Индэр    
2018 оны 11 сарын 27
Зураг
Freelance journalist

С.Молор-Эрдэнэ: Ийм утгагүй нийгэмд, ийм утгагүй хүмүүс хүний амьдралыг хоосон болгодог

Зураг

“Энэ роман юугаараа онцлог вэ гэхээр зохиолч Рю Мураками Японы нийгмийг илэн далангуй шүүмжилж болох бүтэхгүй зүйлсийг гярхайгаар ажиж дэлгэн харуулсан. Тэр хоосон магтаж нийгмийн муу муухайг нуун дарагдуулан бүх юм сайхан байгаа мэт бичдэг хуурамч зохиолч биш.  Эерэг талаас харцгаая, эсвэл өөдрөг байцгаая гэж найр тавин гоёж чимэх биш харин хатуу үнэнийг хэлсэн.” 

Философич С.Молор-Эрдэнэтэй түүний хамгийн сүүлд орчуулан гаргасан “Токиогийн Мисо Шөл” романы тухай ярилцлаа.

ЯГ ТЭР УРАН ЗОХИОЛ ГЭДЭГТЭЙ ЯГ ҮНЭНЭЭР НЬ ЗӨВӨӨР НЬ ТАНИЛЦААЧ

- Солонгос, Хятад, Япон гурван роман орчуулжээ. Яагаад Ази романуудыг илүүд сонирхох болов? 

- Ер нь Ази хүмүүсийн амьдрал, ертөнц, хорвоод хандаж байгаа хандлага, сүсэг бишрэл, биологийн онцлог ойролцоо байдаг. Азийн романуудтай танилцах юм бол Ази хүнийг бид илүү их ойлгоно тэгснээрээ бид нар өөрсдийгөө ойлгоно. Өөрсдийн нийгмийн сайн муу талыг гаргасан тийм романууд бид ерөөсөө бичээгүй болохоор адал явдалтай,  амьдралаас хол,  үнэнтэй ямар ч хамаагүй, тийм л нэг тусдаа зүйлийг уран зохиол гээд ойлгочихож. Энэнээс л гаргах гээд байна. Яг тэр уран зохиол гэдэгтэй яг үнэнээр нь зөвөөр нь танилцаач.

Уран зохиол гэдэг сайныг ч, мууг ч бичдэг тэр байтугай нийгмийн хамгийн муу муухайг гаргаж, заримдаа бүр уншихын аргагүй дур гутам сэдвүүдийг бичиж болно.  Хүн үзэн ядмаар сэдвүүдийг бичиж чадах юм бол уншигчдад тустай. Тэгвэл бид нар амьдралд буруу явж байсан тэр ойлголтуудаасаа сална.  Хайр дурлал гээд нэг л их магтан дуулсан ном, шүлэг уншиж байгаад амьдрал руу оронгуут аймар үзэн ядалттай хүний амьдралыг балласан хайр дурлалтай тулгараад хүн шоконд орж байгаа. Муу муухай хайр дурлалтай тааралдаж байгаа болохоос биш хайр дурлал өөрөө муухай биш. Олон ийм сэдвүүдийг бид нар ерөөсөө гаргаж ирж чаддаггүй учраас манай нийгмийн бүх асуудал далд нуугдмал.  Гэтэл бүгдийг нь роман болгоод биччих юм бол хүмүүс ойлгоод гэгээрээд явчих боломжтой. 

- Гурван роман хоорондоо ямар нэг байдлаараа төстэй мэт сэтгэгдэл төрсөн...

- Японы,  Солонгосын, Хятадын романууд  яг нийгэм дотор болж байгаа залуучуудын хайр дурлал, бүтэлгүйтэл, азгүйтэл гэх мэт бүх сэдвүүдийг ил гаргаад бичиж байгаа учраас тэндээс хүмүүс өөрийнхөө дүрийг олж хараад би чинь ийм асуудалтай юм байна, асуудлаа нээрээ ингэж шийдэж болох юм байна гээд ойлгож болж байна. Хүнээс зөвлөгөө авч байгаатай адил. Солонгос романыг уншсан хүмүүс, “нээрээ би яг ийм байдалд орж байсан, ёстой нээрээ үхдэг ч юм билүү гэж бодож байсан” гэтэл тэр роман хэрэггүй гэсэн. Урлаг асуудлыг шийднэ.

