Индэр    
2019 оны 3 сарын 29
Зураг
Freelance journalist

Бүх хүн хождог бизнес байгаа юу гэвэл БАЙГАА!

Ажлын байрны стресс бол бүх улс оронд, ажлын байр, ажилтан бүрт тулгардаг дэлхий нийтийн асуудал юм.

Стресс нь зүрх судасны өвчин, сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэцийн доголдол гэх мэт олон өвчний суурь шалтгаан болдог. Удаан хугацаагаар оффист сууж ажилдаг хүмүүсийн хүзүү, мөр, нуруу хөшиж өвддөг бөгөөд зөвхөн иог, энгийн сунгалтын дасгалуудаар булчинг суллаж чаддаггүй.

Энэ асуудлыг шийдэхээр Тайландын нэгэн эмч Dr. Poonchai сонирхолтой бизнесийг 2012 оноос эхлүүлжээ. Түүний компанийн нэрийг SHE (Social Health Enterprise) гэдэг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн бизнес гэж орчуулж болох юм. Одоогоор 80 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Компаниудын оффис дээр очиж ажилчдад Human Maintenance Service буюу Хүн Засварын Үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээг үзүүлэхэд нэг сандал л хэрэгтэй. Нэг цагийн сунгалт, цэгэн бариаг 10 минутын түргэвчилсэн оффисын үйлчилгээ болгон зохион бүтээжээ. Ихэнх хүмүүс 10 минутын дотор бүх бие амарсан, сэргэг мэдрэмжийг энэ барианы дараа авах боломжтой. /туршиж үзсэн/

Энэ үйлчилгээг авснаар ажилчдын стрессийг багасгаж, ажилдаа илүү сэтгэл ханамжтай ажиллах боломж бүрдэн, олон өвчнөөс урьдчилан сэргийлсний үндсэн дээр эрүүл мэндийн бага зардал гаргана. Мөн энэ үйлчилгээг авсан, нийгмийн бизнесийг дэмжин ажилсан компаниуд зардлаараа татвараа хасуулж болдог учраас үнэгүй үйлчлүүлж байгаатай бараг адил юм. Энэ нь засгийн газрын social enterprise-г дэмжих бодлого.

 

Мөн үйлчилгээний орлогын 30 хувийг ой хамгаалах болон ойгүй болсон нутгийн иргэдэд хандивладаг байна.

2014 оноос засан хүмүүжүүлэх газартай ярьж, шоронгоос гарсан эмэгтэйчүүдийг ажиллуулах болжээ. Энэхүү эмчилгээг хийж сурахад эрчимжүүлсэн хоёр сарын сургалтад хамрагдах ёстой. Түрүү жилээс эхлэн эмэгтэй хоригдлуудыг суллагдахаас гурван сарын өмнө батлан даалтаар гарган эрчимжүүлсэн сургалтдаа хамруулж болдог болсон байна.

Одоогоор 900 орчим шоронгоос гарсан эмэгтэйг энэхүү бариа засалд сурган дадлагажуулсан. Өдөрт дунджаар 40 хүнд энэхүү 10 минутын эмчилгээг хийх боломжтой бөгөөд үнэ нь 6,000 орчим төгрөг. Мөн улсад ажилдаг нийгмийн ажилтнууд энэ үйлчилгээг жилд зургаан удаа үнэгүй авах боломжтой юм байна.

Эмчээс, та яагаад шоронд байсан эмэгтэйчүүдийг ажиллуулах болсон юм бэ? Ийм санаа хаанаас анх төрсөн бэ ? гэж асуухад,

“Би зөндөө олон асуудлыг эргэн тойрноосоо сонсож байсан, эмэгтэйчүүд ихэнхдээ хар тамхины хэргээс болж шоронд орсон байдаг, энэ бол яг үнэндээ гэмт хэрэг биш шүү дээ, дандаа яах аргагүй амьдралын хүнд нөхцөл шалтгаанаас болсон байдаг, тэгээд ч энэ хүмүүс шоронгоос гараад ажилтай амьдралтай сайн сайхан гадуурхагдахгүй амьдрах ёстой” гэж хариулав.  

Үйлчлүүлэгчид шоронд байсан хүмүүсээр үйлчлүүлэхэд ямар нэгэн асуудал гаргадаг уу гэж асуухад,

“Яг л адилхан эмэгтэйчүүд шүү дээ, шоронд орлоо гээд тэд нарын чадвар буурна гэсэн юм байхгүй. Хүмүүс харин ч дуртай байдаг. Битгий буцаж ороорой гэдэг” гэж хариулав.

Энэхүү бизнесээрээ 2017 Inspirational Innovator 2017, Social Impact  шагналуудыг авч байжээ.

Ази Номхон Далайн бүсийн орнуудын хэмжээнд болдог Тогтвортой Хөгжлийн Зорилтын  асуудлаарх 6 дахь удаагийн чуулга уулзалт дээр оролцогч талууд хэрхэн хамтран ажилсан тухай сайн туршлага танилцуулах үед энэ эмчтэй танилцаж хоромхон ярилцах боломж олдсон юм.

 

2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганаар дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтыг баталжээ. Энэ хөтөлбөрт дэлхий нийтээрээ нэгдсэн бөгөөд энэ 17 зорилтыг биелүүлэхийн төлөө  2030 хүртэл улс орон бүрийн Засгийн газар ТББ, Эрдэмтэд, Хувийн хэвшил, ОУ байгууллага, иргэдтэй нийлэн хамтран ажиллах ёстой билээ. Poonchai эмчийн “SHE” бизнес оролцогч талуудыг хамруулан тогтвортой хөгжлийн доорх зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

3. Эрүүл Мэндийг дэмжих
4. Чанартай боловсролыг дэмжих
5. Жендерийн эрх тэгш байдлыг хангах
9. Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх
10.Тэгш бус байдлыг бууруулах
11.Ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих
16.Энх тайван шударга ёсыг цогцлоох
17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

Манай улсын хувьд Тогтвортой Хөгжлийн Зорилтын хэрэгжилтийг хангахад Үндэсний Хөгжлийн Газар хариуцан ажиллаж байгаа гэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авч болно. http://sdg.gov.mn/

 

Эцэст нь хэлэхэд, бизнесийн эзэн, үйлчилгээ авч байгаа албан байгууллага, хувь хүн, засгийн газар, хорихоос суллагдсан эмэгтэйчүүд, байгаль орчин, нутгийн иргэд бүгд хожиж болдог бизнес рүү дэлхий нийт явж байна. Аз жаргалтай амьдралыг юугаар хэмжих юм бэ? “Том” бизнес хийснээр бус, хэдэн хүнийг өөртөө ажиллуулснаар бус, хэтэрхий монополь болж бусдад боломж олгохгүй, өрсөлдөөнт зах зээлийн хуулиар гэж орилохоор бус…

Хэдэн хүнд тусалж чадсан бэ, хойч үе маань амьдрах нийгэмд ямар ач тус үзүүлсэн бэ, улс орны хөгжлийг урагшлуулахад ямар хувь нэмэр оруулж чадсан бэ, боломж олдоогүй хэн нэгэнд боломж байдаг гэдгийг хэлж чадсан уу…