Индэр    
2018 оны 11 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ДЭЛХИЙГЭЭС ЗӨРСӨН Н.БАЯРТСАЙХАН, Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХОСЛОЛ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өвөл болохоор хүйтэн болдог гэж УИХ-ын нэгэн гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлсэн нь юутай үнэн. Эрхэм гишүүний хэлснээр хүйтэн учраас хүмүүс галаа түлэх нь зүйн хэрэг.

Харин гал түлснээс үүдэж Улаанбаатарчууд эрүүл мэндээрээ цөмөөрөө ямар их хэмжээгээр хохирч байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдэгдсэн.

Тэрбээр бүхний түрүүнд бидний эрүүл мэнд байх учиртай. Гэтэл Улаанбаатарчуудын 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй,  хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24%, уушги, зүрхний хавсарсан өвчний нас баралт 28.8%-тай, уушгины хавдар 39.9%-тай байгаа талаар дурдаад жил бүр 18-аас доош насны хүүхдийн эмчилгээний зардалд 10.4-18 тэрбум төгрөг зарцуулж буй тооцоог танилцуулсан.

Ингээд тэрбээр утааны эсрэг шинээр олж нээсэн ид шидтэй, индукцийн бүтээгдэхүүнийхээ тухай тайлбарласан ч хэвлэлүүд түүнийг барьж идэх шахаж, улмаар намынхаа бүлгээс ч энэхүү төслийнхөө дэмжлэгийг авч чадаагүй билээ.

Учир нь “Нуруугаа авхуулсан морь” гэдэг шиг Улаанбаатарчуудын хувьд утааны эсрэг олон янзын туршилтад орсоор бүр залхаж. Тиймээс ч утааг арилгах цорын ганц үнэн бөгөөд хамгийн зөв сонголт болох орон сууцжуулах хөтөлбөрийн сэдэв рүүгээ бид нухацтай эргэн харах цаг болжээ. Угтаа анхнаасаа орчин үеийн инженерийн шугам, сүлжээнд хамрагдсан орон байр хамгийн зөв сонголт байсан ч бидний сонгосон төрийн түшээд түүнийг тойрон хүрээлэх илүү унацтай, олон гоё төсөл, хөтөлбөр рүү нүдээ унагасаар иржээ.

НЭГ.  ХАРАМСАЛТАЙ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОГЦОМ БУУРАВ

2019 онд Улаанбаатарчууд утааны эсрэг 66 тэрбум төгрөг зарцуулна. 2017, 2018 онтой харьцуулахад энэ нь хамаагүй их төсөв. Гэтэл үүнтэй зэрэгцэн 2008-2016 оны хооронд Цэвэр агаар сангийн зарцуулсан зарим гадаад тусламжийг өнөөгийн ханшаар тооцвол ойролцоогоор 550 орчим тэрбум төгрөг буюу хагас их наяд төгрөгийг агаарын бохирдлын эсрэг зарцуулахад төдийлэн үр дүн гараагүйг зарлав. Энэ бүхний үр дүнд гаслантай нь Улаанбаатарын утаа улам өтгөн, зузаан болсон гэлтэй.

Өнгөрсөн хугацааны 550 орчим тэрбум, энэ онд зарцуулж буй 17 тэрбум, 2019 онд зарцуулах 66 тэрбум төгрөг гээд бид 11 жилийн дотор өчнөөн хэмжээний орон сууцны хороолол босох мөнгийг салхинд хийсгэжээ. 

Энэ мөнгийг үрэн таран хийхийн хажуугаар ядаж үргэлжлүүлэн нэмэгдүүлж байх ёстой урт хугацааны хамгийн оновчтой арга болох ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт хэрхэн буурсныг график 1-т үзүүлэв.

График 1, Орон сууцны борлуулалтад ипотекийн зээлийн эзлэх хувь,

Харин үүний эсрэг талд нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь буюу 35,497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14,905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байгаа судалгааг БХБЯ, МИК, ТОСК-ийн захиалгаар “Тэнхлэг зууч” ХХК, МБҮА хамтран гүйцэтгэсэн “Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-нд дурджээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр байр худалдан авах чадамжтай, хүсэлтэй 50 мянган өрх Монгол Улсад байна.

