Улсыг засахад ухаан хэрэгтэй
Баатар жанжин болгонд улсыг засах ухаан заяадаггүй ажээ. Македоны Александр агуу жанжин байсан ч үхмэгц нь байлдан эзэлсэн улс гүрэн нь таран унаж, үнэнч боолууд нь урваж, гэр бүлийг нь хүртэл хөнөөж байв. Зөвлөлт их гүрнийг байгуулж, XX зууны улс үндэстнүүдийн хувь заяаг шийдэж, дэлхийн геополитийг залж байсан Сталин нас бармагцаа буруутан болж, үр хойчдоо зүхүүлж, хөшөө дурсгалаа нураалгасан. Алдарт Наполеон Бонапарт шоронд орж гутамшигтай өнгөрсөн. Монголын түүхээр ч ийм жишээ олон бий, түүний нэг нь Эсэн тайш юм.
Эсэн тайш Монголыг нэгтэв
Монголчууд бага хаадын үе буюу Юань гүрний дараах бутралын үед хоёр удаа нэгдэж, нэгэн туган дор зогсж чадсан байдаг. Анхных нь 1417 оноос Ойрдыг захирах болсон Тогооны эхлүүлж, хүү Эсэн тайшийн үргэлжлүүлсэн загвар юм. Тогоон тайш 1438 онд Адай хаан, Аругтай тайш нарыг цохин, Монгол аймгуудыг нэгтгэсэн ч өөрөө хаан бололгүй Элбэг хааны ач хүү алтан ургийн Тодобухыг хаанд өргөмжлөн Тайсун хаан гэж цоллох болов. Ойрдын ноёд алтан ургийнх биш учир өөрсдөө хаан сууж эрсдэлтэй алхам хийлгүй алтан ургийн хэн нэгэн хүн өргөмжилж, өөрөө дэргэд нь хүчтэй нөлөөтэй чинсан нь байх загвар ажээ. Тогоон тайш Тайсунд охиноо өгч хааны их хатан нь ч болгосон.
Энэ загвар тодорхой хэмжээнд амжилттай ажиллаж, Монголыг нэгтгэж чадсан юм.
Энэ үест Монголчууд хүчирхэг байж, ид оргилж байсан Мин улсыг чичрүүлсээр байлаа.
Юань улсын хүчирхэг флотоос уламжлагдсан Мин улсын флот Африкийн эрэгт амжилттай хүрч, шинэ газар нутаг нээж эхэлсэн боловч 1433 онд Мин улсын эзэн хаан усан флотоо устгах хачирхалтай зарлиг буулгаж, ёсоор гүйцэтгэсэн. Учир нь, их далайд “тэнэх” биш гол дайсан Монголчуудтай дайтах, дайралтаас нь хамгаалах цагаан хэрэм барих нүсэр ажилд нөөц хүчээ дайчлах шаардлагатай болсон байдаг. Монголчууд Мин гүрний тэлэлтийг зогсоож, эх газарт нь хашиж, цаашид Хятад хаалттай, бөглүү орон болох замд нь хөтөлсөн болж таарч байна.
1439 онд Тогоон тайш үгүй болж, түний хүү Эсэн залгамжлан тайш болж, Тайсун хаантай гар нийлэн Монголчуудыг нэгтгэх, төрийг эмхлэн засахад үр дүнтэй ажиллаж байв. Тайсун хаан, Эсэн тайш нарын үед Монголчууд нэгэн туган дор нэгдэж, хүчийг олсон байдаг.
Хятадын Мин улстай нэг биш амжилттай дайн хийж, 1449 онд Инзун хааныг нь хүртэл олзлон авч байв. Эсэн тайш тэсэлгүй 1453 онд өөрөө Монголын хаан суудалд суужээ. Алтан ургийн хүн хаан суух бичигдээгүй дүрмийг үгүй хийж, хаан суудлаа баталгаажуулах зорилгоор алтан ургийнхныг олноор нь алж, цаашлан нэгмөр устгах, голомтыг нь таслахаар хөөцөлдөж байснаараа нь Эсэн хаан өөртөө өстөн олныг төрүүлсэн. Ер нь Эсэн хаан Монголыг нэгтгэсэн хүчирхэг удирдагч, гарамгай жанжин байсан боловч бусдыг арга ухаанаар татах, энэрэнгүй, уян хатан чанараар тааруу байсан бололтой.
Тухайлбал, хаа байсан 1416 онд буюу 40 шахам жилийн өмнөх Ойрд, Зүүн Монголын хоёр баатар ирүүл тулаан хийж Ойрдын Гуйланч мэргэн Шигүүстэй баатарт ялагдсаны өсийг Шигүүстэй баатрын дүү, хүү хоёроос авч цавчиж алсан байдаг. Мөн ялихгүй зүйлээр Юншээбүгийн бөх Сорсуныг цаазалсан зэрэг өөртөө хэт эрдэн хатуурхаж, их хаан хүнд байж боломгүй алдаа цөөнгүй хийжээ.
Эсэн хаанд удирдагч, жанжны авьяас байвч Чингис хаан шиг их хааны суу, ухаан дутаж, зарчим, ёс суртахууныг нь огоорсон бололтой. Хэчнээн хүчирхэг ч ийм хаан удаан тогтдоггүйн жамаар хаан болоод ердөө нэгхэн жилийн дараа буюу 1454 онд Эсэн хааны эсрэг бослого гарч, Эсэн амь зулбан гарсан байна. Ингэж зугтаж явахдаа Завхан, Хүнгий голын бэлчирт нэгэн айлд хоргодон ортол өөрийнх нь хилсээр хороосон Юншээбүгийн Сорсун бөхийн гэр таарч, хүүд нь алуулжээ. Өст өсөндөө үхсэн явдал болов.
“Монгол Хүний Товчоон” номын хэсгээс