Индэр    
2019 оны 2 сарын 11
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

Аливаа байгууллага болон сургуульд элсэн орох ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?

 

Би өчигдөр Харвардад бакалавраар сурах өргөдлөө өгсөн Монгол сурагчдаас ярилцлага авсан юм. Ярилцлага авч байх үеэр "одооны хүүхдүүд" ямар мундаг болоо вэ гэсэн бодол төрлөө.

Өнгөрсөн жил Харвард Коллеж бакалаврын зэрэгт 42,749 өргөдөл хүлээн авч тэдгээр өргөдөл гаргагчдын ердөө 4.59%-д нь тус сургуулийн оюутан болох саналыг хүргүүлсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өрсөлдөөнтэй жил болсныг онцлох нь зүйтэй.

12 жилийн өмнө намайг тус сургуульд элсэн ороход энэ тоо есөн хувьтай байсан бол жилээс жилд улам л өрсөлдөөнтэй болсоор байгаа юм.

Дэлхий даяар тархсан энэ олон мянган өргөдөл өгсөн сурагчидтай бүгдтэй нь тус сургуулийн ажилчид биечлэн уулзах боломжгүй байдаг тул гадаадад амьдардаг төгсөгчдөөр дамжуулан ярилцлага авахуулдаг аж. 

Надад ч мөн Монголын шилдэг сурагчидтай танилцаж, ярилцах боломж маш үнэтэй санагддаг. Учир нь өргөдлийн хамгийн "хувийн” хэсэг нь байж чаддаг юм. 

Насаараа уйгагүй хичээж, эцэг эх, ах, эгч, багш нар нь хажууд нь өөрсдөөс нь дутахгүй хичээж дэмжсэний үр дүнд онц сурч, төгс шалгалтын оноо авсан ч тэр олон мянган хүмүүс дунд ялгаралгүй үлддэг магадгүй илүү ч дүнтэй, шалгалтын оноотой хүмүүс байдаг.

Харин тухайн хүний бодол, сэтгэл, зан чанар гэх мэт тоогоор хэмжигдэж, цаасан дээр буудаггүй зүйлүүд бусдаас ялгарах нэг чухал зүйл болж байдаг.

Тийм ч учраас аливаа шалгаруулалт, ярилцлагын үе шат бүхэн маш чухал байдаг тул өөрийнхөө туршлагаас амжилттай ярилцлага өгөхөд юу чухал байдаг талаар бодлоо "үйлдэл” болон "агуулга" хэмээн ангилан хуваалцахыг ийнхүү зорьлоо.

ҮЙЛДЭЛ: Зайлшгүй байх хэрэгтэй "АМАРХАН" зүйлс

Эдгээр зүйлс тухайн ярилцлагын агуулгатай тийм холбоотой биш хэдий ч ярилцлага авч байгаа хүндээ ямар мэдрэмж төрүүлэхийг тодорхойлдог ба энэ нь зайлшгүй чухал гэдгийг онцолмоор байна. Өөрийгөө ажил хэрэгч, хариуцлагатай, эелдэг гэдгээ харуулах нь хамгийн чухал хирнээ энгийн зүйл ба үүнийг хүн болгон хийж чадна.

Чангаар давтан бэлд

Бидэнд ярилцлагад орохдоо "би өөрийгөө сайн мэднэ дээ, хүнтэй ярихдаа сайн" гэж тайвшраад бэлдэхгүй орсон тохиолдол зөндөө байдаг байх. Гэхдээ өөрийгөө мэдэх, өөрийгөө илэрхийлэх хоёр нь өөр юм.

Ярилцлагын оногдсон богино хугацаанд өөрийгөө бүрэн ойлгуулахын тулд гол хэлэх үгнүүдээ наана нь бэлдэж, өөр хүнтэй болон толинд давтаж бэлдэх нь зүйтэй. Тэгж бэлдсэний үр дүнд ярилцлагадаа сандрах, буруу зөрүү ярих, чухал хэлэх зүйлсээ гээх магадлал багасна.

Цагаа барь

“Цагтаа ирсэн бол 5 минут хоцорсон гэсэн үг” гэж манай нэг багш хэлдэг байсан. Наана нь төлөвлөөд цагаасаа дор хаяж  таван минутын өмнө очиж бүртгүүлээд хүлээх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар тулгах, сандрах, амьсгаадах гэх мэт нь ярианд чинь нөлөөлж нөгөө хүнд шууд сөрөг дохио өгөх болно. Утсаар эсвэл интернетээр холбогдох тохиолдолд наана нь тоног төхөөрөмж, холбоо сүлжээгээ туршиж бэлэн байлгахыг мартаж болохгүй.

