Индэр    
2018 оны 11 сарын 28
Зураг
Freelance journalist

"Кино уран бүтээлчид, продакшнууд нийлээд төр засагтаа ойлгуулахгүй бол тэд нар юуг, хэнийг дэмжихээ ч мэдэхгүй байна"

Зураг

Монголын кино урлагийн салбар техник технологийнхоо түвшинд ямар байгаа талаар “Icinema” кино театрын захирал Х. Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Монголын кино үйлдвэрлэлийн түвшиндээ хэр явж байна?

-Монголд кино урлаг, үйлдвэрлэл Оросуудаар дамжин орж ирээд 80 гаруй жилийн нүүр үзэж байна. Социализмын үеийн бүх кино дандаа үзэл суртлаар хийгдсэн гэж ярьдаг боловч маш сайн бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн суурин дээр явагдаж байсан. Энэ оны хоёр сард Европт болсон Азийн кино наадам дээр Жигжидсүрэн найруулагчийн уран бүтээлүүдээс гаргахад олон улсын үзэгчид болон мэргэжлийн хүмүүс маш өндрөөр үнэлсэн. Ардчилсан нийгэмд шилжсэний дараа улсаас бүх зүйлийг нь даагаад хийдэг байсан кино үйлдвэрлэл, уран бүтээлчдийн систем нуран унасан. Монгол кино үйлдвэрийн байшин байгаа боловч үйлдвэрлэлээ явуулж чадахгүй. 2004 онд “Тэнгис” кино театр байгуулагдсанаас хойш Монголын кино үйлдвэрлэл арай өөр түвшинд очиж, хурдтай хөгжиж эхэлсэн гэж би боддог. Кино хийх үндсэн тоног төхөөрөмжүүд маш энгийн болж дижитал руу шилжсэн учраас зургийн аппаратаар хүртэл кино хийж, одоо бол “Iphone” утсаар ч кино хийж байна. Энэ давалгааны үеэр Монголын уран бүтээлчид чанартай, чанаргүй олон уран бүтээл  гаргасан.

-Дээр үеийн кино үзэхэд нүдэнд ч таатай, утга агуулгын хувьд ч гоё байгаад байдаг, гэтэл сүүлийн үеийн кинонууд үзэхийн аргагүй байна гэх шүүмжлэл их байна?

-Тухайн үед кино зохиолч гэж мэргэжлийн хүмүүс байсан. Харилцан яриа, амьдралын үгнүүд нь зүйр цэцэн үг болох дайны болсон учраас хүмүүст хоногшоод үлдсэн байдаг. Одоо бол мэргэжлийн кино зохиолчид ховор болсон. Тэр үеийн кинонууд ёс суртахуун төлөвшүүлдэг, хүмүүст ухаарал олгодог байлаа. 90-ээд оноос хойш соёлын тэр дундаа киноны бодлого байхгүй байна. Мөн тэр үед хальсаар зураг авдаг байсан.  35 мм-ийн хальс нь цэвэр мөнгөний хольц ордог, олон хороор угаадаг учраас дүрс нь маш гоёор харагддаг. Нэг хэсэг манайхан зургийн аппаратаар гялгар кинонууд их хийсэн. Одоо том компаниуд хальс шиг өнгө гаргах хэмжээний камертай болж байгаа боловч бид арай гүйцэж чадаагүй байна. Тэр хэмжээний “АRRI” гэдэг камер Монголд саяхан жилийн өмнө л орж ирсэн.

-Монгол кинонууд дэлхийн зах зээлд гарахад олон улсын стандарт руу техник технологийн талаасаа хэр дөхөж байна вэ ?

-Post-production буюу киноны боловсруулалтын үе шат дээр асуудалтай байна. Дэлхийн хэмжээний тоноглогдсон facility буюу зөв студид суурилуулсан sound mixing болон color correction hardware Монголд байхгүй байгаа. Ихэвчлэн гэрийн нөхцөлд post-production хийж байна. Aудио эвлүүлэг, микс, видеоны эвлүүлэг, өнгө заслыг ерөнхийдөө post-production гээд байгаа юм. Гадаадад ганц хоёр кино хийлгэсэн. Дэлхий даяараа ашиглаж байгаа зарчим бол кино зураг авахаасаа өмнө post-production-тойгоо тохирох ёстой юм.

Камераа сонгоод, камер дээр бууж байгаа өнгө, жүжигчнийхээ нүүр царай, хувцсыг нь сонгоод объект дээрээ туршилтын зургаа авчхаад post production- доо өгч бүх зүйлээ эхлээд тохирдог. Ингэсний дараагаар зураг авалтдаа орно. Харин манайд юу ч тохиролцохгүйгээр шууд зургаа аваад өөрсдөө ширээн дээрээ эвлүүлчхэж байгаа. Тийм учраас маш их зөрүү алдаанууд гарч техник, өнгө, дуу, дүрс нь сайн болж чадахгүй байна.

-Монголд байхгүй юм бол хаана хийлгэх боломж байна?