Тэгвэл нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хотод 62,339 айлын нийтийн болон амины орон сууцны төсөл, орон нутагт 13,038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж буй.

Үүнээс ойрын гурван жилд нийслэлд 38,514 айлын, орон нутагт 10,822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй байгааг “Тэнхлэг Зууч”-ийн судалгаанд дурджээ.

Өөрөөр хэлбэл, найман хувийн зээлийн нөлөөгөөр өнөөдөр барилгын компаниуд баахан төсөл эхлүүлээд нийслэл гэхэд нийлүүлэлт нь давсан байдалтай байна.

Гэтэл харамсалтай нь иргэдийн дунд эрэлт нь, компаниудын зүгээс нийлүүлэлт нь байсаар байхад ипотекийн зээлийн санхүүжилтээр боомилсоор 2018 оны эхний найман сарын байдлаар 6 мянган айл л 8 хувийн зээлээр орон сууц худалдаж авсан байна. Үүнд 450 тэрбум төгрөг зарцуулсны дийлэнхийг буюу 250 тэрбумыг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс, 60 тэрбумыг улсын төсвөөс, үлдсэн 140 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлжээ.

График 2,  Ипотекийн зээлийн үлдэгдэл санхүүжилтийн эх үүсвэрээр, эх сурвалж: Монголбанк

 

Дээрх графикаас харвал, ипотекийн зээл урьдын адил хэвийн олгогдож байгаа гэдэг нь үлгэр болох нь харагдана.

Үнэндээ өнөөдөр арилжааны банкууд л өөрсдийн зээл олгосон барилгын компаниудын байрнуудад зээл гаргаж байгаа нь нууц биш. Нэгэнт өөрсдөө 100% эрсдлээ дааж зээл гаргаж буй арилжааны банкуудыг буруутгах аргагүй. Нэг өгүүлбэрээр өнөөдөр барилгын бизнес хэн сайн бартер хийнэ тэр нь л барилга барьж байна. Энэ тохиолдолд бид өнөөдөр нэгдүгээрт барилгын чанарын тухай цаашлаад томоохон хотхон хороолол барих нь ямар их бэрхшээлтэй бараг боломжгүй болохыг ойлгох байх.

ХОЁР. ОЙРЫН ХУГАЦААНД ТА ШИНЭ БАЙРТАЙ БОЛОХ БОЛОМЖ БҮР БҮРХЭГ БОЛОВ

Байр авах хүсэлтэй 50 мянга орчим иргэдэд хүргэх муу мэдээ бол 2019 онд ч ипотекийн зээлийн хүртээмж сайжрахгүй нь. Учир нь Засгийн газрын зүгээс санхүүжилтийн эх үүсвэрээ энэ оны түвшинд барина. Энэ онд Засгийн газрын санхүүжилт 120 тэрбум байсан бол 2019 оны төсөвт 115 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Монголбанкны хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлт буюу сард дунджаар 16 тэрбумын эх үүсвэрээ энэ чигт барих бодлоготой байна. Харин гурав дахь эх үүсвэр буюу арилжааны банкуудын хувьд барилгын компаниудад өгсөн зээлийн чанарын асуудал анхаарал татсан сэдэв болсоор удаж байна.

Учир нь энэ оны наймдугаар сарын байдлаар банкны системийн хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн барилгын санхүүжилтийн зээл олгогдоод буй. Энэ бүх зээл чанаргүйдэх эрсдэлд хүрээд байгааг бодлого боловсруулагчид маань огт тооцолгүйгээр цоо шинэ ипотекийн зээлийн журмын төсөл барьж гүйсээр.

Тодруулбал, одоогийн боловсруулагдаад буй ипотекийн шинэ журмын төсөлд заасан нөхцөлүүдэд зээлдэгч:

  • Өөрийн эзэмшил болон өмчлөл бүхий газартай байх
  • Дахин төлөвлөлтөөр батлагдсан байршилд барьсан орон сууц, хэмжээ 80м2-аас хэтрэхгүй
  • Газраа чөлөөлж орон сууц болон амины сууц болох тухайн байршилдаа нэгээс доошгүй жил амьдарсан байх
  • Өөрөө болон хамтран зээлдэгчийн хувьд ч анх удаагийн байр байх гэх мэт заалтууд оруулж иржээ.