Зөв хувцасла

Тухайн ярилцлагадаа тааруулаад ажил хэрэгч, цэвэрхэн хувцасла. Хэрэв хэрхэн, яаж хувцаслахаа мэдэхгүй бол наана нь судлаад болохгүй бол асуух хэрэгтэй. Ярилцлагыг чинь зохион байгуулж, чамтай харьцаж байгаа хүнээс “яаж хувцасласан нь дээр вэ?” гэж асуухад буруудах юм огт байхгүй.

Ярилцлага авах хүнийхээ талаар хөнгөн судал

Ихэнх ярилцлагад ороход ямар хүнтэй ярилцахыг нь хэлдэг эсвэл тэр хүн нь өөрөө холбогддог. Тийм учраас тухайн хүнийхээ талаар мэдээлэлтэй орох нь зүйтэй. Дор хаяж ямар албан тушаалтай хүн гэдгийг мэдсэний дараагаар орох хэрэгтэй.

Тодруулбал, тухайн хүн хүний нөөцийн хүн үү, профессор уу, чиний дарга байх хүн үү гэх зэрэг үндсэн мэдээллийг мэдэж байж тухайн хүнтэй хэрхэн, яаж яриагаа эхэлж тэр хүнээс ямар асуулт асуухаа бэлднэ /ихэнх ярилцлага дээр “надаас асуух юм байна уу?” гэж асуудаг, тэрэнд хэдэн оновчтой асуулт бэлдэх нь чухал!/ Google-дээд үзвэл тухайн хүнийхээ товч намтрыг олж магадгүй /жишээлбэл Linkedin эсвэл байгууллагын веб хуудас дээр/, зарим нь ярилцлагын өмнө товч танилцуулга явуулдаг.

Дуусаад ярилцлага авсан хүн рүүгээ и-мэйл бич

Ямар ч ярилцлагад ороод ярилцсан хүндээ “надтай цаг гаргаж ярилцсанд баярлалаа, таныг холбогдохыг хүлээж байя..." гэсэн утгатай товч захиа бичих нь оновчтой.

Магадгүй тухайн хүн маш олон хүнтэй ярилцсан байгаа, тийм ч учраас өөрийгөө дахин сануулсан нэг өгүүлбэр оруулаад явуулбал бүр сайн жишээлбэл “Миний танд ярьж өгсөн номны нэр энэ байна" гэх мэтээр.

Хэчнээн олон хүнтэй ярилцсан ч цаана нь хүн л байгаа, хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор товчхон ч гэсэн баярлалаа гэдэг үгт баярлах болно. Ярилцлага амжилтгүй байсан ч чамайг эерэгээр санана. Хэзээ нэгэн цагт ямар хаалга нээгдэхийг хэлж мэдэхгүй шүү дээ.

Aгуулга

Аливаа зүйлд өргөдлөө илгээхдээ дараах гурван зүйлийг тодоор тусгаж өгөх хэрэгтэй:

  • Хамрагдах нь намайг зорилгоо биелүүлэхэд чухал ач холбогдолтой,
  • Миний мэдлэг туршлага хангалттай,
  • Би энэ хамт олонд онцгой эерэг хувь нэмэр оруулна.

Дээрх гурван зүйлийг өргөдөлдөө тусгаж, ярилцлагадаа ойлгуулахын тулд өөрөө эхлээд сайн ойлгож тодорхойлсон байх хэрэгтэй. Тийм ч учраас өөрөөсөө эдгээр асуултуудыг асуух хэрэгтэй:

1. Хамрагдах нь намайг зорилгоо биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг санаж, хамгийн түрүүнд хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй.

Аливаа зүйлийг зүгээр нэрэнд нь болоод эсвэл бусдын үгийг дагаад бус, яг өөрийн зорилготой нийцэх эсэхийг бодож, хариулсны үр дүнд нөгөө тал итгэл үнэмшилтэй хүлээж авна.

