Зураг
Зураг
Индэр    
2019 оны 3 сарын 25
Зураг
Хуульч, сэтгүүлч

Хүүхдэдээ нэр сонгоход анхаарах асуудлууд

Зураг
Зургийг ҮСХ-ноос авав.

Хүний амьдралыг насан туршид нь дагаж явах дуудуулах нэр гэдэг нь ихээхэн утга төгөлдөр ажээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө хөнгөн хийсвэр, сэтгэлийн хөөрлөөр, бусдыг даган дуурайх хандлагатайгаар хандаж яавч болохгүй юм. Шинэхэн аавын хувьд төрсөн хүүхдэдээ нэр хайрлахдаа дараах зүйлсийг ажигласнаа Та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Миний үеийн залуус, бидний эцэг эх, эмээ өвөө нарын нэр ихэвчлэн буддын шашны ойлголтыг агуулсан Түвд нэрүүд байдаг. Харин одоо жинхэнэ Монгол нэр сонгож өгөхийг залуучууд эрмэлздэг болжээ.

Иймдээ ч орчин үед хүүхдүүддээ өгөх болсон нэрэнд дараах гурван шаардлага тавигдаж байна гэж хэлж болохоор байна.

  1. Товч
  2. Ховор буюу өвөрмөц
  3. Утга төгөлдөр

Товч байхын тухайд Монгол хүн дэлхийн хүн байх ёстой гэдэг хандлага эцэг эхчүүдийн дунд бий болжээ. Бас сүүлийн үед англи юм уу латинаар бичиж дуудахад эвтэйхэн байхыг эрэлхийлдэг болсон шиг ээ. Хүүхдийн нэр урт байх тусам бүтэн дуудагдахгүйгээс авахуулаад банкны кредит карт, аливаа мэдээллийн санд бүтэн багтахгүй байх зэрэг ихээхэн хүндрэл гардаг.

Барууны нийгэмд хүний овог /монголын хувьд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) Гуншинг оролцуулаад нийт 20 тэмдэгтэд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем нь электронжсон барууны банк, татварын газар, нийгмийн халамжийн төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд манай монголчууд маань багагүй бэрхшээл амсдаг билээ. Эцгийн нэр болон өөрийн нэрний аль нэг нь урт /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншинтайгаа кредит карт дээр нь багтдаггүйгээс өөрийн нэрний зөвхөн эхний үсгийг тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдлуудад хүчинтэй бичиг баримтад тооцуулахад төвөгтэй байдаг ба эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст урьдчилан сэргийлэхэд бэрх элдэв асуудал үүсгэж болзошгүй байдаг. Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэрээр ирдэгээс болоод зарим банкууд чекийг нь бэлэн мөнгө болгохоос зайлсхийх талтай.

Мөн залгаа нэрнүүд /Энх-Од=Enkh-Od -н “-” dash-г зарим программ таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон 2-с дээш нэрний нийлэмж бүхий /Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, черниль), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрнээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлуудаас салдаггүй олон хүн байдаг. Саяханы нэг жишээ дурдахад жудо бөхийн дэлхийн аваргаар дундад азийн зарим нэг орны тамирчдын нэр нь дээр өгүүлсэн MuNKHLKHagva гэдэг шиг нэг доор хэт олон гийгүүлэгч давхардсан байхыг уншихад үнэхээр төвөгтэй санагдсан шүү.

Энэ бүх тохиолдлуудыг олон талаас нь бодолцох хэрэгтэй болов уу? Миний сонгосон нэрийн тухайд Монгол хэлний тайлбар тольд байхгүй байсан. /Яг ийм тохиолдол гардаг юм байна лээ/ Түүхэн талаасаа ч тэр, одоо хуулийн байгууллагад хэрэглэгдэж байгаа нэр хэдий ч гэлээ тайлбар тольд ороогүй үг. Иймд өөрийн таньдаг хэл шинжлэлийн хүндээ хандах хэрэг гарсан. Утгыг нь нэг сайхан тайлбарлуулж аваад сэтгэл харин ч нэг ханасан даа. Ялангуяа хоёр монгол үгийн язгуурыг нийлүүлж нэг үг бүтээх гэж байгаа бол зохицол, утга төгөлдөр байх талаас нь хэл шинжлэлийн эрдэмтдээс асуухад буруугүй юм байна лээ шүү.

Мөн буддын шашны ойлголтод нэрийг бүтэн дуудах нь буян заяа тэгширдэг гэдэг ойлголт ч бас бий.

Ховор байхын тухайд бол түгээмэл хэрэглэгддэг нэрсээс татгалзах нь зөв гэж боддог. Миний хувьд шинэ хүндээ Монголд ганцхан байх тэр нэрийг өгнө гэж шийдээд байсан. Танд таалагдаж буй нэр байвал тухайн нэрээ Монголд хэчнээн байгааг шүүж олох амархан юм. Статистикийн үндэсний хороо энэ боломжийг олгожээ. Ганцхан “Google” байхад л Танд хангалттай.