Энэ нь одоогийн хэрэгжиж буй ипотекийн хөтөлбөрийг улам бүр хумих, дуртай байршилдаа орон сууцтай болох иргэдийн эрхэнд халдсан журам болжээ.

Хэдийгээр энэхүү журмын төслөөр зөвхөн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах гэж байна гэж тайлбарлаж байгаа ч гэр хорооллын өрхүүдийн хэчнээн хувь нь энэ зээлийг авах боломжтой байгааг бид бодолцох ёстой.

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалах болон худалдаж авах замаар байрны урьдчилгааны 30 хувийг “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан”-гаас өгөх захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2017 оны зургаадугаар сард гаргасан юм.

Бодит байдал дээр 2018 оны аравдугаар сарын байдлаар 87-хон иргэн дээрх сангаас дэмжлэг авчээ. Гэтэл Засгийн газраас яг үүнтэй адил явуургүй журам барьсаар явна.

Шинэ журмаас харвал Засгийн газар олон мянган байртай болох хүсэлтэй залуусын эрхийг боомилон сонгуулийн өмнөх халамжийн ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй мэт харагдах ажээ.

Яг үнэндээ гэр хорооллыг барилгажуулмаар л байгаа бол тэнд нь дэд бүтцийг нь татаад л өгчихвөл хүссэн хүсээгүй барилгын салбарынхан тэнд өнөө, маргаашгүй байшин барихад бэлэн байна. 

ГУРАВ. ИПОТЕКИЙН УЧРЫГ ОДОО ХҮРТЭЛ МЭДЭХГҮЙ ГЭЖ ҮҮ?!

Түүхий эдийн үнэ өсөж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа бол энэ нь иргэдэд бодит утгаараа мэдрэгдэж байх ёстой. Эдийн засгийн өсөлтийн эерэг нөлөөг иргэдэд хүртээх хамгийн сонгодог бөгөөд зөв арга бол ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал билээ. Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөрүүлэх, хүүг бууруулах гэх мэт арга хэмжээг авах учиртай.

Өнөөдөр Монголбанкныхны толгойны өвчин боллоо гэж зарласан хурдтай тэлж буй иргэдийн хэрэглээний зээлийг ч ипотекийн зээлээр хумих боломжтой.

Ипотекийн зээлээр өнөөдөр иргэдийг тогтвортой ажилтай байх хүсэл эрмэлзлийг төрүүлэх боломжтой.

Байр сууцандаа төлөх ипотекийн зээлээр дамжуулж бид удаан хугацаанд шийдэж чадаагүй урт хугацааны хуримтлалын бодлогоо хэрэгжүүлэх боломжтой.

Ипотекийн зээлийн гарцыг нэмэгдүүлснээр эрэлтийн гаралтай инфляцид нөлөөлж, инфляцийн өсөлтөөс сэргийлэх боломжтой зэрэг олон давуу талтай.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хэлснээр хамгийн чухал нь бид хэзээ ч эргэн олдохгүй эрүүл мэндийн үзүүлэлт маань дээшлэх боломжтой.

Цаашлаад агаар, хөрсний бохирдол байгаль орчны асуудал ч сөхөгдөх учиртай.

Өнөөдрийн байдлаар орон сууцны зээлтэй 94,224 өрх байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.8 хувь нь 8 хувийн хүүтэй хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл, 21.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.3 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.

Юу гэхээр тодорхой зорилго, бодлого байвал 2013-2016 оны ипотекийн зээлийн оргил үе шиг иргэдийг орон сууцжуулах боломж байсаар байгаа юм. Энэ бол мөнгө хэвлээд хэвлэсэн мөнгө алга болж буй үлгэр биш. Мөнгө авсан иргэн барилгын компанид тушааж, өөрөө орон сууцтай болж, ажлын байраа тогтвортой хадгалах үүргийг хувьдаа хүлээдэг бол барилгын компани мөн л ажлын байрыг нэмэгдүүлж, иргэнээс авсан мөнгөө банкны зээлэндээ төлнө. Өөрөөр хэлбэл, гаргасан мөнгө болгон үүргээ гүйцэтгээд эргэн төлөгдөж байна. Өнөөдөр Монголбанкны хувьд зээлийн эргэн төлөлтөөр л ипотекийг эргэн санхүүжүүлж байгаа.