  • Миний ойр болон хэтийн зорилго юу вэ?
  • Энэхүү сургууль, байгууллага эсвэл хөтөлбөр нь намайг миний зорилготой хэрхэн ойртуулах вэ?
  • Яагаад заавал энэ газар вэ? Сайн судал!
  • Би энэ сургуульд ороод юугаар сурах вэ, ямар хичээл үзмээр байна вэ, ямар хүмүүстэй ярилцаж, юу судалмаар байна вэ?
  • Би энэ сургуулийг төгсөөд юу хийж бүтээмээр байгаа вэ, төгсөөд хаана ажиллаж, ямар хүн болмоор байгаа вэ?
  • Би энэ байгууллагад ажиллаад ямар мэдлэг, ур чадвар сурч, юу хийж бүтээж, ямар хүмүүстэй ажилламаар байна вэ?
  • Би энэ хөтөлбөрт хамрагдсанаар ямар ажил бүтээж, ямар хүмүүстэй танилцаж, дуусгаад ямар ажил хэрэгжүүлэх вэ?
  • Хэрэв би энд орж чадахгүй бол зорилгодоо өөр арга барилаар яаж хүрч болох вэ?

2. Миний мэдлэг, туршлага хангалттай байгаа эсэхийг тодорхойлох.

Аливаа зүйлд тодорхой шалгуурууд байдаг, үүнд миний мэдлэг, туршлага хангалттай байж, тухайн байгууллага эсвэл сургуулийн шалгууруудыг давж байгаа эсэхийг тодорхойлох нь зүйтэй. Хэрэв хараахан даваагүй санагдаж байвал хэрхэн бэлдэж, бэлэн болохоо тооцох хэрэгтэй.

  • Энэ сургууль, байгууллага эсвэл хөтөлбөр нь ямар шалгууртай вэ? 
  • Үүнийг нарийн судал /миний өмнөх нийтлэлээс санаа авч болно/ мөн интернетээр судалж, мэддэг хүмүүстэй нь холбогдож асуух,
  • Миний холбоотой мэдлэг, туршлага юу вэ?
  • Өмнө төгссөн сургууль, хичээлийн дүн, эрхэлж байсан ажил, хийж байсан дадлага, гаргаж байсан амжилтууд, олимпиад, тэмцээн болон сонирхлоороо багагүй цаг зарцуулдаг зүйлс болох спорт, урлаг зэрэг багтана,
  • Миний давуу зан чанарууд юу вэ?
  • Эдгээрийг өөрөө тодорхойлохоос гадна ойр дотны хүмүүсээсээ асуух хэрэгтэй. Жишээ нь: шийдвэр гаргахдаа сайн, хүн сонсохдоо сайн, нухацтай, тэвчээртэй гэх мэт зан чанараа олж мэдэх нь чухал.

3. Би энэ хамт олонд хэрхэн эерэг хувь нэмэр оруулж чадах вэ?

Аливаа өрсөлдөөн ихтэй зүйлд хангалттай чадварлаг хүмүүс өргөдлөө өгдөг, тийм ч учраас тухайн байгууллага чадварлагаас гадна хамт байхад гоё хүмүүсийг л сонгож авмаар байдгийг дурдах нь зүйтэй.

  • Чи юугаараа ялгарч тухайн хамт олонд ямар шинэлэг зүйл авчирч чадах вэ?
  • Бусад оюутан, багш, ажлын хамт олонд ямар зан чанар, шинэ мэдлэг, мэдээлэл хүргэх боломжтой вэ?
  • Ямар нарийн сэдвүүд сонирхдог вэ? /сурлага, ажилтай холбоотой/
  • Ямар амьдрал туулсан бэ, хаана өссөн бэ, ямар хэлээр ярьдаг вэ?
  • Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ, ямар хоббитой вэ?
  • Ямар ном унших дуртай вэ, сүүлд ямар ном уншсан вэ?
  • Ямар кино, нэвтрүүлэг үзэх дуртай вэ?
  • Аялах дуртай юу, хаагуур аялж байсан бэ, хаашаа аялмаар байдаг вэ?

Олон ярилцлагад бэлдэж, олон хүнээс зөвлөгөө авч байсан болон өөрөө  хүнээс ярилцлага авч байсан хүний хувьд аливаа хүнийг гол ялгаруулдаг зүйлс бол жишээ бас “яагаад?" гэсэн асуултын хариулт байдаг.

Жишээ, жишээ, жишээ! 

