2019 оны 3 сарын 14
Хөгжлийн тухай ярилцъя

“Монгол хүний товчоон”-ы ОНЦЛОХ ТАВАН зүйл

“Монгол хүний товчоон” хэмээх нэгэн шинэ ном дэлхийг тойрон суух 30 гаруй мэргэжилтэн, судлаачийн оюуны бүтээл болон нийт монголчууд, уншигч таны гар дээр очиж байна.

Энэ бол борлуулж ашиг олох, зохиогчид нь өөрсдийгөө илэрхийлэх зорилготой байдаг л нэг хэвлэл биш. Аль нэг намын хөтөлбөр, улс төрийн тунхаг, эсвэл уран зохиол, дурсамжийн ном биш. Харин орчин цагийн монгол хүний хүсэл тэмүүллийн илэрхийлэл бөгөөд үе үеийн эх орончид, эх орныхоо төлөө оюун сэтгэлээ чилээж, эрдэм мэдлэгээ шавхах монгол хүн бүрт зориулагдсан суурь бүтээл юм.

“Монгол хүний товчоон”-ы агуулга урьд өмнө тэр бүр хөндөгдөж байгаагүй өргөн хүрээг хамарсан бөгөөд шинэлэг ойлголт, ухагдахуун, сонирхолтой дүгнэлт, загвар дүрслэл энэ номд арвин бий. Тэр бүгдээс номын онцлогийг илэрхийлэх дараах ТАВАН зүйлийг онцлон дурдъя.

НЭГ. Түүхийг тоочих биш, сургамж ба үнэт зүйлсийг нь тодруулсан

Монголчууд бид дундрашгүй баялаг их түүхээ судлан хэлэлцэж, шимтэн уншиж, болсон үйл явдлыг бахархан ярилцах дуртай. Гэхдээ түүхэн үйл явдлын үр дагавар, сургамж талаас нь шүүн үзэж, ном бүтээлд нэгтгэн оруулсан нь тийм олон биш. Яг энэ орон зайг нөхөн “Монгол хүний товчоон” өнгөрсөн 2000 жилийн түүхээсээ орхиж болшгүй үнэт зүйлсийг түүвэрлэх, давтаж болшгүй алдаа, сургамжийг эрэлхийлснээрээ шинэлэг бөгөөд онцлог.

Ноёд, дарга нар нь өнгө мөнгө, хоосон цол гуншингаар уралдахын цагт улс орон яаж урууддагийг, улс төрийн өрсөлдөгчөө харийн дэмжлэгтэй нухчин дарах оролдлого бүр хар толгой дээр нь удалгүй буудгийг, өс санан үзэлцэж биш, эвлэлдэн хэлэлцсэн үед монголчууд хүчийг олж байсныг түүхээсээ дахин давтан, тодхон харж болно. Лигдэн ба Галдан хаадын хувь заяа ямар төстэй эргэснийг, Д.Бодоо, С.Данзан нарын сөргөлдөөн хэрхэн эмгэнэлтэй төгссөнийг нээж үзээрэй. 

Өнгөрсөн түүхэнд авамгүй, мартаж хаях сургамж ч бий, ирээдүйг бүтээх гарц шийдэл ч бий. Түүх бол дурсамж, үйл явдал төдий биш, ирээдүйн хөгжлийн үндсэн орц, хэрэглэгдэхүүн юм. 

ХОЁР. Дэлхийн улсуудын хөгжлийн жишээг нэгтгэн дүгнэсэн

Дэлхийн 5 тивийн 28 улсын хөгжлийн түүхийг нэгэн загвараар судлан, нэгтгэж дүгнэсэн нь Монгол Улсад лавтай анхны тохиолдол. 

Улс бүр өөр нөхцөлтэй, давтагдашгүй мэт боловч хөгжлийг бүтээдэг хэдэн хялбар зарчим, хөгжлийн нэгэн томъёо байдаг ажээ. 

