсон байдаг. Авлига цэцэглэж байгаа нь зөвхөн авлигачдын шунал биш, үндэсний ижилсэх мэдрэмж сул, нийтийн дундын хайрлах үнэт зүйлсгүй байгаагаас улс төрчид, төрийн албан хаагчид хувийн, ах дүү, нутаг нугын асуудалд илүү үнэ цэнэ өгч, авлигад түлхүү орооцолддог гэж тайлбарлажээ. 

Үндэстнийг удирдан манлайлах төрийн түшээд нь сонгуулийн жижиг тойрог, бөхийн холбоо, уяачдын холбоо, цэргийн холбоо, нутгийн зөвлөлийн хэмжээний сэтгэлгээтэй, жижиг хулгайгаас илүү гарахгүй, түүнийгээ хаацайлахаас цаашгүй төлөвлөгөөтэй бол ийм байхаас өөр ямар ч аргагүй.

Хэрвээ үндэстэн сэрж, дотроо учраа олохгүй бол хэн нэгэн гаднаас өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн “зохицуулж” өгдөг зүй тогтолтой. Монголчууд нэгдэж чадахгүй, ухвар мөчид бага хаадын талцалд 300 гаран жил дотроо алалдан, хүчээ барах үест харь Манжууд “нэгтгэн нийлүүлж” өгсөн гашуун түүхтэй. 

Өнөөдөр Монгол яг ийм эмзэг “бага хаад - бага дарга нарын” цаг үеийг туулж байна. Харийн түрэмгийлэл одоо цагт цэрэг, танкаар ирэхгүй, харин ил далд дарамт, өгөөш, хөнгөлөлттэй зээл хөтөлбөр, эвсэл хамтын ажиллагаа нэрэн дор ирнэ.

Түүх давтагдан, харийн эрхшээлд орох эсэх нь өнөөдрийн Монголчууд сэрж чадах эсэхээс, учир ойлгодог гэх давхаргын хараа, зориг зүтгэл, биесээ дэмжиж чадах эсэхээс шууд хамаарна. Сэрээрэй, Монголчууд аа.

 

“Монгол хүний товчоон” номын хэсгээс ашиглав.