Индэр    
2019 оны 2 сарын 25
Зураг
Улс төрийн мэдээ, мэдээлэл

Ерөнхийлөгчөө байцаасан түүх 7 хаврын дараа давтагдлаа

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын дүгнэлт гарлаа хэмээсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдэл нийгэмд ЖДҮ-ийн хэргийг дахин санууллаа.  

Улирагч оны аравдугаар сард эхэлсэн УИХ-ын намрын чуулгантай дуу нийлэн өрнөсөн ЖДҮХС-гийн дуулиан нийгмийг багагүй бухимдуулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндэд томоохон доргио үүсгэж байв. 

Сангийн сайдын өнгөрсөн долоо хоногт хийсэн энэ мэдэгдэл нь Засгийн газар 29 тусгай санд оруулсан шалгалтын дүгнэлтийг олонд нээлттэй болгох юм байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар илэрсэн зөрчлийг засаж, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, тусгай сан руу савраа дүрдэг боломжуудыг хязгаарлах байх гэсэн найдварыг төрүүлж байна. 

Сангуудаас хамгийн их зөрчилтэй Тариалан эрхлэлтийг дэмжих сан байсан. Нийтдээ бүх сангаас 136 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн өр илэрч, сүүлийн хоёр сард өрийг 100 тэрбум хүртэл бууруулсан гэж Сангийн сайд бас мэдэгдээд байна.  

ХХААХҮ-ийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Тариалан эрхлэлтийг дэмжих, ЖДҮХС, Мал хамгаалах сан гэсэн гурван сангаас нэг аж ажуйн нэгж зэрэг зээл авч байсан тохиолдлууд ч бий. Зээлийн мэдээлэл Монголбанкны мэдээллийн санд багтдаггүй нь зарим компани нэг сангаас нь зээл авч, нөгөө сангийн өрөө төлөн даврах шалтгаан болж байжээ. 

Энэ долоо хоногоос хэвлэлүүд тусгай сангийн давхар зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эрэлд гарах байх. Өмнө нь илэрсэн баримт, шинэ баримтын нийлбэрүүд хэний, ямар компани нэг зээлээ нөгөөгөөр нь төлөн даварч байв гэдгийг тодорхой харуулах болов уу. 

У.Хүрэлбаатар мөн асуудлыг Засгийн газар хуралдаанаар хэлэлцсэний дараа зарим санг татан буулгах асуудлыг ч хөндөнө гэв.   
Үйл явдал Сангийн сайдын амласан ёсоор өрнөвөл шалгалтын дүн төсвийн хуваарилалт, төрийн санхүүжилтэд бугшсан идээ бээрийн нэлээд хэсэг дахин ил болох юм. Харин сайд, энэ Засгийн газар хоёрт энэ бугшсан идээг нэг мөсөн гадагшуулж, хөнгөлөлттэй зээл зорилтод бүлэгтээ хүрэхгүй байгаад дургүйцсэн нийгмийн бухимдлыг намжаах сэтгэл байгаа болов уу гэдэг нь сонирхууштай сэдэв байх биз ээ.

Парламентын нэр хүндэд санаа тавигч УИХ-ын шинэ дарга

Парламентын нэр хүндийг сэргээнэ гэсэн үгийг УИХ-ын шинэ дарга бараг лоозон, уриа шиг хэрэглэх боллоо. УИХ-ын дарга нийгмийн дунд нэр хүндээ алдаж буй хууль тогтоодог байгууллагын нэр хүндийн асуудалд санаа тавьж байгаа нь сайн хэрэг юм.  

Ямартай ч Г.Занданшатар эхний ажлуудаа зэхэж, чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж, саналаа мөн хурууны хээгээрээ өгч байх явдлыг хуульчлахаа амлав.   
Энэ шийдэл нь бусдын өмнөөс кноп дарсан, сонгогчдын эрхэнд халдсан, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталдаг гэсэн шүүмжлэлийг таслан зогсооно гэж УИХ-ын дарга үзэж байгаа аж.  

УИХ-ын хуралдааны танхим популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй хэмээн байн байн ярьж буй түүний санаа, эхлүүлсэн ажил нь үр дүнгээ үзүүлэх эсэхийг хэлэхэд эрт байна.

УИХ-д өөрсдийгөө чамгүй бэлтгэсэн поп гишүүд олон бий. Ямар ч асуудлыг хэт дөвийлгөн сүржигнэх хэдэн арван гишүүнтэй, тал хувь нь ЖДҮ-чин тодотголтой парламентыг 1.5 жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд дэгэнд нь оруулна гэдэг тийм ч амар биш. 
Сонгууль дөхсөн цаг үе нь өөрөө поп гишүүдийг хадаастай сандал дээр суусан мэт өндөлзүүлэх болов уу. Гэхдээ асуудлыг бага гэхгүй барьж аваад шийдэж чадвал Г.Занданшатарын мөрөөдөл дараагийн УИХ-ын үед биелэгдсэн байхыг харж болох юм.    

Шинэ МАНАН-гийн шахалт

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч долоо хоногт УИХ-д ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичгийг хүргүүллээ. Үүндээ өмнө нь цөөнгүй удаа дурдсан УИХ-д хэлэлцэж хийх ёстой ажлууд бий. 
УИХ-ын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацсан. 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээгдэж байна.  