Харин ганцхан байх тэр нэр чинь олон жилийн дараа хэчнээн болж хувирахыг таашгүй юм. Хэдий өнөөдөр ганц байгаа ч гэлээ Монголчуудын даган дуурайх сэтгэлгээгээр хожмын нэг өдөр тухайн нэр хэчнээн олон болсныг Статистикийн үндэсний хорооноос мэдэх боломжтой байгаа юм. Тухайлбал: Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Эзлэн” гэдэг нэр 2012–2018 оны дотор цор ганцаас 60 болтлоо нэмэгдсэн байх юм. МУГЖ С.Жавхлангийн хүүхдэдээ өгсөн “Юм-Агь” гэдэг нэр 2010–2018 онуудад 1–39 болтлоо тус бүр нэмэгдсэн байна.

Монголд байх хамгийн түгээмэл нэр “Бат-Эрдэнэ” гэх бөгөөд 15259 Бат-Эрдэнээс овгоороо ч ялгагдахгүй дуудагдах хэчнээн зуун Бат-Эрдэнэ байгаа гэж та бодно.

Монголын хамгийн түгээмэл TOP-50 нэр

Өвөрмөц байхын тухайд Таны л мэдлийн асуудал. Буддын шашны хандлагыг дагаж өгнө үү, аль нэг ламаас нэр зална уу, будаанд шигшиж өгнө үү, өөрөө сонгоно уу, хэн нэгнээр өгүүлнэ үү ёстой олон сонголтуудаас Та бүхний шийдэх асуудал.

Нэгэн сумын иргэд нийтлэгээрээ эрчүүд нь “Сандагдорж”, бүсгүйчүүд нь “Ренцэнханд” гэж байхыг би мэдэх юм. Учир юу хэмээвээс тухайн орон нутагтаа хүүхдэд сайн гэсэн ламаасаа нэр залахад хайрласан юм санж. Тэр хүүхдүүд өсөж том болоод нэг ангид 3–5 Сандагдорж, мөн тооны Ренцэнханд байвал Та гайхах уу?

Будаанд шигшихийн тухайд бол би хувьдаа санал нийлэхгүй. Тийм азанд найдсан амьдрал ч гэж юу байхав. Төрөхөд нэрийг нь азанд найдаж өгнө, цэцэрлэгт оруулахад нь ахиад нэг азанд найдна, амьдрал туршдаа НӨАТ-ын сугалааны аз, бас бус аз эзэнд итгэсээр энэ амьдралыг барна гэж юу байхав дээ гэдгийг Та ч бас нэг бодоод үзэхэд гэмгүй!

Миний хувьд жинхэнэ монгол нэрийг хайсан. Тэгэхдээ эртний баатруудын нэрсийг төдийлөн өгье гэж бодоогүй. Нэлээн эртнээс л тэмдэглээд явсан нь хожмоо хэрэг болдог юм байна лээ. Ном уншиж байхад таалагдах нэр гарвал, зарим нэг ховор нэртэй хүнтэй тааралдвал тэр бүхэнд л дэвтэртээ тэмдэглэж байв. Хэрэв та хүсвэл Монголын нууц товчоон дээр гардаг бүх түүхэн нэрүүдийг жагсаасан тэмдэглэлтэй гүүглээс танилцах боломжтой.

Нэг удаа бүр хүүхдийн нэр тодоос тод зүүдэлдэг юм байна. Аа гэхдээ тэр эмэгтэй хүүхдэд өгөх нэр л дээ. Бэлэгшээгээд охинтой болвол өгнөө гээд хадгалчихсан байгаа. /кк/

Нэрийн тухайд богино настай цэцгийн нэр өгөхгүй байх, төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гарагтай холбох, нэр хүнддэх, эцэг эхийн махбодьтой холбож өгөх, цээрлэж өгөх нэр гэх зэрэг шашны олон ойлголтууд байдаг. Энэ бүгдэд зөвлөгөө өгөх шашны талын мэдлэгтэй хүн биш тул би зөвлөж чадахгүй нь ээ.

Харин ээжийнхээ хэлдэг нэгэн домгыг сонирхуулахад: Нэгэн айлын Гал, Оч, Дөл гэсэн 3 хүү байж л дээ. Гэтэл Гал гэдэг нэртэй хүү нь зартай сайн яваад Оч, Дөл гэдэг хүүгийнх нь амьдрал огтоос дэвжин дээшилж өгөлгүй энэ амьдралыг барж л дээ. Учрыг нь мэргэн хүнээс асуувал нэрэнд нь л хамаг учир байсан гэх.