Гоё уран зураг, гоё романууд, гоё хөгжим сонсох юм бол чи тэр зовлонгоосоо сална гэдгийг цаагуураа хэлж байгаа. Роман дотроо дандаа урлаг гарч байна. Нөгөө талдаа шийдлийг өгч байна. Бээжингийн роман болохоороо хотод орж ирсэн залуучууд, ер нь залуу хүн амьдралаа эхлэхэд ямар их төвөгтэй, эхний үед мөнгө ямар их шаардлагатай байдгийг харуулдаг.

Японы романд залуу хүмүүс амьдралд орж ирээд хурдхан шиг мөнгөтэй болохын тулд  ямар ажлууд хийдэг,  тэр байтугай эмэгтэйчүүдийг хүртэл сексд зуучилж өгч байгааг харуулж байна. Уншиж байхдаа тэр дотроос өөрийгөө олж аваарай, өөрийнхөө асуудлуудыг шийдэж, эндээс ямар нэгэн санаанууд аваарай гэсэн зохиолуудыг л уран зохиол гэж нэрлээд байгаа. Тэрнээс уран зохиол өөр ямар зорилготой гэж. 

- Роман уншаад байвал асуудлуудаа шийдээд, шийдээд явчих юм байна тийм үү?

- Хайр дурлалын тухай мэдье гэвэл роман л унш.  Хүний сайн муугийн тухай мэдье гэвэл роман л унш. Нийгэмд ямар асуудал байгааг мэдье гэвэл бас л роман унш. Тухайн ард түмний онцлогтой танилцая, мэдье гэвэл роман л унш. Энэ романд арлын Япон орны онцлог, гадны хүнийг яаж хүлээж авдаг талаар их гардаг. Бид бол гадны хүнийг хараад долигноод, дайлаад, хамаг юмаа алдаад үлддэг хүмүүс шүү дээ. Японууд хэзээ ч зочломтгой биш.

Ямар нэг асуудалтай хүмүүс л гаднаас ирдэг болохоос биш эх орондоо ямар ч асуудалгүй хүмүүс хэзээ ч гадаад оронд ирэхгүй. Би яагаад Герман явсан гэвэл би асуудалтай. Боловсролтой болох асуудалтай. Өөрийнхөө нутагт боловсролтой болох боломж байхгүй. Багш профессор нь ч байхгүй. Асуудлаа шийдэхээр Герман явахаас өөр аргагүй байсан. 

АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ФИЛОСОФИ, ФИЛОСОФИ ГЭДЭГ ЧИНЬ АМЬДРАЛ

- Философийн роман гэдэг үг их сонирхолтой байсан?

- Амьдрал өөрөө философи. Амьдралд философигүй юм гэж байхгүй. Манай Монголд л философи орж ирээгүй учраас бид нар философи гэж тусдаа юм байгаа гэж ойлгоод байгаа. Уран зохиол орж ирээгүй учраас гоё л юм байдаг гэж ойлгоод байгаатай адилхан философи гэж хүн ойлгодоггүй хүний амьдарлаас тусдаа юм байна гэж яриад одоо зуун жил боллоо. Өнөөдөр одоо философийг ойлгох цаг нь болсон. Амьдрал гэдэг чинь философи. Философи гэдэг чинь амьдрал. Амьдралд философигүй ямар ч сэдэв байхгүй. Тэрнээс биш философийн роман гээд тусдаа роман биш.

Жишээлбэл, зарим романууд аялалд ч юмуу боловсролд зориулсан байдаг. Тэндээс их юм мэдэж авдаг. Эсвэл шашны романууд байдаг. Энэ роман өөрөө хүн төрөлхтөний философийн тэр сайн сайхан,  муу муухай, танин мэдэхүй, гоо зүй,  ёс суртахууны сэдвүүдийг агуулсан, тийм учраас философийн гэж тодотгож өгсөн. Достоевскийн “Ах Дүү Кармазов” шашны роман. “Гэм ба гэмшил” бол философийн роман. Толстойн “Анна Каренина” бол философийн бараг феминизмийн роман. 