Нэгдүгээр сард УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах санал, шаардлага хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулган хуулийн хугацаандаа завсарласан гэсэн мөрүүдийг дайжээ. 

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх санал, шаардлага хүргүүлээд байгааг ч мэдэгдээд байна.

УИХ-ын нэр бүхий гишүүд гэдэг нь Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар. Тэд УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагааг тасалдуулж, жагсаал цуглаан зохион байгуулсан гол гишүүд гэдгийг иргэд тод санаж байгаа байх. 
Тэдгээр гишүүдийг нийгэм хамгийн зөөлөндөө УИХ дахь Ерөнхийлөгчийг дэмжих бүлгийнхэн гэж байгаа. Харин шүүмжлэгч хэсэг нь шинэ МАНАН хэмээн нэрлэж буй юм. 

УИХ-д хэлэлцэгдээгүй хүлээгдсэн асуудал олон бий нь үнэн. Гэхдээ нөгөө талаар УИХ-ын хэсэг гишүүд Ерөнхийлөгчийн энэ хоршилууд хоёр талаас шахан ээлжит бус чуулган хуралдуулж, зарим асуудлыг яаралтай шийдэх, үүнд нь АТГ-ын даргыг солих сонирхол байна уу гэсэн хардлага ч сүүлийн өдрүүдэд өрнөж эхлэв.      

Ц.Элбэгдоржийн өмнө нээгдсэн энэ зам Х.Баттулгад ч нээгдэхгүй гэсэн баталгаа алга

Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан улстөрчдийн нэг Ц.Элбэгдорж өнгөрөгч долоо хоногт АТГ-т очиж мэдүүлэг өглөө. Ингэснээр тэр эрүүгийн гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг, авлигын хэрэгт сэжиглэгдэн АТГ-т байцаагдсан Монгол Улсын хоёр дахь экс Ерөнхийлөгч болов.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тамгыг атгаад жил ч болоогүй байхад буюу 2012 онд өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр АТГ-т дуудагдан байцаагдаж байв. Хавар нь, дөрөвдүгээр сард түүнийг гэрээс нь дайчлан баривчилсан дуулиан хэвлэлийн шар хуудсаар дүүрэн бий. Хэрэг явдлын баримтууд интернэтийн хайлтаар ч гараад ирнэ. 

Хэдийгээр хэргийг АТГ шалгасан боловч өмнөх Ерөнхийлөгчөө шалгах үүргийг Ц.Элбэгдорж өгсөн гэсэн яриа, ийм ойлголт нийгэмд хэдийнэ тогтчихсон. Хувь заяаны шоглоом уу, тохиолдол уу?

Ц.Элбэгдоржийн амьдрал Н.Энхбаярын жимээр урагшилж, тэр АТГ-д мэдүүлэг өгч буй сэжигтэн болон хувирлаа. Түүнийг шалгах, сэжигтэнд тооцуулах саналыг гаргагч нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. 

УЕП М.Энх-Амгаланд Ерөнхийлөгчийн өөрийн гараар дамжуулсан Тавантолгойн ордтой холбоотой гэх 179 хуудас материал Ц.Элбэгдорж, АТГ хоёрыг холбосон шинэ жим гарахад хүргэлээ. 

Баасан гарагт Ц.Элбэгдорж АТГ-д мэдүүлэг өгөх гэж буйгаа олон нийтийн сүлжээнд зарласан байв. Хуулийн байгууллагаас асуух, тодруулах санал ирвэл би цагт нь яваад очно. Зугтаах шаардлага байхгүй гэсэн түүний жиргээ улстөрчийн байр суурь гэхээс илүү, нийгмээс тодорхой хэмжээний дэмжлэг авахыг хүссэн оролдлого шиг харагдсан нь нууц биш. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгад 179 хуудас материалаа нийтэд ил болго гэсэн үгийг дайж байгаа. Зарчмын хувьд энэ бол зөв санаа. Тодорхойгүй үйл явдал нь өөрөө хэтэрсэн дуулиан, хоосон таамаг, айдас, сэжиг төрүүлдэг. Баримт үнэхээр гэмт хэргийг гэрчлэх үү, үгүй юу гэдгийг нийгэм ч мэдэх эрхтэй.

Эс бол Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш улстөрчдийн хоорондын өс хонзон, өгөө аваа эхэлж, эрх мэдэлтэй нь эксээ ялладаг гаж тогтолцоо бий болохыг ч үгүйсгэхгүй. Ийм болгоомжлол иргэдэд ч төрж эхлээд байна.
Ерөнхийлөгчиддөө эргүүгийн хэрэг үүсгээд байцааж, барьж хорих жишиг нь төрийн нэр хүнд үнэгүйдэх, хүчгүйдэх хандлагыг улам бүр сэдрээх гэмтэй. Олон нийтийн эв түнжин, үндэсний аюулгүй байдалд ч халтай ийм үйлдэл Ц.Элбэгдоржийн үед эхэлсэн бол долоон жилийн дараа өөрт тохиолдож байх шиг байна.

Асуудалд бодитой хандаж, 179 хуудас материалыг дэлгэхгүй бол Ц.Элбэгдоржийн өмнө нээгдсэн энэ зам дөрвөн жилийн дараа Х.Баттулгад ч нээгдэхгүй гэсэн баталгаа алга байгааг улстөрчид хэдийнэ сануулаад эхэлжээ.

Д.ШАТАРБАЛ