Индэр    
2019 оны 2 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

О.Амартүвшин: МҮХАҮТ-ын даргыг сонгоно гэдэг улстөрийн нам, эвсэл, хөдөлгөөний сонгуулиас ялгаатай

Дэлхийн Банкнаас бизнес эрхлэх орчныг судалдаг "Doing Business" -2019 тайлангаар Монгол Улс 12 байраар ухарч 190 орноос 74-р байр эзэлсэн. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж 6.9 хувьд хүрсэн 2018 онд Монгол Улсад бизнес эрхлэх боломж яагаад улам хумигдах болов. 

Тэгвэл энэ бүгдийг ул суурьтай судалж учир шалтгааныг олж байх ёстой Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) дөрвөн жилд нэг болдог ээлжит Их хурлаа энэ Пүрэв гарагт хуралдуулахаар зарлаад байна.

Энэ Их хурлаар танхим хэд хэдэн асуудал шийдэхийн дотор одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважавыг улираах уу эсвэл шинэ нэр дэвшигчдээс хүн сонгох уу гэдгийг удирдах зөвлөл нь шийднэ.

Танхимын Ерөнхийлөгчид одоогоор тодорхой болоод буй нэр дэвшигчдэд:

  • UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин
  • “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,
  • “Буянгийн” Б.Жаргалсайхан болон
  • Б.Лхагважав нар байгаа юм.

Танхим хэрхэн ажиллах ёстой, яагаад чухал талаар, Монголын нийтлэг эрх ашигт ямар ач холбогдолтой тухай нэрээ дэвшүүлээд буй UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

 

- 2018 онд эдийн засаг 6.9% өссөн ч экспортын бус бизнес эрхлэгчдийн хувьд ханшийн зөрүү буюу төгрөгийн сулрал улам хүнд дарамт болж байгаа талаар ярьж байна. Яг таны бизнес дээр гэхэд ямар өөрчлөлттэй байв?

- Дөрвөн жилийн өмнөхийг бодвол эдийн засгийн суурь тоонууд өөрчлөгдсөн. Долоо орчим хувийн өсөлт гэдэг мэдээж хэн ч харсан өндөр үзүүлэлт.

Засгийн газрын хувьд нэг солигдчихлоо, дахиад ч солигдохгүй гэх баталгаа алга. Үүнээс үүдэн манай улсын гадаадын хөрөнгө оруулалт олигтой нэмэгдсэнгүй.

Монгол Улсын бизнес эрхлэх орчны индекс 10 гаруй байраар ухарчихсан. Мэргэжлийн судалгааны байгууллагуудын тоог харахаар бид урагшилсан зүйлгүй байна.

Эдийн засгийн өндөр өсөлтөд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ шууд нөлөөлж буйг одоо хүн бүр мэддэг болсон. Нэгдүгээрт, үнэ. Хоёрдугаарт, экспортын хэмжээ нь нэмэгдсэн. Манайх шиг жижиг эдийн засагт энэ хүчин зүйл хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Үндсэндээ нүүрс, зэс, алт гэсэн гурван зүйл л энэ өсөлтийг дангаараа барьж байна.

Гэтэл үүнтэй зэрэгцээд иргэдийн худалдан авалт өссөн үү гэвэл үгүй. Харин ч буурсан. Яагаад гэхээр уул уурхайн түүхий эдээс бусдаар бид импортоос хамааралтай улс. Хэдийгээр бид зарим бүтээгдэхүүнээ монголдоо үйлдвэрлэдэг болсон ч гол нэрийн түүхий эдийг импортоор л хангадаг.. Тэгэхээр төгрөгийн ханш 40 орчим хувиар уначихсан байгаа нь иргэдийн худалдан авах чадвар тэр хэмжээгээр доошилсон гэсэн үг.

Орон сууцны салбарыг харахад бүр зарцсан байсан нь бага зэрэг хөдөлж эхэлж байна. Энэ нь мөн л уул уурхайн салбарыг дагасан өөрчлөлт болов уу. Түүнээс олон нийтэд тийм ч хүртээмжтэй бус байна.

Төгрөгийн ханшийн сулрал бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү гэвэл мэдээж нөлөөлсөн. Бидний хувьд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа үнэ огт хөдлөөгүй. Харьцангуй тогтвортой байгаа. Гэтэл бидний импортоор авдаг түүхий эдийн үнэ төгрөг сулрах бүрт үнэтэй болж бизнес эрхлэгчдийн ашиг буурч байгаа юм. Нөгөө талд хэрэглэгчдийн худалдан авах чадвар муу байсаар байна.