- Зохиолчын тухай дэлгэрэнгүй танилцуулвал?

- Энэ бол Рю Мураками шүү. Нөгөө Харуки Мураками биш. Рю Мураками бол бүр эрт роман бичээд эхэлчихсэн туршлагатай, Япондоо маш их нэр хүндтэй, алдартай зохиолч. Залуучуудын тухай өчнөөн сэдвээр бичсэн, нийгмээ шүүмжилдэг хүн. Нөгөө талаар  кино зохиол бичдэг кино найруулагч хүн. Олон талын авъяастай, өндөр боловсролтой, сүрхий нэгэн. Ер нь зохиолч хүн бол өндөр боловсролтой байх хэрэгтэй. Тэрнээс биш өөрийнхөө санааны зоргоор, бодлоор хорвоо ертөнцийг тайлбарлаж роман бичиж ерөөсөө болохгүй.  Өндөр боловсролтой, чадвартай хүн нийгмийг дээрээс нь томоор харж  роман бичих ёстой. “Times” сэтгүүлээс Япон орныг өөрчлөх арван хүний нэг гэж байгаа. Улс орныхоо төлөө, нийгмийнхээ асуудлуудыг шийдэх бүх ажил хөдөлмөрт зохиолоо зориулсан хүн.

МАНАЙ МОНГОЛ ЗАЛУУЧУУД САРНАЙ СВАРОВСКИЙ ӨГӨХИЙГ ЖЕНТЛЕМЭН ГЭЭД ОЙЛГОЧИХСОН ЯВАА

- Зохиолыг унших явцад хүний сайн муугийн талаарх эргэлтүүд олон эргэцүүлэлд хүргэж байсан?

- Цаад санаа нь бол бид анх хүнийг хараад гаднах байдал, төрхөөр нь хүнийг хэзээ ч үнэлж болохгүй гэсэн санаа. Тийм учраас хэзээ ч шууд энэ хүн сайн хүн, энэ хүн муу хүн гэж болохгүй.  Хүний хүүхэд насыг л сонсож байж тэр хүний сайн мууг мэдэх ёстой. Хүүхэд насанд мууг үзээд, муутай тэмцээд явчихсан хүмүүс сүүлд амьдралд маш их хэцүү байдаг.  Яагаад гэвэл сайныг сургаж сайнтай ойртуулж чадаагүй муутай ойртуулчихсан бол муу нь хөтлөхөд их амархан. Сайныг ер нь ойлгож авахдаа муу. Тэгэхээр тэр хүмүүст сайныг амсуулаад, сайн юм гэж байдаг шүү гэж ойлгуулахад ямар гоё сэтгэл нь хөдлөж хүлээж авч байгаа тухай гардаг. Франк “муу” хүн болсон нь хүүхэд настай нь холбоотой,  ээж аавын муугаас, Америкийн нийгмийн муугаас болсон байгаашд. 

Америкт хэзээ ч өөрийн гэсэн үнэнч сайн найзтай болж чадаагүй. Өөрийг нь шүүмжилдэг , үнэнийг нь хэлдэг тийм сайхан дотно найз олдоогүй. Японд ирээд тэр Кэнжитэй уулзаж ярилцаад хоёрхон хоног дотор тэр Кэнжи ямар гоё найз шиг байж чадсан. Хүн найз шиг хандаж байхад тэр Франк ямар гоё хандаж байна. Яагаад гэвэл Кэнжи шиг хүмүүс энэ хорвоод, энэ нийгэмд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний мууг нь хөдөлгөвөл ямар их муухай болдог юм. Сайныг нь хөдөлгөх чадвартай хүмүүс сайныг нь гаргаж ирж байна. Гайхамшигтай. Ээж аавын алдааг Кэнжи засаж байна. Франк бол нийгэмд хэрэггүй хог шааруудыг устгадаг шийтгэдэг нөхөр гэж өөрийгөө хэлдэг. 

- Гурван дүр гуравуулаа аавын асуудалтай байдаг.  Ээж аавын хүүхдээ хүмүүжүүлэх явц хаана алдагдсан бэ?