Бид хариулт өгөхдөө юу ч гэж хэлж болно, харин тэр хариултыг амилуулж үнэмшилтэй болгодог зүйл бол маш тодорхой жишээ өгөх байдаг, бүх хариултууддаа зохих хэмжээний жишээ өгөх нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй.

Жишээ 1. Өөрийнхөө ажил дээрх давуу талыг юу гэж хардаг вэ?

"Би өөрийнхөө давуу талыг шийдэмгий байж манлайлах чадвар гэж боддог. Аливаа багт заавал даргыг харалгүйгээр санаачилга гаргаж зохих шийдвэрүүдийг гаргаад явахыг хичээдэг.

Нэг жишээ дурдъя, Манай хуучин ажил дээр бид төсвөө батлах гээд бэлдэж байтал нэг салбарын мэдээлэл дутуу байсан. Бид маргааш нь удирдлагуудад танилцуулах байтал тэр салбарын менежер огт утсаа авахгүй алга болж, биднийг сандаргаж байлаа.

Нэгэнт тэр хүн найдваргүй болсон тул би багийнхандаа санал дэвшүүлсэн, энэ мэдээллийг өмнөх улирлын мэдээллээр орлоод гол өөрчлөлтүүдийг таамаг маягаар оруулъя, тэгээд танилцуулахдаа шударгаар энэ хэсэг маань хараахан болоогүй байгаа гэдгээ хэлье. Энэхүү шийдлийг санаачилж, асуудлыг шийдвэрлэснээр бид багаараа хий цаг үрж хүлээхгүйгээр чадахаараа асуудлыг шийдээд урагшилсан билээ."

Жишээ 2. Та Оксфордод сурснаар бусад оюутнуудад ямар хувь нэмэр оруулах вэ?

“Би Оксфордын бизнесийн сургуульд элсэн орсноор оюутан хамт олондоо аливаа зүйлийг арай өөрөөр харах өнцөг өгч чадна гэж бодож байна.

Мэдээж бизнесийн сургуульд ихэнх хичээл хэлэлцүүлгийн хэлбэрээр явагддаг, тэр дунд би уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан, тэр тусмаа төслийн талбай дээр ажиллаж, амьдарч байсан хүний хувьд яриаг үйл ажиллагааны бодит асуудлуудтай уялдуулж чадна гэж бодож байна.

Ихэнх ангийнхан маань банк санхүү, том компаниудын төв салбаруудад ажиллаж байсан туршлагатай бол би үйлдвэрийн ажилчидтай тулж ажиллаж, дээрээс гаргасан аливаа шийдвэр хэрэгжихийн тулд зөвхөн ашигтай эсэх бус хэрэгжихэд ямар хүчин зүйлс шаардагддагийг харах чадвартай болсон.

Жишээлбэл би "Оюу Толгой"-д 28 хоног ажиллаж, 14 хоног амардаг хуваарьийн дагуу ажиллаж байсан. Энэ нь миний хувьд болон хамт ажилладаг олон мянган хүмүүст ч мөн маш хүнд, хэцүү байсныг биеэрээ ойлгож байсан. Тус хуваарийг өөрчлөх санаачилга үе үе яригддаг байсан хэдий ч дарга нар нислэг нэмэх үнэтэй гээд цааш нь ярилцалгүй орхидог байсан.

Харин би хуваарийг өөрчлөх нь зөвхөн ажилчдад ашигтай байхаас гадна компанид хэмнэлттэй байх боломжууд байгааг харж байсан учраас энэ төслийг бүрэн боловсруулж, удирдлагуудад танилцуулан зөвшөөрүүлж, бүх ажилчдыг 14/7 хуваарь луу шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж олон эерэг үр дагавруудыг авч ирсэн билээ. Энэ мэтээр аливаа “Case study” ярилцахад миний компани болон бизнесийг харах өнцөг арай өвөрмөц бас үнэтэй байх болов уу гэж бодож байна.”

Жишээ 3. Яагаад, яагаад, яагаад?!

Тод жишээ аливаа яриаг амилуулдаг бол, "яагаад” гэдгээ гүнзгийрүүлэн тодорхойлох нь өөрийгөө бүрэн таниулж, ярилцлага авч буй хүнийхээ сэтгэлд наалдуулдаг.

