Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг энэ хавар улс төр орчимд нэлээд эрэлттэй байна. УИХ хэргийг шалгах Түр хороо байгуулахаар болж, сэдвийг тойрон Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын гишүүд байр сууриа хамгийн тод илэрхийлж, нэг нэгнээсээ өрсөн мэдэгдэл хийцгээж байгаа.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногоос энэ хэрэг улстөр орчимд илүү өргөн хүрээг хамарч, тэдний дуртайяа мөлжих сэдэв болох хандлага ажиглагдаж байна.
Баасан гарагт ИЗНН-ын тэргүүн Ц.Ганхуяг нарын хүмүүс олны өмнө гарч “Манай нам бол С.Зориг агсны үзэл санааг тээгч нам. Бид шүүхийн бүх шатны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг ил болгохыг шаардаж байна. Хэргийн үнэнийг олохын тулд улс төрийн тэмцэл өрнүүлнэ” хэмээн С.Зориг гэдэг хүний нэрийг өмчирхөв.
Бямба гарагт С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиов. Жил бүрийн энэ өдөр талийгаачийн найз нөхөд, гэр бүл, журмын нөхөд нь түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.
Энэ өдөр Ардчилсан хувьсгалын эцэг гэгддэг С.Зоригийн хөшөөнд АН-аас салан тусгаарлаж, шинэ нам байгуулсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өмнөх өдөр нь үзэл санааг нь тээдэг гэж мэдэгдсэн ИЗНН-аас өрсөн хамгийн түрүү ирэв.
Тэд "Бидний нөхөд, нам С.Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ, МАНАН дэглэмтэй цаашид ч үргэлжлүүлэн тэмцэнэ" гэсэн гайхалтай мэдэгдлийг хийчихээд хөшигний араар явж оров.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг Төрийн ордны хаалгаар гарч, шар шороо бужигнасан хуйсагнуур хаврын гудамжинд ч цуурайтах нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дохиотой холбоотой. Ирэх сонгуулийн гол шоу, гол сэдвийн нэгд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг багтана.
Ерөнхийдөө энэ цаг үеэр хэн энэ хэргийн талаар тод дуугарна тэр хүн улс төрийн тайзан дээр гялалзана. Сэдэв сонгуулийн ялагчдыг тодруулна гэсэн ойлголт улс төрчид, ялангуяа популизм хийж, түүнийхээ амт шимтийг мэдэрсэн хүмүүсийн сэтгэл зүйд нэлээн гүн нутагшсан байх магадлалтайг харуулж байх шиг байна.
Тавантолгой ордыг Дорноговийн Зүүнбаянтай холбох 414.6 км төмөр зам барих шийдвэрийг гаргаад олон нийтийн шүүмжлэлтэй халз тулсан Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсдэг хүндрэл, тээврийн жолоочдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах Албан даалгаварыг гаргалаа.
Олон нийт Засгийн газрын шийдвэрийг эдийн засгийн өсөлтөд онцгой нөлөө үзүүлэх Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын ажлыг урагшлуулахыг хүсэлгүй, цоо шинэ 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын талаар хөндлөө хэмээн эсэргүүцэж байгаа юм.
Шүүмжлэлийг Засгийн газар бага зэрэг зөөлрүүлэх гэж үзсэн бололтой. Цогтцэций дэх “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж буй “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулах, тэнд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгох. Нүүрсний тээвэрлэлийн авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулах гэх мэт асуудлыг шийднэ гэж мэдэгдэв.
Мөн сая саяын авилга өгч байж авдаг ачаа тээвэрлэх зөвшөөрлийн C ангиллын бичгийг дамлан худалддаг тухай асуудлыг шалгаж, таслан зогсоохыг хуулийн байгууллагынханд үүрэг болгоод байна.
Энэ нь Засгийн газрын эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэдэг Тавантолгойн ордын бүс, тэнд амь насаараа дэнчин тавин ажиллаж буй тээврийн жолооч нарт сэтгэл гаргаж буйгаа ойлгуулах гэсэн оролдлого болов уу гэж харагдаж байна.
Ямартай ч энэхүү Албан даалгавар хэрхэн биелэх вэ, У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын төсөөлж байгаа шиг байдал дээрдэх үү, эсвэл эсрэгээр дордох уу гэдгийг тоолох цаг хугацааны машин өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
УИХ Баасан гарагт Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарын асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ерөнхийлөгч зарлиг гарган тэдний томилгоог ч албажуулж амжив.
Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшсэн прокуроруудын асуудал хоёр долоо хоног дамжин яригдсан. Өмнө нэр дэвшээд бүтэлгүйтсэн А.Цэрэнсодномтой харьцуулахад энэ удаа Прокурорын байгууллагт хийсэн томилгооны эздийн талаар бараг уламжлал болчихоод байгаа, ямар нэгэн дуулиан бичлэг гэх мэт бараан баримт дэлгэгдсэнгүй.
Энэ нь шинэ прокуроруудад итгэх олны итгэлийг бага зэрэг нэмэх шиг болов. Гэхдээ томилгоо бол дөнгөж эхлэл. Энэ байгууллагын өмнөх дарга нар “гэмт хэргийг улс төрийн захиалгаар шийддэг” гэсэн ойлголт нийгмийн тодорхой хэсэгт суучихсан байгаа.
Прокурорын байгууллага руу хийсэн сэлгээ, томилгооны эзэд ирээдүй цагт хуучин дарга нарынхаа нэгэн адил тодорхойлолт аваад, асуудлаа УИХ-аар шийдүүлэхгүй байх хэмжээний ухаан зарж ажиллах л үлдэж.
Долоо хоногийг томилгоо дагасан дуулиантай үдсэн УИХ энэ долоо хоногт Гадаад харилцааны яамнаас 10 орчим оронд Элчин сайдаар ажиллах нөхдийн томилгоог хийх төлөвтэй. Асуудал өнгөрч долоо хоногоос эрчимтэй яригдаж, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах санал Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргэгдлээ.
Гадаад харилцааны яам Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр , Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарын хүмүүсийг Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайдад зүтгүүлэхээр УИХ-д санал оруулж иржээ.
Энэ долоо хоногт тэдний хэн нь вэ гэх мэдээ хэвлэл мэдээллийн хуудсыг дүүргэж эхлэх төлөвтэй.
Д.ШАТАРБАЛ