- Ерөөсөө л хүн болоход, бага насанд, хүмүүжил ямар их чухал вэ гэдгийг харуулж байгаа. Ээж аавууд ямар их том алдаа гаргадаг вэ. Франкийг бага байхад нь ээж аав нь асуудлыг нь хүүхэдтэйгээ ойр дотно ярилцахгүйгээр шууд л нэг хэрэг хийхэд нь хараал ерөөл болсон юм уу гээд эмнэлэгт өгчихөж болохгүй. Манайд бол ламд аваачаад өгчихдөг. Тийм хөндий хүйтэн ээж аавын дунд өссөн.

Харин Японы нөгөө хүүхэд Кенжи Америкийн тэр хүүхэд шиг тийм муу муухай юм  багадаа үзээгүй. Яагаад гэвэл Японы нийгэм маш их хариуцлагатай нийгэм. Кенжи хэлж байгаа шд. “Яах вэ манай аав бол байхгүй байсан. Аав бол надад дутагдаж байсан нь үнэн. Гэхдээ миний ээж намайг сайхан аваад явчихсан. Юугаар ч дутаагаагүй. Тийм учраас надад тийм муу хүн болох боломж байхгүй.” Гэхдээ Кэнжи өөртөө итгэлгүй тийм хүүхэд болж өссөн. Ээж нь их дээд сургуульд сургах дуртай ч өөрийгөө чадахгүй гэж боддог. Нөгөө талдаа хүнд муу юм хийдэггүй, өөрийгөө аргацаасан, урагшаа тэмцэлгүй.  Яагаад гэвэл зориг нь шантарчихсан. Кэнжигийн найз охин бас аавгүй, эрт найзтай болчихсон.

 

Гэртээ дүүтэйгээ, ээжтэйгээ зай багатай хавчиг байранд амьдардаг учраас Кенжигийнд ирэх дуртай. Тэр охинд өөрийн гэсэн өрөө байхгүй. Бушуухан шиг л гэрээсээ гарч яваад ээж дүү хоёроо унтсан хойно л гэртээ очдог. Гэрт ая тухгүй учраас аль болох гэртээ байх дургүй. Кенжи байхгүй хойгуур ч тэднийд амар сул чөлөөтэй хөгжим сонсоод байж байдаг. Иймэрхүү залуу хүмүүсийн асуудлыг маш гоёор илэрхийлсэн. Гэхдээ л Кэнжи ч тэр, Франк ч тэр эцсийн эцэст “жентлемэн.” Яаж эргэцүүлж бодож, найз охиноо хамгаалж, ёс суртахуунтай, өөрийн асуудлыг өөрөө шийддэг билээ. Манай Монгол залуучууд бараг сарнай, сваровский өгөхийг “жентлемэн” гээд ойлгочихсон яваа.

ГАНЦ ШӨНӨ ЗУУН ШӨНӨ БОЛНО. ТЭГЭЭД СҮҮЛДЭЭ МЭРГЭЖЛИЙН ШӨНӨ БОЛНО

- Монголын залуучууд өөрийн гэсэн өрөө ч байхгүй, ээж ааваараа бүх зүйлээ шийдүүлдэг тал бий...

- Залуучуудад хэт саад болоод дандаа өмнөөс нь  шийдэл гаргах юм бол тэр гаргасан шийдлийн эсрэг болчихдог. Хэтэрхий их дургүйг нь хүртэл шахаад байвал аюултай. Өөрийн гэсэн өрөөтэй, эрх чөлөөтэй байх чухал шүү. Энэ бол залуу хүний асуудал. Залуу хүн тэртээ тэргүй эхний үед юм мэдэхгүй чадахгүй бүгдийг алдаж онож байж туршлага суудаг. Буруутах болгонд нь дургүйцээд шүүмжлээд байж болохгүй гэдгийг энэ роман цаагуураа бас сануулж байна. 

- 20-оод жилийн өмнө бичигдсэн энэ роман яг л одоо манай нийгэмд болж буй бүх асуудлыг хэлээд байх шиг санагдсан...