Тэгэхээр эдийн засаг 7 хувиар өссөн гэж байгаа боловч энэ нь дийлэнх өрхөд хүртээлгүй байна.

- Та МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх гэж байна. Энэ албан тушаалд хүрснээр дээр ярьсан алдаатай бодлогыг засахад ямар хэмжээний нөлөө үзүүлж чадах вэ. Бид орлогын эх үүсвэрээ солонгоруулъя гэж сүүлийн хэдэн жил ч ярив.

- Өнөөдөр Монголд бүртгэлтэй 150 орчим мянга, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40 орчим мянган аж ахуйн нэгж бий. Эдгээр компани бүгд нэгдмэл байдлаар эрх ашгаа хамгаалж чадаж байна уу гэвэл үгүй. Мянга хүрэхтэй үгүй нь танхимд бүртгэлтэй. Бусад нь ямар нэгэн байдлаар хамаардаггүй.

Танхим бизнесийн орчныг хамгаалах хуулиар олгогдсон эрхтэй цорын ганц байгууллага. Гэтэл танхимын үйл ажиллагаа нь сул учраас төрд нөлөөлж чаддаггүй, ганц нэг мэдэгдэл гаргах төдийд үйл ажиллагаа нь зогсчихож байна.

Өнөөдрийг хүртэл зарим хүн танхим төрийн эсрэг юу ч хийж чадахгүй байна гэх нь бий. Гэтэл төрийн эсрэг үйлдэл хийнэ гэдэг өөрөө утгагүй логик. Бид төртэйгөө зөв хамтарч ажиллах ёстой. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал гэж ярьдаг ч тэр хамтын ажиллагааны огтолцол нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй явж ирлээ. Тэгэхээр асуудлаа шийдэх шийдэл нь дандаа тэмцэл гэж ойлгоод байдаг. Гэтэл суурь асуудал нь юунд байгааг хамтарч оношлоод эмчлэх тухай ярих ёстой.

Мөн танхимын хамгийн чухал үүргийн нэг нь гадаад, дотоод худалдааны гүүр болох ёстой. Дэлхийн ихэнх улс орон танхимаараа дамжиж найдвартай түншээ олж, хамтарч явдаг. Манайд бол энэ үйл ажиллагаа орхигдоод байна.

Өнөөдөр танхимд мянгахан ААН бүртгэлтэй байгаа нь танхим ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Хоёрдугаар яг олон улсын жишгээр танхимын үйл ажиллагааг авч явъя гэвэл гишүүнчлэл нь сайн дурын бус албан болох ёстой. Хэрвээ бизнес эрхлэх гэж л байгаа бол заавал танхимдаа бүртгүүлдэг, танхим тухайн бизнесийг зөвхөн бүртгээд орхих бус бойжуулах, зөвлөх, өмгөөлөх үйл ажиллагааг үзүүлдэг л болчих юм бол танхим өөрөө хүчтэй болох боломжтой.

Монголд өнөөдөр бизнесийг дэмжих үндсэн зорилготой маш олон төрийн бус байгууллага бий. Бүх салбарт хоёроос гурав түүнээс их холбоо, нэгдэл байдаг. Гэтэл энэ нэгдлийнх нь эсрэг бас баахан байгууллага бий. Ингээд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад очдог мэдээлэл, харилцаа олон сувагт хуваагдаад санал өөрөө нэгдмэл биш байна.

- Хөгжингүй улс орнууд үүнийг лоббины тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Монголд хууль байхгүй. Тиймээс ч дур дураараа өөрсдийн сувгаараа, авлига, ашиг сонирхлоороо бизнесээ дэмжүүлэх нь бий.

- Тийм. Нэг юм уу, хэсэг бүлгээрээ нийлээд асуудлаа шийдүүлээд байхаар энэ нь авлига, ашиг сонирхол гэдэг зүйл рүү хөтөлдөг.

Харин нийтээрээ нэгдээд салбар бүрээрээ судалгаагаа гаргаад стратегиа тодорхойлж төрд зөв гарцуудыг нь зааж өгч байх ёстой. Улстөрийн намын тухайд мэдээж өөрсдийн үзэл баримтлалдаа тохируулаад энэ саналыг ашиглаад хэрэглээд явна гэсэн үг. Өнөөдөр ийм судалгааны, мэргэжлийн процесс байхгүй учраас төр засгаас янз бүрийн уялдаагүй шийдвэрүүд огцом огцом гарч байна.

