Индэр    
2019 оны 3 сарын 31
Зураг
Хөгжлийн эдийн засагч, ХҮН-ын дарга

Үеэ өнгөрөөсөн зөвлөлт загвар, хоцрогдсон гуйранч арга

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Социализмын үед ЗХУ болон бусад социалист орнуудын зээл, тусламжаар Монголчууд бид богино хугацаанд шинэ Монголыг бүтээж, орчин үежиж, нийгмийн асар их дэвшилд хүрсэн билээ. Энэ бүхнийг чин сэтгэлээс бүтээж үлдээсэн ахмад үеэрээ бахархахаас өөр аргагүй. Тэр үеийн хөгжлийн загвар нь “Зөвлөлт загвар”, хөгжлийн стратеги нь “хуулах, тусламж авах” байв.

Өөрөөр хэлбэл, томоос жижиг бүхий л зүйлийг өөрсдөө толгой гашилгалгүй ЗХУ-аас хуулбарлах, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр л амжуулж байв.

Дарга нар нь аж үйлдвэрээс эхлэн орон сууцны хороолол, цэцэрлэгт хүрээлэн, сургууль цэцэрлэг гэх мэт аль болох том бүтээн  байгуулалт, хэрэгтэй зүйлсийг ЗХУ болон бусад социалист орнуудаас буцалтгүй тусламжаар салгах, Монголдоо авчрах, өөрсөндөө бус бусдын тусламжид найдах үндсэн арга барилтай байв.

Тухайн үеийн Монголын чадавх, хараат байдал, дэлхийн улс төрийн нөхцөл, коммунист системийн тогтолцоо ийм л боломжийг олгож байсан бөгөөд тэр үед өөр гарцгүй, зөв шийдэл байв. Энэ боломжийг Монголчууд гайхалтай ашиглаж чадсан, тэр цаг үе XX зууны түүх болон үлдсэн.

Гэтэл орчин нөхцөл өөрчлөгдөн, социалист систем нуран унаж, “Зөвлөлт загвар” үеэс өнгөрөөгөөд удаж байгаа боловч Монголын удирдагчид нөгөө л “хуулах, тусламж авах” арга барилтайгаа тас зууралдсаар 30 жилийг элээж байна.

Дагуул улсын сэтгэхүйгээр ЗХУ-аас гуйдаг шигээ хоёр хөрш (өмнөх ЗХУ ба БНХАУ биш болсон), АНУ, Япон, Герман, Энэтхэг, Их британи,  Франц, Чех, Норвеги, БНСУ, Австрали гээд юм өгч магадгүй бүхнээс ичиж зовохгүй, цувралдан, дахин дахин “овсгоо гарган” гуйцгаана.

Одоо ч гаднаас гуйх уралдаан төрийн өндөрлөгөөс эхлээд аймаг сумын засаг дарга хүртэл бүх түвшинд дэлгэрэн өрнөсөөр, өчүүхэн зүйлд тусламж авч байгаадаа хөөрч баярлан, тууз хайчлан тэмдэглэж, шившиг болсоор байна. Асар их зээл гаднаас авч үрсэн боловч хотын бохироо шинэчлэх ухаангүй явсаар ам руу орохын даваан дээр шахамдаж, арайхийж урд хөршөөрөө хийлгэхээр болов.

Нефть боловсруулах үйлдвэр шалсаар байж Энэтхэгийн зээлээр эхлүүлэх болов. Японоор зам, нисэх буудал, сургууль цэцэрлэг гээд түмэн жижиг зүйл гуйж хийлгэсээр байгаа. Гуйж гувшсаар нийслэлийн гол гудамжуудаа хэдэн хашаа хайсаар арилжчихсан гээд үргэлжлүүлвэл ичмээр, итгэмээргүй урт жагсаалт гарна.

Айлчлах орон бүрээс ямар нэг юм гуйж явдаг, гуйдаг зүйлс нь дарга засаг солигдох тоолонд өөрчлөгдөж байдаг. Хамгийн сүүлд БНСУ-ын Ерөнхий сайдаас Монголчуудад визийн хөнгөлөлттэй нөхцөл олгохыг хэд дэхээ юм бүү мэд улиглан гуйж харагдсан.

Уг нь бол бусдын дагуул биш тусгаар улс л юм бол энэ бүгдээ өөрсдөө шийдвэрлэх өөрийн төлөвлөгөө, бие даасан бодлоготой байж, юм болгоноо гуйлгачин шиг нэр нүүрээ барж гуйж гувшиж явах ёсгүй, бусад улстай эн тэнцүү харилцаанд орох ёстой. Визийн хөнгөлөлтийг гуйж авдаг ч зүйл биш, өөрсдийн иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлж, Монгол Улсын үнэлэмжийг нэмэгдүүлсэн цагт гадаад улсууд өөрсдөө хилээ нээж, урьдаг ойлгомжтой зарчимтай.

Тусгаар бие даасан улс ийм гуйранч байдаггүй ажээ. Богд хаан болон эх оронч ноёд лам нарын эхлүүлсэн тусгаар тогтнолын тэмцэл хувьсгалчдаар дамжин буухиалсаар 1990 онд жинхэнэ утгаараа биеллээ олсон. Монгол Улс бие дааж хөгжих асар том боломж, үүрэг хариуцлага тэр үеийнхэнд ирсэн юм.

Гэтэл улс нь нээлттэй, ардчилсан болсон ч хөгжлийн “Зөвлөлт загвар, гуйранч арга барил”-аасаа салж чадахгүй уралдан гуйлга гуйсаар улс нь өрөнд орж, үндэстэн нь нэрээ барж, иргэд нь ядуурсаар байна. Энэ хоцрогдлоосоо салахгүй бол хөгжлийг бусдаас гуйж бүтээх гэсээр бусдын хямд өгөөшинд орж улсаа сүйрүүлэх аюултай. Гуйлгачин хэзээ ч үнэ цэнэтэй байдаггүй, хоолны шавруугаар л худалдагддаг.

Монгол Улс урагшилъя, хөгжье гэвэл энэ гуйранч хоцрогдлоосоо, ямар алдаа хийгээд байгаагаа ойлгохгүй хуучин нийгмийн үлдэгдэл, гуйлгачин дарга нараасаа үтэр түргэн салж, Монгол хүн өөрийгөө таньж, өөртөө итгэж, дэлхийд гарах бие даасан хөгжлийн бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай. Шинэ Монголд шинэ мэдлэг, шинэ арга барил хэрэгтэй. Өөр замгүй.

#МонголХүнийТовчоон