- Тийм. Гадны жуулчин нэрийн дор гадны эрчүүд ази эмэгтэйчүүдтэй секс хийх гэж ирдэг шүү. Гэтэл энэ жуулчин гэдэг нэрийн дор секс tourism үүсэх аюултай шүү гэсэн анхааруулга болгоомжлолын зорилготой. Хэт их ахмад насны эрчүүд залуу монгол охидуудтай унтах гэж ирэх бол мэдээжийн шүү. Жишээ нь Тайландад ахмад насны тэтгэвэрт гарсан гадаад эрчүүд залуухан тайланд охидуудтай секс хийх бол нийтэд ил байна.

Манайх шиг ийм нээлттэй, задгай, гадаад хүнийг шүтдэг, нөгөөтэйгүүр бэлэн мөнгөнд толгойгоо маш амархан алдах боломжтой нийгэмд анхааралтай байгаарай гэж сануулж байна. Залуу хүн чинь янз бүрийн гоё чамин брэндийн бараанд дуртай байдаг учраас хурдхан шиг брэндийн бараа, iphone 9,10 авах гээд ганц шөнө яадаг юм гэж бодно. Ганц шөнө чинь яваандаа зуун шөнө болно. Тэгээд сүүлдээ мэргэжлийн шөнө болно шүү. Роман нийгмийг соён гэгээрүүлж хүмүүжүүлдэг. Бид яагаад ийм гоё уран зохиолыг хэзээ ч улс орондоо хэрэгжүүлж чадаагүй юм бэ гэдэг чинь харамсалтай байгаа биз дээ. Дөнгөж 21-р зуунд л сая нэг дэлхийн уран зохиол орж ирлээ. 

ЯПОНООС МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧИД БИД НАРЫГ ХАРААД ЯМАР ХӨӨРХӨН ГЭНЭН ТОМООГҮЙ ГЭДГИЙГ ХАРЖ ӨХӨӨРДӨЖ БАЙГААД ЯВЧИХАЖ БАЙГАА

- Кэнжи дөнгөж 20-хон настай хэрнээ өөрт баймгүй ухаантай ч юм шиг?  

- Японы нийгмийн онцлог. Хүүхдийг маш багаас нь хажуудаа байлгаад иж бүрэн чадварлаг хүүхэд болгож өсгөнө гэдэг Япон ээжийн онцлог байх. Манайх шиг хурдхан хүнтэй суу, ажил хий гэхгүй. Хүүхдүүд хүүхэд төрүүлээд ёстой замбараагүй юм болж байна шүү дээ.  Японы ээж бол түүхий хүүхдээ хажуудаа авч яваад сарнай цэцэг шиг болгоод гэрээсээ гаргаж байна. Тэгэхээр Япон хүн нийгэм рүү ороход ямар ч асуудалгүй. Тэгэж их насанд хүртлээ сүрхий хүмүүжчихсэн. Тийм эрт амьдралыг ойлгочихсон хүмүүс чинь юуг ч тоохгүй.

Японоос Монголд ирсэн жуулчид бид нарыг хараад ямар “хөөрхөн” гэнэн томоогүй гэдгийг харж өхөөрдөж байгаад явчихаж байгаа. Ийм “хөөрхөн” ард түмэн байж болдог юм уу. Ийм “хөөрхөнөөрөө” байж болдог л юм байхдаа гээд яваад өгч байгаа. Манай нөгөө “хөөрхөн” залуучууд чинь Сумод очиж сахилгагүйтэж байгаад ирдэг. Гэтэл Япон сумочид ямар их насанд хүрчихсэн шал өөр байдаг билээ. Япон ээж нар алдаа болгон дээр нь алдааг нь засаж, тус болж, өөрөөр нь ойлгуулж, өөрийг нь ухамсарлуулж, бие даасан өөрийгөө авч явах чадвартай хүн болгож хүмүүжүүлж байгаа нь ёстой нөгөө япон ард түмний нууц байх. 

- Манайд иймэрхүү зохиол хүнддээ орох болов уу? 

