- ТОЙМ -
Лхагва гарагт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатууллаа. Түүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүст эрүүдэн шүүсэн асуудлаар саатуулсан болов уу гэх таамаглал мэдээ цацагдсан ч хаанаас, хэний шийдвэрээр хорьсон бэ гэдэг нь тодорхойгүй байсан юм.
Хэвлэл мэдээллийнхний тайлбар шаардсан асуултад үдээс хойш Цагдаагийн байгууллага хариу өгч, Б.Хурцыг ЭЦГ саатуулсан. АТГ-д нээсэн байсан эрүүдэн шүүсэн гэсэн гомдол бүхий хэргийг Цагдаагийн байгууллага хүлээж аваад долоо хонож байгаа хэмээн мэдэгдсэн.
Яг энэ өдөр УИХ-д С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулагдсан байгаа. Түр хорооны үндсэн ажил болох энэ хэрэгт Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн оролцоо өндөр. Тиймээс Ц.Нямдорж Хууль зүйн яамны харьяаны Цагдаагийн байгууллагад тушаал өгч баривчилгааг явууллаа гэсэн яриа улс төрийн хүрээнд тараад байна.
Баривчилгаа болсон өдөр сэтгүүлчид Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг Төрийн ордонд отож, жижиг тайлбар авсан байдаг. Энэ тайлбартаа сайд “Б.Хурцыг өчигдөр орой саатуулсан гэдэг мэдээллийг авсан” гэснээс өөр шинэ юм хэлээгүй.
Гэхдээ сайд сэтгүүлчдийн давхар сонирхсон “Сайд аа, танай хүүхдийг Элчин сайдаар томилогдох талаар ярьж байна” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, “Чи одоо болно хөөш, хаанахын юун сэтгүүлч яваад байгаа юм” хэмээн уурсаж, ашиг сонирхлын зөрчилтэй асуултаас бултсан нь анхаарал татаж буй.
Сүүлийн үеийн судалгаагаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн рейтинг тогтмол өсч буй. Дөрөвдүгээр сард хийгдсэн МЭК болон Сант-Марал сангийн судалгааны дүнгээс харахад тэр Топ-10 улстөрчийн 6, 7 дугаарт бичигдэж, МАН дотроо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын дараа жагссан байна.
Нөгөө талаар ЖДҮ-ийн факт болон ашиг сонирхлын зөрчлүүдээс үүссэн хямрал нь МАН-ыг 2020 оны УИХ-ын сонгуульд Засгийн эрх барих хэмжээний суудал авч чадахгүйд хүргэнэ хэмээн ажиглагчид үзээд эхэлсэн. Таамаглал бодитой хэрэгжвэл МАН У.Хүрэлсүхэд хариуцлага тооцож, тэр намын даргын суудлаа өгөхөд хүрэх юм.
Энд гарсан сул орон зай Ц.Нямдоржийнх болж, тэр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших бэлтгэлээ одооноос эхлүүллээ гэсэн таамаг ч улс төрийн хүрээнд үүссэн байна.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг улс төр орчимд 20 жил маргаан дэгдээж буй. Одоо яригдаж буй версүүд үнэн үү, худал уу гэдгийг ялгаж салгахад цаг хугацаа ч орох байх. Ирэх сонгуулийн дараа шинэ Хууль зүйн сайд гарч ирээд одоо Ц.Нямдорж сайдын ярьж байгаагаас тэс өөр асуудал ч ярьж мэдэх юм. Энэ бол Монголын улс төрд байдаг жишиг.
Харин яг одоо, хоёр сонгуулийн өмнө С.Зориг агсны үхлийг хэн тод ярина тэр хүн оноо цуглуулаад эхэлчихлээ. Тэгэхээр Ц.Нямдорж сайд хэдий чинээ хурц мэдэгдэл хийж, хурц үйл явдал өрнүүлнэ тэр хэрээрээ оноо цуглуулж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаа урагшуулах боломжтой юм.
Х.Баттулгын санаачилга урагшлах эсэхийг тоолсон цаг хугацааны машин ажиллаад эхэллээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар өмнөд хөршид айлчилсан Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал долоо хоногийн онцлох сэдвийн нэг байлаа. Ерөнхийлөгч мөн Бээжинд болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцов.
Айлчлалыг дагаад:
Харин энэ оноос төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлж байна.
Бидний хувьд өөрсдийн хүчээр дэд бүтэц байгуулах нь хоёр хүн тутамд нэг км.кв газар нутаг ногддог буюу дэлхийд хамгийн сийрэг нягтралтай улсын хувьд томоохон сорилт юм. Далайд гарцгүй орнуудыг манай бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна гэсэн үгийг хэлжээ.
Х.Баттулгыг Зам тээврийн салбарыг удирдаж байх он жилүүдэд хоёр улстай төмөр замын асуудлаар өрнүүлсэн цөөнгүй хэлэлцээр бүтэлгүйтсэн байгаа.
Гэсэн хэдий ч өнгөрөгч долоо хоногоос ард үлдсэн асуудлыг мартаад урагшилж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хөршүүд хэрхэн хүлээн авах вэ гэдийг шинээр бичих цаг хугацааны машин ажиллаж эхэллээ.
УИХ-ын нөхөн сонгуульд оролцох МАН-ын гурван хувилбар
УИХ-ын гишүүн Д.Гантулгын сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн асуудал улс төрийн намууд өнгөрөгч долоо хоногоос эрчтэй анхаарлаа хандуулж эхэллээ. Даваа гарагт МАН-ын Удирдах зөвлөл лхагва гаригт хуралдаж, Бага хурлаа зарлав. Өнөөдөр болох МАН-ын Бага хурал дээо нэр дэвшигчийн асуудлыг ярих юм.
Багадаа 10-12 улс төрийн нам оролцохоор байгаа Хэнтийд болох нөхөн сонгуулийн гол өрсөлдөөн МАН, АН, МАХН дунд явагдахаар байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох энэ сунгаанд МАХН Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр эргэлтгүй шийдсэн байгаа. Боломжгүйд хүрвэл С.Ганбаатарыг сойх хоёр дахь хувилбар ч тус намд бий. АН бол энд Хэнтийд дөрвөн жил Засаг даргаар ажилласан Ж.Оюунбаатарыг сойх нь тодорхой болсон.
Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал МАН-ын хувьд хүнд сорилт болоод байна. Тус нам Хэнтийн сонгуульд өнөөдрийн байдлаар улстөрчдийг рейтингээрээ тэргүүлж байгаа Ерөнхий сайдыг өрсөлдүүлэхээр яригдаж байгаа ч Н.Энхбаяр бол У.Хүрэлсүхэд хатуу самар, томоохон тээг үүсгэх боломжтой.
Үүнээс гарах гарцыг МАН эрэлхийлээгүй биш эрж хайж байгаа. Хэнтийд МУГЖ Гэндэндарамын Эрдэнэбатыг боломжтой хувилбар гэж үзээд, судалгаа хийгээд ч амжсан байдаг. Хэрвээ энэ хувилбар боломжгүй гэж үзвэл эвгүй дуулианаасаа болж УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзсан Б.Гантулгыг ч парламентад буцаан оруулах хувилбар яригдсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.
Түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд Б.Гантулга УИХ-ын босгыг дахин давж, Хэнтийд болох нөхөн сонгуулийн асуудалд цэг тавих ийм боломжийг эрх баригч МАН судалж амжсан мэдээ бий. Өнөөдөр болох МАН-ын Бага хурлын шийдвэр эдгээр таамагт хариу өгөх биз ээ.
Д.ШАТАРБАЛ