Харин хууль зүйн талаасаа нэр өгөхөд ямар зохицуулалт мөрдөгддөг вэ?

Хүн бүр өөрийн нэртэй байх нь хувийн салшгүй эрх юм. Хүний нэр гэдэг нь тухайн улсын ард түмний уламжлал, зан заншлын дагуу хүнийг төрөхөд нь өгч, олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулан түүнийг бусдаас онцгойлон ялгаж байгаа илэрхийлэл юм. Иргэн нэртэй байхыг хуулиар баталгаажуулж байгаа нь түүнийг эрх зүйн харилцаанд оролцох нэг нөхцөлийг хангаж байгаа хэрэг юм. Иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Хүүхэд төрсний дараа эцэг, эх эсхүл эрх бүхий этгээд хүүхдэдээ нэр өгч, хуулийн дагуу тодорхой хугацааны дотор бүртгүүлж, баримт бичиг олгоно. Хүүхдэд нэр өгөх, овог сонгох, хүүхдийн эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ. Хуульд заасан үндэслэлээр иргэн зохиомол нэр хэрэглэх, нэрээ солих эрхтэй. Энэ тухай Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд “зохиогч нь бүтээлээ өөрийн болон зохиомол нэрээрээ эсхүл нэргүйгээр нийтийн хүртээл болгох эрхтэй” гэж заажээ.

1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хүүхэд төрмөгцөө нэн даруй бүртгүүлж нэртэй байх тухай заасан байдаг бол тус пактаас цаг хугацааны өмнө буюу 1926 оны БНМАУ-ын Иргэний хуулийн хоёрдугаар бүлгийн 53 дугаар зүйлд “Аливаа төрөгсдийг дансанд тэмдэглүүлэх тухайн хэргийг төрсөн өдрөөс эхлэн хоёр сарын дотор мэдүүлэн гүйцэтгэвээс зохино” хэмээн зааснаас үзвэл монголд нэр хайрлах асуудлыг 90 гаруй жилийн тэртээгээс албан ёсоор хуульчилж ирсэн байна.

Манай ард түмэн эртнээс хойч үедээ захихдаа эцэг, эхээс өгсөн нэр төрөө хайрлан хамгаалж явахын чухлыг зүйр цэцэн үг, билэг сургаалиараа сургаж эрхэмлэсээр ирснийг дараах жишээнээс харж болно. “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэрэлхээд нэрээ идэхгүй, хариад гэрээ идэхгүй”, “Нэрээ эвдэхээр гараа эвд”, “Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй”, “Нэрээ барахаар насаа бар”, “Нэрээ залуугаас нь хувцсаа шинээс нь”, “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ”, “Нэр нэгтийн чих нэг”, Сайн хүний нэрийг муу хүн хөөддөг сайхан сүмийн оройг шаазгай шувуу баастдаг”, “Хүүгийн алдар мандахад эхийн үрчлээ тэнийнэ”, “Нэр үхэхээр бие үх”, “нэр гутахад толгой гутах”, “нэрээн алдвал хүндээн гээх”, “сайн нэр мөнхрөх, муу нэр өмхрөх”, “Нэр, үр минь үлдэх хорвоо” зэргээр ардын сургаал үгэндээ товч хэрнээ тодорхой гүн утга агуулгаар илэрхийлж ирсэн нь харагдаж байна.

Дэлхийн зарим улсад хүүхэддээ өгч болохгүй нэрсийн жагсаалтыг баталсан байдаг. Тухайлбал, Европт барааны тэмдэгттэй холбоотой бренд нэр, түүнтэй ойролцоо утгатай нэрсийг хориглосон бол лалын шашинтай улсад шашных нь эсрэг утгыг агуулсан нэр өгөхгүй байх зэргээр дэлхийн олон оронд тус тусын зохицуулалт байдаг. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид өгч болохгүй нэрсийн жагсаалт байдаггүй. Харин Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд Монгол Улсын иргэн нэрээ нэг удаа өөрчлөх боломжтой. Жишээлбэл, Монгол Улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь Алтантуяа гэдэг нэрээ өөрчилсөн байх юм. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхийг хориглодог байна.

Мэдээж нэр утга билэгдэлтэй байхаас гадна олон талыг харгалзаж шийдэх ёстой гэдгийг үзүүлэх гэж зорилоо.

Нэг зүйл анхааруулж хэлэхэд цор ганц, ховор нэр өглөө гэж бодоход төрсний гэрчилгээ дээр нь мэдээллийн санд ийм нэр байхгүй гэсэн үндэслэлээр монгол бичгээр бичигдэх боломжгүй байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Нийтлэлийг маань анхаарал хандуулан уншсан Та бүхэнд баярлалаа.

Монголын үрс маш олон болох болтугай!

Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, Монгол хүн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай, амьдрах болтугай!