-Хамгийн ойрхон нь Хятадад байна. Тэнд бол цензуртэй, баргийн хүмүүст хийж өгөхгүй, дараагийн арай ойрхон нь Солонгост байна, тэнд хийсэн туршлагууд байгаа. Москвад том студи байна.  Бид тэнд очиж хийлгэвэл үнэтэй, очер дараалал ихтэй. Европт  Польш, Унгарт байгаа, арай хямд үнэтэй, чанартай хийнэ. Бүрэн хэмжээний кино доод тал нь 10,000$ -с эхэлнэ. Найруулагч, эвлүүлэгч хоёр нь киногоо аваад явах ёстой болно. Энэ бүхний зардал нэмэгдэнэ. Манай киноныхон нийгмийн даатгал төлдөггүй учраас виз гээд асуудал их гардаг. Бид ер нь цаашдаа эндээ post production-той болох л ёстой.

-Болох гэхээр ямар асуудал байна вэ?

-Өмнө нь Соёлын яам гэж байхад бид судлаад, танилцуулаад оролдлогууд хийж байсан. Бүтээгүй.  500,000-1 сая $ хэрэгтэй.

Монгол Улсад жилд доод тал нь 40-50 уран сайхны кино хийгдэж байна. Сүүлийн үед манайхан гадаадын зах зээлд өрсөлдөхөөр кино хийнэ гэж их ярьдаг болсон. Манайхыг тойроод зөндөө Монголчууд байна. Өвөр Монгол, Халимаг, Тува. Өнгөрсөн жил Халимагаас төрж байгаа алдартай найруулагч киногоо Москва руу бариад явж байгаа юм. Тэгэхээр зах зээл байна гэж харж байна.

Киноноос гадна реклам, клипүүд гэж юм байгаа. Ер нь энийг хувийн нэг студи, продакшн хийхэд санхүүгийн хувьд дааж гарахад хүндрэлтэй. Томоохон хөрөнгө оруулагч компаниуд хөрөнгө оруулалт хийх юм бол аль аль талдаа ашигтай байх боломжтой. Эхнээсээ томоохон кино театрууд авах кинонуудынхаа чанарын шаардлагыг өндөрсгөөд эхэлсэн.

-Хүний нөөцийн тал дээр манайд хүмүүс нь байгаа юу?

-Том хэмжээний машин авахад заавал сургагч хүмүүстэйгээ гурав юм уу, зургаан сараар ирнэ л дээ. Манайд энэ бүхнийг сураад авчих авьяастай залуучууд зөндөө байгаа.  Өнгөрсөн намар Солонгосын эхний гурав, дөрөвт ордог том post production-ы компанийн төлөөлөл ирсэн. Тэд нар өөрсдийнхөө том сервер компьютерээ барьж ирээд, Монголын рекламын хамт олонд рекламыг яаж хийдэг, солонгосын рекламын зүс царай, хүний арьсны өнгө яагаад тийм гоё байдаг гэх мэт танилцуулга сургалт зааж өгөөд явсан.

-Манай улсын хувьд төрөөс киночдоо яаж дэмждэг вэ?

-Жил бүр хүүхдийн кино зохиол дээр 100 орчим сая төгрөг төсөвлөдөг. Төр засаг тогтворгүй, тухайн салбарыг хариуцсан мэргэжилтэн киноны талаар ямар ч ойлголтгүй бол ямар ч ажил урагшлахгүй. Дээрээс нь манай кино уран бүтээлчид, продакшнууд өөрсдөө нийлээд төр засагтаа ойлгуулахгүй бол тэд нар юуг, хэнийг дэмжихээ ч мэдэхгүй байна. Бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй олон нэгтгэл, академи, холбоо, төрийн бус байгууллагууд нэг нутаг дээр амьдарч, ажиллаж, хоолоо олж идэж байж одоо хүртэл нэгдэж дуу хоолой болж чадахгүй л байна даа.

-Сүүлийн асуултыг сонирхол татаж байгаа асуултаар төгсгөе. Олон улсын хэмжээнд арилжааны уран сайхны кино бүтэх нийтлэг процессыг тайлбарлаж өгөөч?

-Мэдрэмжтэй продюсер, найруулагч хүн санаагаа бэлэн болгоод зохиолч нартай уулзана. Зохиолчоо сонгож өөрийн санаагаа шингээн зохиолоо бичүүлнэ. Эхний байдлаар гаргасан зохиолыг “Script Doctor” буюу киноны зохиолын эмчид өгч хянуулна. Зохиолын “эмч” зах зээлийг харж байгаад тухайн зах зээлд тохируулж засна. Энэ бүхний дараа бизнесүүдтэй уулзалт хийнэ эсвэл продакшн компаниудад төслөө танилцуулна. Мөнгөө босгосны дараа сайн зураглаач, зураач, гэрлийн баг бүрдүүлнэ.  Зураглаач камераа гадаад, дотоодоос сонгосны дараа, үндсэн зураг авалтын объектуудаа тогтож зургийн даргаа сонгоно.

Дэлхий даяараа эхлээд зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаар зохиол гэдэг. Киноны бэлтгэл ажлаа маш сайн хийчхээд зураг авалтаа эхэлнэ. Кино бүр өөр өөр хугацаанд бүтнэ. Тулааны найруулагч, мал амьтны найруулагч гээд сонголтууд их бий. Зураг авалтын үед хар дүрсүүдээ post production руугаа явуулаад архив үүсгээд байж байна. Хар монтаж хийгдсэний дараа post production-ы машин дээр өрж өнгө, дуугаа засан 2-3 долоо хоног сууна. Киноны зохиолын санаа төрсөн цагаас эхлээд продюсерийн гар дээр мөнгө ирэх гэж 2-3 жил болно. Энэ бүхнийг тооцоолох хэрэгтэй. Иймэрхүү л нийтлэг зарчим байна.