Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 10
Зураг
Хөгжлийн эдийн засагч, ХҮН-ын дарга

Хөгжлийн том нөөц - гадаадад суух монголчууд

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНМАУ-ын иргэд гадаад чөлөөтэй зорчих эрхгүй, гадаад ертөнцөөс, ялангуяа социалист биш дэлхийгээс, нээлттэй мэдээллээс тусгаарлагдсан улс байв. 1930-аад онд гарч явсан Дилав хутагт зэрэг цөөн тооны хүн болон урагш дүрвэсэн хил дагуу нутгийн иргэдийг эс тооцвол БНМАУ-аас гадаад улс руу өөрийн дураар зорчсон, цагаачилсан, амьдран суусан, суурьшсан Монгол хүн бараг үгүй.

1990 онд Монгол нээлттэй болсноор иргэд гадаад паспорттай болж, Монголчууд дэлхийн аль ч улс руу чөлөөтэй зорчих, цагаачлах, амьдран суух эрхтэй, боломжтой болов. Үүнээс хойш Монгол хүн гишгэж үзээгүй, амьдран суудаггүй дэлхийн улс, өнцөг булан байхгүй гэж болохоор болжээ. 

1990 оноос хойш Монгол хүн гадаадад гарах үйл явцыг дараах хэдэн үед багцаалан хувааж болох юм. Мэдээж ингэж үечилж байгаа болон нэршлүүд нь тухайн үеийн нийтлэг хандлагыг л тодорхойлж байгаа хэрэг болно. Үүнд:

  1. Наймаачин Монгол (1990-1994): Хил давж үзэх хөдөлгөөн
  2. Ажилчин Монгол (1995-2005): Наймаа биш ажил хийхээр тэмүүлсэн үе
  3. Оюутан Монгол (1998-2008): Гадаадад сургууль төгсөх аян
  4. Суурьшигч Монгол (2005-2015): Нутаг яарахгүй, тайвшрах хандлагатай үе
  5. Гадаадын Монгол (2005- одоо): Гадаадад төрсөн шинэ үе

Монголчууд олноороо гадаадад наймаа хийж, сурч, ажиллаж, бизнес хийж, суурьшиж эхэлсэн нь, өөрөөр хэлбэл, дэлхийд тархан суух их нүүдэл хийж эхэлсэн нь Монголын шинэ түүхэнд тэмдэглэгдэх онцгой зүйл гэдэг нь гарцаагүй. Өнөөдөр гадаад улсад нийт 130 гаруй мянган иргэн амьдарч байгаа нь Монгол Улсын хүн амын дөрөв орчим хувьтай тэнцэхээр байна. 

Үүнээс гадна, Монгол Улсын хилийн гадна үлдсэн Буриад, Өвөр Монгол, Халимаг, Дээд Монголчууд гэх мэт Монголын төлөө санаа зовох, цохилох зүрхтэй Монгол угсаатнуудыг оруулбал Монгол Улс дэлхийд жижигд тооцогдохооргүй диаспора буюу төрөл садны хүрээлэлтэй болж таарч байна.

Өөрийн диаспоратай үндэстэн дэлхийн бусад улсуудтай өрсөлдөн хөгжихөд давуу тал болдгийг хөгжсөн цөөнгүй улсын жишээ тод харуулдаг. Үүний нэг жишээ бол цоо шинээр байгуулагдсан Израиль улс. Тэд дэлхийд тархсан еврейчүүдийн хүч сэтгэлийг татаж, шууд биеэр цагаачлан ирж суурьшихгүй ч үзэл санаанд нэгтгэж, хөрөнгө санхүү, бусад хувь нэмрийг нь улсын хөгжилд татан оруулж, хөгжлийн бодлогын нэг хэсэг болгож чаджээ.

Зарим том компанийн салбарыг Израильд нээх, аж үйлдвэрийн шинэ салбаруудыг үүсгэхэд еврей гаралтай цагаачид голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хамгийн сүүлийн цагаачдын том давалгаа задран унасан ЗХУ-аас еврей гаралтай цагаачдыг 1990-ээд оноос олон мянгаар нь хүлээн авснаар өрнөсөн бөгөөд энэ давалгаа Израиль улсыг инновацийн үндэстэн болох суурь болсон гэж үздэг байна. Энэ мэтчилэн улс бүр өөрийн угсаа нэгт, гадаадад суух иргэдийг улс үндэстнийхээ нэгэн хэсэг, хөгжлийн нөөц гэж үздэг жишигтэй.