Хэдхэн хүн сууж байгаад дур зоргоороо шийдвэр гаргадаг. Эсвэл байгаа хэдэн мэргэжлийн салбар нь зөв судалгааг нь хийж өгч чадаагүй байдаг.

Тэгэхээр эрүүл зөв лобби гэдэг нэг хэсэг биш нийтийн эрх ашгийн төлөө хөдөлбөл зөв болно. Гадны бүх зүйл ингэж явдаг. Өнөөдөр бид татварын хуулийг талаар хэлэлцэж байна. Энэ хуулийг ганцхан УИХ л батлах эрхтэй. Зүй нь бол тухайн улсынхаа танхимаар хэлэлцэгдэж, дэмжигдэж байж эцсийн шат руугаа явдаг. Японд гэхэд эдийн засагтай холбоотой ямар нэгэн хуулийн өөрчлөлт тухайн улсын бизнес эрхлэгчдийг төлөөлөх дээд зөвлөлийн дэмжлэг авч чадаагүй л бол парламентаар хэлэлцэгдэж чаддаггүй. Ингэж бизнесийн орчноо хамгаалдаг.

Монгол Улсын хувьд юу юугүй лоббины тухай хууль хэрэгтэй гэж үзэхгүй байна. Юуны түрүүнд бизнесийнхэн дуу хоолойгоо нэгтгээд танхим доторх салбар зөвлөлүүд нь идэвхжээд эхэлбэл хамаагүй хүчтэй нөлөөтэй болоод ирнэ.

Мөн орон нутгийн танхимуудын бие даасан байдал гэдэг зүйл огт хэрэгжихгүй байна. Уг нь хууль нь бий. Төв танхимын хувьд аж ахуйн шинж чанартай үйл ажиллагаагаа орон нутгийн салбарууддаа шилжүүлээд төв танхим илүү стратегийн байгууллага болох ёстой. Ингэж байж л зөв замдаа орно.

- Та МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр найман жил ажиллаж байна. Тус байгууллагын гол орлого, зарлагын тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

- Үйл ажиллагааны гол орлого мэдээж гишүүнчлэлийн татвар. Танхимын одоогийн жилийн орлого дөрөв орчим тэрбум төгрөг. Гарал үүслийн гэрчилгээ олгох гэх мэт нийт 63 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хийж байгаа ажлыг нь нэг бүрчлэн задлаад үзэхээр суурь судалгаа, бодлогын гэхээсээ аж ахуйн шинж чанартай үйл ажиллагаа давамгайлж байна.

Танхимд өнөөдрийн байдлаар 140 орчим хүн ажиллаж гэж байгаа боловч ихэнх хүний нөөц нь гар ажиллагаа шаардсан техникийн ажилд зарцуулж байх жишээтэй. Зүй нь энэ ажлуудыг бүгдийг нь цахимжуулаад онлайн болгочих боломжтой. Ингээд хүний нөөцийнхөө гол хүчийг судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэгтээ зарцуулахын бол үр дүн гарна. Өнөөдрийн нөхцөлд бүх хүчээ аж ахуй руу чиглүүлчихээр танхимын гол зорилго, стратегиа боловсруулах, нөлөөлөх ажлуудаа хийж чадахгүй байна.

- Төсвөөс ямар нэгэн санхүүжилт байхгүй. Зөв үү?

- Тийм.

 

- Одоогийнхоор бол гишүүн болж байж танхимын үйлчилгээг авах болчихоод байдаг. Ер нь танхимын гишүүн болохын давуу талыг ч мэдэхгүй, угаасаа сонирхол татам бус байдаг шүү дээ.

- Дүрмээрээ бол мэдээж татвар төлсөн гишүүддээ үйлчлэх ёстой байгууллага. Гэтэл үйл ажиллагааны цар хүрээ нь нийт бизнесийнхэнд хамааралтай. Жишээ нь, гишүүн бус компани экспортын бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, давагдашгүй хүчин зүйлийн нотолгоо гэх мэтийг заавал танхимаас авдаг.

