Индэр    
2019 оны 1 сарын 28
Зураг
Хуульч, сэтгүүлч

Гадны хүн орохыг ЗӨВШӨӨРНӨ

 

Хүн бүхэн тав тухтай, эрүүл орчинд бие засах эрхтэй бөгөөд тохилог ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх нь хүн бүрийн эдлэх ёстой эрх гэдгийг Та мэдэх үү?

Бие засах эрх нь бид бүхний мэдэхгүй, урьд хожиж уншиж дуулаагүй эрхүүдийн нэг билээ. Олон улсын хэм хэмжээ болон дотоодын хууль тогтоомжуудад “Бие засах эрхтэй” гэж хуульчилсан зохицуулалт одоогоор байхгүй. Цаашид ч байх боломжгүй юм. Учир нь энэ эрх нь бидний жам ёсны эрх бөгөөд байгалиас цаанаасаа өгөгдсөн байдагтай холбоотой.

Иймдээ ч секс хийх, хоол унд идэх, уух, бие засах зэрэг эрхүүдийг заавал хуульчлах шаардлагагүй бөгөөд эдгээр эрх нь хэрэгжсэнээрээ бидний хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг бусад эрхүүд маань хангагдах суурь нөхцөл боломж бүрдэх юм.

Эрхээ эдлэгтүн!

Харин яаж?

Монгол Улсад бие засах эрхээ эдлэхэд ихээхэн хүндрэлтэй тулгардаг билээ. Өрх бүрийн ариун цэврийн байгууламж эдийн засаг, ухамсар, соёл, хэрэглээ, тэр ч бүү хэл хаана оршин сууж байгаагаас хамааран өөр өөр байдаг тул “тусдаа” энэ асуудлыг энэ бичвэртээ хөндөхгүй болно.

Харин соёлт нийгэмд оршин амьдарч буй өнөө цагийн Улаанбаатар хотын иргэн бүрд илүүтэй хамааралтай.

Хаана вэ гэдгээс үл хамааран хаа нэгхэн бие засмаар хачин эвгүй мэдрэмж хүн бүрд төрөх нь жам ёсны. Тэр үед бидэнд ариун цэврийн байгууламж хүртээлтэй байдаг билүү?

Үйлчлүүлж байгаа газрууд маань хүртэл бидний танил үг болсон “ГАДНЫ ХҮН ОРОХЫГ ХОРИГЛОНО” гэсэн бичиг хадаатай байдагтай аль хэдийнэ дасал болжээ. Гэвч энэ харилцааг 2016 онд УИХ-аас баталсан Эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд

тус хуулийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан.

Хуулиа хэрэгжүүлье!

Харин дээрх үүргээ биелүүлэхийг үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд заагаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуульд торгох зохицуулалт алга байгаа нь тус хууль хэрэгжих боломжийг хязгаарлаж байна.

 

Гэхдээ бид хууль биелүүлдэггүй албан газруудын талаарх гомдлоо Мэргэжлийн хяналтын газарт гаргаж, сануулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгох зэрэг хариуцлага тооцуулах эрхтэйгээс гадна Эрүүл ахуйн тухай хуулиа мөрдөж ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой байхыг шаардах эрхтэй байгаа юм.

Эсхүл Зөрчлийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, торгох санкцтай болгосноороо гадны хүн орохыг ХОРИГЛОНО маань ЗӨВШӨӨРНӨ гэдэг үгээр солигдох бүрэн боломжтой болох юм.

Эцэст нь хэлэхэд энэ мэтчилэн хуулиа биелүүлдэггүй газраар үйлчлүүлэхгүй байх эрхтэй гэдгийг ч Та бүхэн санагтун! мэдэгтүн!

Хүн бүр бие засах ЭРХТЭЙ.