Боловсролыг эрхэмлэж, хүнээ хөгжүүлсэн, өөртөө итгэлтэй, хөгжлийн зорилготой үндэстэн л хөгжин манддаг аж. Хоосон амлагч биш, мэдлэг, итгэл үнэмшилтэй улс төрийн манлайлагчид ба тэдний баг энэ бүхнийг эхлүүлдгийг амжилттай яваа улс бүр нотолж байна.

Хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг заавал дэмжиж татдагийг, авлигатайгаа дүр эсгэж биш, бодитой тэмцэж чадсан улс л хөгждөгийг улс орнуудын жишээ мөн батална. Гүржийн Саакашвили, Сингапурын Ли Күан Ю болон тэдний чадварлаг баг үгүйсэн бол Гүрж, Сингапур авлигадаа идэгдсэн, хоцрогдсон орон байх байлаа. Хүнээ дээдэлсэн, үндэсний зөвшилцөлд суурилсан, өөрийн гэсэн хөгжлийн тогтсон загваргүйсэн бол Европ, Азийн олон жижиг улс ядуу хэвээр үлдэх байв. Тэр бүгдийг номноос барин тавин сөхөж судлаарай. Хөгжил гэдэг сүржин нэртэй боловч аравхан тулгууртай энгийн томъёотой ажээ.

ГУРАВ. Монгол хүний шинж чанарыг мөшгөн эрэлхийлсэн

Өөрийгөө алдсан монгол хүн өөрийн нутагтаа эзэн сууж, амьдрал, хөгжлөө өөрийнхөөрөө бүтээж чадахгүй нь ойлгомжтой зүйл. Энэ номд зөвхөн өнөөдрийн монгол хүн хэн болохыг тодорхойлсонгүй, бүр Хүн гүрний үеэс эдүгээгийн либерал гэгдэх үе хүртэл монгол хүний туулж ирсэн ээдрээт түүх, зовлон зүдгүүр зэргийг цогц тусгахыг оролдов. 

Монгол хүн эрх чөлөөт дайчин нүүдэлчнээс Манжийн хараат, мөрөөрөө сүсэгт Монгол, цаашлан өөртөө итгэлгүй, айдастай социалист Монгол, эцэст нь өнөөдрийн учраа олохгүй төөрөлдсөн, өөрийгөө мэдрэхгүй либерал Монгол болтлоо олон нугачаа, дарамт, зовлон бэрхшээл, нийгмийн туршилтыг даван туулж иржээ.

Монгол хүний энэ төвөгтэй замналыг ойлгож, цаад яс чанар, хүслийг нь мэдэрвээс өнөөдрийн олон асуудлын учиг тайлагдаж, шийдэл нь тодоос тод зурайх бөлгөө.

ДӨРӨВ. Монголын хөгжлийн загварыг зурагласан

Улс орныг хөгжүүлэх тухай том том ярихын өмнө түүхээ судалж, үндэстнээ ойлгож, хүслийг нь мэдэрч, дэлхий хаашаа, хэрхэн хөгжиж байгааг мэдэх зайлшгүй шаардлагатай. Улсын хөгжил гэдэг ганц нэг том төсөл хөдөлгөж, мөнгөөр цутгачихвал болчихдог зүйл огтоос биш юм. Хөгжлийн алсын хараа, мөн нийт үндэстэн иргэдээ багтаах өргөн хараатай удирдагчид л хагарал эвдрэлийг зогсоон, үндэсний зөвшилцлийг бүрэлдүүлж, хөгжлийг бүтээх орчныг бүрдүүлдэг ажээ.

“Монгол хүний товчоон” ном Монгол Улсын хөгжлийн загварыг нийт монголчууд, судлаачдад санал болгон дэлгэж, Монгол Улс урсгалаар хөвөх либерал цагийг дуусгаж, Төрт Монголын хөгжлийн шинэ эринг асаах цаг болсныг тунхаглаж байна. 