Гэтэл 2019 оны төсөвт “Ипотекийн зээлийн санхүүжилт нь импортыг нэмэгдүүлснээр урсгал тэнцлийн алдагдлыг өсгөх, улмаар төгрөгийн ханшийг сулруулах, үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөрөгдөх сөрөг нөлөөтэй тул 2019 оны санхүүжилтийн хэмжээг 2018 оны түвшнөөс нэмэгдүүлэхгүй байхаар тооцсон” гэх дэлхийгээс шал далий өгүүлбэрүүд байх аж. Үнэхээр л төр засаг гэж байдаг бол иргэдээ ажилтай, орлоготой, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцтай болгох нь бүх л төр засгийн зорилго, үүрэг байх ёстой мэт. Өнөөдөр ямар ч гайхамшигтай халамжийн бодлого байгаад хүн бүрт байр, эсвэл зуу зуун сая төгрөг тараагаад өгч чадахгүйгээс хойш юу үнэн, хүмүүс ипотекийн зээлээр л байртай болох нь үнэн. Гэтэл мянга мянгаараа байртай болох залуусын эрх ашгийг ийнхүү боомилж байгаа Засгийн газрын бодлогыг бид юу гэж тайлбарлах вэ.

Нэгт, аваач гэсэн байр нь байна. Хоёрт, авъя гэсэн хүмүүс нь бий ч зээлгүйгээс үүдэж өнөөдөр ямар хэмжээний эдийн засгийн эргэлтийг уяж байгаагаа одоогийн төр засаг тооцдог болов уу.

Үнэхээр зөвхөн газартай, гэр хороололд амьдардаг өрхөд л орон сууцны 8 хувийн зээл олгоно гэж байгаа нь манай Засгийн газар асуудлын голоо, байгаа огт онилж чадахгүй байгааг гэрчлэх ажээ.

Яаж тэдгээр байртай болох хүсэлтэй иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал байх учиртай.

Өмнөх Засгийн газар, төв банкны гол бодлого нь ипотекийн бодлогоор дамжуулж дундаж давхаргаа нэмэгдүүлэх, тэдний урт хугацааны хуримтлалыг бий болгох улмаар үүгээр дамжуулж ажлын байр, инфляцийн түвшнээ барих зэрэг бодлогын олон уян хатан аргыг хэрэглэсэн байдаг. Үнэхээр түүхий эдийн үнэ буугаад улс нь хямарч байсан ч иргэд нь мянга мянгаараа байртай болсон нь бултах аргагүй үнэн. Юу үнэн, тоо л үнэн.  

Гэтэл өнөөдөр эдийн засаг тэдэн хувиар өслөө гэж хэчнээн чанга орилоод ч тэр нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, орон байртай болох хэрэгцээг хангаж чадахгүй л бол эдийн засаг яаж ч өсөөд өсөөд яах билээ.

Үнэхээр л ипотекийг халамжийн хөтөлбөр болгох зорилго байгаа бол энэ нь дэд буюу түрээсийн орон сууц гэх мэт хөтөлбөрөөр баяжигдаад, нөгөө талд бэлэн босчихсон байгаа байрнаас иргэд ипотекийн зээлээр худалдан авах боломжийг энэ төр засаг олгож өгөх үүрэгтэй.

Манай бүх цаг үеийн шийдвэр гаргагчид зээлийн хүүг бууруулах ёстой тухай ам уралдан ярьдаг. Гэвч зээлийн хүү буурах гол суурь шалтгаан инфляци буух, мөн арилжааны банкууд дахь эрсдэл буурах. Гэтэл яг үүний эсрэг ажиллаж буй мэт өнөөдөр барилгын салбарт хийсэн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар, Монголбанк зориудаар эрсдэлд оруулж буй мэт. Гэтэл ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр арилжааны банк, барилгын компаниудын өрийн сүлжээг зогсоож иргэдээ ч орон сууцжуулах, инфляциа бууруулах, эрүүл мэндээ ч аврах сонголтоос ухарсаар ...

Яг үнэндээ дахин төлөвлөлтөөс бусад орон сууц худалдан авахад 8 хувийн зээлийг ашиглах боломжгүй болгож буй нь нийт хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг ч бууруулж буй. Энэ хохирлыг ч Та бүхнээс нэхэх учиртай!