Мөн танхимын арбитрын шүүхээр шийдэгдэж байгаа нийт хэргийн зөвхөн нэгхэн хувь нь гишүүн байгууллагынх. Өөрөөр хэлбэл, ийм эрлийз хуультай. Ерээд оны эхээр баталсан хуультайгаа өнөөдөр явж байна.

Танхим яагаад өөрөө чухал вэ гэхээр хувийн хэвшил дээр тулгуурласан эдийн засгийн маш хүчтэй системийг бий болгох боломжтой гэж үздэг. Учир нь бизнес эрхлэгчид гэдэг улс орны төсвийг бүрдүүлдэг. Ажлын байрыг бий болгож улс орны эдийн засгийг тодорхойлж байдаг. Тиймээс ч энэ хэсэг нь хүчтэй, нэгдмэл байж чадахгүй бол аль нэг талын эсвэл хэсэг бүлэг хүний нөлөөлөл давамгайлсаар байдаг.

Миний энд ярьж байгаа бүх үйл ажиллагааг эхнээс нь цэгцтэй, замбараатай явуулах гэж хичээсэн байгууллага бол Улаанбаатар Хотын Худалдааны Танхим. Хүмүүс яагаад УХХТ-ыг байгуулсан юм бэ гэж асуудаг.  МҮХАҮТ гэхэд нийслэлийн засаг захиргаатай огт харилцдаггүй байсан. Улаанбаатар хот гэдэг монголын бизнесийн 60 орчим хувь төвлөрсөн маш том эдийн засаг байгаад байхад төр, хувийн хэвшлийн түншлэл гэж зүйл огт байгаагүй.

Улаанбаатар хотод хийх ажил маш их бий. Төр ганцаараа хийх, хөрөнгө оруулалт татах боломжгүй. Тиймээс энэ хоосон орхигдсон орон зайг нөхөх зорилготоор УХХТ байгуулагдсан. Үүний нөлөөгөөр УБ хот бүх худалдан авалтаа нээлттэй зарладаг болсон, хотын форум гэж хийгээд түүн дээрээ өөр өөрсдийнхөө сонирхсон мэдээллийг авч, уулзалтуудыг хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн шахалтаар төр нээлттэй, ил тод систем рүү орж эхэлсэн. Тэгэхээр МҮХАҮТ яг ингэж ажиллах шаардлагатай.

Ингэхгүй л бол сүүлийн гучаад жил л бид гурван тал болж ирлээ шүү дээ. Төр, бизнес, иргэд гэж гурав хуваагдаад л үзээд байдаг. Яг үнэндээ гэртээ харихаар нэг л гэр бүл байдаг биз дээ. Гурван талаас ирээд суурьшчихаагүй л бол. Тэгэхээр энэ гурван хэсэг зөв хамтарч ажиллаж, шүтэлцээтэй байх, хөгжил рүү яаж хүрэх гарцаа хайх ёстой. Энэ хөгжлийн гарцыг гаргаж, тодорхойлж өгдөг, манлайлж байдаг, буруу зүйлд нь хүчтэй дуу хоолой байж чадах боломжтой төрийн бус байгууллага бол танхим.

- Улаанбаатар хотын худалдааны танхимыг санаачилж байгуулсан хүний нэг нь та гэсэн. Бас анхны гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан.

- Тийм. УХХТ-ын хувьд засаглал нь эрүүл, жишиг байдлаар ажилладаг. Гүйцэтгэх захирал нь гэхэд шууд ротациар хоёр жил болоод автоматаар солигдоод явчихдаг.

Тал бүрт, салбар бүрт нэгдэл, холбоо бий болоод байна гэдэг чинь орчноо л сайжруулах гээд үзээд байна, тийм шаардлага аль ч салбарт байна гэсэн үг.

Харин бид өөрийн гэсэн хуультай, танхим шиг олон гишүүнийг хамруулах боломж байхгүй учраас аль алиных нь хүч тарамдаад байдаг. Зөвхөн манай компани гэхэд дөрөв, таван ТББ-д харьяалагдаж татвар төлж байхаас нэг л байгууллагад хамаарч нийтлэг зорилгын төлөө хамтраад явах боломжтой байна. Ингэхийн тулд маш их манлайлал, идэвхтэй үйл ажиллагаа хэрэгтэй.