Амьдралд нь юу тохиолдож, ямар хүн үлгэр дуурайл болж, ямар ном уншиж санаа авч байсны улмаас одооны зорилгоо тодорхойлж, мэргэжлээ сонгож, сонирхлоо нээж байсан бэ гэдэг хамгийн сонирхолтой ярианы сэдэв болдог. Ялангуяа бидний Харвардын ярилцлагын товч сурах бичиг дээр үүнийг хамгийн чухалд үздэг юм. Энэ хүн ямар хүн бэ, юунд итгэж юуг хүсэн мөрөөддөг вэ гэдэг нь энэ юуг чаддаг хүн бэ гэдгээс хамаагүй чухал.

Миний авч байсан хамгийн сонирхолтой, санаанаас гардаггүй ярилцлагуудад нөгөө хүн маань сэтгэлээсээ нээлттэй, сонирхлоо хувааж байсан ярилцлагууд байдаг. /Хүний хувийн хариултыг зөвшөөрөлгүй хуваалцаж болохгүй учир зохиомол жишээ ашиглалаа шүү./

Жишээ 4. Чи яагаад гадаад улсад сурах сонирхолтой байна вэ?

"Би АНУ-д компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр сурах сонирхолтой байна. Тэр тусмаа миний хүсэл мөрөөдлийн сургууль бол Стэнфорд, яагаад гэвэл тэнд тэр чиглэлээр сургалтын түвшин нь маш өндөр байхаас гадна сургууль дээр маш олон хакатон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг ба өөртэйгээ ижил сонирхолтой хүүхдүүдээр хүрээлэгдэх боломж байна гэж бодож байна.

Мөн сургуулиа төгсөөд яг үнэндээ цахим ертөнцийн хамгийн том компаниуд тэнд л байгаа, өөрийгөө цааш нь хөгжүүлэх боломж сурахаас авахуулаад дараа нь ажиллахад хүртэл тэнд хамаг боломжууд байгаа мэт санагддаг. Би яагаад тэгтлээ энэ чиглэлээр суръя гэж боддог вэ гэвэл би хэдэн жилийн өмнө бэлгэнд “Creative Confidence” гэдэг номыг авч байсан. Тус номын зохиолчид "Stanford Design School"-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд аливаа асуудлыг бүтээлч байдлаар сэтгэж, шийдэж болдог гэдгийг маш олон жишээн дээр үндэслэн харуулсан байдаг.

Түүнчлэн би багаасаа компьютерийн хоббитой байсан тул код бичихийг оролдож ганц нэг веб хуудас бүтээж байсан бол, энэ номыг уншаад кодоор маш олон бодит амьдрал дээрх асуудлуудыг шийдвэрлэж болох юм байна гэдгийг ойлгосон. Жишээлбэл, би өглөө болгон автобус хүлээхдээ даардаг, надтай адилхан бүх хүлээж байгаа хүмүүсийн даарч байгааг хараад би яг цаг тутмын мэдээлэл автобуснаас авах боломжтой бол бодит цагийг харуулсан апп бүтээж болно гэж бодоод туршилтын хэлбэрээр бүтээсэн.

Цаашилбал цаг тутмын замын мэдээлэлтэй холбож, зөвхөн автобус хүлээж байгаа хүмүүст бус мөн жолооч нарт өдрөө төлөвлөхөд нэмэр болж магадгүй бодит мэдээллийг хараад хүмүүс машин унахаа багасгаж олон нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно гэж бодож байсан.

Энэ мэтээр миний толгойд байнга эргэн тойрноо сайжруулах жижиг сажиг санаанууд орж ирж байдаг болохоор би кодлох ур чадвараа илүү сайжруулж, эргэн тойрондоо бүтээлч сэтгэхүйтэй хүмүүс болон тэдний бүтээсэн жишээнүүдээс суралцаж нэг өдөр Монголдоо нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой "IDEO" шиг компани байгуулахыг мөрөөддөг."

Мэдээж ярилцлага болгон өөр байдаг. Ярилцлага авч байгаа хүн, тухайн сургууль, байгууллагын шалгуурууд гээд тэр болгон өөр өөрийн онцлогтой учир энэ бичвэр маань яг нарийн зориулалттай зөвлөгөө биш, харин аливаа ярилцлагад орохдоо зайлшгүй анхаарах зүйлс нь юу вэ гэдгийг тусгахыг хичээлээ.

Гол нь үйлдлээрээ зөв сэтгэгдэл үлдээж, агуулгаараа өөрийгөө бүрэн таниулж чадна.

Дараагийн ярилцлагад нь амжилт хүсье!