Монгол Улс зам барилгад биш, иргэн хүндээ дорвитой хөрөнгө оруулж, технологийн хүч болон байгальд ойр байх амьдралын өвөрмөц хэв маягаараа даль жигүүр хийсэн цагт дэлхийд гүйцэгдэхгүй, богино хугацаанд Дэлхийн Монгол болон дэвжих болно.

Ингэхдээ, нийтээрээ зөвшилцөн монгол зорилгоо тодорхойлж, дэлхийн олонтой мөр зэрэгцэн хөгжих үндэсний хүсэл, үндэсний үзэлдээ нэгдэн, үндэсний ижилслээ бэхжүүлэх шаардлагатай. Эх хэлээ үзэхийн хажуугаар англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгон эзэмшиж, гурван бичгээ төгөлдөржүүлж, шинэ Монголын дүр төрхөө цаг алдалгүй олох ёстой. Монгол шиг урт түүхтэй, хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг ард түмэн богино хугацаанд Төрт Монголын хөгжлийн эринд дэвшин орж, дэлхийн Монгол болон гялалзах боломжтой билээ.  

ТАВ. Ном шиг ном, иж бүрэн бүтээл

Энэ ном бол явцуухан улстөрчид хувийн амьдрал, өчүүхэн туршлагаа нуршсан ядруухан хэвлэл биш. 

Дэлхийг тойрон суугаа, орчин цагийн монгол мэргэжилтнүүд, судлаачдын гар бие оролцож, сэтгэлээ шингээсэн хамтын бүтээл. “Монгол хүний товчоон” номд үндэсний хүсэл, хөгжлийн үзэл санаа, үнэт зүйл, үндэсний үзэл, үндэсний ижилсэл, Үндсэн хууль, үндэсний зөвшилцөл, хөгжлийн стратеги, алсын болон өргөн хараа зэрэг ойлголт, ухагдахууныг тайлбарлахын зэрэгцээ хоорондын хамаарал, уялдааг гаргасан болно. Эдгээрийн нэлээд нь урьд өмнө ном судалгаанд элбэг дурдагдаж байгаагүй шинэлэг ухагдахуун, ойлголтууд юм. 

Номыг бүтээхэд нийт 31 хүн шууд гар бие оролцсон ба Монголоо ойлгох, дэлхийн улсуудын хөгжлийг судлах, Монголын хөгжлийн загварыг төгөлдөржүүлэн хэрэгжүүлэх, бүр олон судлаач, эрдэмтэд, өргөн олон монголчуудын оролцоог хангах их үйлсийн дөнгөж эхлэл нь хэмээн үзэж буй.

“Монгол хүний товчоон” нэмэрлэх үгсээр эхлэн өмнөх үг, талархал, зураг, хүснэгт, эх сурвалж, түлхүүр үгс зэрэг судалгааны хэвлэл, ном бүтээлд байх ёстой, уншигчдад зориулсан бүтэц, хэсгүүдээс бүрдэх бөгөөд унших, хайх, эшлэх зэрэг судалгааны ажлыг аль болох хялбаршуулсан, иж бүрэн, ном шиг ном болгохыг, цаашид үлгэр жишиг болгохыг бүтээгчид хичээсэн болно. 
 
Эцэст нь, энэхүү бүтээл бол түүхээ, өвөг дээдсээ, өөрсдийгөө болон хөгжлийг урьд өмнөхөөс өөр өнцгөөр харж, хөгжлийн шинэ эрин цагийг зорьж бүтээх их үйлсэд уриалан дуудсан, сэдэл өгөх зорилготой, шинэ цагийн монголчуудад зориулагдсан бүтээл билээ. 

Эх орноо гэх монгол хүн та энэхүү “Монгол хүний товчоон”-ы дэвшүүлсэн санал, агуулгыг нээн хөгжөөж, судлан гүнзгийрүүлж, хамтран эзэмшиж, нэгдэн хөгжүүлээрэй.
 
 

Бадрахын Найдалаа

x