УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахын өмнөх долоо хоног гэхэд улс төр харьцангуй намуун байлаа. УИХ-ын даргын Швейцарт хийсэн албан ёсны айлчлалын тухай, Энхийг сахиулах хүчинд зүтгэж буй цэргүүдийг эргэхээр Суданыг зорьсон Ерөнхий сайдын мэдээтэй энгийндүү өдрүүд өнгөрөв.
Харин долоо хоногийн сүүлч, амралтын өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг дагалдан явсан багийнхны “тээж” ирсэн офшорын тухай мэдээг олон нийтийн сүлжээнийхэн шүүрэн авч нэлээдгүй хэлэлцлээ.
УИХ-ын даргыг дагалдан Швейцарт ажилласан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан твиттер хуудсаараа дамжуулан:
-Швейцарын тал Сангийн сайд асан С.Баярцогтын офшор бүсэд ашиглаж байсан 5 дансны хуулгыг өглөө. Баримтыг Гадаад хэргийн яамаар дамжуулан АТГ-т хүргүүлнэ. “Credit Suisse AG” банкин дахь С.Баярцогтын 2008.09.30-2013.12.31-ний хооронд гүйлгээ хийж ашигласан ам.долларын 3, еврогийн 2 дансны мэдээллийг бид авч ирж байна гэж мэдэгдсэн нь улс төр орчимд хэсэгтээ мартагдахгүй мэт дүрэлзсэн ч, мартагдаад удсан офшорын тухай сэдвийг сэргээв.
Т.Аюурсайханы жиргээ Швейцарын банк харилцагчийнхаа дансны мэдээллийг шууд өгөөд явуулдаг хэрэг үү гэсэн асуулттай, итгэл үнэмшилгүй байр суурь, хэн анх офшорын асуудлыг хөндсөн бэ. Хэн анх Швейцарт хөл тавьж, С.Баярцогтын тухай мэдээллийг хүргэсэн бэ. Хэн, хэн анх офшорчдыг илрүүлсэн бэ. Т.Аюурсайхан лав биш” гэх мэт маргаанаар үргэлжилж байна.
Үйл явдлыг Швейцарт ажилласан УИХ-ын баг бага зэрэг албажуулчихвал офшор энэ хаврын улс төр, хаврын синдромын нэгд багтаж мэдэхээр байна.
УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Швейцараас юу тээж ирсэн бэ. Энэ нь үнэхээр офшор дансны хуулга мөн байсан уу. Мөн гэдгийг яаж батлах вэ. Эсвэл энэ нь МАН-ын улс төрдөө ашиглах гэсэн зохиомол түүх үү.
Баримт мөн байлаа гэхэд С.Баярцогттой тооцох хариуцлагын асуудлыг яаж хөндөх юм. Офшор бүсэд ганц С.Баярцогт биш өөр цөөнгүй хүн данстай байгаа. Тэдний дансыг бас олоод ирсэн үү гэх мэт олон асуулт урган гарч ирж байна. Үүнтэй хамт ямар нэгэн үйл явдлыг өөртөө нааж, авторлох дуртай, “би”-гээр өвчилсөн поп улстөрчид, нийгмийн идэвхтэй хэсэг хоёр нэг хэсэг ярих юмтай, хийх “ажил”-тай болох төлөвтэй.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоогоод 14 хонов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн дагуу онц байдал тогтоосон Ажлын хэсэг үйлдвэрийн үйл ажиллагааг зургаан сар шалгах юм.
Үйл явдалтай холбогдуулж, Авилгатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногоос Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нарыг дуудан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан үйл явцын талаар тайлбар мэдүүлэг авч байна.
Мэдүүлгийг ОХУ-ын мэдлийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанд суусан экс сайд нар өгч эхэлжээ. Энэ асуудлыг Засгийн газар 2016 оны зургаадугаар сарын 9 болон 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байдаг.
Энэ хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, сайд М.Энхсайхан, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зам тээврийн Д.Зоригт, Эрүүл мэндийн С.Ламбаа нар оролцжээ. Тэд бүгд АТГ-д байцаалт өгч байгаа.
“Эрдэнэт”-д онц байдал тогтоох ҮАБЗ-ийн шийдвэр хэрэгжээд эхэлсний дараа, өнгөрөгч долоо хоногт ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар Засгийн газартай хэлцэл хийх саналаа хүргүүллээ.
Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авах шийдвэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед гарсан. Гэвч ХХБ болон “Монголиан коппер корпорэйшн” компанийн удирдлагууд Засгийн газраас санал гаргасан хэлцлийн ширээний ард сууж байгаагүй. Дуудсан хуралд оролцож байгаагүй гэдэг.
Одоо тэдний байр суурь эргэж, өөрсдөө санаачлаад хэлцэл хийх санал гаргаж байгаа нь хэрэг явдал ХХБ болон “Монголиан коппер корпорэйшн” компанийн хувьд нэлээн эвгүй тийш эргэсэн байж магадгүйг харуулж байна.
Үүнийг батлах мэт У.Хүрэлсүхийн танхимын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрөгч долоо хоногт “Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг шалгасны эцэст хэлцлийн ширээний ард суух байх” гэж мэдэгдэв. Энэ бүгд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон үйл явц нэлээд сунжирч мэдэхээр байгааг харуулж байх шиг байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, албан тушаалын дахин хуваарилалт хийсэн. УИХ-ын даргаа огцруулж, Хотын даргаа хөндсөн. УИХ дахь 23 гишүүн болон олон тооны төрийн өндөр албан тушаалтан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан, маш бага хувийн хүүтэй зээл авсан гэх мэт эрх баригч МАН-ын нийгмийг цочирдуулсан том том дуулиан, доргионд халхлагдан, рейтингээ ч багагүй өргөөд авсан АН-д энэ хавраас нэлээн доргио үүсч мэдэхээр боллоо.
УИХ-ын 2016 оны сонгуулийн ялагдлаас хойш намын даргаа сонгох марафоныг явуулж, нийгмийн анхаарлыг хэсэг татсаныг эс тооцвол нам гүм байдалд орсон АН дотооддоо бужигнах цөөнгүй шалтгаантай байсан ч өнөөдрийг хүртэл зөрчлөө нийтэд бараг илчлээгүй.
Харин өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаас чөлөөлөгдөж буйгаа сүртэй зарлаж, АН доторх улс төр хүссэн ч хүсээгүй ч хөдөлгөөнд орох хандлагатай боллоо.
Н.Алтанхуяг: Би шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.
Мөн өөрөө бол “Ерөнхийлөгчийн нэр хүндэд харшлахгүйн тулд зөвлөхийн ажлаа өглөө” гэсэн боловч улс төрийн хүрээнийхэн үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг 2020 оны сонгуулийн бэлтгэлээ хийх, нэр дэвших тойрог олж авах, нөгөө талаар Ерөнхийлөгчийн талыг баримтлагч АН-ын бүлгийн алдагдсан байр суурийг сэргээх, тэдэнд УИХ-д нэр дэвших квот олох өрсөлдөөнийг эхлүүлэх гэж байна хэмээн хардаж эхэллээ.
Н.Алтанхуягийн хөдөлгөөнтэй зэрэгцэн С.Эрдэнэд байр сууриа алдсан, АН-ын гол лидерүүд намын тогоо руугаа өнгийж, наанадаж намын удирдлагаа буулган авах, нэр дэвших тойрог олж авах, цаанадаж намын удирдлагаа солих гурван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж АН-ын эх сурвалжууд мэдээлж байна.
Д.ШАТАРБАЛ