Унгарын танхим саяхныг хүртэл яг манайх шиг сайн дурын гишүүнлчлэлтэй явж ирсэн. Одоогоос 5, 6 жилийн өмнө Германаас техникийн тусламж аваад шинэчилсэн байдаг. Шинэчлэл явагдахаас өмнө 3,000 гаруй гишүүнтэй байж байгаад өөрчлөлтийн дүнд 130 гаруй мянган гишүүнтэй, маш хүчтэй бүтэц болж хувирсан. Хүссэн хүсээгүй төр энэ байгууллагыг анхаарч хамтран ажиллах зам руугаа ордог.

- Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болж очих ёстой зээлийн эх үүсвэрийг улстөрчид эсвэл том бизнесүүд өмнүүр нь орж авдаг байдал өнгөрсөн жил нээлттэй болсон. Энэ нь амьжиргаагаа залгуулах гэсэн олон мянган өрхийн боломжийг боомилсон, манай бизнес, улстөрийн орчин дахь маш сөрөг үзүүлэлт. Гэтэл МҮХАҮТ олигтой дуу хоолой болж чадсангүй. УЗ-ийн хурал дээр энэ талаар яригдаагүй гэж үү?

- Одоогийн танхимын удирдлагын шийдүүлж байгаа асуудал маш явцуу хүрээнд буюу цалин мөнгөө нэмүүлье, урамшууллаа нэмүүлье гэдэг зүйл л ярьдаг байх жишээтэй. Үүнд удирдах зөвлөлийн гишүүд маш шүүмжлэлтэй хандаж хүндрээд байгаа эдийн засгаа анхаарч ажлаа хийгээч ээ гэдэг шаардлагыг тавьсаар ирсэн. Танхимын үйл ажиллагааг сайжруулахын төлөө олон асуудал дэвшүүлсээр ирсэн ч ажил нь ахидаггүй, сайжирдаггүй, улам муудаад л байна.  

- Та болон Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, танхимын одоогийн Ерөнхийлөгч гээд дөрвөн хүн танхимын ерөнхийлөгчид өрсөлдөх нь одоогоор тодорхой болоод байна. Өрсөлдөгчдийнхөө тухай юу гэж хэлэх үү?

- Бид бүгдээрээ л бие биеэ мэднэ. Хэн нь хэн бэ гэдгийг ч мэднэ.

Ямартай ч өнөөдөр байдал болохгүй байгаа юу гэвэл үнэхээр болохгүй л байна. Өөрчлөх, шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Бусад өрсөлдөгчийнхөө тухай юу хэлэх вэ дээ. Амжилт хүсье л гэе.

- Дөрвөн жилийн өмнөх танхимын даргын сонгуульд та нэг саналаар ялагдсан. Энэ үед дүрмийн бус зөрчлүүд гарсан тухай яригдаж байсан. Энэ долоо хоногт болох сонгууль чинь шударга болох найдвар бий юу?

- Уг нь МҮХАҮТ-ын даргын сонгууль гэдэг ямар нэгэн улстөрийн эсвэл хөдөлгөөн эвслийн сонгууль биш. Хамгийн хариуцлагатай, шударгаар хөдөлмөрлөж баялгийг бий болгодог хүмүүс өөрсдийнхөө бизнесийн орчныг сайжруулахын төлөөх сонголт.

Бизнес эрхлэгчид гэдэг хамгийн прагматик, харьцангуй шударга хүмүүс. Нэг улстөрийн нөхрийг дэмжиж, сонгох гээд байгаагаас өөр зүйл. Тиймээс бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн эрх ашгийг хамгаалах хүнээ сонгохдоо хамгийн эрүүл ханддаг.

Өмнөх сонгуулийн тухайд бүх тооллого гараар хийгдэж байсан. Энэ хооронд маш их цаг хугацаа шаарддаг, замбараагүй байдал үүсдэг байв. Үүнийг бид цахимжуулж байгаа. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэх ёстой.

- Та одоогийн танхимыг илүү судалгаа, шинжилгээ, бодлогын тинк танк байгууллага болох ёстой гэж байна. Улс орны эдийн засгийн зүг мөрийг гаргах ийм институт болох чадамж энэ байгууллагат бий гэж үү?

- Маш том боломж бий.

Өөр ямар төрийн бус байгууллага үүнийг хийх вэ. Уг нь эдийн засгийн хувьд, төрөөс хараат бусаар бизнес, эдийн засгийн стратегийг тодорхойлох боломжтой цорын ганц байгууллага юм.  Танхимын орлогыг дийлэнхийг бодлогын шинж чанартай үйл ажиллагаанд зарцуулж чадвал бид реформ хийх боломжтой.