Монголчуудын төлөөлөл болон гадаадад суралцаж, ажиллаж, суурьшиж, эрсдэл хүлээн алдаа оноог үүрч, хэл соёл, дэлхийн мэдлэг, сайн муу шинэ хандлагыг өөртөө шингээж байдгаараа гадаадад суух иргэд Монгол үндэстний өрсөлдөх чадварыг нэмж, хүч оруулж байгаа билээ. Ялангуяа даяаршиж, улам жижгирч буй өнөөгийн дэлхийд Монголчууд байр сууриа олохын тулд аль болох олон Монголчууд дэлхийгээр тархан сурч, ажиллаж, амьдарч үзэх ёстой.

Онцлон дурдахад, гадаадад суугаа Монголчууд гэдэг нь байнга гадаадад суудаг, эх орноосоо тасарсан хэсэг иргэдийг хэлдэггүй бөгөөд тогтмол ирж очин амьдарч, сурч төгсөн, ээлжлэн байдаг тасралтгүй урсгал юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд гадаадад суугаа ба дотоод суугаа гэж ялгарах, талцах боломжгүй, та болон таны ойр хэн нэгэн нэг өдөр гадаадад сууж байсан, эсвэл удахгүй гадаадад сууна, буцаж ирнэ, зорчино гэх мэт нийт Монголчуудад хамааралтай, нийт Монголчуудыг хэлж буй ойлголт юм шүү.

Тэгэхээр, Монголын салшгүй том хэсэг, үнэлж баршгүй их нөөц баялаг болсон гадаадад суух иргэдээ нэмэлт асуудал дарамт биш, хэрхэн хөгжлийн тулгуур болгох вэ? Сүүлийн үед гадаадад суугаа иргэддээ хандсан бодлого хэрэгжүүлэхийг оролдож буй боловч бодлого гэж хэлэхэд хэцүү.

Энэ ч аргагүй юм, Монгол Улс алс гадаадад байтугай эх орондоо суух иргэддээ чиглэсэн хөгжлийн бодлогогүй, төр улс эзэнгүйдсэн, хулгайд эзлэгдсэн хэвээр байна. 

Юуны өмнө Монгол Улсад нийт Монголчуудаа багтаасан хөгжлийн алсын хараа, хөгжлийн төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Нүсэр хоосон цаас биш, бодит хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн товчхон төлөвлөгөө, ажил асуудлын эрэмбэ. Үүн дотор гадаадад суух иргэдийн үүрэг оролцоог тусгаж, өөрсдийнх нь оролцоог хангасан бодлого хэрэгжүүлбэл сая үр дүн гарч эхлэх болно.

Хөгжлийн том төлөвлөгөө нь байхгүй бол гадаад яам зөвхөн гадаадад суух Монголчуудын галыг унтраагч төдий л байсаар байна. Монгол Улсын доторх асуудлын шийдлийг олж чадаагүй цагт гадаадад суугаа иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх, дэмжих ямар ч боломжгүй.

Эхний ээлжид гадаадад суух иргэдийн асуудлыг хариуцсан тусгай бодлогын нэгж байгуулах, Үндсэн хуульд заасны дагуу сонгууль өгөх эрхээр нь иргэдээ бүрэн хангаж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, цаашлан соёл боловсролын хөтөлбөрийг иргэдийн өөрсдийнх нь оролцоотой идэвхжүүлэх, гадаадад төрж өсөж буй хүүхдүүдэд зориулсан хэл соёлын солилцооны тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хөгжлийн бодлогын хүрээнд мэргэжилтнүүдийг амьдарч буй газар нь ашиглах болон эх оронд нь урьж ажиллуулах зэрэг олон ажил дарааллаа хүлээж байна.

Энэ бүгд хэн нэг даргын хүслээр биш нийт Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ёстой.

Монгол хүн улам бүр өрсөлдөх чадвартай дэлхийн хүн болох тусам түүний эх орон Монгол Улс дэлхийн улсуудтай эн зэрэгцэн хөгжих, өрсөлдөн өөрийн орон зайг бий болгох, хөгжлийн нөөц хүч болгон ашиглах, хүчирхэгжих асар их боломж нээгдэж байна.

Гагцхүү, их Монгол Улсын үед бусдын улс гүрнийг эзэрхийлэн сууж байсан ихэмсэг дэлхийн Монголчууд Монгол эх нутгаа умартаж, алс бөглүү, эр цэрэг бэлддэг ядуу хязгаар болгон орхисон шиг алдааг дахин гаргахгүй байх нь өнөөгийн Монгол төр, эх нутагтаа болон гадаадад тархан суух нийт Монголчуудын үүрэг хариуцлага юм. Энэ хөгжлийн гарцын талаар “Монгол хүний товчоон” бүтээлд нэгэн чухал хэсэг болгон тодорхой тусгасан болно.

 

 

“Монгол хүний товчоон” номоос хэсэгчлэн ашиглав