- Бид нар өөрсдөө л хүнд болгоод байгаа. Хамгийн хүнд сэдэв чинь боловсрол, физик,  математик.  Хамгийн хөнгөн сэдэв бол сахилгагүйтэх, секс хийх, дэмийрэх, солиотой юмнууд ярих. Манайд физик математикийн диплом авах амархан учраас хамгийн хөнгөн сэдэв болдог байх. Нийгэмд гярхайгаар хардаг, соён гэгээрүүлдэг, нийгмийг шүүмжтэйгээр харж, шүүмжилж илэн далангуй бичдэг ийм хүмүүс улс орон ард түмэнд маш их хэрэгтэй. Худлааг нь хэлэхгүй, хоосон магтаад байх юм бол тэр нийгэмд цэвэрлэгээ, шинэчлэл явагдахгүй, цус солигдохгүй.

Манайд дүүрэн хог байхад төр нь юм уу, багш нь юм уу, ээж аав нь “хоггүй байгаа биздэ тэ?” гээд шахаад байна. Хогтой гээд хэлвэл чамайг ёстой будаа болгоно. Тийм учраас хогтой байна гэж хэлсэн хүнийг эх оронч хүн биш, гадаадынханд улс орноо муулдаг тагнуул гэдэг. Гэтэл Японд болохоор уран зохиолын том шагнал өгчихөж байна.  Шүүмжлэл бол сайн. Буруугаасаа хурдан салаад зөв рүүгээ явах ёстой болохоос бүгдээрээ нэг нэгнийхээ гараас барьчихаад “зөв тэ?” гээд суугаад байж болохгүй.  Одоо зуун эрхэм гээд зуун худлаанууд сууж байна. Хүүхдүүд л мууг нь хэлэхээр гомдоод уйлчихаад байдаг. Хүүхдээрээ нийгэм гэж ийм их гомдомтгой уйлдаг нийгмийг хэлнэ. Уул нь шүүмжлэхээр баярлах ёстой. Тийм учраас зохиолч хүмүүс нийгмийн нүд чих болдог.  

- Зохиолд “хов хоосон царайтай” хүмүүс гэж их гардаг. Манайд хоосон царайтай хүмүүс байгаа л байхдаа...

- Ээж аавууд зөвхөн мөнгө л ярьдаг болчихож. Хайр биш мөнгө. Нөгөө талдаа яах гэж мөнгө хэрэгтэй юм гэхээр өөрийгөө хөгжүүлэх,  боловсруулах, амьдарлаа баяр баясалтай болгоход хэрэгтэй.  Гэтэл брэндийн үнэтэй бараа авахад л тэр мөнгөө зориулдаг. Ямар ч утгагүй. Уул нь мөнгөө сайн сайхан аз жаргалтай амьдралд зориулах ёстой. Энэ тэндээ тамга тэмдэг, шошго бичигтэй брэндийн бараа л байвал болчих гээд байгаа юм шиг. Ийм утгагүй нийгэмд ийм утгагүй хүмүүс хүний амьдралыг хоосон болгодог.

Өөрөөр хэлбэл тийм утгагүй ээж аавтай хүмүүсийн амьдрал ийм ганцаардмал, брэнд хөөсөн,  оройн цагаар баар саваар явж өөр хүмүүсээс сайхан яриа, дулаан сэтгэл горьдож явдаг юм байна гэдгийг харуулсан. Ямар ч ярих сэдэвгүй болчихсон. Ганцаардана гэдэг ганцаараа байхыг хэлэхгүй, хүмүүсийн дунд ганцаардахыг хэлнэ. 
Зохиолд гарч буй Япон охидууд мөнгөгүйдээ эрэгтэй хүнтэй унтах гээд байгаа биш дараагийн брэндийн бараагаа авах гэсэн шуналтай уйдсан нөхдүүд гэж байгаа. Харин ядуу латин орноос ирсэн эмэгтэйчүүд яагаад эрэгтэй хүнтэй унтдаг вэ гэхээр хөөрхий ардаа байгаа гэр орноо тэжээдэг тухай гардаг. Брэндийн бараагүй л бол хүн биш гэсэн муухай капитализмийн заваан амьдрал бол энэ. 

- Номын нээлт хэзээ хаана болох вэ?

- Энэ Лхагва гарагт 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18:30-д Танан төвд болно.